Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/24

 

*******од холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээллтэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Мэндбаяр

Цагаатгагдсан этгээд                                            *******

Өмгөөлөгч                                                                Ө.Батболд

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/64 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Мэндбаярын бичсэн эсэргүүцлээр *******од холбогдох эрүүгийн 2421004600468 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн цагдаагийн газрын Баян-Уул сумын хэсгийн төлөөлөгч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, ******* ******* хотхоны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунхан толгойн зогсоол дээр иргэн *******тай маргалдаж улмаар түүнийг салгах гэж байсан гийн баруун хөлөн тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт *******ын *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж,

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2421004600468 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Энэ хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор М.Мэндбаяр эсэргүүцэлдээ: “Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж эс зөвшөөрч байна.

… Хохирогч , …. гэрч *******, ... нарын мэдүүлэг, нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч гийн утас руу залгаж улмаар түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******тай утсаар маргалдаж, байгаа газарт нь тээврийн хэрэгсэлтэй очсон байна. Тээврийн хэрэгслээс шүүгдэгч ******* хутга барин бууж *******ын талын машины хаалгыг онгойлгож, хутгатай гараараа далайхаар нь хохирогч нь жолооны хойно сууж байсан тул *******ыг хутгалуулахаас хамгаалж цээжнээс нь хойш дарж урдуур нь хөлөө жийх үед хохирогч гийн баруун хөлний дотор шилбэ орчим зүсэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын хутга бариад далайсан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлийн улмаас хүний биед хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж үйлдсэн шууд бус санаатай үйлдэл байна. Шүүхээс хэргийг дүгнэхдээ шүүгдэгч *******ын хутга барьж далайсан үйлдлийг санаатай, болгоомжгүй хэлбэрийн аль нь болохыг дүгнээгүй, ойлгомжгүй, хэрэгт авагдсан мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж няцааж байгаа нь тодорхойгүй байна.

Шүүхийн шийдвэрт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг буруу дүгнэх буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заах байдлаар зөрүүг арилгахын оронд шууд эргэлзээ хэмээн үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэжээ. Нөгөө талаар хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал байхад эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шалгасан байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь нотолгооны стандартыг алдагдуулж "in dubio рго гео" зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тодруулбал, гэрч нь “... Нөгөө утсаар маргалдсан гэх залуу бууж ирээд ын талын хаалгыг онгойлгож гөлөг минь гэж хэлээд нүдээд эхэлсэн. Урд жолооны ард сууж байсан эхнэр нь хамгаалах гэж хөлөө урдуур нь жийсэн....” гэж мэдүүлсэн байх тул түүнээс дахин мэдүүлэг авч ...******* нь хутга барьж бууж ирсэн эсэх, хутгатай гараараа далайсан эсэх, “гөлөг минь гэж хэлээд нүдээд эхэлсэн” гэдэг нь ямар утгатай... зэргийг дахин асууж тодруулах,

Мөн гэмт хэрэг гарах үед хамт байсан Содхүү гэгчээс гэрчийн мэдүүлэг авч “...******* нь хутга барьж ирсэн эсэх, хутгатай гараараа далайсан эсэх, *******ыг хутга бариад алга гэж хэлсэн эсэх, гийн хөлийг хэрхэн зүссэн...” зэргийг дэлгэрэнгүй асууж тодруулан бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Мөн шүүхээс хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ “шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна” гэж, мөн “...шүүгдэгч *******ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хэрэгт хангалтгүй...” гэж тус тус зөрүүтэй байдлаар дүгнэжээ.

Энэ нь нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй буюу нотолгооны стандарт бүрдээгүй, тус зарчмыг хэрэглэх хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад шүүхээс нотлох баримтуудыг хэрхэн үнэлэн эргэлзээг тогтоосон нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг эргэлзээгүй, тодорхой бичихгүйгээр шууд эргэлзээ гэж тайлбарлах зэргээр хуулийг алдаатай хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

6. Цагаатгагдсан этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие 2024 оны 08 сарын 23-ны шөнө болсон үйлдэл дээр хэн нэгнийг санаатай хохироох бодол байгаагүй. Хохирогч тай 10 жилийн хугацаанд найз нөхдийн холбоотой байсан. ... Тиймээс гаас мөнгө зээлэх гэж холбогдсон. Гэтэл хажуунаас нь нэг эрэгтэй хүн утас аваад намайг элдвээр хэлсэн. ... удалгүй залгаад “найзаа чи хаана байгаа юм. Нөхөр маань намайг чамтай хардаж сэрдээд намайг цохичихлоо” гэж хэлсэн. Ингээд намайг хүрээд ирээч гэж гуйсан. Ер нь их хэцүү хүн байсан. Өнөөдөр ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд нь эмнэлэгт хэвтсэн байгаа. Намайг очиход том биетэй гурван залуу байсан. Намайг бол хаана ч байсан ална хядна гэж бахирч байсан. Би дээрээс нь чамд тайлбарлах гээд байна шүү дээ гэж хэлж бахирсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

7. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ Прокурорын эсэргүүцэл нь тодорхой бус байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд л хэргийг шийдвэрлэх ёстой. Мөрдөн байцаалтын шатанд тухайн маргах үйлдэл болох үед хамт байсан бүхий л хүмүүсийг асууж байцаалт авсан. Энэ хэрэг анхнаасаа Мэндбаяр прокурорын хяналтад явсан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах хүсэлттэй байсныг өөрөө эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. *******ын хувьд анхнаасаа тай маргалдаагүй, тэр хүн рүү дайрч давшлаагүй, тухайн хүн рүү дайрсан үйлдэл гаргаагүй юм. Анхнаасаа л тай маргалдаж, хэрэлдсэн. Содхүү, Мөнхжаргал нараас гэрчийн мэдүүлэг аваад ч байх шаардлага байхгүй. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Ингэхдээ сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн байгааг буруутгах үндэслэл байхгүй. Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй юм. гийн баруун хөлөнд ир бүхий зүйлээр зүсэгдсэн шарх үүссэн нь тогтоогдсон. Гэхдээ *******ын хувьд гийн хөлийг зүсэх зорилготой байгаагүй. ... Болгоомжгүй байдлын улмаас бусдад хөнгөн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал байхгүй. Хутга барьсан байсан учраас бусдад гэмтэл учруулах боломжтой байсан гэсэн хийсвэр бодлоор бусдыг яллаж болохгүй. Тиймээс анхан шатны шүүхийн 64 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

8. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...*******ын хутга бариад далайж байгаа үйлдэл нь санаатай үйлдэл юм. Хутга бариад далайх үйлдлээс болж хэн нэгэн хохирох боломжтой. Хэн нэгэн хохирох боломжтой гэдгийг мэдсээр байж, хүсч тухайн үйлдлийг гаргасан. ******* нь анхнаасаа тай муудалцаад хутга барьж очсон байдаг. Хутга барьж далайж л байгаа бол хэн нэгэн хохирох боломжтой гэдгийг мэдэж байсан. Мөн хохирогч гийн гэмтэл авсан үйлдэл нь *******ын үйлдлээс шууд хамааралтай юм. Тиймээс шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэж байна. Иймээс гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх *******од холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас *******ын 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунхан толгойн зогсоол дээр иргэн *******тай маргалдаж улмаар түүнийг салгах гэж байсан гийн баруун хөлөн тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

5. Шүүгдэгч *******ын үйлдлийг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, “... тухайн цаг хугацаанд шүүгдэгч ******* нь хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу түүний үйлдэл, учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй, шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай эсэх нь эргэлзээтэй...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч *******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6. Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гагцхүү гэмт этгээдийн шууд санаатай, идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг бөгөөд гэм буруутай этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан хууль бус халдлага, түүний улмаас хохирогчийн биед учирсан хор уршигтай шалтгаант холбоотой байх нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжүүд юм.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед хохирогч гийн нөхөр болох *******тай гар утсаар ярихдаа маргалдсан, гийн “...*******оо чи хүрээд ир, чамайг буруугаар ойлгоод байна. Ирээд тайлбарлаад өг...” гэж дуудсанаар тэдний байгаа газарт буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт байрлах “Бунхан толгой”-н автомашины зогсоол дээр очсон, улмаар ******* нь хутга барьж *******ын сууж байсан талын машины хаалгыг нээж түүнтэй маргалдан зууралдаж байхад нь нөхөр *******ыг нь хутгалах гэж байна гэж ойлгоод *******ыг холдуулах гэж өшиглөхдөө түүний барьж байсан хутганд баруун хөлийн шилбийг зүссэн үйл баримт тогтоогджээ.

Энэхүү тогтоогдсон үйл баримтаас үзэхэд ******* нь гэрч *******тай гар утсаар маргалдсаны улмаас хохирогчийн дуудсанаар тэдний байгаа газарт очихдоо хутга барьж очсон үйлдэл нь хууль бус боловч тэрээр хохирогч гийн эсрэг түүнрүү чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, түүнд гэм хор учруулах санаа зорилго агуулаагүй, харин түүнийг гэрч *******тай маргалдаж зууралдах явцад хохирогч *******ыг *******аас холдуулах зорилгоор өшиглөх үедээ түүний барьсан хутганд баруун хөлийн шилбээ зүссэн нь *******ын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн тухайн цаг хугацаанд хохирогч гийн баруун хөлийн шилбэнд ир бүхий зүйлийн үйлчлэлийн улмаас зүсэгдсэн шарх үүссэн, уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь хэрэгт авагдсан шинжээчин дүгнэлтээр тогтоогдсон боловч уг гэмтэл нь *******ын хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шалтгаант холбоо бүхий үр дагавар бий болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, түүнийг гэм буруутайд тооцоход эргэлзээтэй гэж дүгнэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Прокурор эсэргүүцэлдээ: “ ... хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй байхад эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шийдвэрлэхдээ “in dubio pro reo” зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэх агуулгыг дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал бөгөөд уг ажиллагааны явцад “in dubio pro reo” зарчмыг хэрэглэх үндэслэл нь хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх явцад эргэлзээ үүссэн нөхцөл байдал юм.

Анхан шатны шүүх  шүүгдэгч *******ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэж дээрх зарчмыг хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дүгээр тогтоолоос өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэл тогоогдохгүй байхаас гадна цагаатгах тогтоолд “...хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй...” гэх үндэслэлийг дурдаагүй байна.

9. Иймд дээрх үндэслэлээр прокурорын гаргасан “ ...анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/64 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Ц.ЭРДЭНЭЗУУ

      ШҮҮГЧИД                                                                         С.ГАНЧИМЭГ

                                                                               Г.УРТНАСАН