| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2536000000015 |
| Дугаар | 21 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 21
2025 05 06 2025/ДШМ/21
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн ******* холбогдох эрүүгийн 2536000000015 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 17-нд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******од оршин суух, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 240 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан, ******* ******* ******* *******гийн Баянхүү.
2. Шүүгдэгч С.Баянхүү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтуургаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ
3.Ховд аймгийн прокурорын газраас С.Баянхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ******* ******* *******гийн Баянхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******гийн Баянхүүг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Шүүгдэгч С.Баянхүү нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.5 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,
4.6 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
4.7 Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь тэнсэнтэй байх хугацаандаа эрхийн үнэмлэхгүйгээр дахин согтуугаар тээврийн хэрэгсэлд жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгч С.Баянхүүгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулахгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасан байхад шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй байна.
Монгол Улсын их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол" гэж нэмж тусгасан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлд "Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж заасан байгаа. Хуулийн үзэл баримтлалын хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэл нь сүүлийн жилүүдэд огт буурдаггүй. Зөрчлөөр арга хэмжээ авч байгаа ч боловч хүний эрүүл мэнд амь насанд ноцтойгоор нөлөөлж байгаа учраас энэ зөрчлийг дахин давтан гаргаад байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг болгож, түүнд оногдуулах ял шийтгэлийг чангатгах үзэл баримтлалаар хууль батлагдсан.
Шүүгдэгч С.Баянхүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийтгүүлснээс хойш 3 сар 9 хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ялтай байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нь түүний хувийн байдлыг дүгнэх хүчин зүйл болж байхад анхан шатны шүүх дүгнэж үзэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч нь гэм буруугийн холимог хэлбэрээр хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Дээрх зүйл заалтаас өөрийн хууль бус үйлдлийг мэдсээр байж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхаар тусгажээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учраагүй байхад шүүх болгоомжгүй гэмт хэрэг гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд С.Баянхүү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон нь тухайн үйлдэлдээ санаатай хандсаныг агуулж байна.
Шүүгдэгч С.Баянхүү нь нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн, санаатай гэмт хэрэгт тооцох бүрэн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй төдийгүй түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл, шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулна" гэсэн заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй байна.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч ******* холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэхгүй орхигдуулсан нь 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэсэн зөрчилд хамаарах тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
1. Шүүгдэгч С.Баянхүү нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант ******* нутаг дэвсгэрт согтуугаар буюу 1,11 хувийн согтолттойгоор 54-55 ХОЕ улсын дугаартай Пробокс загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Баянхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүх “шүүгдэгч С.Баянхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
3. Прокурор эсэргүүцэлдээ “шүүгдэгч С.Баянхүү нь тэнсэнтэй байх хугацаандаа эрхийн үнэмлэхгүйгээр, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулахгүй орхигдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлаж хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
3.1 Шүүгдэгч С.Баянхүү нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.
Гэтэл тэрээр тэнссэн хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант ******* нутаг дэвсгэрт согтуугаар буюу 1,11 хувийн согтолттойгоор 54-55 ХОЕ улсын дугаартай Пробокс загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна.
3.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна.
Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд санаатай, шууд бус санаатай гэж ангилах бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн бол шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.
Шүүгдэгч С.Баянхүү нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял авсан байна.
Энэ шийтгэх тогтоол 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болж Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хяналтанд авагдсан байна.
Иймд шүүгдэгч С.Баянхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар буюу 1,11 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг “гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Баянхүүгийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь хууль бус гэдгийг ухамсарлаж мэдсээр байж 1.11 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт санаатай гэмт хэрэгт тооцохоор байна.
3.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч С.Баянхүүгийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн шинжийг дүгнэж бичээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэм хэмжээг тайлбарлаж хэрэглээгүй байна.
4. Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” алдааг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
5. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2.9-т “шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй" гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт "шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх” талаар шийдвэрлээгүй орхигдуулсныг цаашдаа анхаарах нь зүйтэй.
6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх талаар заагаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” мөрдөгчийн тогтоолоор шүүгдэгч ******* авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ