Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА002017/00225

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00225

 

 

 Л.Уламбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/01038 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Уламбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Үндэсний аудитын газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 299 550 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 11 299 550 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Уламбаяр нь 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ерөнхий аудитороор томилогдон ажиллаж байгаад 2013 оны 1 сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5 214 849 төгрөгийг Монголын Үндэсний аудиторын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн тогтоолоор хэвээр баталсан. Дээрх шийдвэрийн дагуу Монгол Улсын ерөнхий аудитор 2013 оны 11 сарын 06-ны өдөр тушаал гарган Л.Уламбаярыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон боловч нөхөн олговор олгогдоогүй. Ийнхүү буцаж томилогдон 3 сар ажиллаж байтал Ерөнхий аудиторын 2014 оны 02 сарын 14-ний өдрийн 59 дүгээр тушаал гарч, дахин Завхан аймгийн Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлсөн. Дахин шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 23 162 774 төгрөгийг Үндэсний аудиторын газраас гаргаж олгохоор шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоол, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тоот гарч эцэслэн шийдвэрлэгдсэн.

Миний бие ажилгүй байх хугацаандаа ажилласан жилээ тасалдуулахгүй байх үүднээс сайн дурын даатгалд хамрагдан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа өөрөө төлж байсан. Удаа дараа үндэслэлгүй хууль бус тушаал гаргаснаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авч эд хөрөнгийн зардал гаргах үр дагаврыг үүсгэсэн. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 сарын 07-ны өдөр хүртэлх 5 сар 22 хоног ажилгүй байсан хугацааны олговор 8 299 550 төгрөг, зардал 3 000 000 төгрөг нийт 11 299 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Манай байгууллага улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдыг томилдог. Энэ талаар Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тус тус заасан байдаг.

Л.Уламбаярыг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж Монгол Улсын ерөнхий аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар томилсон. Мөн түүнд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 23 161 536 төгрөг олгож шийдвэрлэсэн. Улсын эдийн засгийн байдал хямдралтай, төсөв хөрөнгийн бүрдүүлэлт муу байгаагаас үүдэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч ойрын жилүүдэд шийдвэрлэж чадахгүй, хуульд заасан төлөвлөгөөт ажлуудаа ч бүрэн гүйцэт хийх боломжгүйд хүрч болзошгүй байна. Ийм байхад нэхэмжлэгч Л.Уламбаяр нь удаа дараа төрийн байгууллагаас ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж, татвар төлөгчдийн мөнгөнөөс өөрөө баялаг бүтээхгүй, ажил хийхгүй авч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь тухайн иргэний эрх бөгөөд хуульд заавал өмгөөлөгчөөр дамжуулж шүүхэд хандах шаардлага зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг хариуцагч Үндэсний Аудитын газраас урьд авч байсан дундаж тэнцэх олговорт 8 224 977 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Уламбаярт олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлээс 3 074 573 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1257 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Үндэсний аудитын газраас 146 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Үндэсний Аудитын газар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохгүй шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн тухайд: Хэргийн 21 дүгээр талд Л.Уламбаяраас Л.Жавзмаад олгосон итгэмжлэл нотлох баримтаар авагдсан байдаг бөгөөд уг итгэмжлэлд төлөөлөгч Л.Жавзмаад төлөөлүүлэгч Л.Уламбаяраас "...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд хэнд холбогдуулан /хариуцагчаар хэнийг тодорхойлох/, ямар шаардлага бүхий нэхэмжлэл гаргах..."талаар тодорхой заагаагүй, дурдаагүй байдаг. Түүнчлэн хэргийн 1-2 дугаар талд авагдсан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч Л.Уламбаяр бус түүний төлөөлөгч гэх Л.Жавзмаа гарын үсэг зурсан байдгаас үзвэл хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах хүсэл зориг Л.Уламбаярт байсан эсэх нь эргэлзээтэй байна.

Мөн нэхэмжлэгч гэх Л.Уламбаяр нь хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай "...2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны едрийг хүртэлх хугацааны цалин олговорт 23 161 536 төгрөг" олгож шийдвэрлэснийг байгууллагын зүгээс шийдвэрлэвэл дахин ажилгүй байсан хугацааны цалин, олговрын асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгээ илэрхийлсэн юм. ИХШХШТХ-ийн 32 дугаар зүйлд Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох боломжтой талаар зохицуулсан боловч уг зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт "Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно" гэх агуулгаар ойлгох юм. Иймд Иргэний хуулийн дээрх зохицуулалт болон дээр дурдсан нөхцөл байдлаас үзвэл Л.Жавзмаа Л.Уламбаярыг төлөөлөн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг хийсэн тухайд: Л.Уламбаярыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолоор ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон байдаг ба тухайн иргэний хэргийн материалд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хувь нотлох баримтаар авагдаагүй. Үүнийг нотлох баримтаар хэргийг материалд хавсаргах хүсэлтийг хариуцагчийн зүгээс ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн заалтыг үндэслэн гаргасныг шүүх хүлээж аваагүй болно. Түүнчлэн шүүх хуралдааны хурлын тэмдэглэл өнөөдрийг хүртэл гараагүй байгаа нь хариуцагчийн зүгээс гаргах гомдлыг хязгаарлаж байна. Иймд 182/ШШ2016/01038 дугаар шийдвэрийг хүчингийг болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Уламбаяр Завхан аймгийн Ерөнхий аудиторын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Мөн хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/00166 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 412 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Үндэсний Аудитын газраас ажилгүй байсан хугацааны цалин 23 161 536 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Уламбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Дээрх хугацаанаас хойш 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/79 тоот тушаалаар нэхэмжлэгч Л.Уламбаярыг Завхан аймгийн Аудитын газрын даргаар томилсон тул нэхэмжлэгч нь 5 сар, 15 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан тул энэ хугацаанд шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэлх ажилгүй байсан хугацаа хамаарах юм.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Уламбаяраас Л.Жавзмаад энэ хэрэгт итгэмжлэл олгогдсон эсэх талаар талууд маргаж байгаагүй, энэ хэрэгт олгосон итгэмжлэл нь өөр хэрэгт олгосон итгэмжлэл гэж эргэлзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх ба уг тогтоолд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар дүгнэсэн ба шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин шүүх Л.Уламбаяраас гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл-д хамаарч байхад улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлүүлсэн нь буруу боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хариуцагч Үндэсний аудитын газраас 146 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/01038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ