Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1037

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч П.Д, шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э овогт М.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806011910807 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   1. Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч М.М нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Сот 11-3-н задгайд оршин суух Л.Н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авсан,

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Сот 11-3-н задгайд оршин суух Л.Н гэрт нэвтэрч эд зүйл хулгайлаад зугатаах үед нь барих гэж ноцолдож байсан Л.С цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-10, 11-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Н хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-н 24-28/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.С хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-н 31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Хүрэлбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 34/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 47-48/, мөрдөн байцаалтын шатанд М.М өгсөн мэдүүлэг /хх-н 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгээс  М.М нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Сот 11-3-н задгайд оршин суух Л.Н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авсан, мөн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Сот 11-3-н задгайд оршин суух Л.Н гэрт нэвтэрч эд зүйл хулгайлаад зугатаах үед нь барих гэж ноцолдож байсан Л.С цохиж биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч М.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.М 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Л.Н гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлийг нь авсан,

мөн өдөр Л.Н  эд зүйл хулгайлаад зугатаах үед нь барих гэж ноцолдож байсан Л.Солонгыг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл  учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Н өгсөн: “...Гэрийн зүүн талын модон орон дээр байсан бор шаргал өнгийн арьсан цүнхэн дотор байсан косметик буюу гоо сайхны сав, арьсан түрийвчийг ил гаргаж тавьсан бөгөөд гоо сайхны цэнхэр уутанд байсан шигтгээ нь унасан 3,4 гр-тай монетан бөгж, 4 гр орчим англи түгжээтэй талсттай өрөөсөн ээмэг, 3 гр жинтэй дотроо цагаан циркон шигтгээтэй хүзүүний зүүлт буюу монетан кулон алдагдсан ба сорьцийг нь хэлж мэдэхгүй байна. Бөгжөө 255.000 төгрөг, өрөөсөн ээмгээ 300.000 төгрөгөөр, кулоноо 225.000 төгрөгөөр үнэлж байна. Түрийвчин дотор байсан 25.000 төгрөг буюу 20.000 төгрөгийн дэвсгэрт 1ш, 5.000 төгрөгийн дэвсгэрт 1ш байсан нь алга болсон байна. Мөнгөний сериал дугаарыг нь мэдэхгүй. Тэр залуу зугтаах гээд байхаар нь Солонго гарнаас нь зулгаагаад байсан чинь шууд нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод аван лээ, харин би бас баруун гарнаас нь зуурсан бөгөөд намайг бол яг цохиогүй. Харин зууралдаж байх явцад миний зүүн гарны тохой хэсэг жоохон эвгүй болсон байна лээ. 2 гарын сарвуу шуугаар хөхөрч зулгарсан байна лээ” гэх мэдүүлэг /хх-н 24-28/, 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.С өгсөн: “..Баянзүрх дүүргийн 19-р хороо СОТ-н 11-3 задгай тоотод манай эгч Н байдаг бөгөөд манайх яг хажуугынх нь байшинд амьдардаг юм. 2018 оны 02 сарын 06-ны өдөр орой 18 цаг өнгөрч байхад эгч Наранчимэг манай гэрээс гараад гэртээ орлоо гээд явсан. Ингээд гараад удалгүй манай байшингийн цонхыг тогшихоор нь гараад очсон чинь эгч Наранчимэг “...манай гэрийн цоож байхгүй байна. Гэрт хулгай орчихсон юм шиг байна, 2-уулаа оръё” гэхээр нь би “...орж болохгүй, гадаа нь хүлээж байсан нь дээр гээд гаднаас нь ямар хүн байгаан бэ гараад ир” гэсэн чинь 1 согтуу залуу “...юу болсон юм, яав гээд гэрээсээ гарч ирж байгаа юм шиг кармаандаа гараа хийчихсэн гарж ирэхээр” нь би шууд энгэрээс нь барьж аваад “...чи юу авсан” гэсэн чинь “...Пиздагийн ялыг би үүрэх болчихлоо” гээд худлаа жүжиглээд байсан. Ингээд би тэр залууг алдахгүйн тулд тэр залуутай нилээн ноцолдсон бөгөөд тэр залуу миний гарыг тавиулах гээд миний хөл рүү 2,3 удаа өшиглөсөн. Ингээд миний гараас мултраад хашаа давах гэхээр нь өмднийх нь тэлээнээс нь араас нь татсан чинь эргэж хараад миний нүүр рүү цохиод миний толгой манараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-н 31/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Х өгсөн: “....2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд би гэртээ орох гээд явж байсан чинь манай дүү Солонго над руу залгаад “Наранчимэгийн гэрт хулгай орчихсон байна, хулгайчийг нь бариад авчихлаа, энэ хүнийг алдах гээд байна” гэхээр нь гараад очсон бөгөөд манайх Наранчимэгийнх хоёр 1 гудамны наана, цаана байдаг юм. Ингээд би нарийн гудмаар Наранчимэгийнх руу гүйж явсан чинь өөдөөс 1 согтуу залуу зугатаагаад гараад ирсэн бөгөөд Наранчимэг, Солонго 2 араас нь гүйж байсан. Ингээд барьж аваад гудамжинд нөгөө хулгай хийсэн залууг чирж оруулсан. Тухайн үед харанхүй болж байсан бөгөөд гадаа хүйтэн байсан учраас тэр залууг чирж оруулсан. ...Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 34/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар М.М  өгсөн: ...Би одоо эхнэртэй болсон бөгөөд манай эхнэр М нь одоо 5 сар 15 хоногтой жирэмсэн. Одоо амьдралаа цэгцлэх гэж байгаа учир бага ял оноож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-н 75/,

 хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 47-48/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч М.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна гэж үзэв.  

   Шүүгдэгч М.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.   

Шүүгдэгч М.М нь хохирогч Л.Н 680.200 төгрөгийн хохирол төлбөртэй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Өөрөөр хэлбэл шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах явцдаа хохирогч нарт баригдаж, зугтах үедээ дээрхи хохирлыг учруулсан байх боломжтой гэж дүгнэв.

Улсын яллагч яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгтээ завдах гэж дурдаагүй атлаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зүйлчилсэн болохыг дурдав.

Шүүгдэгч М.М ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.