Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 961

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Э.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Э.С холбогдох эрүүгийн 1806 0420 51102 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.С

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Снь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэннаст” хотхоны 36/в/ байрны 0 тоотод иргэн М.Тайванбаатарын нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Снь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч М.Тайванбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 14-р хороо “Түмэннаст” хотхоны 36/в/ байрны подволын давхарт буюу 0 тоотод найз Сумъяагийн гэрт нь найз охины хамтаар амьдардаг юм. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчимд намайг гадуур ажилтай явж байхад манай найз охин уйлж залгаад Сумъяагийн ах Э.С нь ирчихээд намайг доромжлоод янхан гичийгээр дуудаад над руу таваг шидээд, хутга бариад алчихна шүү гээд байна, чи хурдан хүрээд ир гэхээр нь би шууд хамт амьдарч байгаа гэр рүүгээ 17 цагийн орчимд явж очиход Сумъяагийн төрсөн ах Э.С гэгч 2 залуугийн хамт мөн урьд шөнө хамт хоносон түүний хамаатны хамтаар байсан ба манай найз охинтой маргалдсан байдалтай манай найз охин уйлчихсан байсан. Тэгэхээр нь би Э.Ст чи юу болоод байгаа юм бэ, эмэгтэй хүнийг яагаад дарамтлаад байгаа юм, хөөгөөд байгаа юм уу гэтэл надад би энэ гэрт дархан эрхтэй, зайл гэхээс өөр зүйл хэлээгүй. Би найз охинтойгоо харуулын байранд байж байтал Э.С над руу залгаж буудалд байгаа хүн шиг байх юм аа, чи ороод ир гэхээр нь би явж ороход тэднийд байсан хүмүүсийн ихэнх нь явчихсан, Э.С нэг залуутай хамт байхаар нь би найз охин болон өөрийнхөө хувцас хунараа эмхэлж янзалчихаад сууж байтал Э.С хажууд ирэхээр нь яагаад эмэгтэй хүн дээрэлхээд таваг шидэж, хутга далайж хараадаг юм бэ гэтэл намайг дундаа ороод байгаарай, хэгжүүрхээд байна уу гээд миний хамар руу зүүн гараараа цохих гэхээр нь би бүрэн хааж амжилгүй хамартаа цохиулсан ба намайг дахиж зүүн хацар руу алгадаад намайг хүн амьтан дуудах бол одоо дууд гэж хэлээд гэрээс гарсан. Тэгтэл манай найз охин орж ирээд намайг цохиулсныг хараад цагдаад дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 09ий өдрийн шинжээчийн ¹5889 дүгнэлтэд “М.Тайванбаатарын биед баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 20 дугаар хуудас/,

Гэрчээр Э.Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би төрсөн дүү Сумъяагийн гэрт Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэннаст” хотхоны 36/в/ байранд очсон юм. Тэгсэн дүү Сумъяатай хамт ажилладаг байсан Тайванбаатар эхнэрийн хамт амьдардаг байсан. Тухайн өдөр би дүүгийндээ хоол хийж идэх гэж ирээд гэрийг нь цэвэрлэчихээд байж байсан чинь Тайванбаатар эхнэртэйгээ хувцас хунараа тараагаад хаячихсан байсан. Тэгээд би Тайванбаатар руу залгаад чи хувцас хунараа хурааж явахад яадаг юм гэсэн чинь би орж янзаллаа, чи дуугүй бай гэсэн. Тэгээд Тайванбаатар удалгүй орж ирээд надтай маргалдаж, над руу гар далайхаар нь би өөрөө зайлаад баруун гараараа зүүн хацар руу нь алгадсан. Тэгээд солгой гараараа хамар руу цохисон. Тэгтэл хамарнаас нь цус гараад тэгээд би ариун цэврийн цаас авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 30 дугаар хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Снь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэннаст” хотхоны 36/в/ байрны 0 тоотод иргэн М.Тайванбаатарын нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Э.Ст прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.Э.Ст эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Снь цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч нь хохирлын талаар бичгийн нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байх тул хохирлын талаар шийдвэрлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М овогт Э.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э.Сыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э.Ст оногдуулсан 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.С мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА