Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 959

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М.Г холбогдох эрүүгийн 1806 0407 31140 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах гражаас машинаа гаргах гэж байхад нь Д.Давааням, А.Мөнхцэцэг нар ирж согтуугаар зүй бус авирласнаас М.Г нь А.Мөнхцэцэгийг татаж унагаан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч А.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Г бол манай нөхөр Даваанямын эгчийнх нь хүү юм. 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15-16 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн тэнд байдаг граж, худаг хоёрын дунд нөхөр Давааням бид хоёр М.Г, Чинзориг нартай тааралдсан. Манай нөхөр Давааням М.Гийг заамдаж харагдсан ба би тухайн үед Даваанямын ард 4-5 алхмын зайтай явж байсан. М.Г, Давааням хоёр бие биенээ заамдаад бие биенийхээ нүүр рүү гараараа 2-3 удаа цохилцсон. Тэгэхээр нь би очоод салгах гэсэн чинь салахгүй байхаар нь би М.Гийн үснээс нь зулгаасан, Чинзориг ах ирээд Даваанямыг барьж авсан, М.Г Давааням руу очих гэхээр нь би М.Гийг бариад авсан чинь М.Г миний зүүн гарнаас татаад түлхээд газар хүчтэй унагаахад би нүүрээрээ газар чулуурхаг шороон дээр унасан. Тэгэхэд миний зүүн хацар, зүүн нүдний доод зовхи зулгарч цус гарсан. Намайг унасны дараа манай ээж Отгонцэцэг хашаанаасаа гарч ирээд намайг авч орсон. Манай ээж М.Гийг загнасан чинь М.Г ээжийг цамцаараа гар руу нь ороолгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04ий өдрийн шинжээчийн ¹5622 дүгнэлтэд “А.Мөнхцэцэгийн биед зүүн хацрын шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 32 дугаар хуудас/,

Яллагдагчаар М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би зүйл, анги, ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Мөнхцэцэг эгчийн гарнаас нь угзарч татаж унагаасан нь үнэн. Би урьд нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир одоо нэмж хэлэх зүйл алга. Миний буруу, дахин ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 36 дугаар хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах гражаас машинаа гаргах гэж байхад нь Д.Давааням, А.Мөнхцэцэг нар ирж согтуугаар зүй бус авирласнаас М.Г нь А.Мөнхцэцэгийг татаж унагаан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Гт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч М.Гт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт М.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Гт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА