| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 309/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ДШМ/23 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/23
*******ад холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мэндбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Ч.Эрдэнэбат
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, Ч.Эрдэнэбат нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2421001900244 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг, ******* ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоол, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандарт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн орчимд 9 настай *******аар морь хөлслүүлэхээр өөрийн хул даагыг унуулсны улмаас ******* нь мориноос унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 191,040,000 /нэг зуун ерэн нэгэн сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож,
Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч *******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 9,132,999 /есөн сая нэг зуун гучин хоёр мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагатай холбоотой давж заалдах гомдол гаргаж байна.
Миний бие өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч өөрийн санхүүгийн чадамжийн хэмжээнд хохирлыг барагдуулах арга хэмжээ авч байгаа. Хайран хүүгийн амь нас хохироход хүргэсэн болгоомжгүй үйлдлийнхээ төлөө өөрийгөө зэмлээд ч барахгүй сэтгэл зовж байна. Амь хохирогчийн гэрээс албан ёсоор дахин уучлалт хүсье.
... Амь хохирсон хүүтэй тухайн өдөр анх таарч даага унуулсан ба түүнээс өөрөөр хүчээр морь унуулах ажлыг удаа дараа хийж байгаагүй гэдгийг анхан шатны шүүх бүрэн гүйцэт үнэлээгүй гэж үзэж байна. Миний хувьд хүний сайхан үрийн амь нас хохироход болгоомжгүйгээр нөлөөлсөн учраас шүүхээс шийдвэрлэсэн 191,040,000 төгрөгийн хохирыг төлж барагдуулах болно. Манай гэр бүл, эгч, дүүс маань хохирлыг төлөхөд өөрийн чадлаараа тусалж дэмжихээ мөн илэрхийлж байгаа.
Надад нийгмээс тусгаалахгүйгээр ял шийтгэл эдлэх боломжийг өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсье. Өөрийн алдаагаа хүлээж, хүүгийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх, хохирлоо төлж барагдуулахад миний өөрийн хөдөлмөрлөх асуудал маш ихээр нөлөөлөхөөр байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг өөрчилж өгөхийг хүсье.
Шүүх бүрэлдэхүүн надад итгэл хүлээлгэсэн тохиолдолд миний зүгээс нийгмийн шударга иргэн байж, хохирогч нартай байнгын харилцаа холбоотой байж өөрийн чадлаараа дэмжлэг үзүүлж гэм буруугаа бага ч гэсэн нимгэлэхийн төлөө хичээх болно.” гэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтайгаар давж заалдах гомдол гаргаж байна.
… Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ гэх ойлголтууд нь тус бүртээ өөр, өөр агуулга, зорилго, үр дүнд чиглэсэн уралдах бэлтгэл хангах, уралдаж үр дүнгээ шалгах эцсийн тэмцээн байх тул шүүгдэгч ******* нь уралдаан, сунгаа, үсэргээний алийг нь хэрхэн зохион байгуулсан талаар бодит хууль зүйн дүгнэлт хийх нь хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэх юм.
… *******ын амь хохирогчоор хийлгэсэн үйлдэл нь “үсэргээ, сунгаа, уралдаан” биш байсныг насанд хүрээгүй гэрч, бусад гэрч, төрийн байгууллагын төлөөллийн мэдүүлгээс илэрхий байна. Харамсалтай нь бяцхан хүүгийн амь нас хохироход хүргэсэн шалтгаан нь даага цагаашруулах буюу уналга эдэлгээнд дадуулахад чиглэгдсэн ахуйн шинжтэй, уламжлалт арга ажиллагаа гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.
Тухайлбал Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Н.Туяацэцэгийн насанд хүрээгүй хохирогч *******аар морь унуулах, морины ажил хийлгэх зэргээр хүүхдийн хөдөлмөр эрхлүүлсэн байна гэх дүгнэлтээр ******* нь хүүхдийг хөдөлмөр эрхлүүлсэн нөхцөл байдлаас болж амь нас хохироосон уу гэх нотолбол зохих мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх тал бүрээс нь бодитой дүгнэлт өгч чадаагүй. Захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх, хүүхдийн хөдөлмөр эрхлүүлэх хоёрын аль нь болохыг тогтоох шаардлагатай.
*******ын үйлдэл нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолд заасан “жил бүрийн 11-р сарын 01-ний өдрөөс 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, СУНГАА, ҮСЭРГЭЭ зохион байгуулахыг хориглосон” хэм хэмжээнд хамаарахгүй нөхцөлд түүнд халдаасан эрүүгийн хариуцлагад хөнгөрүүлэх шинэ нөхцлүүд тогтоогдох боломжтой.
… *******ын амь хохирогч хүүгээр даага цагаашруулахаар унуулж байгаа үйлдэл нь уралдаан, сунгаа, үсэргээнд хамаарахгүй нөхцөлд *******ыг Үндэсний баяр наадмын тухай хууль тогтоомж, түүнтэй холбоотой норм, стандартыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны шийдвэр гаргаж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Харин Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн үндсэн зарчмуудыг баримталж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлтэй тул түүнийг хүлээн зөвшөөрч байгаа.
*******ыг гэм буруутайд тооцохдоо “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Харин тус зүйл заалтын “эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол” гэсэн хуулийн үндэслэл байх боломжтой байгаад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү. Ингэснээрээ шүүгдэгч нь мэдсээр байж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн шууд санаа зорилготой байх үйлдэл, эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдох юм.
… *******ын хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ болгоомжгүй гэмт хэргийн сэдэл, ялгаанд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Ахуйн шинжтэй нөхцөл байдалд болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас хохироход хүргэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохиролыг нөхөн төлж байгаа, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял эдлүүлэхгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын зэргээс хамаарч тэнсэж үүрэг хүлээлгэж боломжгүй гэж шүүх үзсэн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялаар хорих ялыг өөрчилж өгөхийг хүсье. Хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцлийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан хугацаанд өөрчлөлт оруулж 1.6 жилийн хорих ялын хугацааг бууруулах хууль зүйн боломжийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн бүх талаас нь нягталж үзэхийг хүсье.
Шүүгдэгч *******ыг нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан тэнсэж үүрэг хүлээлгэх эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулснаар шүүгдэгчийн зүгээс хохирогчид төлбөл зохих хохирол хор уршгийг богино хугацаанд барагдуулахад эерэг нөлөөтэй юм.
… Шүүгдэгчийн хувьд өөрийнх нь эзэмшлийн адууг унаж яваад осолдож, хүүгийн амь нас хохирсонд гэмшиж өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа хэдий ч хууль хэрэглээг зөв хэрэглэхтэй холбоотой өмгөөлөгчийн байр суурь нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт найдаж байна6
… Уралдаан, сунгаа, үсэргээ нь тодорхой хугацаанд үргэлжилсэн, давтамжтай үйлдэл бол *******ын даага унуулсан үйлдэл нь нэг удаагийн шинжтэй байгаа нь түүнийг уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан, хүүхдээр байнга хөдөлмөр эрхлүүлсэн гэж үзэх боломжгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолбол зохих ажиллагааг хэрэгжүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэт ерөнхий байдлаар хууль хэрэглэхэд нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье.
… Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн болон гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал, зарим асуудлыг хүрэлцэхүйц хэмжээнд нотлох баримтаар нотолж чадаагүйгээс шүүх хуулийн зарим үндэслэлийг буруу хэрэглэсэн зэргийг харгалзан алдааг зөвтгөж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
… 2024 оны 04 сарын 15-ны өдөр ******* нар нь морины ажил хүүхдүүдээр ээлжлэн хийлгэсэн байх ба ******* нь эхлээд , , хамгийн сүүлд *******ын морь унах дарааллаар энэ харамсалтай болгоомжгүй гэмт хэрэг гарчээ. Магадгүй *******ын морь унахаас өмнө нь морио унуулсан этгээдүүд хамгаалах хэрэгсэл өмсүүлсэн байсан бол ийм харамсалтай тохиолдол гарах эсэх нь эргэлзээтэй байсан байх. Энэ шалтгаан нөхцлийг ял оногдуулахдаа анхан шатны шүүх бодолцох байсан.
… Миний үйлчлүүлэгч *******ын хувьд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлагын хувьд хүүхэд мориноос унасны дараа шууд эмнэлгийн байгууллагад авчирж туслалцаа үзүүлсэн. Амь хохирогч хүүгийн амь насыг аврахын тулд Улаанбаатар хотоос нисдэг тэрэг авчирч бүх зардлыг нь буюу 10 045 000 төгрөг төлж барагдуулах, онгоцны нисгэгчийн хоол ундны зардал төлсөн, өөрөө талигаач хүүхдийн араас Улаанбаатарт очсон, Гандан хийдэд ном уншуулах, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 22 000 000 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан байдаг. Энэ хэрэгт хэргийн зүйлчлэлтэй маргасан зүйл байхгүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн санхүүгийн чадамж боломж бололцооны хүрээнд тэргүүн ээлжинд амь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг төлж барагдуулах арга хэмжээ авсан байгаа болно.
Сэтгэл санааны хохиролд 3 000 000 төгрөг төлсөн байгаа бөгөөд анхан шатны шүүхээс тогтоосон 191 040 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байсан. Мөн түүнд хорих ялыг биечлэн оноосноор хохирогчийн хохирол төлөх, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн боломж төдий чинээ хойшлогдож байгааг анхаарч үзнэ үү.
******* нь одоогоос 17 жилийн өмнө танхайрах гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаа тэнсэж хянан харгалзагдаж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй...” гэж заасан учир *******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ялаар буюу зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү.” гэжээ.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдээр ажил хийлгээгүй морь сургах зорилготой байсан гэж ярьж байна. Миний хүүхэд яагаад хүний морийг сургах ёстой юм бэ? Занг нь огт мэдэхгүй морь байгаа. Өөрийнхөө хүүхдийг ахаар нь хөтлүүлээд, манай хүүхэд араас нь дагаад явсан байсан. Анх удаа морь унуулж байж уначихаж магадгүй талаар бодоогүй юм уу? Ахаар нь хөтлүүлсэн бол ийм зүйл болохгүй ч байх боломжтой байсан. Шүүгдэгч өөрөө машинтай дагаж явсан байдаг. Өөрийнх нь хүүхэд унасан бол арай өөр хандах байсан гэж харж байна. Машинтай дагаж явсан бол тийм хол явуулахгүй зогсоох боломжтой байсан гэж харж байна гэв.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би болон миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болохыг гомдол гаргагч нар өөрсдөө тайлбарлаж хэлж байна. Энэ хэргийн хувьд нотолвол зохих бүх зүйлс нотлогдсон. Тиймээс анхан шатны шүүхээс өөрт олгогдсон эрхийн дагуу шийдвэрлэсэн байх гэж бодож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн гэм хорын хохиролд 191,040,000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гарсан. Үүнээс хойш 3,000,000 төгрөг л өгсөн юм байна. Ял хөнгөрүүлэх талаар үндэслэл бүхий нотлох баримт гаргаж өгч чадаагүй учраас гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
10. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ...Энэ гэмт хэргийн хувьд нөхцөл байдал бүрэн тогтоогдож байгаа. Мөн *******ын даагыг амь хохирогч нь анх удаа унаж байгаа. Огт занг нь мэдэхгүй морийг хамгаалах хэрэгсэлгүйгээр, мөн эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр унуулсан байна. Энэ нь өөрөө гол шалтгаан нөхцөл болж байгаа юм. Шүүгдэгчид оногдуулсан ял нь нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
11. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг нь тухайн даага их номхон даага байсан юм. Нөгөө даага нь жаахан ааштай байсан учраас хөтөлж явж байсан юм. Ах нь бол их харамсаж байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.
12. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Юуны өмнө харамсалтай зүйл болсонд шүүгдэгчийнхээ өмнөөс хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэж байна. ... Тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн эсэхийг зөв тогтоох ёстой байсан. Урт удаан хугацаанд *******ын зүгээс амь хохирогчийг хөдөлмөр эрхлүүлж, морь унуулж байсан зүйл байхгүй гэдгийг баттайгаар хэлэхийг хүсч байна. ... Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хууль хэрэглээ талаасаа нарийн шалгаж тогтоох нь зүйтэй гэж бодож байна. Мөн миний үйлчлүүлэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Хор уршгийг мэдсээр байж гэж буруутгаж байгаа нь харагдаж байна. Гэтэл энэ нь субектив санаа зорилготой нийцэхгүй байна гэж үзэж байгаа. ... Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй байгаа боловч шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлуудыг анхаараасай гэж хүсэж байна. ... Шүүгдэгчийн хувьд хохирлыг тал бүрээс нь төлөхийг хичээж идэвхитэй үйлдэл гаргаж байгаа. Мөн түүний хувьд зан ааш нь эвдэрсэн төрлийн хүн биш. Заавал хорих ялаар шийтгэхгүй бол болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх ч бүрэн боломжтой юм. Ингэснээр хохирлыг төлөх хугацаанд нөлөөлөх боломжтой юм. ... Ялыг өөрчилж өгөөч гэдэг саналыг гаргаж байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөх боломжгүй гэвэл тухайн оногдуулсан хорих ялын доод хэмжээнээс доош татах бүрэн боломжтой, давж заалдах шатны шүүх ингэж шийдвэрлэх бүрэн эрхтэй байгаа учраас судалж шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэв.
13. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Мэдээж гэм буруугийн асуудал болон зүйлчлэл дээр маргаагүй. ... оногдуулах ял хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байгаа. Ялыг хөнгөрүүлэхдээ нотлох баримт бүрдүүлж өгөх ёстой гэж тайлбар гаргаад байх юм. Бид нар хохирлоо төлж байгаа. Мөн яг хэргийн газар дээр нөхцөл байдал ямар байсан талаар дурдаж тайлбарлаж байна. Зөвхөн хамгаалах хэрэгсэлгүйгээр морийг унуулсандаа л эрүүгийн хариуцлага хүлээж байгаа. ... Бид нар өнөөдөр шүүхийн дотоод итгэл үнэмшил рүү халдах ёсгүй. Бусад зүйлсийн талаар мэтгэлцэж болно. Ахад нь хөтлүүлчихгүй яасан юм гэж өнөөдөр хохирогч хэлж байна. Маш олон нөхцөл байдал тулгарсан байсан. Зөвхөн *******ын морийг л унаж байсан гэдгээрээ буруудаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлоос чадах чинээгээрээ л төлж байна. Мөн ялыг өөрчлөх ямар нотлох баримт нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч ******* нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай тогтоол, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2018 стандарт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөрчсөний улмаас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн орчимд Цолмонхүү овогтой Чинбаяр /9 настай/-ыг морь хөлслүүлэх шалтгаанаар хул даагыг унуулж улмаар ******* нь мориноос унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /1-хх-78-79, 146-148х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг /1-хх-26-27, гэрч /1-хх-36, 138-139х/, /1-хх-38-39х/, /1-хх-142-143х/, насанд хүрээгүй гэрч /1-хх-43-45х/, /1-хх-49-51х/, /1-хх-134-135х/ нарын мэдүүлгүүд,
-Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Н.Туяацэцэгийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт /1-хх-54-55х/,
-Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1583 тоот дүгнэлт /1-хх-63-66х/,
-Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1125 тоот дүгнэлт /2-хх-17-18х/,
-Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1367 тоот дүгнэлт /2-хх-11-12х/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-хх-10х/,
-хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-12-15х/,
-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-16-19х/,
-Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг /1-хх-80-81х/,
-шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-хх-85-87х/,
-эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-хх-88х/,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /1-хх-92-120, 153х/,
-хохирогч *******ын төрсний гэрчилгээний хуулбар, өвчний түүхийн хуулбар /1-хх-156, 158-204х/,
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлсөн баримт, эрүүл мэндийн даатгалын санд 2,000,000 төгрөг төлсөн баримт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийг бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хор уршгийн нөхөн төлбөрийн зарим хэсгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлтэй боловч мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж зааснаар түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
7. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийг Улаанбаатар хот руу зөөвөрлөхөөр нисдэг тэрэг авчирч гарсан зардал буюу 10,045,000 төгрөгийг төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 22,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн гэм хорын хохирлоос 3,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоос 4,000,000 төгрөгийг тус тус төлсөн, цаашид тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Ө.Батболд нарын гаргасан “ ...анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******ад оногдуулсан хорих ялыг өөрчлөн түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
8. Шүүгдэгч *******ад оногдуулсан хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, Ч.Эрдэнэбат нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн гэм хорын хохирлоос 3,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлоос 4,000,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
Ц.ЭРДЭНЭЗУУ