Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02140

 

 

 

 

 

 

 

 

 

Б-, Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/02241 дугаар шийдвэртэй,

 

Б-, Б- нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөртэй холбоотой Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамжны 2 дугаар байрны 41 тоот хаягт байрлах 42.85 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авах тогтоол үйлдэж, улмаар худалдан борлуулах зорилгоор үнэлгээ хийлгэхийг шаардаж, орон сууцыг албан дуудлага худалдаагаар борлуулан, төлбөр авагч нарын төлбөрийг барагдуулах үйл ажиллагаа явуулж байна.

Тухайн эд хөрөнгийг 128 550 000 төгрөгөөр үнэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болохгүй гэсэн үүднээс оролцож байтал төлбөр авагч Тэнгэр Аз инвест ББСБ ХХК үнэлгээг зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар энэ ажиллагаанд Виннер вэй ХХК-ийг шинжээчээр томилсон.

Тус үнэлгээний компани орон сууцыг 64 654 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг хэрхэн гаргасан талаар үнэлгээний тайлангаас харахад зөвхөн Үнэгүй.мн сайтыг ашиглан, Москва хороолол орчимд байрладаг орон сууцны үнэтэй харьцуулах байдлаар гаргасан байна. Ганц Үнэгүй.мн гэх сайтыг ашиглан үнэлгээ тогтоох боломжгүй гэдэг байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Түүнчлэн Виннер вэй ХХК уг орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Хэрэв Виннер вэй ХХК-ийн үнэлсэн 64 654 000 төгрөгийн үнэлгээгээр хуульд заагдсан ажиллагаа хийвэл төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үндсэн өр төлбөрөө төлж чадахгүйн дээр орон гэрээ алдаж гудамжинд гарах нөхцөл байдал үүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/Ш32018/00494 дугаар захирамжаар Б-, Б- нараас 45 221 654 төгрөгийг гаргуулж, Тэнгэр Аз инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар н улсын бүртгэлийн Ү-2205049714 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхоны 2 дугаар байрны 41 тоот хаягт байрлах 42.85 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Төлбөр төлөгч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 128 550 000 төгрөгөөр үнэлсэн.

Энэ үнэлгээг төлбөр авагч Тэнгэр аз инвест ББСБ ХХК-д танилцуулахад зөвшөөрөөгүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан.

Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Виннер вэй ХХК-аар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хуулийн хугацаанд мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Шинжээчийн тогтоосон үнэ болох 64 654 000 төгрөгийн 70 хувь болох 45 257 800 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдаанд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр оруулахаар нийтэд зарласан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-, Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол шаардлага нь үнэлгээг зөвшөөрөхгүй байсан бөгөөд уг үнэлгээ нь үндэслэлтэй эсэхийг тогтоохын тулд хөндлөнгийн мэргэшсэн шинжээч томилуулах үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад хүсэлт гаргахад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба гомдол гаргах эрхийг хязгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэнгүй болгосон.

Анхан шатны шүүх уг үнэлгээг үндэслэлтэй эсэхийг хөндлөнгийн этгээдээр дахин үнэлгээ хийлгэх замаар тогтоолгүйгээр нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардалад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б-, Б- нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 00494 дугаар захирамжаар Б-, Б- нараас 45 221 654 төгрөгийг гаргуулан Тэнгэр Аз инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг төлбөр төлөгч нар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллаар ажиллагааг явуулж, төлбөр төлөгч нарын дансны мэдээлэл, эд хөрөнгийн лавлагааг гаргуулж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор төлбөр төлөгч нарын банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэн хасалт хийх ажиллагааг хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч нарт зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн байх бөгөөд Н.Баттулга, Б- нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205049714 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 2 дугаар байр, 41 тоот хаягт байрших, 42,85 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх47, 59/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/11730 тоот мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийн тогтоолгохоор санал авах талаар Б-, Б- нарт мэдэгдэж, мэдэгдлийг баталгаат шуудангаар илгээжээ. /хх60/

 

Төлбөр төлөгч нарын ирүүлсэн санал болох 128 550 000 төгрөгийг зөвшөөрөөгүй талаар төлбөр авагч 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тайлбараа ирүүлснийг үндэслэж хариуцагч байгууллага 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Шинжээч Виннэр Вэй ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 64 654 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16206 тоот албан бичгээр тус үнэлгээний талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, мэдэгдлийг төлбөр төлөгч нар 2020 оны 05 дугаар сарын 01, мөн оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан байна. /хх 78/

 

Шинжээчийн дүгнэлтэд хийсэн зах зээлийн жишиг үнийн харьцуулалтыг буруу гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх72/

 

Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн шинжээч зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг эс зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/02241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА