| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2436000000054 |
| Дугаар | 23 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 23
2025 05 06 2025/ДШМ/00023
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал (цахимаар), шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр (цахимаар), нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл болон хохирогч , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2436000000054 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* ******* ******* ******* *******т оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* ******* ,
2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* *******ийн төв "" гэх газарт байрлах хохирогч ийн амбаарын цоожийг эвдэлж 2023 оны 03 дугаар сарын 05-наас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар дотогшоо нэвтэрч дотор нь байсан элдээгүй хурганы арьс 17 ширхэг, усны төмөр сав 2 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, 10 боодол өвс зэрэг эд зүйлсийг хууль бусаар, нууцаар авч, хохирогч т нийт 411,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ******* т холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, яллах дүгнэлтээс "******* хохирогч ийн амбаарын цоожийг эвдэлж тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн" гэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,
4.2 Шүүгдэгч ******* ******* ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан" буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т сануулж,
4.6 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
4.7 Шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан байгууллагад гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж,
4.8 Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч У. Шинэцэцэгт 411,600 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
4.9 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол билээ. Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсэж буй алдагдал бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохуйцын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байхыг шаарддаг. Хохирлыг эдийн болон эдийн бус гэж ангилдаг бөгөөд үүнээс эдийнх нь мөнгөөр үнэлэгдэх ба түүний хэмжээг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4-т тодорхойлжээ. Гэтэл хохирол учирсан гэх 17 ширхэг хурганы арьс 170.000 төгрөг, сав, 21,600 төгрөг, тогоо 90.000 төгрөг, өвс 130.000 нийт 411.600 төгрөг гэж дүгнэсэн боловч тухайн амбаарт 32 жилийн хугацаанд хадгалсан гэх 17 ширхэг хурганы арьс, мөн питон сав өмнө нь хохирогчид байсан гэдгийг гэрэл зураг, бусдаас худалдан авсан баримт гэх мэт тухайн хохирогчийн өмчлөлд байсан эд зүйл гэдгийг тогтоогоогүй нотлогдоогүй.
Түүнчлэн 130.000 төгрөгийн өвсийг шүүх хуралдаанд хохирогч нь мэдүүлэхдээ шүүх хуралдаанд хохирогч нь мэдүүлэхдээ өвсийг аваагүй, манай малд шидэж өгсөн гэж тайлбарладаг. Учир нь ийн малыг ******* нь малладаг байсан учир малдаа өг гэж авчирч өгсөн өвсний захиран зарцуулах эрхийг нь шууд шилжүүлэн өгсөн бөгөөд тухайн өвсийг шүүгдэгч ******* нь идээгүй, аваагүй бөгөөд харин хохирогч гэх ийн мал идсэн талаар талууд маргадгүй байхад өвсийг нууц далд аргаар авсан гэж дүгнэх нь бодит үнэн, үйл явдлаас хэт хол дүгнэлт болсон буюу шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирол тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, Хулгайлах санаа зорилго, сэдэлт тогтоогдоогүй. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 2025/ШЦТ/63 шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч *******ийг цагаатгаж өгнө үү гэв.
7. Хохирогч , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хулгайлах гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдлээр илэрнэ. "Хулгайлах” гэмт хэрэг нь "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол" гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн", "түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол" гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан байдаг. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" гэсэн гэмт хэрэг нь материаллаг шинжтэй, хууль бусаар нэвтэрснээрээ төгссөн гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, х, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. " гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч ******* хохирогч ийн амбаарын цоожийг эвдэлж тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн" гэсэн үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэл хэргийн хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Тус хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү. Иймд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
8. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах талын нотлох баримтуудаар шинжлэн судлуулсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ тогтоосон дүгнэлт, хохирогч У. Шинэцэцэг, гэрч , Б.Ганбат. , Л.Мөнгөнболд, Х.Жанибек, Э.Ууганцоож, С.Магсаржав, О.Эрдэнэтуяа нарын мэдүүлэг, ******* ******* Засаг даргын 2016 оны А/60 дугаартай захирамж зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч ийн амбаарт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд. эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хэрэг учрал болсон гэх газар болон шүүгдэгч *******ийн гэрийн гаднаас 1 ширхэг ширмэн тогоог хурааж авсан үйл баримтын талаар шүүгдэгч. хохирогч нар маргаагүй, эдгээр нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар, хохирогчийн эд хөрөнгийг шүүгдэгч авч ашиглаж байсныг нотлохоос биш шүүгдэгчийн амбаарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдлийг нотлохгүй хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн амбаарт буюу агуулахад хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь хэрэгт авагдсан бичгийн дараах баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэрэгт авагдсан хохирогч ийн "...намайг 2023 оны 02 сарын 25-ны үед нөхөр Б.Нямдоржийн хамт *******ийг манай өвөлжөөнд буухаас өмнө амбаартаа очиход манай амбаарт хулгайлагдсан эд зүйлүүд бүгд байж байсан. ******* нь ******* төвд ойрхон, танай өвөлжөөнд бууж малаа төлүүлмээр байна гээд надаас гуйгаад байхаар нь би өвөлжөөндөө буулгачихсан. ******* манай өвөлжөөнд 2023 оны 03 дугаар сарын 05-ны үед буусан санагдаж байна ...би т өөрийн амбаарын түлхүүрийг өгөөгүй гэтэл ******* нь манай амбаарыг цоожийг солиод өөр цоож хийчхээд түлхүүрийг нь надад өгөхгүй байсан. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны үед манай өвөлжөөнд очиж буугаад манай амбаарын цоожийг эвдээд өөр цоож хийчихсэн байна лээ... манай амбаар БНХАУ-д үйлдвэрлэсэн саарал өнгийн цоожтой байсан..., ...харин тухайн цоожийг ******* солиод дөрвөлжин мөнгөлөг өнгийн цоож хийсэн байсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 101-104 дүгээр хуудас/
Гэрч Д.Нямдоржийн "... *******т өөрийн амбаарын түлхүүрийг өгөөгүй. Харин ******* нь манай амбаарын цоожийг солиод өөр цоож хийчхээд түлхүүрийг нь өгөхгүй байсан. ... би 2023 оны 04 сарын 10-ны үед өөрийн эхнэр ийн хамт УАЗ-469 маркийн, 38-36 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Ховд замгийн дуут ******* ******* балчир *******ийн нутаг дэвсгэр "Машийн хар *******" гэх нэртэй газар байх айлд өвс хүргэж өгчхөөд буцах замд "Улаан-ээм" гэх нэртэй газраас гэх манай ******* эмэгтэй дайгдаж ******* төв рүү явсан. Замдаа голоос ус аваад *******ийн гэрт хүргэж өгөхөд Б.Эрдэнэбилиг би хэрэг тарьчихлаа муу нуухаар сайн илчил гэдэг би танай амбаарын цоожийг эвдээд өвс авчихлаа гэж хэлтэл миний эхнэр утсаар залгаж асууж болдоггүй юм уу, яагаад хүний амбаарын цоож эвдэж байгаа юм бэ гээд уурласан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-113 дугаар хуудас/
Гэрч ын "... Шинэцэцэгийн амбаар дээр очиход тухайн амбаар дээр очиход тухайн амбаар цоожтой байсан. Тэгтэл амбаарын түлхүүр байхгүй байгаа чи эгчдээ цоожийг нь эвдээд онгойлгоод өгөөч цоожийг нь солих гээд цоож аваад ирчихсэн байгаа гэхээр нь би тээврийн хэрэгслээсээ төмөр авч ирээд тухайн амбаарын цоожийг хөшиж онгойлгосон. Тухайн үед манай амбаарын цоожийг эвдэж өвс авчхаад ******* цоожийг нь сольчхоод намайг амбаарын түлхүүрийг нэхэхээр 2, 3 удаа буруу түлхүүр өгсөн. Одоо очиж өөр эд зүйлүүд авсан эсэхийг нь шалгуулах гээд энэ хоёрыг авч явж байна гэж хэлсэн. Энэ хоёр гэж хэсгийн төлөөлөгч цагдаа нарыг хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116 дугаар хуудас/
Гэрч гийн "... тухайн үед ******* цай чанах зуураа би хэрэг тарьчихлаа муу нуухаар сайн илчил гэдэг би танай амбаарын цоожийг эвдээд өвс авчихлаа гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч у.Шинэцэцэгийн цоожтой амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан болох нь нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшилд байгаа хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилго хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" гэж заасан зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй байдлыг зөрчиж бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог. Шүүгдэгч *******ийн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Түүнчлэн анхан шатны шүүх өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулж байгаа этгээдийн үйлдлийг таслан зогсоохыг шаардах, амбаарын цоожийг өөрийн санаачилгаар онгойлгож, солих боломжтой байсан мөртлөө шүүгдэгчээс 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл 3 удаа амбаарын цоожны түлхүүрийг нэхэж авч байсан үйл баримтаас үзэхэд хохирогчийн "амбаарыг ашиглахыг зөвшөөрөөгүй, амбаарыг ашиглаж байгааг мэдээгүй" гэх мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд түүний...цоожийг нь эвдчих юм бол ******* надаас цоожоо нэхэх учир би эвдээгүй..." гэсэн мэдүүлгийг шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй харьцуулахад хохирогч нь шүүгдэгч *******т өвөлжөөн дэх амбаарыг ашиглаж, дотор нь эд зүйлсээ хураасныг мэдэж байсан учраас шүүгдэгч маргаан үүсгэхээс болгоомжилж, цагдаагийн албан хаагч нарыг дагуулж очсон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч ******* нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж, улмаар тухайн цоожийг сольж хохирогчийг амбаарын түлхүүрээ асуухад өөр өөр түлхүүр өгч байсан үйлдэл нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуух хохирогчийг амбаарлуу нь нэвтрүүлэхгүй байх санаа зорилгыг агуулж байна. Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь хохирогчийн амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлснаар түүний үйлдсэн Хулгайлах гэмт хэрэг төгссөн. Гэтэл шүүх гэмт хэрэг төгссөний дараах үйл баримтуудад дүгнэлт хийж хохирогчийг нь шүүгдэгч *******т өвөлжөөн дэх амбаарыг ашиглаж, дотор нь эд зүйлсээ хураасныг мэдэж байсан учраас шүүгдэгч маргаан үүсгэхээс болгоомжилж, цагдаагийн албан хаагч нарыг дагуулж очсон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д "урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлэн өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг эрүүгийн хариуцлага хэсэгт тусгана гэж заасан. Гэтэл шүүх шүүгдэгч *******т урьд сонсгосон ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтыг агуулгыг шийтгэх тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.
Нөгөөтээгүүр Монгол Улсын дээд шүүхийн нийтийн шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор баталсан "Шүүхийн шийдвэр боловсруулах журам"-ын 2.2 "Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийхээр тусгасан.
Гэтэл анхан шатны шүүх дээрх журам болон хуулийн холбогдох заалтуудыг нэг мөр хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн.... 36.7... заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* *******ийн төв “” гэх газарт байрлах хохирогч ийн амбаарын цоожийг эвдэлж 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар дотогшоо нэвтэрч дотор нь байсан элдээгүй хурганы арьс 17 ширхэг, усны төмөр сав 2 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, өвс 10 боодол зэрэг эд зүйлийг хууль бусаар нууцаар авч, хохирогч т нийт 411,600 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, “******* нь хохирогч ийн амбаарын цоожийг эвдэлж тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
6. Прокурор болон хохирогч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь гомдол, эсэргүүцэлдээ “анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6.1 Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6.1.1 Шүүгдэгч ******* нь хохирогч ийн малыг нь маллаж байсан, хэдийгээр маргаантай байгаа боловч хохирогч нь шүүгдэгч *******т өөрийн 4 ханатай, нэг зууравчтай малын жижиг гэрээ өгсөн, уг гэрт ******* амьдарч байгаа, мөн хохирогч нь шүүгдэгч *******ийн ямааг нь самнаж өгөх, гэрт нь хонох, өөрийн нөхөр Б.Нямдоржийн хамт усыг нь дөхүүлж өгөх, гэрийг нь нүүлгэж өгөх, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд өөрийн хаваржаа буюу малын хашааг ашиглуулах зэргээр шүүгдэгч болон хохирогч нар нь хувийн харилцаатай байсан үйл баримт тогтоогдсон байна.
6.1.2 Хэдийгээр хохирогч нь “би *******т өөрийн хаваржаа буюу малын хашаагаа ашиглуулах зөвшөөрөл өгч, хаваржаандаа буулгасан боловч амбаараа ашиглахыг зөвшөөрч, амбаарын түлхүүрээ өгөөгүй” гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч, хохирогч нарын дээр дурдсан хувийн харилцааны явцад ийн амбаарыг ******* “ашиглаж эхэлсэн, үүнийг нь хохирогч үг, үйлдлээрээ зөвшөөрсөн” үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайлбал хохирогч ийн анхан шатны шүүх хуралдаанд “...Тэгтэл ******* муу нуухаар сайн илчил, би танай амбаарын цоож эвдчихлээ гэж хэлсэн. Амбаарын цоож эвдэж юу авсан бэ? гэж асуухад өвс авлаа гэсэн. Тэгээд би асууж болоогүй юм уу гэж хэлээд явсан” гэх[1] мэдүүлэг, мөн анхан шатны шүүх хуралдаанд “...Анх ******* цоож эвдчихсэн гэхээр нь нүүхдээ цоожлоорой гэж хэлсэн. ******* нүүхдээ мөнгөлөг цоож хийсэн байсан” гэх[2] мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “би хурганыхаа арьсыг авч шүүнд хийх зорилгоор 2024 оны 1 дүгээр сар хүртэл *******ийн өгсөн түлхүүрээр нийтдээ 3 удаа нөхөр Б.Нямдоржийн хамт очоод амбаараа онгойлгож чадаагүй” гэх агуулгатай мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан байна.
Мөн хохирогч ийн “*******ээс амбаарын түлхүүрийг нэхэхэд яагаад удаа дараа буруу түлхүүр өгөөд байгаа учрыг нь олохоор ******* хэсгийн төлөөлөгч болон цагдааг дагуулж очоод амбаарт байсан эд зүйлээ бүртгэхэд элдээгүй хурганы арьс 17 ширхэг, усны төмөр сав 2 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг, өвс 10 боодол алга болсон байсан” гэх агуулгатай мэдүүлгээс харахад хохирогч нь “шүүгдэгч *******ийн өөрийнх нь амбаарт нэвтэрсэн, амбаарыг нь ашигласан үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, харин зөвшөөрөлгүй эд зүйл авсан үйлдлийг хууль бус гэж үзсэн байна”.
Өөрөөр хэлбэл хохирогч нь “шүүгдэгч ******* өөрийнх нь амбаарт нэвтэрсэн, амбаарыг нь ашиглаж байгаа гэдэг”-ийг 2023 оны 4 дүгээр сард гэрч , нөхөр Д.Нямдорж нарын хамт очихдоо мэдсэн байх бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад “амбаарт хулгай орж эд зүйл алдагдсан” гэж гомдол гаргасныг “хууль бус нэвтрэлт” гэж дүгнэх боломжгүй байна.
6.1.3 Харин анхан шатны шүүхийн “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч нь хохирогчийн өвөлжөөнд нүүж очих үед амбаар цоожтой байсан нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэлээ.” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл “хохирогч ийн амбаар цоожгүй байсан” гэх шүүгдэгч *******ийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Гэвч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тус тус нийцсэн байна.
8. Дээр дурдсан үндэслэлээр “анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй” гэж үзэж, прокурорын эсэргүүцэл болон хохирогч түүний өмгөөлөгч, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогч , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР