Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/501

 

 

 

 

 

     2025           05            01                                        2024/ДШМ/501

 

      А.О-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Г.Ганбат,  Ж.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.О-д холбогдох эрүүгийн 2310010430976 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.........овгийн ....-ийн О, 19.. оны .. дүгээр сарын .-ний өдөр ........ төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, .. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................/;

Шүүгдэгч А.О нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө ... дүүргийн .. дугаар хороо, .... хотхон ..-.. дугаар байр ... тоотод мөнгө нэхсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж хохирогч У.Н-ын мөр хэсэгт хатгах, хүзүү хэсэгт хутгалж эрүүл мэндэд “зүүн гүрээний дотор тараагуур судас, гүрээний гадна хураагуур судасны салаа, нүүрний мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт, их тархины зүүн бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, тархины эдийн гүний хэсэг, сүүлт бөөм, дагзны дэлбэнд хурц цус хомсрол, тархины хаван, нүүрний мэдрэлийн саажилт” бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.О-ыг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ын цагдан хоригдсон 149 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч У.Н цаашид хийгдэх эмчилгээ, хохирол хор уршиг болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч А.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял өгсөнд маш их гомдолтой байна.

Учир нь, энэ хэргийг маш дутуу, үндэс суурийг нь ухаж шалгахгүйгээр зөвхөн хөрсийг нь үзээд өнгөрөх ургамал мэтээр хохирогчийн талд буюу түүний мэдүүлэгт үндэслэн хавтгайруулан шийдэж байна. Үнэхээр үнэнээр нь шийдэх гэж байгаа бол хэрэг болсон нөхцөл байдал, орчин цаг хугацааг тооцож бодитоор тодорхойлоогүй. Үүнд хохирогчийн мэдүүлсэнээр хэвтээ байдлаар хүний биед хохирол учруулах тэр үеийн байршил, хутганы хурд, хүч ялангуяа дал мөр, нүүр хэсэгт 2 удаа гэмтэл учруулж байх нөхцөл, хугацаа, хутганы шигдэх хэмжээ, хохирогчийн биеэ хамгаалах рефлекст үйлдэл байсан эсэх, яагаад ханан талд нь хэвтэж байгаа хүнээр хутгаа хураалгах гэж байгааг, өөрөө ойрхон гараа хөдөлгөх төдий хураачих боломж байхад надаар хураалгах гэж өгч байгаа зэрэгт дүн шинжилгээ хийгээгүй, зорилгыг тодорхойлоогүй, мөн миний мэдүүлгээс босоо байдлаар хутга булаацалдаж байх үеийн нөхцөл байдал, гартаа чадалтай архи ууж согтуурсан эрэгтэй хүний орчноо мэдрэх чадвар, улайран дайрах энстектээр хүчээр хутгаа булаахад ямар хүчээр хутгаа өөрлүүгээ татах, харилцан  татахад хэн нь дийлэх хүчийг тооцоогүй, хэвтээ, босоо гэсэн  2 эсрэг байрлалыг харьцуулаагүй өнгөц дүгнэлт хийсэнд, өөрөөр хэлбэл хүчтэй нь хүчгүйгээ дийлэх” зарчмаар хандсанд маш их гомдолтой байна.

Хохирогчийн 3 удаагийн  мэдүүлэг зөрүүтэй яаж ч бодсон дал руу нь цохичоод дахиад өөрлүүгээ харуулаад нүүр рүү нь цохих авцалдаагүй, үнэмшилгүй, логикийн хувьд ч үнэмшилгүй байхад тухайн үед ойрхон байсан энэ хэргийн ганц гэрч болох хүүгийн минь мэдүүлгийг тоохгүй, зөрүүтэй, эргэлзээтэй, төрсөн хүүгийн нь мэдүүлгийг хуулийн заалтаар үгүйсгэж, дан хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хувцасыг нь үүд рүү аваачиж тавиад яв гэсэнд байгаа бол хүүхдээ дагуулан ажлаасаа шууд гэртээ ирэхээс айж, гэртээ ч хүүхэддээ хоол хийж идүүлхээс эмээж, дэлгүүрт гуйж бэлэн гоймон идүүлээд гэртээ орохоос айж дахин архи нэхэж хөөгдөж гарахаас халширч, дэлгүүр хаасны дараа гэртээ орж байгаа нь жинхэнэ гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас айж буй хүч мөхөс эмэгтэй хүнээс л гарах үйлдэл.  Хохирогч У.Н-тай 3 жил хамтран амьдрах хугацаанд түүний өдөр бүр шахуу архи ууж, агсан согтуу тавин, элдэв муугайгаар намайг болон ах дүү, үр хүүхдийг минь дарамтлан заналхийлж, доромжилдог надад байнга гар хүрч зодож хэд хэдэн удаа тархи толгойны гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт 8 оёо тавиулан үүнээс болж тархи толгой эргэж үе үе унадаг өвчтэй болсон нь хүчирхийлэл дарамт биш юм уу? Нотлох баримт хавтас хэрэгт байгаа гэрийнхэн ч сайн мэднэ. Тэр ч байтугай энэ хэргийн дараа намайг цагдаад шалгагдаж байхад уулзая гэж дуудаад 50.000.000 төгрөг өгчих тэгвэл би гомдлоо татаж авъя гэж хүртэл дарамталж заналхийлсэн дарамт биш юм уу? Архи уухаараа хэдэн хоногоор алга болж ирээд мөнгө архи нэхдэг зодож нүддэг болохоор би байнгын айдастай, түгшүүртэй өвдөг чичрээстэй, сэтгэл санаа зовиуртай явдаг нь жинхэнэ хүчирхийлэл, дарамт биш үү?

Эцэст нь хэлэхэд, хэрэг болсон тэр үед хадгалуулсан мөнгөө авч гараад архи ууж буудалд ороод үрчих вий дээ, хэрэг төвөгт орчих вий гэсэндээ л хориод явуулаагүйдээ үнэхээр харамсаж байна. Үнэн гэж байдаг бол энэ хэргийн ганц хохирогчийн талд биш хүчин мөхөс эмэгтэй хүний санаатай гэгдэх, мөн гэр бүлийн хүчирхийлэл гэгдэх хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.

Хувийн болон эрүүл мэндийн талаар миний бие эм зүйч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ 9 жил ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдаж группт орсноос хойш хувиараа онлайн дэлгүүр ажиллуулан амьдралаа аваад явдаг байсан. Эрүүл мэндийн хувьд элэгний В, Д вирусээс үүдэлтэй элэгний хатуурал буюу церроз гэдэг оношоор оношлогдон 70 хувь группт орсон, мөн эмэгтэйчүүдийн  умайн  хүзүүний хавдартай цагдан хорих 461 дүгээр ангийн 2 дугаар шатлалын эмнэлэгт байнга хэвтэх боловч эмчилгээ авах боломжгүй заавал хагалгаанд орох заалттай учир биеийн байдал улам муудсаар байна.

Иймд миний хэрэг болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж үнэн зөв шийдвэр гарган зүйлчлэлийг өөрчлөн хохирохоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

Шүүх дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлж тусгаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шалгаж үнэлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэл байгаа болно. Тухайлбал,

Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3000 дугаар дүгнэлтийн үзлэг, шинжилгээний хэсгийн хэсэг газрын үзлэг болон дүгнэлтийн 2-т ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ГССҮТ-ийн 2451 дүгээр өвчний түүхийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж хэрэгт хуулбарлан хавсаргасан байна. Өвчтний түүхээс харахад, хохирогч У.Н-ын анх эмнэлэгт хэвтэх үеэс эмнэлгээс гарах хүртэлх хугацааны өдөр тутмын үзлэг, мэс ажилбарт орсны дараах тэмдэглэлээс үзэхэд, хохирогчийн зүүн гүрээний дотор тараагуур судас, гүрээний гадна хураагуур судасны салаа, нүүрний мэдрэлийг гэмтээсэн хохирол нь нэг удаагийн зүсэгдэж, хатгагдсан үйлчлэлээр үүсгэгдсэн болох, шинжээч эмч Б.Сэргэлэнгийн “хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг үүсгэхэд үзүүлэгчийн 2 гар хүрэх боломжтой хэсэг газраас өөрөө өөртөө учруулсан байх боломжтой” гэсэн мэдүүлэг /1 хх 120-121/,

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлт зөвхөн хохирогчийн мэдүүлэгт дурьдсанаар 10 сарын дараа зүүн мөрний ар хэсэгт байгаа сорвид хийгдсэн байх ба дүгнэлтийн 1, 2 хэзээ ямар зүйлээр үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана. 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг зөрчиж шинжээчийн дүгнэлтүүдийг зөвшөөрөхгүй байгаа болон түүнийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, шиинжээчийн дүгнэлтүүдийн нотлох баримтаар тооцож байгаа талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй боловч шинжээчийн дүгнэлтүүдийг тодорхойлох хэсэгтээ бичигдсэн нь А.О-ын үйлдлийг үгүйсгэсэн баримт болж байхад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Шүүхээс А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Өлзийжаргал 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2310010490976 дугаар эрүүгийн хэрэг үүүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг. Энэхүү тогтоолын олсон хэсэгт “мөнгө нэхсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээх гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж, хохирогч У.Н-ын хууль бус, зүй бус үйлдлийн улмаас буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөнгө нэхэж агсам тавьсан, хутга барьж амиа хорлоно хэмээн айлгасан, хутга өгөхгүй хэмээн маргалдаж хутга булаалцан ноцолдох явцдаа сэтгэл санааны гэнтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүнийг хутгалснаас...” гэжээ.

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр прокурорын 02 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Прокурорын 02 дугаар тогтоолын олсон нь хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын олсон хэсэгт бичигдсэн нөхцөл байдлыг бичээд Тогтоох хэсгийн 1-д... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэснийг ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... яллагдагчаар татсугай гэж өөрчлөлт оруулсан байна.

Хяналтын прокурор Б.Өлзийжаргал 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосугай гээд, 2 дахь заалтаараа Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэсэн байхад хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль заалтыг хэрэглээд байгаа нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж хууль зүйн бодит дүгнэлт хийж чадаагүй, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол бүхий дүгнэлт хийж чадаагүй эргэлзээтэй нотлох баримтаар түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг хүлээн зөвшөөрхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг үндэслэн А.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.О нь Нын хүзүүнд хутгалж санаатай хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дэхь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Тухайлбал, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэрэг үйлдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй, орон зай цаг хугацааны талаар буюу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар таамагласан шинжтэй нөхцөл байдлыг тусгасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь хохирогч Нын мэдүүлгийг үндэслэл болгож буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.

Учир нь, 1 хх 83 дугаар хуудсанд 1272 дугаар шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн бариултай хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй, 1 хх 113 дугаар хуудсанд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрч /ГССҮТ-н их эмч/ Б.Ц нь мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлэгт тухайн гэмтэлд ирсэн өдрөө Н нь өөртөө уг гэмтлийг шилээр зүсч учруулсан гэж хэлсэн талаар мэдүүлдэг бөгөөд тухайн шархыг ямар ч үед авах боломжтой гэж хариулсан. 1 хх 120 дугаар хуудсанд шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд шинжээч Б.Сэргэлэн нь Нын биед учирсан дээрх гэмтэл нь өөрөө өөртөө учруулсан байх боломжтой гэж хариулсан байдаг. У.Н-ын мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон.

У.Н нь хохирогчоор мэдүүлэгтээ “... яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэлээд хуйтай хутганы үзүүр хэсгээр миний дал руу нэг удаа, дараа нь хүзүү рүү нэг удаа нийт 2 удаа хутгаар цохисон...” гэж мэдүүлсэн байдаг.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2 дугаар хавтас хэрэгт гэрч ГССҮТ-ын 201 тоот П.Б мэдүүлэгт “У.Н-ын биед үзлэг хийх явцад ар нуруу, зүүн дал мөрөнд гэмтэл байсан уу? У.Н нь тухайн үед мөрөнд оёдол тавиулсан талаар ярьдаг. Энэ талаар мэдүүлэх зүйл байна уу? гэж мөрдөгч асуухад, У.Н-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл бүртгэсэн. Хэрэв ар нуруу дал мөрөнд гэмтэл байсан, оёдол тавьсан бол бүртгээд заавал бичих ёстой. Миний санаж байгаагаар У.Н-ын ар нуруу дал мөрөнд гэмтэл байхгүй байсан тухай мэдүүлэг авагдсан байдаг. Мөн тус эмнэлгийн эмч ГССҮТ-ын эмч Б.Ц-гийн мэдүүлэгт “Мөрдөгч У.Н-ын биед үзлэг хийх явцад ар нуруу зүүн гаранд ямар нэгэн гэмтэл байна уу? гэж асуухад, одоогоор би сайн санахгүй байна. Хэрэв гэмтэл байсан бол эмчийн тэмдэглэл хэсэг дээр бичих байсан, өвчтөн амь насны заалтаар яаралтай мэс засалд бэлдэж оруулсан хэрэв гар, нуруу орчим гэмтэл байсан бол үзлэгийн тэмдэглэлд тусгах байсан. У.Н-ын гэмтсэн гэх оёдол тавьсан зүүн гарын мөр, дал хэсгийн шархыг хэзээ авч гэмтсэнийг цаг хугацааны хувьд тогтоох боломжгүй” гэж мэдүүлдэг

У.Н нь гэмтлийн эмнэлэгт ирэхдээ дал, мөр орчим гэмтэлгүй байсан нь түүнд үзлэг хийсэн гэмтлийн эмнэлгийн 2 эмчийн мэдүүлгээр нотлогдож байна. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 72 дугаар шинжээч эмч Б.Сэргэлэнгийн шинжээчийн дүгнэлтэд У.Н-ын биед учирсан зүүн мөрний ар хэсэгт байх сорви нь хэзээ ямар зүйлээр үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг шарханд анхдагч цэгцлэлт хийгдэж бүрэн эдгэсэн байсан тул ирмэг, шинж байдал, чиглэл үйлчлэлийг тогтоох боломжгүй байна. Дээрх шинжээчийн дүгнэлт болон ГССҮТ-ын эмч П.Б болон Б.Ц нарын гэрчээр өгсөн У.Н-ын 3 удаагийн хохирогчоор өгсөн мэдүүлгээр мэдүүлэгт “А.О нь миний дал руу 1 удаа хутга зоосон гэх үйлдэл нь нотлогдохгүй байх бөгөөд У.Н нь хэрэгт хамааралгүй сорви ашиглаж худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлтэй, мөн улсын яллагч Б.Өлзийжаргал нь хэрэгт хяналт тавих, прокурорын эрх үүргийг хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийн нотлох баримтыг харьцуулж судлаагүй, эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл хэргийн бодит байдлыг тогтоох мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн зүйл, заалтыг тус тус зөрчсөн байна.

Анагаахын болон Хууль зүйн шинжлэх ухаанд нотлох баримтын талаар нэг бүрчлэн дурддаг, гэтэл прокуророос хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд миний үйлчлүүлэгч О-ыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэлээгүй буюу мэдүүлэгт дурдагдаагүй зүйлийн талаар зохиож бичсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл ............. тоот дугаар яллагдагчаар татсан тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Гэмт хэрэг гарсан гэх үйл баримтыг шууд нотолсон насанд хүрээгүй гэрч Б.Ч-ын мэдүүлгийг ямар нотлох баримтад тулгуурлаж үгүйсгэсэн талаар огт дурьдаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох, шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөгч миний үйлчлүүлэгч А.О-ыг гэм буруугүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд 2025 оны 02 дугаар сарын 12 өдрийн 2025/ШЦТ/465 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсгэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Мөн өөрчлөлт оруулсан дараах тогтоолд анхны яллагдагчаар татсан тогтоолын утга агуулаг нь хэвээрээ байсан боловч зүйл, анги өөрчлөгдсөн гэж байна. Анх улсын яллагчийн зүгээс сэтгэл санаа хүчтэй цорчрон давчидсан үедээ хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байхад шүүгдэгчийн өмгөөлөгч яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж Нийслэлийн прокурор болон Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Улмаар Нийслэлийн прокурор болон Улсын ерөнхий прокурорын газраас тухайн хүсэлтийг хянаж үзээд “прокурорыг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна, сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна, хүний биед санаатай гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжтэй байгаа тул үүнийг шалгаж тогтоо” гэсэн. Улмаар прокурорт даалгавар ирээд хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч А.О-д холбогдох хэрэг 2 удаа давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байна. Мөн өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд хүний биед болгоомжгүй хүнд хохирол учруулсан болон сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг анхан шатын шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан мэдүүлэг өгсөн. Хохирогчийн хувьд олон сарын хугацаанд хэвтрийн дэглэмтэй бөгөөд өөрөө өөрийгөө удирдаж явах чадваргүй, бие нь саажсан нөхцөл байдалтай байсан. Улмаар хохирогчийн биеийн байдал дээрдсэнийхээ дараа 5 удаа мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгүүдэд нь эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй. Мөн хохирогч нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн бодит байдал, үйлдэгдсэн цаг хугаа болон үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт нь хоорондоо зөрүүгүй байсан гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэнгүй гэсэн. Гэтэл улсын яллагчийн зүгээс мөр хэсэгт хатгах, хүзүү хэсэгт хутгалах үйлдлээр хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн боловч 9 сарын дараа дүгнэлт гаргуулсан гэмтлийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах болон яллах дүгнэлтэд тусгаагүй. Хүзүү хэсэгт хутгалснаас болж гүрээний судас гэмтсэн хүнд гэмтлийг улсын яллагчийн зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах болон яллах дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаанд уг гэмтлийг шүүгдэгч А.О нь хохирогч У.Н-ын биед учруулсан гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхээс прокурорын уг эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн дүгнэлтийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульд заасан. Улсын яллагчийн зүгээс шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг нь өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаж байна, энэ хэргийг шийдвэрлэхэд бүрэн, дүүрэн хангалттай байна гэж үзсэн. Мөн насанд хүрээгүй гэрч Ч-ын мэдүүлгийг улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд нотлох баримтын хэмжээнд үнэлж дурдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.О нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө ... дүүргийн .. дугаар хороо, .... хотхон ..-.. дугаар байр ... тоотод мөнгө нэхсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж хохирогч У.Н-ын мөр хэсэгт хатгах, хүзүү хэсэгт хутгалж эрүүл мэндэд “зүүн гүрээний дотор тараагуур судас, гүрээний гадна хураагуур судасны салаа, нүүрний мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт, их тархины зүүн бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, тархины эдийн гүний хэсэг, сүүлт бөөм, дагзны дэлбэнд хурц цус хомсрол, тархины хаван, нүүрний мэдрэлийн саажилт” бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас /1 хх 15),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 17-20/,

хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 21-23/,

мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авах тухай тэмдэглэл /1 хх 24/,

хохирогч У.Н-ын өвчний түүх /1 хх 57-79/,

мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /1 хх 81-82/,

эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 хх 149-153/,

хохирогч У.Н-ын “...2023 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн үед би гэртээ орж ирээд хүнгүй байхаар нь хамтран амьдрагч О руу залгаад “хэзээ ирэх гэж байна” гэхэд “үсчинд байна, одоо очлоо” гэж хэлсэн. Би хэсэг унтаад сэрэхэд О ирсэн цагийг нь санахгүй байна. О-ын хүү хажуу өрөө рүү орж, О--д “би өөрийнхөө хүүг аав, ээж дээрээ байлгадаг” гэтэл “чиний хүү тусдаа аав, ээж дээрээ байна, ах чинь хөдөө ажилтай явж ирээд гэрт ирдэг, чи бид хоёрын хооронд амьд харилцаа байхгүй байна” гэж хэлээд маргасан. О ч өөдөөс маргаж хувцаснуудыг гэрийн үүдэнд овоолж зайл гэж хөөсөн. Би өөрийнхөө машиныг зараад О-д мөнгийг нь хадгалуулсан байсныг авъя гэхэд хүнд зээлсэн гээд таксины мөнгө өгөхгүй байсан. Би мөнгөгүй яаж явах юм гээд орон дээрээ очоод унтах гээд хэвтсэн чинь О хажуугаар хэвтсэн. Тэр үед өмдний халаасанд хийсэн хутга нухаад байхаар нь гаргаж О-д өгөөд хутганы шүүгээ рүү хийчих гэсэн чинь О аваад яагаад архи уугаад байдаг юм гээд хутгаар миний толгой, хүзүү хэсэгт 2-3 удаа цохисон. Цус гарч цусыг тогтоох гэж үзээд чадахгүй байсан тул бид хоёр гэрээс гарч орцны үүдэнд хүн буулгаж байсан таксийг аваад Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлсэн. Тухайн үед надаас хаана яаж байгаад зүссэн юм бэ гэж асуухад нь цусаа тогтсон юм байна гэж бодоод гадаа явж байгаад шилэнд зүссэн гээд эмчилгээнд орсон. О-ын цохисон хутга бараандуу өнгөтэй даавуун гэртэй байсан. Хүү нь анх гэрт орж ирээд жижиг өрөөнд орсон, түүнээс хойш гарч ирээгүй. Хутгаар цохисноос өөрөөр зодож цохисон үйлдэл хийгээгүй. Би ч гар хүрээгүй. Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч мэдэж байсан. Би пиво уудаггүй, О уудаг. Манай аав У нь эр хүн хутгатай байдаг гээд нэлээн олон жилийн өмнө надад уг хутгыг бэлэглэж байсан. Тэр өдөр намайг гэрээс хөөж би өөрийн гэсэн юмаа авах үед хутгаа аваад өмдний халаасандаа хийсэн байсан. Тэр хутга байнга гэртэй байдаг байсан. ...”

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “...Би А.О-тай хутга булаацалдсан зүйл байхгүй. Би баруун гараа дараад хана руу хараад хэвтэж байсан. О ханан талд миний өөдөөс хараад хэвтэж байсан. Тэр үед маргаан дуусаад ер нь эвлэрэх байдалтай, тайвширцгаагаад хэвтэж байсан. Урд өгсөн мэдүүлэгтээ ч би дурдсан. Хутга баруун талын халаасанд буюу гар дараад хэвтсэн талд нухаад тухгүй байсан учраас аваад А.О-д ханиа хутганы шүүгээ рүү хийчих гээд хуйтай, шар өнгийн иштэй хутгыг өгсөн. Гэтэл А.О уг хутгыг надаас хэвтэж байх үедээ баруун гараараа аваад надад яагаад архи уугаад байдаг юм бэ гэж хэлээд хуйтай хутганы үзүүр хэсгээр дал руу 1 удаа, дараа нь хүзүү рүү 1 удаа нийт хоёр удаа цохисон. Тэр явдал маш богино хугацаанд болсон учраас миний бие рүү хутга нэвтэрч, өвдсөн учраас би шууд доошоо хараад шархаа дарж ханиа орчихлоо шүү дээ гэхэд цус маш хүчтэй, их хэмжээгээр гоожсон. Цус тогтоохоор О маш их сандарч ямар нэг даавуу л байх зүйлийг авчирч зүсэгдсэн хэсэгт тавьсан боловч тогтохгүй байсан. О гэмтэл явъя, би тогтоож дийлэхгүй юм байна гэж хэлсэн. Хоёулаа хувцсаа өмсөөд лифтээр буухад цус тогтохгүй урсаад байгаа нь мэдэгдээд байсан. Бид хоёрыг гарахад Приус 10 юм уу 11 л байх, өнгийг нь санахгүй байна, машинаас хүн бууж байсан тул уг машинд сууж жолоочид О гэмтэл явъя гэхэд цустай хүн суулгахгүй гэж дургүйцсэн. О жолоочид цусыг нь гоожуулахгүй гэж хэлсэн. Тэгээд хойд суудалд суугаад эмнэлэг рүү очсон. Би машинаар явахдаа О-д хоёулаа гэмтлийн эмнэлэгт очоод шилэнд зүссэн юм уу, эсхүл модонд урсан гэж хэлье гэхэд О би чамайг гадаа гараад жаахан суугаад ирье гэж гарчихаад цусаа гоожуулаад ороод ирсэн гэж ээж, аавд хэлчихье гэсэн. Тэгээд гэмтэл ороод миний зүсэгдсэн шарханд чихээс хийх үед би ухаан алдсан. ...Ээж надад О чамайг гадаа жаахан байж байгаад ирье гэж гараад орж ирэхдээ цусаа гоожуулаад ороод ирсэн гэж хэллээ гэсэн. Би ээжид юу ч хэлээгүй. Тэгээд хагалгаанд орсон. ...Хутга нь хуйгаа нэвтлээд надад шарх үүссэн. Тэр үүссэн гэмтлийг О нь өөрөө мэдээд санаатайгаар үүсгэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Намайг “ханиа орчихлоо” гэж хэлэх үед ямар ч байсан О сандраад ороох, боох материал хайгаад байсан. Тухайн үед О, түүний хүү Ч бид 3 байсан. ...Би сайн санаж байна. Намайг тухайн үед гэмтэхэд Чинболор нь мэдээгүй, бид хоёрыг гараад явахад хүртэл өрөөнөөс ерөөсөө гарч ирээгүй. Уг жижиг өрөө нь хаалгагүй. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн баримт, дүгнэлт хэргийн материалд авагдсан. Тэр үеэс хойш одоогийн байдпаар миний сэтгэн бодох чадвар дордсон. Тухайлбал, их мартамхай болсон, баруун гар мэдээгүй байсан бол одоо мэдээ орсон ч гэсэн ямар нэг үйлдэл хийх ажиллах чадваргүй хатгаад байна. Маш их эмчилгээ хийлгэсэн. Цаашид миний эрүүл мэнд дордохоор байна. ...”,

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “...Д.О мөр, дал хэсэгт цохих үед энэ гэмтлийг авсан байх. Тухайн үед гэмтэл авсныг мэдээгүй бөгөөд хүзүүний гэмтлээс болж эмнэлэгт хэвтэж гараад 3 дугаар эмнэлэгт очсоны дараа хөндүүрлээд байхаар нь ээжээр үзүүлсэн чинь шарх аваад хагас дутуу эдгэсэн байна гэхээр нь Д.О надад гэмтэл учруулсан гэж бодож байна. Миний хувьд зүүн мөрөн дээрх тухайн гэмтлийг урд өмнө авч байгаагүй. ...” /1 хх 141-142, 2 хх 15-16, 96-97/,

гэрч, хохирогч Л.Г-ны “...У.Н нь сэхээний тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд гүрээний судас тасарсан гэмтэлтэй байгаа юм. Анх эмнэлэгт хэвтэх үед нь өөрийгөө зүссэн гэсэн ойлголттой байсан боловч эмчилгээ хийсэн эмч нарын хэлснээр өөрийгөө зүсэж гэмтээсэн гэхэд хэцүү гадна нөлөөтэй байж болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн тул цагдаагийн байгууллагад хандсан. Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө болсон зүйлийн талаар мэдэхгүй. Ээжээс нь асуухад “2023 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчим Н ээж рүүгээ залгаад харьж явна, гэрийн түлхүүр байхгүй, очиж магадгүй шүү” гэж ярьсан. 16-ны шөнө 02 цаг 46 минутад Н залгаад “таксины мөнгө байгаа юу, энэ нэг юм архи уучихсан нүд нь эргэлдээд бид хоёр муудалцаж хэрүүл хийгээд байна, би тань руу очдог юм уу” гээд ярьж байхад цаад талд нь О ахтайгаа утсаар яриад “та хүрээд ир, бид хоёр муудалцаад байна” гэж ярьж байсан гэсэн. ...Эмнэлэг дээр ирэхэд Н зүүн хацраа дарсан байдалтай эмчид үзүүлээд сууж байсан. Эмч артерын судас тасарсан, яаралтай хагалгаанд оруулах шаардпагатай гээд хагалгааны өрөө рүү аваад орсон гэж ярьсан. Ингээд ямар шарх үүссэн талаар асуухад анх үзсэн эмч нь Нын биед үүссэн гэмтэл нь шил биш хутга байна, дээрээсээ доош чиглэлтэй гүрээний судас хүртэл зоогдсон учир артерын судас тасарсан аминд халтай байгаа гадны нөлөөтэй байж болзошгүй гэж таамаглаж гэмтлийн эмнэлгийн жижүүрийн цагдаад тухайн нөхцөл байдлын тайлбарлан хэлсэн байсан. Би Оыг гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэж дуудаад асуухад О хүүгийн хамт шөнө 00 цагийн орчим гэртээ ирэхэд Н ганцаараа байсан, хүүгээ цаад өрөөндөө орж унт гээд Н гэртээ хоноогүй байдлаас болж муудалцаж хэрэлдсэн чинь Н хутга барьж авахаар нь би булааж авах гээд зууралдсан. Нэг мэдсэн чинь цус гарсан. Такси барьж эмнэлэг дээр ирсэн гэхээр нь “чи яагаад худлаа яриад байгаа юм бэ, чи ээжид нь Н гаднаас хацраа дарсан цусаа гоожуулан орж ирсэн гэж хэлсэн байсан. Аль нь үнэн юм бэ” гэхэд “Н намайг өөрийгөө тэгсэн гэж хэлээрэй гээд байсан учир би худдаа ярьсан” гэж хэлсэн. Би О-аас “хутга булаацалдаж зууралдах үед Н босоо байрлалтай байсан юм уу эсвэл сууж байсан юм уу” гэхэд “босоо байрлалтай байсан” гэж хариулахаар нь “чи намхан байж яаж босоо өндөр хүний хацар руу нь хутгалчихдаг юм бэ, өөр хүн байсан юм биш үү магадгүй танай ах” гэхэд “өөр хүн байгаагүй бид хоёр байсан” гэж хариулахаар нь чиний худлаа ярихыг сонсох шаардлага алга, цагдаад орж үнэнийг хэл гээд цагдаагийн өрөө рүү оруулсан. У.Н анх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаа бодвол биеийн байдал сайжирч дохио зангаагаар ойлголцох хэмжээнд хүрч байгаа тул “яагаад энэ гэмтлийг авсан бэ” гэж асуухад “О бид хоёр” гэж хуруугаараа дохиод хэвтэж байсан гэж өөрөө хэвтэж үзүүлээд О энд хэвтэж байсан гэж хуруугаар зааж О намайг яв гэж хөөж миний хувцаснуудыг хаясан гэж утсан дээрээ байгаа зургийг үзүүлээд би явах гээд аавын бэлэглэсэн хутгыг аваад халаасандаа хийсэн. Такси дуудсан чинь жолооч утсаа аваагүй учир унтахаар хэвтсэн. О хажуугаар орж ирээд хэвтэхээр нь хутгаа өгсөн чинь Оогий гэртэй хутгаар чи яагаад гадуур хоноод яваад байдаг юм, хоногийн хүүхэнтэй болсон гэдгийг О-ийн бичсэн мэссэжийг гаргаж ирж үзүүлээд ингэж хэлсэн гэж заагаад цааш тавь гэсэн хутгаар 2-3 удаа хатгах үед хутга хуйгаа нэвтэлж гэмтэл учруулсан гэж дохио зангаагаар ойлгуулан хэлсэн. Мөн О-ын ахын хамтран амьдрагч Гэрэлцэцэгт О би Ныг алах санаатай байсан бол хутгыг хуйнаас нь гаргаж хутгалах байсан биз дээ, гэтэл гэртээ хатгаж байх үед хутгалсан нь санаатай үйлдэл биш гэдгийг хэлснийг Г нь Г, У гэх хүнд ярьсан. Н 3 дугаар эмнэлэгт шилжин хэвтэж байхад Г ирж энэ тухай эгч Г-т хэлж, Н-ын бие муудаж найдваргүй болсон гэх үед амиа хорлох үйлдлийг хэд хэдэн удаа хийж хажууд нь хүүхэд байсан учир таслан зогсоосон гэдгийг хэлсэн. ...” /1 хх 99-100, 102-103/,

            насанд хүрээгүй гэрч Б.Ч-ын “...“...2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр аав, ээжээсээ зөвшөөрөл аваад өөрийн төрсөн эх О-тай амралтын хугацаандаа хамт байхаар гэрт нь очиход ээж Н ахтай 2 жил хамт амьдарч байгаа гээд танилцуулсан. Ингээд Н ах, ээж О нарын хамт 7 хоносон. Энэ хугацаанд Н ах өдөр бүр гэртээ архи ууж ээжийг элдэв бусын хараалын үгээр янз бүрээр хэлдэг байсан. Ээжийг яагаад ингэж байдаг юм бол гэж маш их өрөвдсөн. 2023 оны 02 дугаар эарын 03-ны өдрөөс хойш би ээжтэй хамт амьдарч хичээлдээ явж байсан. Нэг өдөр хичээлээ тараад гэрт иртэл Н ах 2 найзтайгаа архи уугаад тасраад унтсан байхаар би ээжид зургийг нь явуулсан чинь ээж “ажил дээр хүрээд ир” гэсэн тул ээж дээр очиж хамтдаа орой гэрт ирдэг байсан. ...Ээж үсээ янзлуулж сормуус хийлгэж байхад ээжийн байрны доор байдаг дэлгүүрийн эгч миний фэйсбүүк мессенжер хаяг руу залгаад “Н ах чинь орж ирлээ, хоёр ижилхэн түлхүүр байсан, буруу түлхүүрийг нь авч яваад буцаж ирээд согтуу, нэлээн уурласан зөв түлхүүр авч гарахдаа архи авч гарсан шүү” гээд тасалсан. Бид хоёр ... 23 цаг өнгөрч байхад гэрийн гадаа очоод ээж дэлгүүрт байж байгаад 00 цаг өнгөрөөгөөд оръё гээд дэлгүүрт орж бэлэн гоймон идчихээд дэлгүүр хаах үед гэр рүүгээ ортол Н ах том өрөөний орон дээр цааш хараад утсаа оролдоод хэвтэж байсан ээж намайг оронгуут шууд унтаарай гэж хэлсэн. Н ээж хоёр хэрэлдээд байсан. Н ах нэлээн согтуу байсан тул яриаг нь ойлгоогүй, ээж “унт, хүүхэд байхад яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Би тэр хоёрын маргааныг тоолгүйгээр жижиг өрөөнд орондоо орж байхад Н ах юу яриад байгаа нь мэдэгдэхгүй чанга, чанга орилоод байхаар нь ээжийг минь яачих бол гэж санаа зовоод харахад тэр хоёр намайг харж байгааг огт анзаарахгүй, хэрэлдээд байсан. Хаанаас юм гэнэт Н ах хутга гаргаж ирээд өөрийгөө ална гээд орилоод байсан. Би ээжид маш их санаа зовоод юу хийхээ мэдэхгүй айгаад хөшөөд зогссон. Ээж ахыг одоо болио гээд хутгыг гараас нь авах гээд оролдоод байсан. Н ах ээжийг түлхээд өөрийгөө зүсчих шиг болсон. Ээж шууд такси дуудаад Н ахыг аваад гарсан. ...3 хоногийн дараа ээж Н ах чинь өөрийгөө хутгалчихлаа гэж хэлэхээр би харсан гэж ээжид хэлсэн. ...” /1 хх 106- 107/,

гэрч Г.М-гийн “...Би О гэдэг хүнийг таних бөгөөд намайг дэлгүүр ажиллуулж эхэлсэн цагаас хойш байнгын үйлчлүүлж танилцсан. ...2023 оны 02 дугаар сарын 15-ны 23 цаг 15 минутын орчим О хүүтэйгээ орж ирж үйлчлүүлсэн. Дэлгүүр 00 цаг 40 минутын орчим хааж О хүүгийн хамт гарч явсан. 2 лааз пиво, бэлэн гоймон авсан. О архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл гараад явсан. Оын нөхөр нь ...“1 шил архи зээлчих” гэхээр нь “зээлэх боломж байхгүй" гэхэд жаахан уурлаж “эгчдээ хэлэхгүйгээр өгчихөөч, би өөрөө төлнө” гэж хэлэхээр нь “өгөхгүй” гээд гаргасан. Нөхөр нь халамцуу байсан. О эгч нөхрийгөө архи нэхээд унаж магадгүй гээд 2 лааз пиво авч байсан. О-ын нөхөр ер нь өдөр бүр дэлгүүрээр орж ирж үйлчлүүлдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай таарч байгаагүй. Хааяа 1-2 лааз пиво авдаг. ...” /1 хх 109/,

гэрч Н.Г-ийн “...2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн орчим А-ын утас дуугарч ярьж байгаа дууг нь сонсоход цаад талд нь эрэгтэй хүний согтуу гэмээр чанга дуу гарч байсан. А “цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгчих, ах нь өглөө очно” гээд утсаа тасалсан. Өглөө 10 цагийн үед А, миний том хүүгийн хамт хотод ирээд түрээсийн байр хайж хорооллын эцэст байр үзчихээд А-ын дүү О-ыг гэмтлийн эмнэлэг дээр байна гэхээр нь хамтдаа очсон. Найз залуу нь хагалгаанд орсон, О ганцаараа байсан. ...О-ын гэрт очоод юу болсон талаар асуусан чинь “Н өөрөөсөө хутга гаргаж ирсэн. Тэр хутга нь хуйтай байсан, хутганд хүрээгүй, хутгыг булаах гэж байхад цус гарсан. Сандарч тэрийг нь дараад шууд гэмтлийн эмнэлэгт очоод хацар дээр нь 6 оёдол тавиулсан” гэж хэлснээс өөр зүйл яриагүй. Хуйтай хутгаар Нын хүзүү хоолой хэсэгт цохисон гэж огт яриагүй. Хэрэв ийм яриа гаргасан гэж байгаа бол энэ хүмүүс зохиож ярьж байна. Би ийм яриа яриагүй, энэ хүмүүс худлаа хэлж байна. Би “хутга нь хуйтай байсан юм байна, энэ их сонин юмаа тэ” гэж ярьсан. Хуйтай байсан хутга яагаад арьсыг ингэж зүсдэг юм бол, хуй нь ямар материалтай юм бол гэж Н-ын ээжийнх нь дүү гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүнд хэлсэн. ...” /1 хх  111/,

гэрч Б.Ц-гийн “...2023 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед У.Н-ыг эмчлэгч эмчээр хүлээн авсан. Биеийн байдал хүнд, ухаантай, орчиндоо харьцаатай, ...хүзүүний шархаар өвдөнө гэсэн зовиуртай 12 цагийн орчим хүзүүний шарханд үзлэг хийхэд зүүн чих болон шанааны ар хэсэгт дээрээс доош хүзүү рүүчиглэлтэй, гүн зүсэгдэжхатгагдсан шархтай, шарханд чихээс хийжанхдагч цэгцлэгээ хийгдсэн. Шархны эргэн тойрон өвчин эмзэглэлтэй, хаван хавдар ихтэй, их хэмжээний цус хурсан шархтай. Мөн нүүрний зүүн талд сул саатай байсан тул эмийн эмчилгээ болон яаралтай шинжилгээ бүрдүүлэлт хийж мэс засалд бүртгэсэн. У.Н-аас асуухад өөрийгөө шилээр зүссэн гэж хэлсэн. ...эхнэр нь 2023 оны 02 дугаар сарын 15-нд шөнө 04 цагийн үед гэрийнхээ ойролцоо гэмтсэн, шалтгаан тодорхойгүй, зүүн талын эрүү, хүзүүний орчмоос цус алдан гэртээ орж ирсэн гэж хэлсэн.

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “...Одоогоор сайн санахгүй байна. Хэрэв гэмтэл байсан бол эмчийн тэмдэглэл хэсэг дээр бичих байсан. Өвчтөнг амь насны заалтаар яаралтай мэс засалд бэлдэж оруулсан. Хэрэв гар, нуруу орчимд гэмтэл байсан бол үзлэгийн тэмдэглэлд тусгах байсан. Нын гэмтсэн гэх оёдол тавьсан зүүн гарын мөр дал хэсгийн шархыг хэзээ авч гэмтсэнийг цаг хугацааны хувьд тогтоох боломжгүй. ...” /1 хх 113-115, 2 хх 102-103/,

гэрч П.Б-гийн “...эрүү хүзүүн тус газраа гүн зүсэгдсэн шархтай эрэгтэй байсан тул юунд зүссэн хэрхэн гэмтэл авсан талаар асуухад, өөрийгөө хутгаар зүссэн гэж хамт явсан эмэгтэй нь хэлсэн. Өвчтөн надтай юу ч яриагүй, шархыг шалгаж үзэхэд судасны гэмтэлтэй, судас баригдахгүй байсан тул судсаар шингэн залгаж цус тогтоох эмчилгээг хийж гар сарвууны жижүүр эмчийг дуудсан. Хүзүүний гэмтлээс өөр ил харагдах гэмтэл харагдаагүй. Миний санаж байгаагаар өвчтний шарх доороосоо дээш чиглэлтэй, доод хэсэг нь гүн, дээд хэсэг нь өнгөц байсан санагдаж байгаа. Би өвчтнийг архи уусан байсныг санахгүй байна, ямар ч байсан их согтолт байгаагүй.

2024 оны 04 дүгээр  сарын 02-ны өдөр “...Миний хувьд ГССҮТ-д жижүүрийн эмчээр ажиллаж байхдаа үзсэн өвчтөний гэмтлийг цахим бүртгэлдээ тодорхой нэг бүрчлэн бичдэг. Цахим бүртгэлийг шүүж үзэхэд Нын биед зүүн шанаанд судасны гэмтэл бүхий гүн зүсэгдсэн шархтай, өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. ...Хэрэв ар нуруу дал мөрөнд гэмтэл байсан, оёдол тавьсан бол бүртгэлд заавал бичих ёстой. Нын ар нуруу, дал мөрөнд гэмтэл байхгүй байсан. С, Б нар үзлэг хийсэн талаараа тэмдэглэл хөтөлдөггүй. Харин хэвтэхээр болсон бол хүлээн авч байгаа эмч өвчтний биед учирсан гэмтэл, биеийн байдал ямар байсныг тодорхой бичин өвчтөний түүхэнд тэмдэглэдэг. Ажил ихтэй үед эмч, сувилагч, асрагч нараас Нын ар нуруунд оёдол тавих боломжтой боловч хэрэв оёдол тавьсан бол заавал надад мэдэгдэх ёстой. Би үзлэг сайтар хийсэн бөгөөд надад мэдэгдэхгүйгээр оёдол тавих боломжгүй. ...” /1 хх 117-118, 2 хх 99-100/,

гэрч Л.Г-ийн “...Манай хүү У.Н нь эхнэр Оын хамт 2022 оны 09 дүгээр сараас хойш амьдарч байгаа. 2023 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Н залгаад “бид хоёр, хоёр тийшээ болохоор боллоо, би яваад очно”, О, Н нар маргалдаад байгаа сонсогдоод байсан. Энэ 2 машинаа зараад мөнгө нь Од байсан юм байна лээ. “Наад мөнгө манай ээж рүү шилжүүл” гэхээр эхнэр нь шилжүүлсэн гээд хэлчихсэн юм байна. Надад Н “тань руу мөнгө шилжүүлсэн юм уу” гээд асуухаар нь би “үгүй” гээд хэлчихсэн. Утсаар сонсож байхад “одоо 100.000 төгрөг өг, би таксидна” О болохоор “чамд мөнгө өгөхгүй, зайл мөнгийг чинь идчихсэн” гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би утсаа салгасан. Дахин залгаад надад 100.000 төгрөг өгөхгүй гэнэ, 50.000 гуйсан бас өгөхгүй гэнэ гэхээр нь би “мөнгөөр яах гээд байгаа юм, такси бариад хүрээд ир, би төлье” гэсэн чинь Н “үгүй би таксины мөнгөө өөрөө төлмөөр байна. О ах руугаа залгаад намайг мөнгө нэхээд гээд дуудаад байна” гээд яриа нь сонсгоод байхаар нь би дахин над руу битгий залгаарай гээд салгасан. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг 30 минутын үед О залгаад гэмтэл дээр хүрээд ирээч гээд ирэхэд Н-ыг хэвтүүлчихсэн, О байсан. Яасан гэж асуухад гэрээс гарч яваад цусаа гоожуулаад орж ирсэн гэсэн. Наас “яасан юм” гэхэд “шилээр зүсчихсэн” гэж хэлсэн. ...Эмч бол энэ шил биш, хутгаар зүссэн. Өөрөө өөртэй учруулах боломжгүй гэж үзэж байгаа гэж хэлсэн.

2024 оны 04 дүгээр  сарын 08-ны өдөр “...Би хүүгээ гэмтлийн эмнэлэгт 10 гаруй хоног сахиад эмнэлгээс гарч 3 дугаар эмнэлэгт шилжиж эмчилгээ хийсэн. Тэр үед Н миний зүүн мөрөнд хөндүүрлээд байна, хараад өгөөч гэхээр нь харахад зүүн мөрөнд эдгэж байгаа, тав тогтсон гэмээр шарх байна гээд өнгөрсөн. Сүүлд Н-аас сонсоход О хуйтай хутгаар мөр хэсэгт цохиж байсан гэж хэлсэн. Би О-ын үйлдпийн улмаас гэмтэл үүссэн гэж ойлгосон. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь мөрний шарх гэмтлийг анзаарч хараагүй. ...” /1 хх 28-33, 2 хх 104-105/,

гэрч А.А-ын “...2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө амарч байхад дүү О 02 цаг 30 минутын орчим залгаж “нөхөр Н нь согтуу агсам тавиад мөнгө нэхээд үгэнд орохгүй, амраахгүй байна, яах вэ ахаа” гэж асуухаар нь “ар гэрийн хүмүүст нь хэл, болохгүй бол цагдаа дуудаж өг” гэж хэлээд утсаа тавиад амарсан. ... Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр 11 цаг өнгөрч байхад очиж уулзахад “Н хагалгаанд орсон” гэж хэлсэн. О залгаад ярьж байхад цаад талд нь Н “агаа наадах чинь худлаа яриад байгаа шүү, би агсам согтуу тавьсан ямар нэгэн зүйл байхгүй” гээд орилж ярьж байсан. Архи уусан шинжтэй ярьж байсан. Мөн “машины урьдчилгааны мөнгө өг” гэж Н О-аас нэхээд “мөнгө байхгүй, ээжид нь өгсөн” гэж ярьж хэрэлдэж маргаад байсан. ...” /1 хх 39-40/,

Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн “...У.Н-ын биед учирсан зүүн гүрээний дотор тараагуур судас (дотор), гүрээний гадна хураагуур судасны салаа, нүүрний мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг үүсгэхэд үзүүлэгчийн 2 гар хүрэх боломжтой хэсэг газраас өөрөө өөртөө учруулсан байх боломжтой. Бусад гэмтлүүд нь уг шархнаас цус их хэмжээгээр алдсанаас үүссэн хүндрэлүүд юм. Нын биед учирсан гэмтлүүд нь ямар ч үед үүсэх боломжтой. ...” /1 хх 120-121/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3000 дугаар шинжээчийн “...“1. У.Н-ын биед зүүн гүрээний дотор тараагуур судас, гүрээний гадна хураагуур судасны салаа, нүүрний мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, тархины эдийн гүний хэсэг, сүүлт бөөм, дагзны дэлбэнд хурц цус хомсрол, тархины хаван, нүүрний мэдрэлийн саажил гэмтлүүд тогтоогдпоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.3.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 7. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийгдсэн эмчилгээнүүд зохих түвшинд бүрэн хийгдсэн байна. ...” /1 хх 49-53/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар шинжилгээний “...1.2. У.Н-ын биед учирсан зүүн мөрний ар хэсэгт байх сорви нь хэзээ, ямар зүйлээр үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 3. Дээрх сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээр гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. 5. Уг шарханд анхдагч цэгцлэлт хийгдэж бүрэн эдгэсэн байсан тул ирмэг, шинж байдал, чиглэл үйлчлэлийг тогтоох боломжгүй байна. ...” /2 хх 30-35/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1272 дугаар шинжээчийн “...1 .Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн бариултай хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй. ...” /1 хх 83-84/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1118 дугаар шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэг дээр цусны ул мөр илэрсэн. Уг цус нь хүний цус байна. 2. Уг хутган дээр илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй. ...” /1 хх 124-125/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2039 дүгээр шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутга, саарал эрээн өнгийн хутганы хуй шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хутганы хуйнд үүссэн 15мм, 32мм, 20мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, 37мм хэмжээтэй гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хутганы хуйнд үүссэн ханзралт, зүсэгдэлтийг хутгыг хуйндаа байхад үүссэн болохыг мөр судлалын шинжилгээгээр тодорхойлох боломжгүй. ...” /1 хх 158-159/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1981 дүгээр шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтаар хураагдсан гэх 22 см урттай хутганы хуйн дотор цус илрээгүй. 4. Эд мөрийн баримтаар хураагдсан гэх шаргал өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харьяалал болон хүн, мал амьтны аль нь болохыг тогтоох боломжгүй. ...” /1 хх 164-165/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 422 дугаар “...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: Гэр бүлийн маргаан болсон юм. Ярьж чадахгүй байгаад 2-3 хоногийн өмнөөс ярьж эхэлсэн гэнэ. Намайг унтах гээд хэвтэж байхад О намайг хутгаар яагаад архи уугаад байгаа юм гэртэй хутгаар цохисон юм. 2 энд цохисон гээд зүүн гүрээ хавьцаа заана. Тэгээд цус гараад цусаа тогтоож чадахгүй гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би бол өөрийгөө зүсээгүй, тэрийгээ бол сайн санаж байгаа юм. Гэмтэл дээр очоод л ухаан алдсан... Дүгнэлт: 1.2.6. У.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. У.Н нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. У.Н нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. У.Н нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 7. У.Н нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. ...” /1 хх 172-174/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний 1/108 дугаар шинжээчийн “...Эмгэг сэтгэл судлалын шинжилгээнд хийсвэрлэн дүгнэх үйлийн түвшин бага зэрэг буурсан, оюуны үйл ажиллагаа гүйцэтгэхэд бэрхшээлтэй хэдий ч сэтгэхүйд бодол санаа үүсэх нийлэмжид эмгэг өөрчлөлт үгүй, зан төрхийн өөрчлөлтийн шинж илэрч байна. Ухаан сулралын шинж үгүй. Өөрийн хувь хүний сэтгэцийн чанарт хандах шүүмжлэлт чанар хэвийн. ...” /1 хх 177/ гэсэн дүгнэлтүүд,

бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /1 хх 188-195/, хохирлын баримтууд /2 хх 111-137/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.О-ын гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч У.Н-ыг мөнгө нэхсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн маргаан үүсгэж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж У.Н-ын мөр хэсэгт хатгаж, хүзүү хэсэгт хутгалж биед нь “зүүн гүрээний дотор тараагуур судас, гүрээний гадна хураагуур судасны салаа, нүүрний мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт, их тархины зүүн бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, тархины эдийн гүний хэсэг, сүүлт бөөм, дагзны дэлбэнд хурц цус хомсрол, тархины хаван, нүүрний мэдрэлийн саажилт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн (гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж)...”, 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэх шинжүүдээр зүйлчилсэн нь үндэслэлтэй, түүнд тус зүйл хэсэгт заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хорих ялыг 5 жилийн хугацаагаар буюу доод хэмжээгээр оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.О-аас “...Хэргийг үнэн зөвөөр шийдэж, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчлөн хохирохоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа “...анхан шатны шүүх хууль зүйн бодит дүгнэлт хийж чадаагүй, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол бүхий дүгнэлт хийж чадаагүй эргэлзээтэй нотлох баримтаар түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. ...” түүний өмгөөлөгч Г.Ганбатаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй хохирогчийн мэдүүлгийг үндэслэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч У.Н-ын эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой шүүгдэгч А.О-ын үйлдэл шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч А.О-ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учир А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хорих ялыг, тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор буюу 5 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирчээ.

Мөн хэргийн бүх ажиллагааг хянахад, хохирогч, гэрч, шинжээч нарт эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэг авагдсан ба хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйгсэх нотлох баримт хэрэгт нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх гэрч Л.Г, П.Б, Л.Г нарын мэдүүлэг, мөн хохирогч У.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 3 удаагийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2 удаагийн мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлж хэргийн үйл баримт тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.О-ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ж.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ын цагдан хоригдсон 78 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        

 

            ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                         Ц.МӨНХТУЛГА

                     ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

          ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР