| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/00721/И |
| Дугаар | 192/ШШ2025/07668 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/07668
| 2025 09 29 | 192/ШШ2025/07668 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я СӨХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК,
Хариуцагч: Г.А ,
Хариуцагч: Г.О нарт холбогдох,
Дундын өмчлөлийн талбай чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай Я СӨХ-той 5 дугаар байрны зоорийн хонгилын 87,7 м.кв талбайг сарын 250,000 төгрөгөөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулан хамтарч ажиллаж ирсэн А..ХХК нь анх гэрээ хийснээс хойшхи хугацаанд, олон жилийн турш гэрээний үүргээ биелүүлэхгүй тус Я СӨХ-ны зүгээс гаргасан саналуудыг үл тоон, төлбөр тооцоогоо хийж өр авлагаа барагдуулахгүй, янз бүрийн байдлаар аргацаан өнгөрөөж, Я СӨХ-ны үйл ажиллагааг үл ойшоож, яасан ч яахав гэсэн байдлаар хандсаар өдийг хүрсэн байдаг юм. Гэрээний хугацаа аль хэдийн дуусаж, гэрээ цуцлагдсан ч А ХХК-ийн удирдлага ажилтнууд асуудалд хөшүүн хойрго хандаж, Я СӨХ-ны зүгээс удаа дараа хүргүүлсэн мэдэгдэл, мөн харилцах утсаар болон бичгээр хүргүүлдэг мэдэгдлийг эс тоон, үйл ажиллагаа эрхэлдэггүй атлаа нэг хувь түлхүүрээ ч өгдөггүй ба өөрсдийн өгсөн хаяг дээр амьдарч мэдэгдлийг хүлээн авлаа гэж утсаар ярьсан. Дараа нь монгол шуудангаар мэдэгдэл дахин хүргүүлэхэд уг оршин суух хаяг дээр Г.А.. гэгч амьдардаггүй хэмээн худал хэлж явуулах мэтээр буцаадаг. Иймэрхүү дур зоргоороо авирлан манай СӨХ-ны үйл ажиллагаанд удаа дараа саад болж, СӨХ-ны гишүүд иргэдийн эрх ашгийг байнга зөрчиж байдаг тул уг А..ХХК-тай цаашид хамтран ажиллах ямар ч боломжгүй тул Я.. СӨХ-ны эзэмшлийн 87,7 м.кв зоорийн хонгилын талбайг А..ХХК нь сайн дураараа чөлөөлж гарахыг шүүхийн зүгээс үүрэг болгон даалгаж өгөхийг хүсье. гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Я..СӨХ-ны нэхэмжлэлтэй А..ХХК, Г.А.., Г.О..нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Я..СӨХ нь 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийслэлийн ... дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг. Хариуцагч А..ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг байгуулсан. Тус гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч Я.. СӨХ-ны зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг цуцалсан. Гэтэл хариуцагч А..ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С.. нас барьж, түүний хүү Г.А.., охин Г.О.. нар өнөөдрийг хүртэл маргаан бүхий хонгилыг цоожилж, агуулахын зорилгоор хувьдаа ашиглаж байна. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Я..СӨХ нь хариуцагч А..ХХК, Г.А.., Г.О.. нараас шаардах хууль зүйн үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 5 байрны орцны хонгилын 87.7 м.кв талбайг Анар сан ХХК, Г.О.., Г.А..нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх болгон тодруулж байна. гэжээ.
2. Хариуцагч Г.О.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.О миний бие 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр А..ХХК-д Я.. СӨХ-оос гаргасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн тойргийн шүүхийн нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд хариу мэдүүлэг хүргүүлж байна. А..ХХК-ийг үүсгэн байгуулагч миний ээж Ц.С , хувьцаа эзэмшигч миний аав Д.Г нар нь бурхан болсон бөгөөд тус байгууллагатай холбоотой асуудалд шийдвэр гаргах хариуцагч би биш тул ирүүлсэн асуудлын талаар Г.Д миний бие нь хамааралгүй болохыг үүгээр хүргүүлж байна. гэжээ.
Хариуцагч Г.А..н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.А миний бие Я..СӨХ-ийн нэхэмжлэлтэй А..ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Я.. СӨХ-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. А.. ХХК-ийг үүсгэн байгуулагч миний ээж Ц.С хувьцаа эзэмшигч миний аав Д.Г нар нь бурхан болсон бөгөөд тус байгууллагатай холбоотой асуудалд шийдвэр гаргах болон бусад хэлбэрээр хариуцах хүн нь миний бие биш болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрчилгээ, Я.. СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 37, 2025 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 60 дугаар тогтоол, Я..СӨХ-ийн 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг, харилцагчийн тооцоо, итгэмжлэл, Я..СӨХ-ийн дүрэм, Я..СӨХ-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар төлбөр барагдуулах тухай албан бичиг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ, барилга ашиглалтад оруулсан улсын комиссын акт шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Ц.Г..г асуусан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч .. байрны орцны хонгилын . талбайг Г.О., Г.А..нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, А..ХХК-ийн асуудалд шийдвэр гаргах эрхгүй тул хариуцахгүй гэж маргажээ.
6. Хэрэгт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдлоо.
Я.. болон А..нар .. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ашиглуулахаар тохиролцсон болох нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээгээр тогтоогдож байна./хэргийн ... тал/
Энэхүү гэрээний 1.2-т талуудын үйл ажиллагаанаас хамаарах шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөн, удаа дараа сануулсаар байхад зөрчил дахин давтагдсан тохиолдолд аль нэг талын санал хүсэлт болон шаардсанаар гэрээг өөрчлөх буюу цуцлах талаар тохиролцож болно, 1.8-д гэрээг цуцлах эсвэл дуулгавар болгохыг хүссэн тал 30 хоногийн өмнө нөгөө талд албан ёсоор мэдэгдэнэ гэж тохиролцжээ.
Я.. СӨХ нь А..ХХК-тай байгуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цуцалсан, энэ хүртэлх хугацааны төлбөр нэхэмжилсэн болох нь Я.. СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2025 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 60 дугаар тогтоол, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогджээ./хэргийн 7, 27, ...тал/
Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг шаардаж байсан нь Я..СӨХ-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар төлбөр барагдуулах тухай албан бичгээр тогтоогдож байна./хэргийн ... тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Я..СӨХ нь хариуцагч Г.А.., Г.О.. нар дундын өмчлөлийн талбайг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгааг баримтаар нотлоогүй байна.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
Хариуцагч нар .. талбайг Я.. СӨХ-ны дундын өмчлөлийн талбай биш талаар маргаагүй боловч А..ХХК болон Я..СӨХ-ийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг хариуцахгүй гэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ., 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно. тус тус зааснаар Я..СӨХ болон А..ХХК нар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаснаас хойш А..ХХК-д анх 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлэх хүртэл тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.
Мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-т гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол гэрээг дуусгавар болгоно, 294.3 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно. зааснаар Я.. СӨХ-ны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагч А..ХХК хүлээн авсан нь тодорхойгүй, гэрээг цуцлах 3 сарын хугацаа өнгөрөөгүй байна.
Иймээс үүргийн эрх нь харьцангуй эрх болохын хувьд зөвхөн гэрээний талуудын хооронд л гэрээтэй холбоотой эрх, үүрэг, шаардлага үүсэх бөгөөд хариуцагч Г.О..Г.А.. нарыг бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдсонгүй.
8. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч А..ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан тул түүний татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
9. Иймд Я.. СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я..СӨХ нь А..ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 5 дугаар байрны орцны хонгилын 87.7 м.кв талбайг Г.О..Г.А.. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Я..СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ