Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 932

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г.Б холбогдох эрүүгийн 1806 0246 80902 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Б

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Витсамогийн гудамжинд иргэн Б.Туултунгалагийн биед хүч хэрэглэн халдаж, түүний бор арьсан түрийвч, иргэний үнэмлэх, “Эзэн Чингис” нэртэй архи, бэлэн 9.000 төгрөгийг дээрэмдэж, 38.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед манай гэрт найз Анхбаяр, Хувьтөгөлдөр, Баасанжав нар ирээд бид 4 манайхаас гарч Эрдэнэтолгой руу Анхбаярын гэрт очиж 1 шил 0.5 литрийн ерөөл архийг хувааж уугаад тэндээсээ бид 4 хамтдаа 20 цагийн үед гарч Хувьтөгөлдөрийн гэрлүү явсан ба замдаа би Намсрайн тахил дэлгүүр лүү орж улаан вест тамхи нэг хайрцгийг аваад бид 4 дэлгүүрээс гарч байхад шатан дээр надтай үл таних 40 насны ах Намсрайн тахил дэлгүүр лүү зөрөөд орсон. Ингээд бид 4 дэлгүүрийн үүдэнд тамхиа татаад зогсож байхад Хувьтөгөлдөр тамхиа татчихаад гэрлүүгээ орсон ба Анхбаяр, Баасанжав бид 3 хүлээгээд зогсож байхад нөгөө дэлгүүр лүү надтай зөрж орсон ах бидний хажуугаар хөх өнгийн ууттай зүйл бариад өнгөрсөн. Тэгэхээр бид дагаад араас нь алхаж байгаад тэвэрч аваад унагаагаад ууттай зүйлийг нь үзэхэд нэг шил Эзэн Чингис нэртэй архи байсныг аваад 2 ууттай хэрчсэн гурил байсныг үлдээсэн. Тэр ахын куртикны зүүн талын халааснаас нь бор өнгийн арьсан түрийвч цухуйж байсныг аваад зугтсан. Тэгээд замдаа Анхбаяр, Хувьтөгөлдөр, Баасанжав 3-ыг дагуулаад цааш явж Монгол ташуур ХХК-ны хажуу талын эзэнгүй хашаанд ороод нөгөө ахаас авсан архийг бид 4 хувааж уусан. Ингээд түрийвчинд нь байсан 9.000 төгрөгөөр дэлгүүр орж дахин нэг шил Эзэн Чингис нэртэй архи авч хувааж уугаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 62-р хуудас/,

Хохирогч Б.Туултунгалагийн “... Дэлгүүр лүү орох үед дэлгүүрийн гадаа 2 банди зогсож байсан нэг банди надтай дэлгүүрийн үүдэн дээр зөрсөн юм. Дэлгүүр дотор өөр хүн байгаагүй. Ингээд би дэлгүүрээс бэлэн гурил 2-ыг, нэг шил Эзэн Чингис нэртэй архи аваад буцаад гэрлүүгээ Витсамогийн гудамжаар явж байхад харанхуйд 3 залуу зогсож байсан. Би тэдний хажуугаар гараад цаашаа гэрлүүгээ 200-250 метр орчим алхаж байтал нэг хүн ирээд намайг татаж унагаагаад миний дээр гарч байгаад миний халааснаас 9.000 төгрөгтэй түрийвчийг торон дотор байсан Эзэн Чингис нэртэй архитай хамт аваад зугтсан. Би босоод шууд гэрлүүгээ орж хүүдээ болсон асуудлын талаар хэлж, цагдаа руу залгаж мэдэгдсэн...Миний араас нэг хүн татаж унагаагаад л торноос архи, халааснаас түрийвчийг маань аваад зугтсан. Би анх бодохдоо гудамжинд зогсож байсан 3 залууг хамт ирсэн байх гэж бодсон юм. Тухайн үед ямар хүмүүс нь байсныг нь харж чадаагүй, гадаа харанхуй байсан. Ингээд сүүлд цагдаад баригдсаны дараа уулзахад манай гэрийн тэр хавиар явж байдаг зүс мэдэх хүүхдүүд байсан...Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлөгдсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 48-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹18/ц-8 дүгнэлтэд “...Ц.Отгоннямын мөрдөн шалгах ажиллагаанд холбогдуулан шалгагдаж байгаа хөрөнгүүдийн үнэлгээг 38.000 /гучин найман мянган/ төгрөг гэжээ /хэргийн 51-53 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хэргийн 50 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Витсамогийн гудамжинд иргэн Б.Туултунгалагийн биед хүч хэрэглэн халдаж, түүний бор арьсан түрийвч, иргэний үнэмлэх, “Эзэн Чингис” нэртэй архи, бэлэн 9.000 төгрөгийг дээрэмдэж 38.500 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Г.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Туултунгалаг нь хохиролд 38.500 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г овогт Г.Б бусдын биед хүч хэрэглэн халдаж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА