| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/04092/И |
| Дугаар | 192/ШШ2025/08366 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/08366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 2004 онд “Нефтьчин” СӨХ-нд үйлчлэгчээр ажилд орж 2010 он хүртэл ажилласан. Сард 350,000 төгрөгийн цалин бэлэн мөнгөөр авдаг байсан. Ийнхүү ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас тогтоох боломжгүй гэж нийгмийн даатгалын байгууллагаас тайлбарласан. Иймд 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Нефтьчин” СӨХ-нд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Нефтьчин” СӨХ-ын баримт шилжиж ирээгүй тухай Үндэсний төв архивын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн*******ны нутаг дэвсгэрт оршин суудаг тухай тус хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* нь “Нефтьчин” СӨХ-нд үйлчлэгчээр ажиллаж байсан тухай иргэн ******* гар бичмэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн *******,******* нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Нефтьчин” СӨХ-өөс лавлагаа авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1.Түдэвдагвын Алтантуяа нь 1970 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ба Сонгинохайрхан дүүргийн*******,*******, 361а тоот хаягт оршин суудаг. (хавтаст хэргийн 4-5 дахь тал)
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
4.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилласан байдлаа тогтоолгох болсон зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч нийгмийн даатгалын байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол тогтоох боломжгүй гэх мэдээлэл өгсөн тул улсад ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэж тайлбарлаж байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.
Гэрч *******ийн “...жижүүрийн өрөө буюу подвальд байрладаг байсан. 5 давхар байрыг цэвэрлэдэг байсан... ******* 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан... ажлаасаа гараад 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөө аваад СӨХ-ын байрнаас *******г нүүлгэж байсан...”, гэрч*******ы “...даргаар н.Даваасүрэн, нягтлангаар н.Уртнасан гэх хүмүүс ажиллаж байсан. ******* 2 хүүхэдтэйгээ хамт байдаг байсан. 2012 онд ажлаасаа гарсан... Би 2003 оноос хойш “Нефтьчин” СӨХ-нд тасралтгүй ажилласан... Би нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, зөвхөн цалингаа авдаг байсан...” гэх мэдүүлэг, иргэн С.Уртнасан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн огноо бүхий 2004-2010 он хүртэл “Нефтьчин” СӨХ-нд түр ажиллаж байсан тухай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын гарын үсэг бүхий баримттай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн “2004-2010 он хүртэл “Нефтьчин” СӨХ-нд үйлчлэгчээр ажиллаж байсан” гэх тайлбар үндэслэлтэй байна.
6.Иймд *******г 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд “Нефтьчин” СӨХ-нд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйл, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан -ыг 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд “Нефтьчин” СӨХ-нд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын 2010.10.05-2010.12.30-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД