| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2402006990408 |
| Дугаар | 2025/ДШМ/538 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/538
2025 05 08 2025/ДШМ/538
Г.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Р.Булган,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.У-д холбогдох эрүүгийн 2402006990408 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
..... овгийн ...-ын У, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.............../;
Шүүгдэгч Г.У нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны оройн 20 цаг 40 минутын үед ... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны ... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, Дельта-9 тетрагидроканнабинол /Delta 9 tetrahydrocannabino/-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 39.1944 грамм хэмжээтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангаас хойшоо явах чигт автобусны буудал дээр хохирогч Б.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.У-ыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 35 хоногийн буюу 1 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.У-ын 2024 оны 11 дүгээр сарын сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-оос 135.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, шүүгдэгч Г.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгын нэг бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог, мөн Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан байдаг. Шүүгдэгч Г.У нь айлын ганц хүү бөгөөд хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын явцад өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн болох нь түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааr шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан байна. Шүүгдэгч Г.У болон өмгөөлөгч миний бие нь анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 05 сар хорих ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/475 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Г.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүх Г.У-ын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгч шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас ял тэнсэж өгнө үү гэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэхгүй. Анхан шатны шүүх шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид оногдуулсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Г.У нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны оройн 20 цаг 40 минутын үед ... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны ... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, Дельта-9 тетрагидроканнабинол /Delta 9 tetrahydrocannabino/-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 39.1944 грамм хэмжээтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 70/1 дүгээр байрны 28 тоотод 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, нэгжлэгийн ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зураг /1 хх 9-12/,
Г.У-ын биед 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зураг /1 хх 13-16/,
Г.У-ын биеэс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр биологийн дээж авч сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 17-19/,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №330 дугаар хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол /1 хх 23-24/,
Мөрдөгчөөс эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоол /1 хх 25/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №5803 дугаар дүгнэлт, гэрэл зураг /1 хх 37-40/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №5800 дугаар дүгнэлт, гэрэл зураг /1 хх 43-45/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №1035 дугаар дүгнэлт /1 хх 48-49/,
гэрч Г.Б-ийн “...Миний хүү У 1999 оны 01 дүгээр сарын 05-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд айлын 2 дахь хүү болж мэндэлсэн. ...Одоо надтай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 77/1-28 тоотод хамт амьдарч байгаа. Эхнэр, хүүхэдгүй. Аав нь Уыг 5 настай байхад нь салсан. У одоо ресторанд зөөгч хийж байгаа. Миний хүү зан чанарын хувьд өөрөө эртнээс бие даасан, халамжтай, би ээлжийн ажилтай тул гэрийн ажилд оролцоод байдаггүй. У гэрээ цэвэрлэж, хоол ундаа хийдэг, халамжтай, цэвэрч нямбай, 10 жилдээ хичээлдээ сайн сурдаг байсан. ... Архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг, тамхи бол татдаг. Миний хажууд ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Би мансууруулах бодисын талаар зурагт болон олон нийтийн сүлжээнээс л харж, сонсож байсан, өөр ямар нэгэн мэдлэг байхгүй. ...Миний хүү У хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нарт баригдсанаас хойш сэтгэл зүйн нэг л биш болж эхэлсэн. Байнга үхмээр байна, би одоо өнгөрсөн хүн, би хаашаа ч хамаагүй явмаар байна, та намайг явуулаад өгөөч, намайг сайхан нам унтуулаад өгөөч гэж сонин юм ярьж эхэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би гэртээ ганцаараа байсан чинь гаднаас У том пиво бариад ороод ирсэн, тэр пивоо задлаад уугаад эхэлсэн. Өмнө миний хажууд архи согтууруулах ундааны зүйл ууж байгаагүй. Ингээд пиво уугаад надад би үхмээр байна, би өнгөрсөн хүн, би одоо ямар ч эмчилгээ авахгүй, надад найз нөхөд, хамаатай садан байхгүй, танаас өөр хүн надад байхгүй гэж уйлаад дуулаад эхэлсэн. Тэгээд байж байснаа гэнэт гал тогооны тавилганаас хутга гаргаж ирээд зүүн гарын шуугаа зүсэж эхэлсэн, тэгээд цус нь гоожихоор нь би очоод цусыг нь тогтоох зорилгоор даавуугаар боосон чинь эсэргүүцээд би ингэж цусаа гоожуулаад үхээд өгье, та холд гэсэн. Тэгээд би гуйгаад арай гэж гарыг нь боосон. Тэгээд байж байснаа дахиад л сонин сонин юм ярьж эхэлсэн, нөгөө цус нь тогтохгүй гоожоод байхаар нь дахиад даавуугаар боосон чинь уурлаад эхлэхээр нь би 103 руу залгаж түргэн дуудсан. ... Хүн амьтан алаад, өөрийнхөө аминд хүрэхээс өмнө хуулийн байгууллага арга хэмжээ авч өгөөч. Надад хэцүү байна. Ганц хүүгээсээ айгаад байна. Цагдан хорьж юм уу албадан эмчилгээнд явуулж өгөөч. Бие болон хоёр гар, зүүн бөөрний хэсгүүд маань хөхөрсөн байна. Гэхдээ намайг арай ч цохиогүй. Зүгээр л түлхсэн. Тэгэхдээ хөхөрсөн юм шиг байна. ...” /1 хх 28, 31-33/,
сэжигтэн Р.Н-гийн “...Би Г.У-ыг танина. 2021 онд найзаараа дамжуулж танилцаж байсан. 2024 он хүртэл холбоогүй байж байгаад саянаас над руу залгаж эхэлсэн. Сүүлд уулзъя гэж байсан. Би Г.У-д мансууруулах бодис хар тамхи зарж байгаагүй, мөн өгч байгаагүй. Хамгийн сүүлд 21 дүгээр хороололд уулзсан, хэзээ гэдгээ санахгүй байна. Би ийм төрлийн гэмт хэрэгт 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял авч байсан. ...энэ гэмт хэргээс холб байгаа. ...У яагаад намайг ингэж цагдаагийн байгууллагад шалгуулж байгааг ойлгохйгү байна. ...” /1 хх 59-60/ гэсэн мэдүүлгүүд,
2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангаас хойшоо явах чигт автобусны буудал дээр хохирогч Б.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай эрүүгийн 2405048512259 дугаартай хэргийг 2402006990408 дугаартай хэрэгт нэгтгэсэн тогтоол /1 хх 94-95/,
Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /1 хх 101/,
хохирогч Б.О-оос 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэг ширхэг сидиг хэрэгт
хавсаргуулахаар өгснийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 155-156/,
2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сан гэх нэртэй үйлчилгээний байгууллагын гадна талын хяналтын камерын 02:37 секундийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зураг /1 хх 157-164/,
хяналтын камерын бичлэгийг эд баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2024
оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол /1 хх 102/,
хохирогч Б.О-ын “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 06 цаг 40 минутад Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ган зам соёлын урд талаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөхөөр нь авсан, гандан гэх газар очий гэхээр нь би уулзвараар буцаж эргэх гэсэн боловч чигээрээ яв би чамд 5000 төгрөг нэмээд өгчиж чадахгүй юм шиг харагдаад байна уу? гээд байхаар нь чигээрээ буюу 25 дугаар эмийн сангаар дээш өгсөөд явсан. Тухайн үл таних эрэгтэй хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай агсам тавьж, жолоочийн эсрэг талд суусан байсан тул миний нүүр хэсэгт 2 удаа алагдсан, миний баруун хавирга хугархай тул би хавиргаа цохиулчих байх гэж машинаа зогсоож өөрөө буусан. Тухайн эрэгтэй жолооч талаар ирж миний толгой дээр дэвсэж, цээж хэсэгт хөлөөрөө дэвсэж, нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Миний хамраас цус гарч доошоо тонгойж хөлөөс нь барьж яаралтай цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. ...” /1 хх 106-107/ гэсэн мэдүүлэг,
эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /1 хх 166/,
таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 153-154/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №14736 дугаар “...Б.О-ын биед хамар ясны баруун хажуу зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал, баруун нүд, шанаа, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, хүзүү, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. ...” /1 хх 127-128/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.У-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta 9 tetrahydrocannabino/-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 39.1944 грамм хэмжээтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг ... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны ... тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн хохирогч Б.О-ын эрүүл мэндэд нь “хамар ясны баруун хажуу зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал, баруун нүд, шанаа, хацар, эрүүнд зөөлийн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, хүзүү баруун чихэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай тус тус үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 35 хоногийн буюу 1 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Г.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч Р.Булганаас “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.
Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Г.У нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /Delta 9 tetrahydrocannabino/-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 39.1944 грамм хэмжээтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг ... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны ... тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгч Г.У-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Г.У-ын тус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 35 хоногийн буюу 1 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон.
Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Тодруулбал, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх, биечлэн эдлүүлэх дэглэм зэргийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.У-ын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/475 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ын цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР