Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/502

 

 

 

 

 

 

   2025          05           01                                          2025/ДШМ/502

 

Э.Н-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Дөлгөөн,

хохирогч Э.С,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч А.Энхбуйр, П.Гансүх,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/569 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2206000002167 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ....-гийн Н,  19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, 31 настай, э..эгтэй, .. боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, /РД: ............/;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагар хорих ялаар,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/27 дугаар магадлалаар бүхэлд нь хүчингүй болгосон,

Шүүгдэгч Э.Н нь Д.О, Я.П нартай бүлэглэн .. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоот орон сууцны ...... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн,

уг хуурамч баримт бичгийг ашиглан иргэн Э.С-д бодит байдлыг нууж, мөнгө зээлж, хүүнд нь байрандаа оруулна гэж итгэл төрүүлэн хуурч, орон сууц хөлслөх тухай гэрээгээр халхавчилж, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ... дүүргийн .. дугаар хороо, ... ..-.. тоотгэртээ хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлийн /РД:..../ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 457 дугаар эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

мөн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр жорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дахүрээ” худалдааны төвийн орчимд хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй .... арлын дугаартай ..-.. ...улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг дээрх хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад зарж борлуулан 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад хохирол учруулж “залилах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Нархжидад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч Э.Н нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-аас 20.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д 7.750.000 төгрөгийг, хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлд /РД: ..../ 13.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С.С-г залилсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024/ШЦТ/569 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй нотлох баримтгүйгээр шийтгэсэн тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Миний хувьд хамтран амьдрагч О-тэй хамт амьдрах зорилгоор байр түрээсэлсэн боловч бид маргалдсаны улмаас би байрнаас явж О байрандаа үлдсэн. Миний бие хохирогч С.С-гаас нэг ч төгрөг аваагүй уг хүнийг огт танихгүй, уг хүнтэй огт уулзаж байгаагүй. Мөн П гэх хүнийг огт танихгүй уг хүнтэй миний бие нэг ч уулзаж байгаагүй. Үүнийг гэрчлэх хүмүүс болон нотлох баримт байхад шалгалгүй намайг энэ хэрэгт буруутгасанд гомдолтой байна.

Миний бие 2013-2020 оны хооронд үйлдэгдсэн гэх эрүүгийн хэрэгт холбогдон Баянгол дүүргийн Эүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023/Ш3/651 дүгээр тогтоолоор шалгагдаж байгаа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024/ШЦТ/569 дугаар шийтгэх тогтоолуудыг нэгтгэлгүйгээр тус тусад нь шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн зохих хэсгүүдийг 2021 оны Өршөөлийн хуульд хамруулаагүй, нэг шийтгэх тогтоолоор шийдэх ёстой байсан хэргийг 3 шийтгэх тогтоол болгож шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Дээрх шийтгэх тогтоолуудыг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Н-ийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-ийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймгийн шүүхээр шийдэгдсэн хэргийг Баянгол дүүргийн шүүхээс түдгэлзүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр дүгээр зүйлд зааснаар тусад нь шийдэгдсэн гэж үзэж байна. Иймээс энэ хэргийг нэгэнт шийдэж байгаа бол хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байна. Иймд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөлийн хуульд хамрагдах ёстой гэж үзсэн. ...” гэв.

Хохирогч Э.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Би энэ хүнийг мэдэхгүй,. М.П энэ хүн хийлгэсэн гэж бодож байна. Өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Э.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгчийн гаргасан гомдолтой танилцахад, хохирогч С-гын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдолдоо дурдсан байсан. Энэ асуудлын талаар анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан баримтад нийцсэн дүгнэлт  байсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан гэрч Ц нь “Н гэдэг эмэгтэй жирэмсэн, том гэдэстэй эмэгтэй байсан” гэж мэдүүлж, таньж олуулах ажиллагаагаар мөн адил шүүгдэгчийг заасан. Энэ хүн нь байр түрээслэх талаар ярилцаад П-ын дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн түрээсийн хэлэлцэл хийх явцад гал зуухны тавилга гэдэг асуудал дурдагдаг бөгөөд энэ асуудал нь түрээслэгч талаас Э.Н-д энэ тавилгыг хэн оруулах вэ гэхэд “би өөрөө хөдөө байна, манай 2 хүн оруулна” гэж хэлээд тухайн 2 хүнээр оруулсан. Иймээс хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь уялдаа холбоотой, нэг нэгнийгээ нөхсөн байдлаар шүүгдэгчийн үйлдлийг нотолсон гэж үзсэн тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймээс анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Мөн хэргийг нэгтгэн шалгуулах гомдлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд яллагдагчид холбогдох хэргийг нэгтгэх тухайн хуулийн зохицуулалтай. Баянгол дүүргийн шүүхэд байгаа хэрэг нь шүүгдэгч Д гэдэг хүн оргон зайлсан үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зарим хэргийг тусгаарлах нэгтгэх асуудлыг шийдвэрлэж яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 29.2 дугаар зүйлд “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан. Мөн тухайн 2 дүүрэгт шалгагдаж байгаа хэргийг нэгтгэж шалгах боломжгүй байдал үүсэн. Иймээс заавал нэгтгэж шалгана гэсэн журамласан зохицуулалт биш гэж үзсэн учраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүхээс үйлдсэн гэмт хэрэг бүрт нь ял оногдуулан. Тухайн 5 жилийн өмнөх асуудлыг үргэлжилсэн үйлдэл гэж үзээд тухайн хэргийг нэгтгэх гэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгч, яллагдагч нарын хэргийг хэрхэн нэгтгэх вэ, Баянгол дүүрэгт шалгагдаж байгаа хэрэг мөн эсэх, гэм буруутай эсэх, ямар эрүүгийн хариуцлага оногдуулах эсэх нь тодорхойгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна гэж үзсэн. Хэрэв тухайн Баянгол дүүрэгт шалгагдаж байгаа хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан тохиолдолд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмаа баримталж ял оногдуулах боломжтой байна. Энэ тохиолдолд шүүгдэгч, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн хуулийн заалт зөрчигдөхгүй гэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Өмнө ял шийтгэл эдэлж байсан этгээдэд Өршөөлийн хуульд хамруулах нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохироогүй учраас Өршөөлийн тухай хуульд хамруулаагүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Э.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Н нь Д.О, Я.П нартай бүлэглэн .. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоот орон сууцны ...... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн,

уг хуурамч баримт бичгийг ашиглан иргэн Э.С-д бодит байдлыг нууж, мөнгө зээлж, хүүнд нь байрандаа оруулна гэж итгэл төрүүлэн хуурч, орон сууц хөлслөх тухай гэрээгээр халхавчилж, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ... дүүргийн .. дугаар хороо, ... ..-.. тоотгэртээ хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлийн /РД:..../ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 457 дугаар эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

мөн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр жорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дахүрээ” худалдааны төвийн орчимд хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй .... арлын дугаартай ..-.. ...улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг дээрх хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад зарж борлуулан 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.С-гийн “...2020 оны 08 дугаар сарын 14-ний орой 23 цаг 00 минутын үед эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирээд байрны эзэд гэж өөрсдийгөө хэлсэн. Тэр хоёр хүнтэй уулзахад байраа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр жирэмсэн бололтой тарган биетэй эмэгтэй хүнд 750.000 төгрөгөөр түрээслээд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн мөнгө гэж дансаар мөнгө авсан. Ингээд би тэр хоёр хүнээс байрны ордерыг нь үзээд залилуулснаа мэдсэн. ...” /1 хх 16-19/,

гэрч Д.Ц-ийн “...2020 оны 07 дугаар сард байр түрээслэх зар тавиад 30-40 орчим насны том биетэй бүдүүн эмэгтэй ирээд байрыг үзсэн ба байранд оръё гэхдээ гал тогооны тавилга тавьсан тохиолдолд ормоор байна гэхээр нь би 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тавилгыг нь авчраад, би аваад ирлээ чи тавилгаа ав гээд тус байрны гадаа ирэхэд тэр эмэгтэй өөрөө хүмүүсээрээ оруулах болно гэхээр нь би тэр эмэгтэйд түлхүүрээ
үлдээгээд нөхөртэйгөө хамт өөр тийшээ явах байсан тул явсан. 2-3 хоногийн дараа тэр эмэгтэйгийн ..... гэх дугаартай холбогдоход хүүхдийн бие гайгүй болсон гэхдээ аймагт хэд хонох юм шиг байна гэсэн. Тэгэхэд энэ зурган дээр байгаа Э.Н гэх эмэгтэй нэлээд махлаг, 165-170 см өндөртэй ирж байр үзээд түрээслэхээр болоод явсан. М.П гэх хүний Хаан банкны дансаар 2.000.000 төгрөгийг миний Хаан банкны .... дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгтэл байрны ордер буюу гэрчилгээг хуурамчаар Э.Н гэх эмэгтэй гаргаад байрыг минь давхар түрээсэлсэн байсан. ...” /1 хх 20-22/,

гэрч М.Л-ын “... 2020 оны намар гэж санаж байна, сар өдрийг нь санахгүй байна. Саарал өнгийн “Приус 30” загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй манай 730 дугаар худаг дээр ирсэн. Тэгээд надтай ирж уулзаад та М.П-ын эгч нь үү би карт авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед М.П-ын Хаан банкны ногоон өнгийн карт нь дансыг нь мэдэхгүй гэх карт надад байсан. Ингээд нөгөө залуу гар утсаараа М.П-ыг надтай яриулсан. М.П надтай ярихдаа миний Хаан банкны картыг наад хүндээ өгчих гэсэн.
Тухайн үед надтай ирж уулзсан туранхай бор залуу нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Нөгөө эмэгтэй нь машинд сууж байсан учир би тэр эмэгтэйг сайн хараагүй учир одоо харвал танихгүй. ...” /1 хх 153-154/,

гэрч Б.Б-ийн “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хаана гэдгийг санахгүй байна. Хаан банкны АТМ гадна данснаасаа мөнгө авах гээд зогсож байхад шардуу царайтай ах ирээд чиний данс руу мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний ............. дугаарын данс руу 1.000.000 төгрөгөөр хоёр удаа нийт 2.000.000 төгрөг шилжүүлээд АТМ-ээс гүйлгээ хийгээд гаргуулан авсан. ...” /1 хх 157-158/,

гэрч Б.Б-ын “...2017 онд би уг салбарт ажиллаж байгаагүй, 2019 оны 12 дугаар сарын 31-нд уг салбарт томилогдон ажиллаж байгаа. Би ажиллаж байх хугацаандаа ийм нэртэй хүнд зээл олгож байгаагүй. Энэ нь хуурамч тодорхойлолт миний гарын үсгийн хэв загвар өөр, тайлал тэмдэг хуурамчаар хийсэн байсан. Банкны зээлийн дансны дугаар 10 оронтой байдаг бөгөөд уг хуурамч бичиг баримт дээр 9 оронтой бичсэн байна. Агуулгын хувьд буруу бичигдсэн, материалын хувьд цаасан дээрх нь салбарын нэршил сүүлийн 2 жилийн хугацаанд хэвлэгдээгүй. Харилцагч хүсвэл тодорхойлолт гаргаж өгч болох бөгөөд /хуулбар тоотыг харуулав/ уг тоотод бичигдсэн агуулгаар бичдэггүй, мөнгөн дүнгийн нэгжийг нарийвчлалын цэгээр биш таслалаар тавьдаг. ...” /1 хх 168-169/ гэсэн мэдүүлгүүд,  

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 132-144/,

Орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбарууд /1 хх 28-31/,

Хаан банкны харилцагч М.П-ын 5100285779 тоот харилцах дансны хуулга /1 хх 38-41/,

хуурамчаар үйлдсэн байрны гэрчилгээ /1 хх 21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Н-ийг “үргэлжилсэн үйлдлээр, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах, мөн үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад хохирол учруулж “залилах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Н-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Э.Н-аас “...Миний бие С.С-г залилсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй нотлох баримтгүйгээр шийтгэсэн тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Баянгол дүүргийн Эүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023/Ш3/651 дүгээр тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024/ШЦТ/569 дугаар шийтгэх тогтоолуудыг нэгтгэлгүйгээр тус тусад нь шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн зохих хэсгүүдийг 2021 оны Өршөөлийн хуульд хамруулаагүй, нэг шийтгэх тогтоолоор шийдэх ёстой байсан хэргийг 3 шийтгэх тогтоол болгож шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолуудыг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

Шүүгдэгч Э.Н нь Д.О, Я.П нартай бүлэглэн .. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоот орон сууцны ...... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, хохирогч Э.С-д бодит байдлыг нууж, мөнгө зээлж, хүүнд нь байрандаа оруулна гэж итгэл төрүүлэн хуурч, орон сууц хөлслөх тухай гэрээгээр халхавчилж, 15.500.000 төгрөгийг,

хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлийн /РД:..../ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 457 дугаар эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй .... арлын дугаартай ..-.. ...улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад зарж борлуулан 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь үргэлжилсэн үйлдлээр, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах, мөн үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад хохирол учруулж “залилах” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Мөн хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Э.С, гэрч Д.Ц, М.Л нарт эрх үүрэг, тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан ба хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-ыг М.П-тай бүлэглэн хохирогч Э.С-гаас 15.500.000 төгрөгийг залилан авсан нь гэрч Д.Ц, М.Л нарын мэдүүлэг, мөн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үнэлж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1440 дүгээр шийтгэх тогтоолоор М.П-д холбогдох хэргийн хянан хэлэлцэхдээ, М.П, Д.О, Э.Н нарыг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Э.С-д учруулсан хохирлын 15.500.000 төгрөгөөс шүүгдэгч М.П-ын ноогдох 2.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг энэ шийтгэх тогтоолоор дүгнэлгүй орхигдуулсан, мөн хохирогч Э.С нь М.П-аас 2.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг мэдээгүй, анхан шатны шүүх дээрх ажиллагаатай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичээгүй зэрэг нөхцөл байдал үүссэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-аас нийт 19.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д 6.750.000 төгрөгийг, хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлд /РД:..../ 13.000.000 төгрөгийг тус тус олгосугай” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 Иймд шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/569 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

9 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-аас нийт 20.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д 7.750.000 төгрөгийг, хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлд /РД:..../ 13.000.000 төгрөгийг тус тус олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-аас нийт 19.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С-д 6.750.000 төгрөгийг, хохирогч “Г т” ЗГБХ нөхөрлөлд /РД:..../ 13.000.000 төгрөгийг тус тус олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 


           ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА

         ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

                                ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР