Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 945

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл ҮД:26-01 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт Г.Э холбогдох эрүүгийн 1806 0283 01187 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” захын гадна автомашины зүгсоол дээр байсан иргэн П.Наранцэцэгийн эзэмшлийн 72-78 ЗАН дугаартай автомашин дотроос цүнхтэй эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч бусдад 617.350 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.

Хохирогч П.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би Улаанбаатарт ирчихээд Солонгос улс руу найзыгаа гаргаж өгөхөөр 18 цагийн үед “Амгалан” захаас эд зүйл цуглуулаад авсан зүйлээ машиндаа тавиад, буцаад орохдоо машинаа түгжилгүй орхисон байсан. Ингээд буцаж “Амгалан” зах ороод 15-20 минут болоод гарч машиныхаа хаалгыг түгжилгүй орхисноо мэдсэн. Тэгээд машиндаа ороод өөрийн гар цүнхтэй бичиг баримт, гар утас, ipad зэрэг эд зүйл алдсаныг мэдэж, цагдаад дуудлага өгч камер шүүлгэсэн. Миний алдсан цүнхтэй эд зүйлийг тэр өдрийнхөө орой 22 цагийн үед оллоо гэж над руу ярьж дуудсаны дагуу ирж өөрийн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Миний цүнхийг машинаас авсан гэх эрэгтэй анх эд зүйл хүлээлгэж өгөхдөө 91.850 төгрөг өгсөн ба сүүлд нэмж миний алдсан 240.000 төгрөгийг гүйцээж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

Гэрч Ө.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...”2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байсан санаж байна. Би нөхөр Г.Эын хамт “Амгалан” зах орж хоол хүнсний материал цуглуулсан юм. Ингээд “Амгалан” захаас мах ногоогоо түрүүлж аваад Г.Э машинаа тавихаар надаас түрүүлээд гарсан юм. Би араас нь ойр зуурын жижиг сажиг зүйл аваад 15-20 минут болоод гараад иртэл Г.Э машинаа анх байрлуулсан газраасаа хөдөлгөөд өөр газар зогсож байсан. Бид 2 эхлээд машинаа Амгалан захын зогсоолын баруун урд талд тавьсан ба намайг буцаад гараад ирэхэд Г.Э төв зам руу гараад хотын төв рүү буюу замын хойд талд баруун тийш хараад зогсож байсан. Тэгээд бид 2 Төмөр зам /вокзалд/ найзынх ирж цай уу гээд дуудсан байсан учир Вокзалд айлын гадаа очсон хойноо Г.Э надад “Амгалан” зогсоол дээр байсан машины хаалга онгорхой байхаар нь нэг цүнхтэй зүйл авчихсан гэхээр нь би уурлаад чи яаж байгаа юм бэ? Болохгүй буцааж өг гэж хэлээд айл руугаа орж цайгаа уучихаад буцаад явахаар яриад, айлдаа орж цайгаа уучихаад буцаад явж байтал Г.Эын утас дуугараад цагдаагаас ярьж байна гэртээ хүрээд ир гэхээр нь бид хоёр шууд гэртээ яваад очтол манай гэрийн гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд Г.Эыг шууд аваад явсан, би араас нь машинтайгаа цагдаагийн хэлтэс дээр очиж Г.Эыг авсан ба надад цүнхтэй эд зүйлээ бүгдийг нь өгчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Яллагдагч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би эхнэр Отгонбаярын хамт 18 цагийн орчим Налайх дүүргээс хотруу орох замдаа Амгалан зах дээр ирж зогссон. Би машинаа цэцэрлэгийн зүүн талд байрлуулсан. Тэгээд эхнэрийн хамт зах руу орж хүнсний зүйл авсан, би түрүүлээд машин дээрээ очсон, дэргэд хаалга онгорхой машин байсан, машины урд талын 2 сандалын хооронд эмэгтэй хүний цүнх байсан. Би түүнийг аваад эхнэр Отгонбаярыг орхиод Ботаникийн эцэст байрлах троллейбусны буудалд зогсоод цүнхийг онгойлгож үзсэн. Дотор нь эд зүйлс, гар утас, бэлэн мөнгө байсан. Би буцааж хийгээд машины арын сандал дээр тавьчихаад эхнэр Отгонбаярт би машинаас эмэгтэй хүний мөнгө, гар утастай цүнх авчихлаа гэхэд эхнэр яаж байгаа юм бэ, болохгүй юм авсан байна, одоо буцаад очих уу гэж хэлсэн. Би өөрийгөө яаж барьж өгөх юм бэ гэж хэлсэн. Тэгээд эхнэр Отгонбаярын хамт Төмөр зам руу айл руу цай уухаар явсан, айлд цай ууж байтал цагдаагаас утсаар ярьсан. Би цагдаагийн алба хаагч нарын дуудсан хуучин хашаа болох гэрийнхээ үүдэнд очсон, тэгээд цагдаагийн албан хаагч нарын хамт цагдаагийн байгуулагад очсон...машины хоёр сандалын гол байсан хар өнгийн цүнхтэй, дотор нь гар утас, ipad, бэлэн мөнгийг тоолсон чинь 90 гаруй мянган төгрөг байсан, өөр эд зүйл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-10 дугаар тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Ням-Очирын илтгэх хуудас /хх-ийн 18-р тал/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-30-р тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” захын гадна автомашины зүгсоол дээр байсан иргэн П.Наранцэцэгийн эзэмшлийн 72-78 ЗАН дугаартай автомашин дотроос цүнхтэй эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч бусдад 617.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Э д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Г.Э ын эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч П.Наранцэцэг нь эд зүйлсээ тоо ёсоор нь хүлээн авсан, хохирол нэхэмжлэхгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт Г.Эыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Г.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д   зааснаар Г.Э нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэхийг үүрэг болгосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Эын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА