Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 946

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Знарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Б.З холбогдох эрүүгийн 1806 0495 71175 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.З

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Знь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 01 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр “Нүүдэлчин” хоолны газарт маргаан үүсгэж, хамгаалагч Э.Бат-Эрдэнийн нүүрэнд мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Знь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 24 цагаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Нүүдэлчин хоолны газар хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан.”… нүдний шилтэй эрэгтэй аяга унагаагаад хагалсан. Тэгсэн хамт явж байсан эмэгтэй хоолны газрын ажилтнаас “уучлаарай аяга хагалчихлаа үнэ хэд вэ” гэж асуусан. Би ширээний хажууд очиж зогсоод аяга 1000 төгрөг гэж хэлсэн чинь аяга хагалдаг залуу хажуу талын ширээнд сууж байсан хоёр залуугийн нэг нь хэлчихлээ гэж бодоод уг 2 залуу руу уурлаад тэр 2 залуу руу дайрч эхэлсэн. …ингээд зодоон нэлээн үргэлжилсэн. Намайг зодооныг салгаж байхад анх зодооныг эхлүүлсэн нүдний шилтэй залуу миний хамар луу мөргөсөн. Өөр намайг цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Гэрч С.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… Зууралдаад түлхэлцэж байсан. Бид нарын маргааныг уг хоолны газрын хамгаалагч залуу дундуур салгаж байсан. Салгаж байхад миний найз Зоригт хамгаалагч залууг нэг удаа нүүр лүү нь мөргөсөн …” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Н.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...”Надад хамаагүй учраас би нэг их анхаарал тавилгүй хоолоо идээд сууж байхад уг хүмүүс тооцоогоо хийх гээд зөөгчийг дуудаад хагалсан аяга хэдэн төгрөгний үнэтэй вэ гэж асуухад 1000 төгрөг гэж  “Нүүдэлчин” хоолны газрын хамгаалагч хариулсан. Тэр үед аяга хагалсан нүдний шилтэй залуу намайг дуугарлаа гэж андуураад над руу уурлаж эхэлсэн. Над руу уурлахаар нь би бас хариуд нь өөдөөс нь уурлахад хажуугаар гарч явсан нүдний шилтэй залуутай хамт явж байсан залуу шууд миний баруун талын толгой хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед суудлаасаа шалан дээр унасан. Би шалан дээр унаад шууд биеэ хамгаалсан байдалтай хэвтэхэд миний дээрээс  намайг цохиж унагаасан залуу цохиж байсан. Тэр үед миний найз Тэгшболд уг залууг  салгаж холдуулахад миний дээр анх надтай маргалдсан нүдний шилтэй залуу ирээд миний нуруу руу гараараа цохисон. Намайг цохисныхоо дараа намайг босгох гэж боосон. Би биеэ хамгаалах гэж гарнаас нь хазсан. Тэр үед “Нүүдэлчин” хоолны газрын хамгаалагч ирээд нүдний шилтэй залууг татаж салгахад хамгаалагчийг нүдний шилтэй залуу нүүр рүү нь мөргөсөн. Намайг Тэгшболд татаж босгохоор нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Змөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зөөгчийг  нь дуудаад тооцоогоо хийе гэж хэлээд зөөгчийг дуудаад тооцоогоо хийж байхад хажуу талын ширээнд сууж байсан үл таних 2 залуугийн нэг нь надад хандаж юм хэлэх шиг болсон. Би юу гэнэ ээ гэж лавшруулан асуухад түүнээс болоод маргаан болсон. Үүнээс болоод бид нар хоорондоо зууралдаж эхэлсэн. Би тухайн үйл явдлыг сайн санахгүй байна. Бид нар зууралдаад байж байхад уг хоолны газрын хамгаалагч дундуур орж ирээд салгаад намайг бариад авсан. Ингээд зодооныг 2 тийш салгаад бид нар салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 08ы өдрийн шинжээчийн ¹7148 “Э.Бат-Эрдэнийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо… хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Знь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 01 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр “Нүүдэлчин” хоолны газарт маргаан үүсгэж, хамгаалагч Э.Бат-Эрдэнийн нүүрэнд мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.З прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Знь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Э.Бат-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Зоригтыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Ө овогт Б.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Знь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА