| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 182/2024/03381/И |
| Дугаар | 192/ШШ2025/09158 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/09158
2025 11 10 192/ШШ2025/09158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О
Хариуцагч: Т
Хариуцагч: Э
Гэрээний үүрэгт 74 812 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Н.О,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ББ
хариуцагч Д.Э
хариуцагчийн өмгөөлөгч А.З
нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.************ хариуцагч *******т холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ гэрээний үүрэгт 74 812 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар **********г оролцуулж, хариуцагч нараас 74 812 500 төгрөг гаргуулахаар шаардсан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.************ нь хамтран хариуцагч *******аас татгалзаж, хариуцагч **********гаас 74 812 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодруулж хариуцагч *******аас татгалзаж, хариуцагч **********гаас 74.812.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь Н.************, талийгаач ********** нар найз нөхдийн холбоотой. Талийгаач ********** нь хуваараа бизнес эрхэлдэг байсан торго, дурдан зарах бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Дэлгүүрт хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэг үндсэн дээр хэд хэдэн удаа Н.************гоос мөнгө зээлсэн байдаг. Талууд зээлсэн нийт өр төлбөрийг дүгнэж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нотариатаар тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу үндсэн төлбөрт 35 000 000 төгрөг шаардаж байгаа. Мөн гэрээний хэрвээ гэрээний графикт дурдсан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд болон хүүг гэрээнд зохицуулсан байдаг. Гэрээнд заагдсанаар 17 сарын хүү 14 875 000 хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа. Мөн гэрээнд заасны дагуу алданги 24 937 500 төгрөг гаргуулахаар тус тус шаардаж байна. 17 сарын хугацаанд нийт 2,5 хувийг талууд тохиролцсон, 0,2 хувиар алданги тус тус гэрээнд заасан байдаг. Иймд нийт хариуцагч **********гаас 74 812 500 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хүү ******* нь талийгаач ээж **********ийн өвийг хүлээн авахаас татгалзаж, улмаар түүний өвийг талийгаачийн дүү ********** авсан байдаг тул хууль ёсны өвлөгч болох **********гаас талийгаачийн төлөх ёстой зээлийн төлбөрийг шаардаж байна гэв.
2. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарыг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тодруулбал 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүсэж байгаа ч нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргадаг. Шаардах эрх үүссэнээс хойш 3 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа. Нэхэмжлэгч талаас хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой баримт гаргаж өгдөг. Тэрхүү баримтад шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал харагдаагүй. Хүсэлтэд дурдахдаа 2023 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн гэдэг боловч хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусдаг. Мөн эмчилгээтэй холбоотой баримтуудыг харвал 2018 оноос эхэлж ихэнхдээ шинжилгээ өгсөн, шинжилгээний баримтууд хэрэгт байдаг. Энэ хугацаанд шаардлага гаргах бүрэн эрхтэй байсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн. Зээлийн гэрээг харвал хариуцагч 35.00.000 төгрөг бүхэлд нь авсан уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал үүсдэг. 15.000.000 төгрөг дансаар орсон, хэрэгт цугларсан баримтаас харвал 20.000.000 төгрөг зээлээр авсан байдаг. 2019 оны 02 дугаар сарын 29-ны өдөр өмнө гараар бичээд зээл авч байснаа баталгаажуулж нотариат орсон үйл явдал байдаг. Үүнийг яагаад ярьж байгаа вэ гэвэл хариуцагчийн амьд сэрүүн байхад нэхэмжлэл гаргахгүй, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй явж байгаад нас барсныхан дараа гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Хэрэв хариуцагчийг амьд байхад нь нэхэмжлэл гаргасан бол гэрээнүүдийн утга учир болон 15.000.000 төгрөг дансаар авсан, аваагүй талаар илүү тодорхой болох байсан. Гэтэл үүнийг мэдсээр байж зээл өгснөөс хойш олон жил өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь эргэлзээтэй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт итгэмжлэл, 2019.11.15-ны өдрийн **** дугаар тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2018.07.20-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны зээлийн гэрээ, 2019.02.21-ний өдрийн *** дугаар зээлийн гэрээ, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2024.09.17-ны өдрийн **** дугаар өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, 2023.03.21-ний өдрийн эмнэлгийн бичиг, Фиброскан шинжилгээний хариу, зүрхний хэв авиан шинжилгээний протокол, лабораторийн шинжилгээний хариунууд зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 4-11, 33-34, 2-хх-ийн 57-58, 62-147, 167/
4. Хариуцагчаас хэрэгт итгэмжлэл, хариу тайлбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.11.04-ний өдрийн ******** дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, 2024.12.12-ны өдрийн***** дугаар худалдах, худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2025.01.06-ны өдрийн ***** дүгээр компаний эрх шилжүүлэх гэрээ, 2025.01.06-ны өдрийн**** дугаар худалдах, худалдан авах гэрээ, зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 17-20, 162-175/
5. Шүүх талуудын хүсэлтээр Монголын нотариатчдын танхимын 2024.09.30-ны өдрийн **** дугаар албан бичиг, 2024.10.21-ний өдрийн *** дугаар албан бичиг, 2025.02.14-ний өдрийн *** дугаар лавлагаа, Монголын нотариатчдын танхимын гишүүн, Нийслэлийн тойргийн нотариатч *******ийн 2025.02.24-ний өдрийн ***** дугаар албан бичиг, 2024.10.07-ны өдрийн **** дүгээр өв хүлээн авах хүсэлт, 2024.11.04-ний өдрийн ********** дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нотариатчдын танхимын 2025.05.02-ны өдрийн *** дугаар албан бичиг, нотариатч *******ийн 2025.05.30-ны өдрийн албан бичиг, бүртгэлийн хуудас, 2024.11.02-ны өдрийн *********, ********** дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын нэгж талбарын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм, 2024.10.07-ны өдрийн **** дүгээр өв хүлээн авах хүсэлт, 2024.09.17-ны өдрийн **** дугаар ав хүлээн авах хүсэлт, **********гийн 2024.11.02, 2024.11.04-ний өдрийн хүсэлт, Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын 2024.09.06-ны өдрийн **** дүгээр албан бичиг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021.12.24-ний өдрийн 1**** дугаар тогтоол, оршин суугаа газрын тодорхойлолт, өв хүлээн авахаас татгалза хүсэлт, өрхийн бүртгэлийн хуулбар, М банк ХК-ийн 2025.06.17-ны өдрийн ****дүгээр албан бичиг, Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2025.06.23-ны өдрийн **** дугаар албан бичиг, дансны хуулга, Төрийн банк ХК-ийн 2025.06.26-ны өдрийн****дугаар албан бичиг, дансны хуулга, Транс капитал ХХК-ийн 2025.06.19-ний өдрийн ***** дугаар албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2025.07.03-ны өдрийн ***** дугаар албан бичиг, Капитрон банкны 2025.06.18-ны өдрийн ********* дугаар албан бичиг, Чингис хаан банкны ***дугаар албан бичиг, Хасбанкны 2025.06.18-ны өдрийн ***** дугаар албан бичиг, дансны хуулга, Голомт банкны 2025.06.17-ны өдрийн *** дугаар албан бичиг дансны хуулга, Хаан банкны 2025.06.16-ны өдрийн ****дүгээр албан бичиг, дансны хуулга, Богд банкны 2025.08.19-ний өдрийн **** дугаар албан бичиг, Ариг банкны 2025.08.15-ны өдрийн албан бичиг, дансны хуулга, Тээвэр хөгжлийн банкны 2025.09.22-ны өдрийн *** дугаар албан бичиг, Чингис хаан банкны 2025.09.19-ний өдрийн *** дугаар албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2025.09.22-ны өдрийн *** дугаар албан бичиг, дансны хуулга, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2025.09.22-ны өдрийн **** дүгээр албан бичиг, Голомт банкны 2025.09.22-ны өдрийн**** дугаар албан бичиг, дансны хуулга, Хасбанкны 2025.09.22-ны өдрийн *** дугаар албан бичиг, дансны хуулга, Капитрон банкны 2025.09.19-ний өдрийн 37***** дугаар албан бичиг, дансны хуулга, Ариг банкны 2025.09.22-ны өдрийн ***** дугаар албан бичиг, Төрийн банкны 2025.09.26-ны өдрийн ***** дугаар албан бичиг, дансны хуулга, М банкны 2025.09.22-ны өдрийн **** дугаар албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2025.09.30-ны өдрийн ****дугаар албан бичиг, хавсралт, дансны хуулга, Богд банкны 2025.10.03-ны өдрийн ***** дугаар албан бичиг, Хаан банкны 2025.09.22-ны өдрийн ***** дугаар албан бичиг, дансны хуулга зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх-ийн 46, 58, 68, 95-100, 176-207, 223-250, 2-хх-ийн 1-47, 50-52, 167-250, 3-хх-ийн 1-44/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.************ хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Талийгаач **********тэй найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд бид хоорондоо мөнгө өгч, авч зээлдүүлдэг байсан. ********** нь хорт хавдар тусаж улмаар зээлсэн нийт өр төлбөрийг дүгнэж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нотариатаар тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу үндсэн төлбөрт 35 000 000 төгрөг шаардаж байгаа. Мөн гэрээний хэрвээ гэрээний графикт дурдсан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд болон хүү, алдангийг гэрээнд зохицуулсан байдаг. ********** нь 2023 оны 10 сарын 09-ний өдөр нас барж, улмаар түүний төрсөн дүү ********** түүний өвийг хүлээн авсан тул дээрх 35 000 000 төгрөгийг, хүү 14 785 000 төгрөг, алданги 24 937 500 төгрөг, нийт 74 812 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие энэ хугацаанд элэг солиулах хагалгаанд 2 удаа орсон бөгөөд биеийн эрүүл мэндийн шалтгаанаас дээрх төлбөрийг нэхэмжилж чадахгүй өдийг хүрсэн. гэж тайлбарласан.
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тодруулбал 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүсэж байгаа ч нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргадаг. Шаардах эрх үүссэнээс хойш 3 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Зээлийн гэрээг харвал хариуцагч 35.00.000 төгрөг бүхэлд нь авсан уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал үүсдэг. 15.000.000 төгрөг дансаар орсон, хэрэгт цугларсан баримтаас харвал 20.000.000 төгрөг зээлээр авсан байдаг. 2019 оны 02 дугаар сарын 29-ны өдөр өмнө гараар бичээд зээл авч байснаа баталгаажуулж нотариат орсон үйл явдал байдаг. Үүнийг яагаад ярьж байгаа вэ гэвэл хариуцагчийн амьд сэрүүн байхад нэхэмжлэл гаргахгүй, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй явж байгаад нас барсныхан дараа гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Хэдийгээр ********** нь өвлөгч боловч өвлөн авсан хөрөнгийн хэмжээ нь тодорхойгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Нэхэмжлэгч Н.************ талийгаач *********** нарын хооронд 2019 оны 11 сарын 15-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээний 2.1-т талууд 2018.07.20-нд 5 000 000 төгрөг, 2018.12.20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2019.02.21-ний өдөр 15 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг, 2019 оны 8 сараас эхлэн сар бүрийн 2,5 хувийн хүүтэй, 2020 оны 12 сарын 31-нээс хойш 3 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувиар алданги тооцохоор тохирч, гэрээний 3.2-т зааснаар үндсэн зээл болох 35 000 000 төгрөгийг 2020.12.31-ны дотор төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулж, нотариатч гэрчилсэн байх ба уг гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй байна./хх-ийн 5, 6/
5.2 Талууд дээрх гэрээг байгуулахдаа өмнө бичгээр байгуулсан гэрээг үндэслэсэн байх ба хэрэгт дээрх гэрээнүүдийг, нэхэмжлэгч Н.************гийн Хаан банкны дансны хуулгыг ирүүлсэн, дээрх гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан байна./хх-ийн 7-11/
6. Зээлдэгч ********** нь 2023 оны 10 сарын 09-ний өдөр нас барж, нас барсны бүртгэлийн ***** дугаар бүртгэгдсэн байх ба улмаар түүний хууль ёсны өвлөгч ******* нь 2024 оны 09 сарын 17-ны өдөр өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гаргаж, өөрт ноогдох хэсгийн өвлөх эрхийг ээж **********ийн дүү **********д өвлүүлэхийг зөвшөөрсөн байна. /хх-ийн 33/
6.1 Үүний дараа буюу 2024 оны 10 сарын 07-ны өдөр ********** нь өв хүлээн авах хүсэлтийг гаргаж, 2024 оны 11 сарын 02-ны өдрийн ********* дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр**********, 99415м.кв талбайтай газрын эзэмших эрхийг, *** аймгийн ******** 4-р, ********, бараатын уулын зүүн талд, 30000м.кв талбайтай газрын эзэмших эрхийг, *** аймгийн ******** 4-р, ********, их оорцог уулын ард, 99977м.кв талбайтай газрын эзэмших эрхийг, 2024 оны 11 сарын 04-ний өдрийн ********** дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр ******** ХХК-ийн 100 хувийн хувьцааг, ******** ХХК-ийн 100 хувийн хувьцааг тус тус өвлөн авсан болох хэргийн баримтаар тогтоогдож байна./хх-ийн 179-207/
6.2 Хариуцагч ********** нь дээрх 3 газар болон 2 компанийг талийгаач **********ээс өвлөн авсан үйл баримтын талаар маргаагүй хэдий ч тухайн хөрөнгүүдийн үнэ тодорхойгүй тохиолдолд, өрийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь дараах үндэслэлгүй байна.
7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар талийгаач **********ийн төрсөн хүү ******* өв хүлээн авахаас татгалзсанаар талийгаачийн төрсөн дүү ********** нь өвлөх хууль ёсны өвлөгч болсон байна.
7.1 Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлөгчийн үүргийг хүлээнэ. гэж, мөн хуулийн 535.1-т Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг өвлөгчөөс шаардах эрхтэй байна.
8. Талуудын байгуулсан гэрээний шаардах эрхийн тухайд хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн байдлаас болж нэхэмжлэлээ гаргаж чадахгүй байсан гэдэг нь үндэслэлгүй гэж маргаж байх боловч шүүх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
8.1 Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний хугацаа 2020.12.31-ний өдөр гэрээний хугацаа дуусаж, улмаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа дуусахаас өмнө буюу зээлдэгч ********** нь 2023 оны 10 сарын 09-ний өдөр нас барсан байх ба нэхэмжлэгч нь энэ хугацаанд зээлийн гэрээний үүрэг шаардах боломжгүй нөхцөл үүссэн нь байна.
8.2 Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь талийгаач **********ийн хүү *******т холбогдуулан дээрх гэрээний үүргийг шаардаж, 2024 оны 05 сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хуульд зааснаар талийгаач **********ийн өв 2024 оны 10 сарын 09-ний өдөр нээгдснээр хууль ёсны өвлөгч **********д холбогдуулан шаардлага гаргасан нь зэрэг нь нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаандаа гаргасан, хууль зөрчөөгүй гэж шүүх үзэв.
9. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн төлөөлөгч хэрэгт 15 000 000 төгрөгийг 2018.12.19-нд шилжүүлсэн баримт, 5 000 000 төгрөгийг 2018.07.20-ны өдөр шилжүүлсэн баримтууд байдаг хэдий ч 15 000 000 төгрөгийг хэрхэн өгсөн талаар баримт байхгүй гэж маргадаг.
9.1 Хавтаст хэргийн 9-р талд авагдсан 2019.02.21-ний өдрийн Зээлийн гэрээний 3.4-т бэлнээр 15 000 000 төгрөгийг 2019-02-21 өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн. Хүлээн авсан ********** гэж гарын үсэг зурж, 20.000төг х7500 =15.000.000төг гэсэн нь дээрх зээлийн мөнгийг хариуцагч бэлнээр авсныг нотолсон баримт байна.
10. Эдгээрээс дүгнэхэд талуудын байгуулсан зээлийн гэрээгээр тохирсон хүү, алдангийн тооцоолол тодорхой бус байх тул шүүх үндсэн зээлийн төлбөр 35 000 000 төгрөгийг хариуцагч **********гаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********гаас 35 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.************д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 39 812 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.************ хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********гаас улсын тэмдэгтийн хураамжид 332 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.************д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ