| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2403008270981 |
| Дугаар | 2025/ДШМ/539 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/539
2025 05 08 2025/ДШМ/539
Б.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Амарзаяа,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/481 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Я.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2403008270981 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
........ овгийн ....-ын Г, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...... төрсөн, э..эгтэй, ...боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... нарын хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:............/;
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 07 цаг 59 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Сөүл эмнэлгийн урд замд “Toyota Camry” маркийн ..-.. ...-ын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн дарааллын тэмдгийн 3.5-т заасан “Зогсохгүй явах хориотой” хөдөлгөөний зохицуулгагүй үед “Зогс, шугам” тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Б.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар Б.Г нь тогтоосон хугацаанд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Миний зүгээс шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч гэм бурууг хүлээн зөвшөөрч үйлдсэн алдаагаа бүрэн ухамсарлаж, дахин ийм зүйл гаргахгүй байхаар анхаарал болгоомжтой өөрийгөө засах чин эрмэлзэлтэй байна.
Би ам бүл 8, аав, ээж, 4 дүү, өвөөгийн хамтаар амьдардаг, тусдаа гараагүй ганц бие ээж юм. Одоо би 7 сартай жирэмсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 10-нд төрөх товтой байгаа. Одоогоор маш их хордлоготой, хаван болон тонус ихтэй анхны хүүхэд алдаж магадгүй дутуу төрөх эрсдэлтэй гэсэн тул ажил хийх боломжгүй хэвтрийн дэглэм сахиж гэртээ байх хэрэгтэй болсон. Энэхүү эрүүл мэндийн чухал ноцтой шалтгаанаас үүдэн шүүхээс тогтоосон ял шийтгэлийг барагдуулж чадахааргүй байгаа минь туйлын үнэн. Санхүүгийн тал дээр ар гэрээс хараат амжиргааны мөнгө, ахуйн хэрэглээ, эрүүл мэндийн хэрэгцээт мөнгө болон хохирогчид учруулсан хор уршгийн хохирол барагдуулахад хувь хүн болон Банк бус санхүүгийн байгууллагаас авсан өр зээлийн төлбөр, мөнгөний ачаалал дарамт их байгаа учир намайг ойлгон харж үзээсэй гэж хүсэж байна.
Би гаргасан алдаандаа чин сэтгэлээсээ гэмшиж дахин ийм хайхрамж болгоомжгүй байх тал дээр сайтар анхаарах болно. Дээрх шалтгаануудаас үүдэн надад оногдуулсан торгох ялыг дахин хянаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Я.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөгийн хохирлыг, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн 199.163 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийг төлж барагдуулсан.
Б.Г нь 4 дүү, аав, ээж, өвөөгийн хамт амьдардаг. Одоо Б.Г нь 7 сартай жирэмсэн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрөх ганц бие ээж юм. Б.Г нь одоогоор маш их хордлоготой, хаван ихтэй, дутуу төрөх эрсдэл ихтэй байгаа учраас ажил хийх боломжгүй хэвтрийн дэглэм сахиж гэртээ байгаа. Б.Г нь төрсөнийхөө дараа хүүхдээ ганцаараа асарч нэг хэсэг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох ба одоо аав, ээжийнхээ асрамжинд амьдарч байгаа. Б.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.О нь Б.Г-аас өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны тойрогийн шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа, явган хүний гарцаар гарч байсан зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Хэдийгээр уг гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн боловч явган хүний гарц ойртсон үед хурдаа хасах ёстойг мэдэж байх учиртай. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос Б.Г-ыг 2.700.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах санал гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялыг хүлээн зөвшөөрч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналыг гаргасан. Анхан шатны шүүх 2.700.000 төгрөгөөр торгож, өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 07 цаг 59 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Сөүл эмнэлгийн урд замд “Toyota Camry” маркийн ..-.. ...-ын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн дарааллын тэмдгийн 3.5-т заасан “Зогсохгүй явах хориотой” хөдөлгөөний зохицуулгагүй үед “Зогс, шугам” тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Б.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх 3/,
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/,
хохирогч Б.О-ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өглөө Соёлын төв өргөөн дээр ажилтай байсан тул би 07 цаг 20 минутын үед Сөүл эмнэлгийн зүүн талд байдаг хөгжмийн оффис дээрээсээ гараад “Go to” маркетын урд талын замаар буюу Сөүл эмнэлгийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээрээ хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байтал зорчих хэсгийн миний зүүн талаас нэг машин хурдтай ганцаараа ирээд миний зүүн талаас мөргөсөн. Тухайн үед машин хүрээд ирэхээр нь би яахаа мэдэхгүй зогстол машин намайг мөргөөд би машины копут дээр нь хоёр гараараа тулаад байхад машин зогсохгүй яваад намайг мөргөөд би газар унасан. ...” /хх 13/ гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12885 дугаар “...1. Б.О-ийн биед баруун шагай ясны сэлтэрсэн хугарал, тавхайн чигчий хурууны өлмий ясны зөрүүгүй хугарал, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 54-56/ гэсэн дүгнэлт,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 62-65/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б гаргасан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1768 дугаар “Мөрдөгчийн магадлагаа” /хх 68/, шүүгдэгч Б.Г-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг 16.1, 3.5-т заасныг зөрчиж явган зорчигчийг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүгдэгч Б.Г-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн дарааллын тэмдгийн 3.5-т заасан “Зогсохгүй явах хориотой” хөдөлгөөний зохицуулгагүй үед “Зогс, шугам” тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Б.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Г-аас “...оногдуулсан торгох ялыг дахин хянаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Я.Энхжаргалаас “...Б.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.О нь Б.Г-аас өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны тойрогийн шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэж хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэх нөхцөл байдлыг иш татсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Г-д торгох ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Я.Энхжаргалын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР