Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 725

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: С.Э*******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, С.Э*******ыг бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “Монгол Улсын иргэн С*******ы Э******* миний бие 2016 оны орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшихээр Сонгуулийн хуулийн дагуу холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд цаг хугацаанд нь өгсөн билээ.

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй, зарим сонгогчийн гарын үсэг, гэрийн хаяг, регистрийн дугаар, утасны дугаар дутуу байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр бүртгэж аваагүй.

Миний бие орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихийн тулд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдээс нийт 260 иргэний дэмжсэн гарын үсэг цуглуулсан билээ. Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос зөрчилтэй хэмээн тооцож байгаа нийт 9 иргэний гарын үсгийг хасахад хүчин төгөлдөр 251 дэмжигч иргэний гарын үсэг үлдэж байна.

Энэ нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн цуглуулбал зохих 201 хүнээс илүү гарч байгаа тул нэр дэвших болзлыг хангасан гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, нэр дэвших эрхийг минь сэргээн бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү.

Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалт нь Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчид нэг янзаар үйлчлээд орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдэд өөр ялгавартай үйлчлэх ёсгүй хэмээн үзэж байна. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтууд, түүний үзэл санаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн, мөн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн нь цаашлаад төрийн захиргааны байгууллагууд, холбогдох эрх бүхий хүмүүс хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлах, хэрэглэх хүний эрх, эрх чөлөөнд ноцтой хохирол учруулж болзошгүйд хүргэж байна.

Шударга ёсыг тогтоох, Монгол Улсын хууль, түүний дотроос Сонгуулийн тухай хууль Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч, орон нутгийн сонгуульд нэр дэвшигч гэж ялгаварлан гадуурхалгүй иргэн бүрт тэгш үйлчлах учиртай гэдгийг нотолж зөрчигдсөн эрхийг минь сэргээн тогтоож өгөхийг хүсье.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, түүний үндэслэлд: “...Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, нэр дэвшигчээр бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 07 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 158 дугаар зүйлийн 158.1.4 дэх заалтуудыг баримтлан С.Э*******ыг дараах үндэслэлээр бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан асуудлаар гаргасан тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн 19 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч С.Э******* нь дэмжигч, сонгогчийн гарын үсэг цуглуулахдаа сонгуульд санал өгөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан. Мөн зарим дэмжигч, сонгогчид гарын үсэг зураагүй, оршин суух гэрийн хаяггүй, регистрийн дугааргүй, утасны дугаар бичээгүй зэрэг Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшүүлэх нийтлэг журам зөрчсөн, хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байдаг. Сонгуулийн тухай хуулийн 158.1.4.д-д заасан “сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан зөрчил гаргасан бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар зохицуулсан тул сонгуулийн насанд хүрээгүй 1999 оны 3 хүнээр гарын үсэг зуруулсан зөрчлөөр нь л шууд бүртгэхээс татгалзах үндэслэл болж байгаа. Түүнээс гадна Сонгуулийн тухай хуулийн 158.1.3-т заасан нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу бол бүртгэхээс татгалзах үндэслэл болох ба С.Э*******ын дэмжигчдээр гарын үсэг зуруулсан маягтад регистрын дугаар бичигдээгүй, эцэг, эхийн нэр бичээгүй, хаяг, утасны дугаар бичээгүй, гарын үсэг зуруулаагүй зэрэг нийт 53 зөрчилтэй 61 дэмжигч байгаа учир 260 дэмжигчээр гарын үсэг зуруулснаас хасаж тооцоход 199 дэмжигчийн гарын үсэг болж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 201 дэмжигчийн гарын үсэг зуруулсан байх тоонд хүрэхгүй болж байгаа.   

С.Э******* нь бүх шатны сонгуульд бусдыг сонгох, өөрөө сонгогдох эрхтэй. Энэхүү сонгогдох эрхийнхээ дагуу Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн 19 дугаар тойрогт Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бие даан нэрээ дэвшүүлсэн байх тул түүний нэр дэвших эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүсээгүй байна.

Иймд О.Э*******ын гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э******* нь Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд талуудын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч С*******ы Э*******ыг сонгогчийн гарын үсэг цуглуулахдаа сонгуульд санал өгөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан, зарим дэмжигч, сонгогчдын гарын үсэг, гэрийн хаяг, регистрийн дугаар дутуу зэрэг зөрчилтэй гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 07 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заасныг үндэслэн түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. 

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 26 тоот албан бичгээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай тогтоолыг нэр дэвшигч С.Э*******т хүргүүлэхдээ зөрчлийн тухай мэдээллийг хавсаргасан байх бөгөөд уг хавсралт болон Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлээс үзэхэд бие даан нэр дэвшигч С.Э*******ыг дэмжигч сонгогчдын гарын үсгийг зуруулсан бүртгэлд сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан-3, гэрийн хаяг бичигдээгүй–3, регистрийн дугаар бичигдээгүй–1, эцэг эхийн нэр бичигдээгүй-2 буюу нийт 9 дэмжигч сонгогчоор гарын үсэг зуруулсан бүртгэл шаардлага хангаагүй зөрчилтэй гэсэн үндэслэлээр түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоол гарчээ. 

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэлтэй эсэхийг хянахын тулд уг тогтоолын үндэслэл болсон дээрх 9 дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулсан бүртгэлийн хүрээнд дүгнэх шаардлагатай боловч “бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Э*******ыг дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулсан бүртгэлээс зөрчил дутагдлыг дахин түүвэрлэн ирүүлснийг мөн дүгнэх шаардлагатай байна. 

С.Э******* нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд бие даан нэр дэвшихээр 260 дэмжигч сонгогчийн гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан маягтаар зуруулсан, энэ талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч “Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д зааснаар маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь 201-ээс доошгүй байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж, хариуцагч “Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д-д  “сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан зөрчил гаргасан бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах”-аар заасан тул сонгуулийн насанд хүрээгүй 3 хүнээр гарын үсэг зуруулсан зөрчлөөр нь л шууд бүртгэхээс татгалзах үндэслэл болно. Түүнээс гадна дэмжигч сонгогчоор гарын үсэг зуруулсан маягтад регистрын дугаар, эцэг, эхийн нэр, хаяг, утасны дугаар бичээгүй, гарын үсэг зуруулаагүй зэрэг нийт 61 дэмжигчийг хасаж тооцоход 199 болж, 201 дэмжигчийн тоонд хүрэхгүй нь татгалзах үндэслэл болно” гэж тус тус маргажээ.  

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос лавлагаа авсны дагуу тус дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17 тоотоор ирүүлсэн лавлагаагаар С.Э*******ыг дэмжиж сонгогчдын бүртгэлд гарын үсэг зурсан А.Э******* /УУ9*******7/, Б.Т******* /УХ9*******1/, Х.У******* /СМ90/ нар нь сонгуулийн эрхгүй этгээд болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр гурван насанд хүрээгүй сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсныг зөрчилд тооцон тогтоол гаргасан, гарын үсэг зуруулсан бүртгэлээс дахин түүвэрлэн 53 зөрчил бүхий 61 дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулсныг зөрчилтэй гэж ирүүлсний дотор сонгуулийн эрхгүй эдгээр 3 этгээд мөн л хамаарч байх бөгөөд 35 хуудас маягтад зурагдсан гарын үсэг, дэмжигчдийн бүртгэл, зөрчлийн түүврийг харьцуулан судлаад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан үндэслэл болсон бүртгэл гарын үсгийн зөрчилтэй 9 дэмжигч нь дахин түүвэрлэсэн зөрчилтэй 61 дэмжигчид багтаж байна гэж үзлээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан тус бүр 10 дэмжигчийн бүртгэл бүхий 35 хуудас маягтаар гарын үсэг зуруулсан дэмжигч сонгогчдын бүртгэлийг хариуцагчаас ирүүлсэн гарын үсгийн зөрчлийн түүвэртэй нэг бүрчлэн тулгаж судлахад 53 зөрчил бүхий 61 дэмжигч сонгогчийн бүртгэлийг зөрчилтэй гэж үзсэн байгаа ч 1 дэмжигчийг өөр өөр зөрчилд давхардуулан түүвэрлэсэн нь тогтоогдож байна. Тухайлбал: маягтын 14 дүгээр хуудасны 1 дэх хүснэгтэд бичигдсэн дэмжигчийг н.О нэрээр “хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй” зөрчилтэй гэж түүврийн 1-д бичсэн байхад түүврийн 15-д О.Б нэрээр “он сар өдөр бичээгүй” зөрчилтэй хэмээн давхар тооцсон, мөн хуудасны 4 дэх хүснэгтэд бичигдсэн Э.Быг “хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй” зөрчилтэй гэж түүврийн 2-т бичсэн байхад түүврийн 16-д  “он сар өдөр бичээгүй” зөрчилтэй хэмээн давхар тооцсон, маягтын 17 дугаар хуудасны 10 дахь хүснэгтэд бүртгэгдсэн Г.Уыг түүврийн 24, 29-д “гэрийн хаяг бичээгүй” зөрчилтэй хэмээн давхар тооцсон, маягтын 31 дүгээр хуудасны 9 дэх хүснэгтэд бичигдсэн Ч.Дг түүврийн 11-д “он сар өдөр бичээгүй”, 34-т “регистрийн дугааргүй” хэмээн давхар тооцсон, маягтын 18 дугаар хуудасны 6 дахь хүснэгтэд бичигдсэн Б.Аыг түүврийн 37, 49-д “гарын үсгийн баталгаагүй” хэмээн давхар тооцсон байна. Мөн түүврийн 22-т “эцэг эхийн нэр бичээгүй” зөрчилтэй гэх н.О нь маягтын 4 дүгээр хуудасны 1 дэх хүснэгтэд  бүртгээгүй, уг хүснэгтэд Д.Г бүртгэгдсэн нь түүврийн 23-т “гэрийн хаяг бичээгүй” зөрчилтэй хэмээн бичигдсэн, харин н.О гэж иргэнийг 14 дүгээр хуудасны 1 дэх хүснэгтэд бичсэн, үүнийг түүврийн 1, 15-д мөн зөрчилтэй хэмээн давхар тооцсон, түүврийн 50-д зөрчилтэй гэж тооцсон Д.Дыг маягтын 23 дугаар хуудасны 8 дахь хүснэгтэд зөрчилтэй хэмээн тэмдэглээгүй байна. 

Ийнхүү давхардуулан түүвэрлэснийг хасч тооцоход бүртгэлийн зөрчилтэй 51 дэмжигч сонгогч байх тул 209 сонгогч С.Э*******ыг бие даан нэр дэвшихийг дэмжиж гарын үсэг зурсан гэж үзэхээр байна.  

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэн нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлнэ”, 156.2-т “бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.4-т “дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж тус тус заасны дагуу  Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан, “дүүргийн Сонгуулийн хороо №30” тэмдэг бүхий “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч С*******ы Э*******ын дэмжигч сонгогчийн бүртгэл” маягтаар зөрчилгүй 209 сонгогчийн дэмжиж буй гарын үсгийг зуруулсан байх тул хуулийн дээрх шаардлагыг хангасан байна. 

Нэгэнт хуулийн дээрх шаардлагыг хангасан байх тул илүү гарсан 51 дэмжигчийн гарын үсэг зуруулсан бүртгэлийн зөрчлийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй юм. 

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д-д заасан сонгуулийн эрхгүй 3 этгээдээр гарын үсэг зуруулсан зөрчил байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолд зөвхөн уг заалтыг үндэслэсэн, харин регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар, эцэг эхийн нэр, он сар өдөр бичигдээгүй гэх зөрчлийн хувьд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-ийн аль заалтад хамаарч байгааг уг тогтоолд дурьдаагүй, ямар үндэслэлээр зөрчил гэж үзэж бүртгэхээс татгалзаж буйгаа хариуцагч тал тайлбарлаж маргаагүй тул регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар, эцэг эхийн нэр, он сар өдөр бичигдээгүй гэх үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсаныг зөвтгөх боломжгүй байна. 

Иймд С.Э*******ыг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол үндэслэлгүй байх тул Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, С*******ы Э*******ыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг тус Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.4, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн С.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, С*******ы Э*******ыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА