Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/454

 

 

 

 

     2025           04            23                                       2025/ДШМ/454

 

Т.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх,

хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,

хохирогч Э.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг,

нарийн бичгийн дарга  П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх, хохирогч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Э-д холбогдох 2405000000151 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ....-ийн Э, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр ...... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................../;

Шүүгдэгч Т.Э “Батлан даалтын сангаас зээл авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн Хас банкнаас Д.С-с шилжүүлсэн нийт 186.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн “...Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг хохирогч Э.М-д үзүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь бэлнээр 2.500.000 төгрөг, Хаан банкны 50............. тоот данс руу 3 удаагийн үйлдпээр 19.500.000 төгрөгийг, мөн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Э.М-аас С.У-ийн Хаан банкны 5034087238 тоот дансыг ашиглан 3 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Э.М-д нийт 42.000.000 төгрөгийн хохирол,

мөн “...Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, ...тендрийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг Б.У-д үзүүлэн түүнийг хуурч, гэрээгээр халхавчлан, зохиомол байдпыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.У-аас нийт 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.Э-ыг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын урьд цагдан хоригдсон 251 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас нийт 537.900.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.М-д 25.000.000 төгрөг, хохирогч Д.С-д 162.900.000 төгрөг, хохирогч Б.У-д 350.000.000 төгрөг тус тус олгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-аас 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.С-д олгож, Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан" прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Дээд шүүх хэргийг шийдвэрлээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ үйл баримт бүрт дүгнэлт хийсэн байдаг.

Т.Э, Э.М нар Б.У-аас 350.000.000 төгрөгийг хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулан мөн энэхүү 350.000.000 төгрөгийг Э.М-аас миний бие иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан авсан. Улсын Дээд шүүхийн 151 дүгээр тогтоолд хүү, төлбөр төлсөн хугацааг иргэний хэрэг гэж үзэн хүүгээ төлөөгүй хугацааг нь эрүүгийн хэрэг гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэсэн. Тусгай мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Буман Лхам Бат аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тогтоолын дагуу хийгдсэн. Зөвхөн Д.Солонгын дансны хуулга хийгдсэнийг шинжээч Батболд шүүхийн хэлэлцүүлэгт Д.Солонгын ганцхан асуудал байсан энэ тухай мөрдөгчид хэлсэн тухай хэлсэн. Дүгнэлт нэг талын баримтад тулгуурлан гаргасан нь миний төлсөн 341.270.000 төгрөг нь 295.540.000 гэж зөрсөн. Хавтас хэрэгт авагдсан миний Хаан банкны 50............. дугаар дансны хуулга болон мөрдөг чөөрийн ажлын шугамаар дансны хуулга авч хоёр талын эх баримтад тулгуурлан гаргах боломжтой атал хийгдээгүй улмаас төлбөр төлсөн дүн зөрч гарсан хүүний төлбөрт төлсөн гэж дүгнэсэн 17.930.000 төгрөг илүү нэхэмжилсэн 15.578.320 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтооно гэж дүгнэсэн ч энэхүү ажиллагаа хийгдээгүй.

Д.С мэдүүлэгтээ “Т.Э 8 сарын турш хүүний төлбөр гэж мөрдөн байцаалты явцад мэдүүлсэн, мөн хавтас хэрэгт миний хүүний төлбөр төлсөн дүнг хүснэгтээр гаргаж дансны хуулгыг хавсаргаж гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан баримт болон шинжээчийн дүгнэлтээр хүүний төлбөр төлж байсан, мөн хохирогч илүү төлбөр нэхэмжилсэн /хүү болох/ зэрэг нь мөн миний бие 462.440.000 төгрөгөөс 341.270.000 төгрөгийг /хүү болон үндсэн/ төлж барагдсан нь Т.Э миний бие Д.С-ыг залилах санаа зорилгогүй байсан нь харагдаж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Э.М-ын үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангаж байгаа талаар:

Хохирогч Б.У-аас 350.000.000 төгрөгийг Э.М, Т.Э нарт зээлүүлсэн байдаг. Гэтэл зээлийн гэрээн дээр зээлдэгчээр Э.М, Т.Э нар хоёулаа гарын үсгээ зурсан байхад нэг нь шүүгдэгч болж ял авсан байхад нөгөөх нь хохирогч болсон байдаг. Үүний шалтгаан нь залилах гэмт хэрэг хэзээ төгссөн бэ гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэний дараа өрнөсөн үйл явдалд хэт анхаарал хандуулсан болно.

Э.М, Т.Э, Б.У-ын нарын мэдүүлгээс харахад, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Э.М, Т.Э нар нь хамтдаа Б.У-ын гэрт очиж “Ар жаргалантын гол” компани усны машины тендерт шалгарсан тул мөнгө хэрэгтэй байна хэмээн худал ярьж 350.000.000 төгрөгийг авсан байдаг. Энэ нь Э.М үйлдлээрээ нэгдсэн буюу залилах гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаж байна. Субьектив талын тухайд, Э.М нь энэ явдал болохоос өмнө нь гэрч Ш.Төгсбатаас “Ар жаргалантын гол” компани усны машины тендерт шалгараагүй болохыг урьдчилан мэдчихсэн байсан болно. Ингэхээр Э.М нь “Ар жаргалантын гол” компани усны машины тендерт шалгараагүй, Т.Э худал зүйл ярьж буйг мэдсээр атлаа энэ тухай Б.У-д хэлэлгүй бодит байдлыг нууж, мөн олон жилийн өмнөөс таньдаг байсан урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг ашиглан 350.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар авч залилах гэмт хэргийг шууд санаатайгаар хүсэж үйлдсэн байна. Мөнгийг дансандаа шилжүүлэн авснаар Э.М, Т.Э нарын залилах гэмт үйлдэл туйлдаа хүрч төгссөн. Үүний дараа гэмт этгээдүүд мөнгийг бие биедээ шилжүүлэх нь залилах гэмт хэргийн шинжид огтоос хамаарахгүй юм.

Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06 өдрийн 76 дугаар тогтоолоор “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж /хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж/, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.” гэж,

Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 534 дүгээр тогтоолоор “Залилах” гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашнглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шннжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.” гэж тус тус тайлбарласан.

Уг тайлбаруудаас үзвэл гэмт этгээд хохирогчийн мөнгийг өөртөө шилжүүлэн авснаар залилах гэмт хэрэг төгсөхөөр байна. Хохирогч гэх Э.М-ын үйлдлийн тухайд “Ар жаргалантын гол” компани тендерт шалгарсан гэдэг бол худал гэдгийг мэдсээр байсан мөртлөө тендерт шалгарсан мэтээр Б.У-д ярьж байгаад түүний мөнгийг өөрийн эзэмшлийн дансандаа шилжүүлэн авсан байхад иргэний эрх зүйн харилцаа хэмээн дүгнэх үндэслэлгүй. Энэ бол хуулийг дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа хэрэг юм.

2. Э.М-ын үйлдлийн субьектив талын шинжийн талаар:

Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 178 дугаар тогтоолд “Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.” гэж. мөн “Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд херөнгө эсхүл түүннй өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.” хэмээн тус тус тайлбарлажээ.

Э.М нь Б.У-аас 350.000.000 төгрөгийг зээлж авахдаа өөрийн хоёр үл хөдлөх хөрөнгийг барьцаалах талаар хэлж, барьцааны гэрээ хийсэн байдаг. Гэтэл энэхүү барьцаалсан хөрөнгөө урьд өмнө гэрч Ш.Т-д бас барьцаалж түүнээс зээл авахаар завдсан боловч Ш.Т нь Э.М-ын ярьж буй “Ар жаргалантын гол” компани усны машины тендерт шалгараагүй болохыг мэдмэгцээ зээл өгөөгүй байдаг. Ингээд гэрч Ш.Төгсбат зээл өгөхөө больсон тул барьцаанаас чөлөөлөх тухай бичгийг Э.М-д хийж өгсөн байхад Э.М өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн барьцааг чөлөөлөөгүй ба шүүх хуралдааны явцад барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй, мөн Б.У-ын барьцаанд өгөхгүй хэмээн мэдүүлсэн болно. Өөрөөр хэлбэл, Б.У-тай байгуулсан барьцааны гэрээний үүргээ биелүүлэхгүй хэмээн ил тод мэдүүлдэг. Э.М-ын энэхүү эс үйлдэлд хэн ч хууль зүйн дүгнэлт хийхгүй байна. Хохирогч Б.У-д үл хөдлөх хөрөнгөө барьцаална гэх тохиролцооноос буцаж буй Э.М-ын эс үйлдэл бол түүнийг анхнаас Б.У-ын мөнгийг буцаан төлөх ямар ч бодолгүй байсныг шууд нотолж буй хэрэг юм. Эндээс дүгнэхэд Э.М-ын үйлдэл, эс үйлдэхүй нь Улсын Дээд шүүхийн дээрх тайлбартай бүрэн нийцэж байна. Гэмт этгээдийн үйлдлээс түүний сэдэлт, зорилгыг мэдэх боломжтой байдаг.

3. Э.М-ын шунахайн сэдэлтийн талаар:

1 хх 18 дугаар талд шүүгдэгч Т.Э-ын гараар бичсэн бичиг байдаг. Уг бичгийн агуулгаас харахад Э.М нь Т.Э-аас 50.000.000 төгрөг авахаар тохирсон,

1 хх 50 дугаар талд Т.Э-ын мэдүүлгээр Э.М нь Т.Э-аас 100.000.000 төгрөг авахаар тохиролцсон,

1 хх 79 дүгээр талд Э.М-ын өөрийн мэдүүлэгт Т.Э-аас 100.000.000 төгрөг авахаар тохиролцсон болохоо мэдүүлж, Т.Э-ын мэдүүлгийг давхар нотолдог.

1 хх 83 дугаар тал гэрч М.А-гийн “М мөнгө хөөцөлдөөд зөндөө олон хоног явсан. Тэгээд мөнгө төгрөг болж бүтэхгүй байна гэхээр нь би ер нь та хоёр болио...” хэмээн хэлсэн гэх нотлох баримтуудаас дүгнэхэд Э.М, Т.Э-тай нийлж олон хоног мөнгө олохоор хөөцөлдсөн байна. Бас Э.М нь Т.Э-аас ямар ч шалтгаангүйгээр их хэмжээний мөнгө авахаар тохирдог, шүүгдэгч Т.Э нь 50.000.000 төгрөг, 100.000.000 төгрөгийг өгөхөөр удаа дараа зөвшөөрч байсан зэрэг нь анхнаасаа Э.М-д их хэмжээний мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэл байсныг илтгэнэ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хуралдаанд хоёулан дээр нь шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ Э.М-ыг өөртэй хамтран гэмт хэрэг үйлдсэн хэмээн хэлдэг. Үүнээс дүгнэхэд Э.М-д бусдыг залилах, амар хялбар аргаар их хэмжээний мөнгөтэй болох гэсэн шунахай сэдэлтэй байсан нь бүрэн нотлогддог.

Дээр дурдсан гурван үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар тогтоолоор “Хохирогчид худал хэлж хуурах, иргэний эрх зүйн гэрээг ашиглах аргаар түүний эд хөрөнгө ба уг хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн аргууд билээ. Xууpax нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын үндсэн шинж нь юм.” гэх албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж Т.Э-д холбогдох хэргийг шийдвэрлэж, хамтран гэмт хэрэг үйлдсэн Э.М-ыг ял завшаад байна.

Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар тайлбараас харвал хохирогчид худал хэлэх гэдэг нь бодит байлыг нуун дарагдуулахыг ойлгох бөгөөд энэхүү нуун дарагдуулах нь үгээр болон үйлдлээр илрэн гардаг болох нь тодорхой байна. Хэргийн оролцогч Э.М-ын үйлдэл энэхүү тайлбартай яв цав нийцдэг бөгөөд түүний үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангадаг. Энэхүү хэрэг дээр 350.000.000 төгрөгөө хоёр этгээдэд залилуулсан Б.У нь гэмт хэрэгт хамтран оролцсон Э.М-аас хохирлоо гаргуулах ямар ч боломжгүй болоод байна. Мөн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим зөрчигдөж Э.М нь залилах үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээлгүй, ял завшаад байна. Иймээс Э.М-ыг Т.Э-тай бүлэглэж хамтран залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж шалгах зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ.

Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “Залилах” гэмт хэрэг “ Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, зсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэж заасан байдаг. Тэгвэл хохирогч Б.У нь хэнд итгэж мөнгө зээлүүлсэн бэ?, Барьцаанд тавьсан эд хөрөнгийг М яагаад бусдад шилжүүлсэн бэ?, Үүнээс дүгнэхэд хохирогч Уыг хэн залилаад байна. Хууль зүйн дүгнэлт хийх ёстой гэж дүгнэж байна.

Хохирогч Э.М-аас 20.000.000 төгрөгийг зээлсэн ба буцааж 17.000.000 төгрөгийн төлсөн байхад шүүх 25.000.000 төгрөгийг гаргуулж М-д олгох нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Хохирогч М-ын мэдүүлэг “Би Эд 350.000.000 төгрөгийг Г гэх хүний данс руу, өөрийнхөө данснаас 2 танихгүй хүний данс руу 6 сард 15.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо нийт үндсэн мөнгө нь 375.000.000 төгрөг авах ёстой” гэх мэдүүлэг /1 хх 39-40/, шүүхийн хэлэлцүүлэгт 17.000.000 төгрөгийг М авсан гэж мэдүүлнэ.

Хохирогч Д.С-д 162.900.000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж шийдвэрлэсэн. Үргэлжилсэн олон удаагийн давтамжтай 10 хувийн хүүтэй мөнгө зээлж өгөлцөж авалцаж байсан байна. Тогтоосон хугацаанд төлж чадаагүй байдлыг залилах гэмт хэрэг гэж үзэж байгаа бол энэ хугацаанд хүүнд төлсөн мөнгийг хохирлоос хасаж тооцуулах нь үнэнд нийцнэ гэж үзэж байгаа юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ж.Батболд “11 дүгээр сарын 08-ны өдөр хошууч Ганжаргалтай холбогдож Э-тай холбогдох гэсэн юм гэж ярихад утас нь холбогдохгүй байсан” гэж мэдүүлсэн байгаа юм. Үүнээс үзэхэд мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу, гэмт хэргээс учирсан хор уршиг, хохирлыг эргэлзээгүй нотлох үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Хэт нэг талыг баримталж шийдсэн байна гэж дүгнэж байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/ 216 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргаан н.А, н.Н нартай хамааралтай. 20.000.000 төгрөгийг төлсөн гэж байгаа баримтын тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний данс руу биш н.Наранцэцэгийн данс руу мөнгө орсон. Тухайн үед манай эгчийн байрыг худалдаж авахаар мөнгийг нь цувуулж өгнө гэж гэрээ байгуулж, гэрээ байгуулсны дараа хугацаандаа мөнгөө өгөхгүй олон жил болсон. Үүнийхээ төлбөрт 5.000.000, 10.000.000 төгрөгийг надаар дамжуулан өгч байсан. Аудитад энэ талаарх тайлбараа өгч, шүүхийн шийдвэрт хавсаргасан. Энэ мөнгөн дээр гомдол гаргах бол н.А, н.Н-т холбогдуулан гаргах нь зүйтэй байх. Т.Э бид хоёрын өгч, авч байсан мөнгөн дээр аудитын дүгнэлт гарсны дараа өмгөөлөгч нь задаргаа хийж танилцуулсан. Миний гаргасан мөнгөн дүнгийн жагсаалт, аудитын гаргасан мөнгөн дүн, Т.Э-ын өмгөөлөгчийн гаргасан мөнгөн дүн сая гаруй төгрөгөөр зөрж байсан. Хамгийн эхний 39.600.000 төгрөгийг 36.900.000 төгрөг гэж мөнгөн дүнг зөрүүлж бичсэнээс бага зэргийн зөрүү гарснаас биш, миний болон Т.Э-ын орлого, зарлага массаараа бол тэнцэж байсан. Аудитын дүгнэлтэд 40.000.000 төгрөг дээр 2.050.000 төгрөг, 2.075.000 төгрөг, 2.070.000 төгрөг гээд өгчихсөн байгаа дээр 16.000.000 төгрөгийг хасаад, 160.000.000 төгрөг гэж аудитын дүгнэлт гарсан. Энэ бодит дүгнэлт мөн. ...” гэв.

Хохирогч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Э.М-ыг танина. Тавилга хийдэг компанийн захирал хийдэг. Арав гаруй жил бие биеэ мэддэг, ажил төрлийн холбоотой байсан. Над руу утасдаж “тантай уулзах гэсэн юм” гээд, ирэхдээ Т.Э-тай хамт ирсэн. Надад өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг барьцаалан “350.000.000 төгрөг зээлээч, 14 хоногийн дотор 400.000.000 төгрөг болгож өгье” гэж хэлсэн. Ярилцаж байгаад нотариат орж гэрээ байгуулан, мөнгө өгсөн. Э.М-д мөнгө өгсөн байхад Т.Э-аас гаргуулахаар шийдвэрлэснийг ойлгохгүй, гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Д.С-ын өмгөөлөгч Б.Манлайжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын шүүгчийн захирамж хохирогч Д.С-той ямар ч холбоогүй. н.Н, н.А нарын иргэний маргааныг шийдвэрлэсэн. Тухайн хэрэгт Д.С нь н.Н-ээс итгэмжлэл авч оролцсон. Шийтгэх тогтоолын 14 дүгээр хуудаст 166.900.000 төгрөгөөс Т.Э-ын төлсөн 3.000.000 төгрөгийг хасаж, 162.900.000 төгрөг гэж бичсэн. Үүн дээр бичиглэлийн алдаа гарсан гэж ойлгож байна. Шүүхийн тайлбарласнаар 166.900.000 төгрөгөөс Т.Э 4.000.000 төгрөгийг төлсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгч 4.000.000 төгрөг болохыг хэлсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 162.900.000 төгрөг гэж тодорхойлсон болохыг хэлье. 2013 оноос хойш Д.С, Т.Э нар мөнгө зээлж, авч байсан. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг Т.Э ашигласан үйл баримт хавтас хэрэгт авагдсан. Залилах гэмт хэргийн шинжийг агуулсан учраас залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 151 дүгээр тогтоолд тусгай мэдлэгтэй шинжээч томилох боломжтой гэснийг биелүүлж, “Буман Лхам Бат аудит” ХХК дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлттэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргасан боловч шүүх хуралдаанаар уг гомдлыг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.У-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, оролцож байна. Хохирогчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг агуулгын хувьд дэмжиж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоол хэргийн үйл баримттай нийцэхгүй, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Э.М хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тогтоогдсон. Тендер шалгаруулаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын тендер зохион байгуулсан газрын албаны албан тоотоор тогтоогдсон. Энэ баримтуудыг үгүйсгэсэн, Э.М мэдээгүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн дүгнэлт, саналыг няцаасан үндэслэлийг тусгах хуулийн шаардлагыг хангаагүй гэх өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг дэмжиж байна. Мөнгө эцсийн бүлэгтээ хэнд шилжиж байгаа нь залилах гэмт хэргийн шинжид хамаагүй, хохирогчоос мөнгө ямар аргаар, яаж, хэний өмчлөлд шилжиж байгаа вэ гэдэг хамааралтай. Энэ хэрэгт хохирогч Б.У-аас Т.Э-ын эсрэг гаргасан нэг ч гомдол байхгүй. Дандаа “би Э.М-д залилуулсан, Э.М-д гомдолтой байна. Э.М-д итгэсэн” гэж байгаа. Барьцааны гэрээ хийж мөнгө авчихаад, барьцааны гэрээгээ бүртгүүлэх гэхээр өөр хүний нэр дээр байсан учраас бүртгүүлэх боломжгүй байсан. Гэрээгээр халхавчилж, итгэлийг нь олж авсан. 2 цагийн өмнө танилцсан хүндээ 350.000.000 төгрөгийг өгөхгүй. Нотлох баримтад үндэслэж хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж байгаа бол субьектив байдлыг тогтоох ёстой. Улсын Дээд шүүхийн тайлбараас өөрөөр хуулийг тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргасныг дэмжиж байна. Эцсийн бүлэгтээ Э.М мөнгө аваагүй учраас залилан биш гэдэг агуулгаар мэтгэлцсэн. Гэтэл 350.000.000 төгрөгөөс маргааш нь 17.000.000 төгрөгийг авч, үүнээс гадна 50.000.000 төгрөгийн ашиг авна гэж тохиролцож байгаа нь шууд болон шууд бусаар шунахайн сэдлээр буюу ашиг олох гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Эрх зүйн үйл баримтыг зөв салгаж, харилцаа, үйл факт бүрээр нь ялгаагүй учраас “мөнгө хэн дээр очсон байна тэр хүнээсээ ав” гэж шийдвэр гарсан. Хүчин төгөлдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байхад Э.М-аас мөнгөө авах эрхийг хааж, зөвхөн Т.Э-аас мөнгөө ав гэж шийдвэрлэсэн. Э.М нь Т.Э-д итгэсэн учраас хохирогч болж, Б.У иргэний эрх зүйн харилцаанд орсон этгээдийн хувьд Э.М-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүүгийн хамт шаардаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл бүрдэх байсан. Анхан шатны шүүх алдаатай дүгнэлт хийсний улмаас миний үйлчлүүлэгч ямар ч холбогдолгүй, гэрээ байгуулаагүй хүнээс мөнгө авах асуудал үүссэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, зөрчсөн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тодорхой зохицуулалт байгаа. Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын хэлж байгаа зүйлүүд шинэ зүйл биш, 4-5 жил ярьж байсан. Э.М-ыг хамтран яллагдагчаар оролцуулаагүй гэж бүх шатны прокурорт гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн. Э.М-ыг энэ гэмт хэрэгт хамтран оролцож, залилан хийсэн эсэхийг шалгаагүй биш шалгасан. Т.Э мөрдөн байцаалтын шатнаас тендер байгаагүй, мөнгө хэрэгтэй байсан учраас энэ 2 хүнээр дамжуулж авсан гэдгээ хүлээсэн. Энэ хэрэгт 8 удаагийн тогтвортой мэдүүлэг өгсөн. 350.000.000 төгрөгийг Э.М, Б.У нарыг цохилдуулж, 350.000.000 төгрөгийг авч, дунд нь завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тендер зарлагдсан “Хюндай моторс” гэдэг компани шалгарсан гэдэг Баянгол дүүргийн үйлдвэр үйлчилгээний газрын өгсөн баримт, гэрчийн мэдүүлгүүд байгаа. Хууль зүйн нэр томьёогоор тодорхойлбол 1 үйлдлээр 2 объектод халдаж, 2 хохирогчийг хооронд нь мөргөлдүүлж, дундаас нь завшиж залилсан нь алсаас төвлөрсөн үйлдэл. Хүний юмыг барьцаанд тавиулж, мөнгийг нь авчихаад, мөнгийг нь төлөхгүйгээр барьцаагаар хангуулж, 2 хүний хооронд мөнгөний асуудал үүсгэж, мөргөлдүүлээд дунд нь төлсөн, төлөөгүй асуудлаа шийдэх боломжтой гэж төлөвлөсөн гэж харагдаж байна. Т.Э энэ хэрэгт 5-6 жил шалгагдахдаа “Б.У-ын мөнгийг төлье, удахгүй гаргаж өгнө” гээд данс руугаа мөнгө оруулж, гаргаж хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Хүний 350.000.000 төгрөгийг данс руугаа оруулж, “Б.У-д мөнгийг нь төлчихсөн” гэж мөрдөгчдөө хэлж, прокурорын шатанд худал болох нь илэрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад ч залилж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон. Гэм буруутайд тооцож, хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээсэн гуравдагч этгээдээр дээрх байдлыг төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дан байдлаар завшуулан авсан үйлдэл энэ гэмт хэргийн шинжид хамаарна гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Б.У “Э.М-ыг 10 гаруй жил таньж, мэддэг” байсан гэж хэллээ. Э.М Б.У-аас 350.000.000 төгрөгийг г.Г-ын дансаар авсан. н.Ганбат “Хаан банкны дансаа өгөхөд 350.000.000 төгрөг 30-40 минутын дараа миний дансанд орсон. Мөнгө орсны дараа Т.Э өөрийнхөө дансны дугаарыг явуулж, ийшээ мөнгөө хийчих гэхээр нь буцаагаад шилжүүлсэн” гэх мэдүүлэг байдаг. Шүүгдэгч Т.Э “Э.М эгчийн оролцоо байхгүй, би хохирол төлбөрөө төлнө. Э.М эгчид 377.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг буцааж өгөөгүй” гэж тогтвортой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн Б.У-д Э.М-ын барьцаалсан эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнүүд эх хувиараа байна. Д.С-той холбоотой хэрэгт анхан шатны шүүхээс “Буман Лхам Бат аудит” ХХК-ийн шинжээчээр томилж, дүгнэлт гарсан. Д.С-с 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх шилжүүлсэн мөнгөний тооцоог Т.Э хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан нь 2 дугаар хавтаст хэргийн 82-84 дүгээр талд авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд үүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгч, судлуулсан. Т.Э-ын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Э.М, Б.У нарыг залилсан болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Гэрчээр асуух шаардлагатай хүмүүсийг асууж, нотлох баримтыг цуглуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шинжээч томилж, үүнийхээ дагуу хэргийг шийдвэрлэсэн. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Т.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх, хохирогч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Э “Батлан даалтын сангаас зээл авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн Хас банкнаас Д.С-с шилжүүлсэн нийт 186.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн “...Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг хохирогч Э.М-д үзүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь бэлнээр 2.500.000 төгрөг, Хаан банкны 50............. тоот данс руу 3 удаагийн үйлдпээр 19.500.000 төгрөгийг, мөн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Э.М-аас С.У-ийн Хаан банкны 5034087238 тоот дансыг ашиглан 3 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Э.М-д нийт 42.000.000 төгрөгийн хохирол,

мөн “...Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, ...тендрийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг Б.У-д үзүүлэн түүнийг хуурч, гэрээгээр халхавчлан, зохиомол байдпыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.У-аас нийт 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 6/,

хохирогч Э.М-ын “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефть цэргийн хотхоны хажууд байрлах манай компаний байранд М.А, Т.Э гэх Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга ажилтай гэх хүүхнийг дагуулж ирсэн. ...Хятад Улсаас хогийн машин оруулж ирэх тендер Т.Э гээд дүү маань авсан, машинаа оруулж ирэх гэсэн чинь мөнгө дутаад байна. 350.000.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь би “боломжгүй, ийм их хэмжээний мөнгө надад байхгүй” гэж хэлсэн чинь Т.Э, М.А хоёр “Үйлдвэрийн байраа барьцаалаад мөнгө олоод өгөөч, сарын дотор 400.000.000 төгрөг болгож өгнө, бас 50.000.000 төгрөгийг урамшуулал гэж нэмж өгнө” гэж хэлэхээр нь би хамтын ажиллагаатай байдаг “Ариун” ХХК-ийн захирал Б.У эгчээс 350.000.000 төгрөгийг өөрийн Үйлдвэрийн байр, Москва хорооллын нэг өрөө байр зэргийг барьцаалаад өөрийн нэр дээрх “Хаан” банкны 50........... дугаарын дансаар шилжүүлэн авсан. Яг миний данс руу шилжүүлсэний дараа Т.Э манай захирлын данс гээд Н.Г гэх хүний 5753521781 дугаарын данс руу өгөхөөр нь 350.000.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас шилжүүлсэн. ...2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөгөө Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн хажуу талд миний машин дотор хоёулаа сууж байгаад шилжүүлсэн. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 22.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байх манай ажлын байранд байхад ирж авсан. 2.500.000 төгрөгийг бэлнээр үлдсэн мөнгийг дансаар авсан. Буцаагаад авсан мөнгөнөөсөө 17.000.000 төгрөгийг 04 дүгээр сарын 13-ны өдөр миний “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. ...” /1 хх 39-40, 225, 3 хх 93/,

гэрч Н.Г-ын “...Манай компани тендерт оролцсон асуудал байхгүй. 2021 оны 01 дүгээр сард байх, яг өдрийг нь сайн мэдэхгүй байна, Т.Э намайг нэг ажил байна гэж хэлэхээр нь уулзсан чинь “Хятадаас хогийн машин оруулж ирэх ажил байна, тендер бол зарлахгүй, шууд ирээд гэрээгээ хийгээд машинаа судлах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би хэдэн төгрөгийн төсөвтэй юм бэ гэхэд 750.000.000 төгрөгийн төсөвтэй гэж хэлэхээр нь би ийм их мөнгөний ажил бол гэрээгээр хийгдэнэ гэж байхгүй, худлаа байх гэж Т.Э-д хэлсэн чинь энэ бол шууд хийгдэнэ, асуудалгүй ажил байгаа гэж хэлээд намайг Хятадаас машин судлах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би Хятадаас машин судлаад байж байсан чинь нэг өдөр Т.Э над руу залгаад “Ганбатаа тамга чинь хэрэгтэй байна” гээд гэрээс ирж авсан. ...Тэгээд хэд хоногийн дараа гэрээ байгуулсан гээд над дээр ирж гарын үсэг зуруулсан. Т.Э-д би хогийн машин судалсан нийтдээ 5200 гаруй сая төгрөг болох юм байна гэж хэлээд 2021 оны 3 дугаар сард Т.Э над руу залгаад хувь дансаа өгчих гэж хэлэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд “нөгөө машин оруулж ирэх мөнгөний ихэнхийг нь олчихлоо” гэж хэлэхээр нь өөрийнхөө “Хаан” банкны 57............ тоот дансаа өгсөн чинь 350.000.000 төгрөг 30-40 минутын дараа миний дансанд орсон. Тэгээд мөнгө орсоны дараа Т.Э өөрийнхөө дансыг явуулаад “ийшээ мөнгөө хийчих гэж хэлэхээр нь би буцаагаад данс руу нь шилжүүлсэн. Тэгээд бараг 1, 2 сарын дараа байх Э.М гэдэг хүн залгаад “машин тэрэг ирсэн үү, мөнгө төгрөгөө авмаар байна” гэх утгатай зүйл ярихаар нь би Т.Э-д буцааж 350.000.000 төгрөгийг нь өгсөн гэдгээ хэлсэн. Т.Э-ын хэлж байгаагаар хогийн машин оруулж ирэх гэрээ хийгдсэн мөн мөнгө нь орсон гэсэн боловч ямар нэг байдлаар Хятад улсаас машин оруулж ирэхгүй, дээрх мөнгө хэн, ямар байдлаар зарцуулсныг би мэдэхгүй байна. Миний ойлгосноор манай компаниар дамжуулан машин орж ирэх ёстой байсан боловч улсаас машин оруулж ирэх асуудлыг болиулсан гэж Т.Э надад тайлбарласан. ...” /1 хх 57-59/,

гэрч С.Ц-гийн “...Манай албаны 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд дээрх худалдан авах ажиллагаа нь манайхаас нээлттэй тендер шалгаруулах журмаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан бөгөөд тендерт 7 байгууллага үнийн санал ирүүлснээс “Ар жаргалантын гол” гэх нэртэй компани үнийн санал ирүүлээгүй, мөн дээрх 7 байгууллага уг тендерт шаардлага бүрэн хангахгүй байсан учир уг тендер хүчингүй болсон. Дахин 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зарлагдахад “Хьюндай моторс Монгол” нэртэй компани үнийн санал ирүүлж шаардлага хангасан үнэлгээний хорооны шийдвэр гарч захиалагч буюу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. ...” /1 хх 71-72/,

гэрч Д.Н-ийн “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргээс дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн автомашин худалдан авах албан даалгаврыг, мөн энэ албан даалгаврыг манай Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Төлөвлөлт хяналт шинжилгээний үнэлгээний хэлтэс боловсруулан 2 дарга нь хянаад надад оруулж ирэхээр нь би хянаад гарын үсэг, тамга дараад явуулдаг. Үүний дагуу Худалдан авах албанаас тендерийг зохион байгуулдаг. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 135 дугаартай албан бичгээр худалдан авах ажиллагааны албанаас тендерт “Хьюндай Монгол моторс” компани шалгарсан, энэ компанитай гэрээ байгуулж болно гэсэн бичиг ирсэн. Албан бичгийн дагуу манайхаас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хогийн машин худалдан авах гэрээг “Хьюндай Монгол моторс” компанитай байгуулсан гэрээндээ машиныг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтаан нийлүүлэх гэрээ хийсэн боловч цар тахлын улмаас машин оруулж ирэх гэрээг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгасан, одоо удахгүй манайх машин хүлээж авах гэж байгаа. ...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн бичгийг шүүж үзсэн, манайхаас огт ийм албан бичиг яваагүй байна. Хэрвээ явсан бол төсөл болон эх хувь байх ёстой, дугаараар нь шүүж үзэхэд өөр утгатай албан бичиг байсныг хэргийн материалд хавсаргуулахаар хуулбарлан авчирсан. Миний хувьд хаана ямар байдлаар дээрх албан бичиг үйлдэгдсэнийг мэдэхгүй байна. Гэрээний хувьд бас хуурамч байна. Манайх өөрөө гэрээгээ байгуулдаг. Худалдан авах ажиллагааны албанаас хүн гэрээ байгуулдаггүй, захиалагч талыг төлөөлж би өөрөө мөн Санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч компани оролцож гэрээ байгуулдаг. Би гэрээг хуулбарлан авчирсан. ...” /1 хх 75-76/,

гэрч М.А-гийн “...Т.Э нь “хогийн машин оруулж ирэх тендер авчихсан байна, хөрөнгө оруулагч хэрэгтэй байна, ажлаа бүтчихээр нь тэр хөрөнгө оруулсан хүнд мөнгө өгнө” гэж хэлэхээр нь би өөрийнхөө байдлыг хэлээд мөнгө байхгүй, харин таньдаг хүнээсээ асууж өгье гээд хэд хэдэн хүмүүст хэлсэн чинь Э.М мөнгө хөөцөлдөөд зөндөө хоног явсан, мөнгө төгрөг болж бүтэхгүй байна гэж хэлэхээр нь би ер нь та хоёр болио, угаасаа бүтэхгүй юм байна гээд салцгаасан. Ер нь больчихсон гэж бодсон. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Э.М над руу залгаж уулзъя гэж хэлэхээр нь уулзсан чинь чамаас нуугаад Т.Э-д мөнгө олоод өгчихсөн гэж хэлсэн. ...Т.Э нь “Хятад Улсаас 10 ширхэг хогны машин оруулж ирэх ажил байна, та хөрөнгө оруулж чадах уу” гэж асуухаар нь би боломжгүй талаараа хэлж Э.Мтай холбож өгсөн. Түүнээс өөрөө ямар нэгэн холбоо байхгүй. ...Би Т.Э-тай ямар нэгэн мөнгөний тооцоо байхгүй. ...” /1 хх 82-83, 3 хх 12/,

хохирогч Б.С-ын “...2013 оноос хойш 4-5 жил Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд нийгмийн ажилтнаар хамт ажиллаж байсан Т.Э гэх эмэгтэй мөнгө зээлээч батлан даалтын сангаас 600.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа, 40.000.000 төгрөг хэрэгтэй байна гэсний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн “Оргил” худалдааны төвийн “Хас” банкны салбараас Т.Э-ын өөрийнх нь “Хаан” банкны 50............. тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараа энэ мөнгөндөө гэрээ байгуулж батлуулсан ба 8 сарын туршид хүүгээ төлж явсан. Энэ хугацаанд дахин мөнгө хэрэгтэй байна гэж хэлсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 55.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 9.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус надаас зээлж нийт 187.000.000 төгрөг авч хохироогоод байна. Харин эхний зээлсэн 40.000.000 төгрөгөөс бусад зээлсэн мөнгөнд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаар дээрх байдлаар хүү төлнө гэж хэлээд авсан. ...3.000.000 төгрөгийг дансаар гомдол гаргасны дараа өгч байсан, ингээд 183.600.000 төгрөгийн үлдэгдэл байгаа юм. ...” /2 хх 26-27, 29, 36-37, 4 хх 243/,

гэрч А.Д-ын “...Иргэдийн төлөөлөгчийн хурал нь ямар нэг тендер төсөл зохион байгуулдаг газар биш, манай иргэдийн төлөөлөгчийн хурлаас ямар нэг тендерийн ажилд оролцохгүй. Т.Э-ын хувьд Иргэдийн төлөөлөгчийн хурлын хуралдаан зохион байгуулдаг чиг үүрэгтэй хэлтсийн даргаар ажиллаж байсан. ...” /3 хх 14-15/,

хохирогч Б.У-ын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн “Их Монгол” плазагийн 2 давхарт байрлах нотариат дээр гэрээгээ батлуулж 1 давхарт байрлах Хаан банкны киоск машинаар Э.М руу шилжүүлсэн. Түүнээс хойш би Э.М болон Т.Э-аас нэг ч төгрөг аваагүй. Тухайн өдөр намайг үл хөдлөх рүү явж батлуулах уу гэж хэлэхэд нь тухайн үөд короно вирусын өвчлөлтэй, карентины үе байсан учраас илүү зардал гаргаад яах вэ, та нарыг мөнгөгүй ядаж байхад гэж хэлээд бүртгүүлээгүй орхисон. Дараа нь би барьцаа хөрөнгөө үл хөдлөхөд бүртгүүлэх гэхэд өөр хүний нэр дээр байна гэж бүртгэж аваагүй. Тэгэхэд Э.М өөр хүний барьцаанд байсан хөрөнгийг надад барьцаалуулсан байсан. Би маш их гомдолтой байна. ...” /3 хх 79-80/,

гэрч Ш.Т-ын “...2021 оны 04 дүгээр сарын үед санагдаж байна Э.М нь Т.Э гэх Баянгол дүүргийн Тамгын газарт ажилладаг гэх хүнийг дагуулан ирээд хогны машины тендерт шалгарсан, тус машиныг оруулж ирэхэд шаардагдах мөнгө зээлье гэж хэлэхээр нь судлаж үзье, барьцаа хэрэгтэй гэж хэлэхэд Э.М эгч миний нэр дээр барьцаалбар хийгээд ирсэн. Би тухайн үед нь Т.Э-ын ярьсан зүйлийг үнэн эсэхийг шалгахаар дүүргийн хот тохижилтын холбогдох хүмүүсээс мэдээлэл аваад ямар нэг хогийн машин оруулж ирэх талаар байхгүй, Т.Э-ыг ярьсан тендерт шалгарсан зүйл байхгүй гэсэн тул Э.М эгч болон Т.Э-д зээл өгөхөөс татгалзсан. Ингээд би зээл өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. ...” /3 хх 87-88/,

гэрч О.А-гийн “...У гэж хүн манай нотариатаар байнга үйлчлүүлдэг хүн байна. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг гэрчилж өгсөн байна. Энэ гэрээг хийх үед зээлийн барьцаанд тавьж байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгосон тухайн бичиг баримт нь Т.Э, Э.М нарт эх хувиараа байсан болохоор зээлийн барьцаанд тухайн үл хөдлөх хөрөнгүүдээс барьцаанд барьцаалсан гэрээг гэрчилж өгсөн. ...” /3 хх 90-91/,

гэрч С.У-ийн “...Т.Э 2021 онд хамт ажилладаг байхад картаа өгөөч гэж хэлээд миний картыг ашигласан. Би хэд хэдэн удаа виза картаа Т.Э-д өгч байсан. Өөрөө надад картгүй байна гэж хэлээд миний картыг ашигладаг байсан. ... Т.Э миний дансанд хэдэн төгрөг хийгээд буцааж авдаг байсан талаар мэдэхгүй. Миний утсанд мэдээлэл ирдэггүй, би ч дансны хуулгаа шалгаж байгаагүй. ...” /4 хх 245-246/ гэсэн мэдүүлгүүд,

Зээлийн гэрээний хуулбар /1 хх 11-14/, дансны шилжүүлгийн баримт /1 хх 23/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /1 хх 97-100, 117-159, 2 хх 70-81, 138-160, 167-187/, хог тээврийн автомашин худалдан авах ажлын даалгавар /хуулбар/ /1 хх 104-106/, хохирогч Д.Солонгын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 60-62, 85-129/, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 03/2524 дугаартай албан бичиг /1 хх 102/,

Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай “Худалдан авах ажиллагаа зохион байгуулсан тухай” албан бичгийн хуулбар /1 хх 107/,

Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /1 хх 108/,

 хохирогч Д.С-с 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн мөнгөний тооцоог Т.Э хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт /2 хх 82-84/,

Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын тогтоол /3-р хавтаст хэргийн 214-215 дахь тал/,

“Булган Лхам Бат аудит” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /5 хх 137-143/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Э нь “Батлан даалтын сангаас зээл авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Д.С-с 186.600.000 төгрөгийг, “...Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг хохирогч Э.М-д үзүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 42.000.000 төгрөгийг, мөн “...Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, ...тендрийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг Б.У-д үзүүлэн түүнийг хуурч, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Т.Э-аас “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч П.Гансүхээс “...мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу, гэмт хэргээс учирсан хор уршиг, хохирлыг эргэлзээгүй нотлох үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Хэт нэг талыг баримталж шийдсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

Шүүгдэгч Т.Э нь “Батлан даалтын сангаас зээл авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Д.С-с 186.600.000 төгрөгийг, “...Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг хохирогч Э.М-д үзүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 42.000.000 төгрөгийг, мөн “...Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, ...тендрийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг Б.У-д үзүүлэн түүнийг хуурч, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй.

Хохирогч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяраас “...Э.М-ыг Т.Э-тай бүлэглэн хамтран залилах гэмт хэрэг үйлдсэн ба яллагдагчаар татаж шалгах зайлшгүй шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Э.М нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёроос дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

Шүүгдэгч Т.Э-ын хувьд Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, ...тендрийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг Э.М-тай хамтран үйлдэж, үйлдэл оролцоогоо хуваарилсан, эсхүл үйлдлээрээ санаатай нэгдэж, залилах гэмт хэргийн улмаас олсон мөнгөө хувааж авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Э.М нь хамтын ажиллагаатай Б.У-аас 350.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч шилжүүлэн авсны дараа Т.Э-ын хэлсэн Н.Г-ын данс руу шилжүүлсэн нь энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хохирол, хор уршгийг зөв дүгнэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч П.Гансүхээс давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтыг хэрэгт хавсаргах шаардлаггүй тул буцаан өгснийг дурдав.

Иймд шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх, хохирогч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Э-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 93 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч П.Гансүх, хохирогч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын цагдан хоригдсон 93 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

 

                             ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

 

                             ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР