| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1011/Э |
| Дугаар | 1038 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1038
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч /томилолтоор/ М.Ү, хохирогч С.О, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706041401182 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын Е-13 тоот лангуун дээрээс хохирогч С.о цүнхтэй эд зүйл, бэлэн мөнгө зэрэг 2.169.400 төгрөгийн эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Би тэр үед архи уусан байсан. Би тэгээд нэг ухаан орсон чинь хүмүүс намайг бариад авсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн. Тэгээд шууд эрүүлжүүлэхэд орсон гэв.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.О хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 14-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Дэлгэрмаагын өгсөн мэдүүлэг /хх-н 48-49/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.П өгсөн мэдүүлэг /хх-н 50-51/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 61-62/, Д.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 44-45/, Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын Е-13 тоот лангуун дээрээс хохирогч С.О цүнхтэй эд зүйл, бэлэн мөнгө зэрэг 2.169.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх захын Е-13 тоот лангуун дээрээс хохирогч С.О цүнхтэй эд зүйл, бэлэн мөнгө зэрэг 2.169.400 төгрөгийг хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.О өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19:00 цагт зах тараад хаах болсон учир нөхөр Зоригтбаатар охин Янжиндулам нарын хамтаар юмаа эмхэлж цэгцэлж, лангуугаа цэвэрлэсэн болоод махаа гаргаж машинд аччихаад буцаад орж ирэх хоорондоо лангуугаа цэвэрлэж байгаад цүнхээ лангуун дээр тавиад дээр нь куртикээ тавьсан байсан. Ингээд нөхөр охин гаднаас орж ирээд явья гэхээр нь куртикээ өмсөөд цүнхээ авах гэхэд цүнх алга болсон байсан....” гэх мэдүүлэг /хх-н 14-19/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Б өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захаар явж байснаа бол санаж байгаа юм. Тэгсэн чинь намайг гудамжинд нэг эмэгтэй барьж аваад “хулгай хийсэн чи” гээд цагдаа дуудаж барьж өгсөн юм. Би өөрөө хаанаас ямар эд зүйлс хулгайлснаа бол санахгүй байгаа юм. Тэнд ирсэн цагдаагийн алба хаагч миний биенээс эд зүйлс гаргаж ирээд тоолж авсан юм. Тэгэхэд гэнэт миний биенээс бэлэн мөнгө болон зарим бичиг баримт гарч ирсэн. Тэр үед л би хулгай хийснээ мэдсэн. Ингээд цагдаагийн хэлтэс дээр ирээд миний хулгайлсан эд зүйлсийг хохирогчид буцааж өгөөд намайг согтуу байсан учраас эрүүлжүүлэхэд хийсэн юм” гэх мэдүүлэг /хх-н 44-45 /,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 61-62/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Харин шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч хөрөнгийн үнэлгээ тогтоосоноор бус харин өөрийн тодорхойлсон 1.624.000 төгрөгөөр тооцож хохирлоо авна гэдэгт талууд харилцан зөвшөөрч, шүүгдэгч хохиролд 450.000 төгрөг төлсөнийг хасч тооцон бусад хохирлыг Иргэний хуулийн 497,510 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдав.
Харин дээрхи хохирлоос нэмж бэлнээр 1.570.000 төгрөг байсан гэж нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны хохирогчоос авсан тэмдэглэл /хх15-17/, мөн өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх11-13/ зэргээр дээрхи мөнгө байсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохиролд 450.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.