| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0933/Э |
| Дугаар | 970 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Г.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.С холбогдох эрүүгийн 1806 0357 71002 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Г.С
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Снь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Скай таун” хотхоны гадна иргэн С.Цагаансанааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 10 цаг өнгөрч байхад Дамбадаржаад байх эмээгийнхээсээ гэртээ ирсэн. Манай байрны гадна машины зогсоол асуудалтай байдаг. Байрны гадаа ирэхэд Приүс машин гэрлээ асаагаад зогсож байхад нь манай ээж уг машин руу очиж гарах уу гэж асуухад дуугарахгүй байсан. Ээж дахин нэг удаа гарах уу гэж асуухад дуугарахгүй байсан. Ээж энэ машин гарахгүй юм шиг байна гээд урд нь машинаа тавиад орчихъё гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө машин сигналаа дуугаргасан. Тэгэхэд нь чи мэдрэл муутай юмуу хүүхэд цочоолоо гэж хэлсэн. Ээж очоод чи болиоч гэж хэлэхэд өөдөөс нь салаавч гаргасан. Тэгэхээр нь би очиж уурлаад чи зөв зүйл хийсэн юм шиг гээд машиных нь хаалгыг нь онгойлгоход над руу өшиглөхөөр нь би мангасдсан. Тухайн үед манай нэг охиныг ээж тэвэрсэн. Нэг охиныг манай ээжийн дүү тэвэрсэн. Ээжийн дүүгийн хүүхэд өөрийнхөө хүүхдийг тэвэрсэн байсан. Манай 5, 6 настай дүү нар тоглоомын талбайд тоглож байсан. Нөхөр нь нэлээн сүүлд гарч ирсэн. Нөхрийг нь гарч ирэхэд би үсдэж, нөхөр нь намайг үсдсэн. Би цохичих юм бол буруутна гэж мэдээд мангасдаад өнгөрсөн. Тэгээд гэртээ ороод байж байхад цагдаагаас дуудсан. Би тэр хүнийг хэл амаар доромжлоогүй. Гэр хорооллынх, манай байранд танай ийм машинтай хүн байхгүй гэж хэлж доромжлоогүй, гичий гэж хэлээгүй. Гарсан зардлыг тодорхой хугацаанд гаргаж эмчилгээний зардлыг төлчихье. Нэг дор бөөнөөр нь төлж чадахгүй. Сая сургуулиа төгссөн орлогогүй байгаа” гэв.
Хохирогч С.Цагаансанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд байж байтал манай машины урд талд 75-58 УНӨ улсын дугаартай Т.Пробокс маркийн автомашин ирээд манай машиныг хаагаад зогсчихоор нь би тэр машины жолоочид хандаж манай машин удахгүй гарна, манай нөхөр энэ байр руу орчихсон байгаа, одоо удахгүй гараад ирнэ гэсэн чинь зайлаарай гэр хорооллын такси минь зайлаарай, янхан минь, гичий минь, согтуу авгай минь, манай байранд чам шиг хогийн машинтай хүн байхгүй гэж хэлэхээр нь би манай нөхөр удахгүй гараад ирнэ, тэгээд бид нар гарна, би угаасаа гармаар байна гэсэн чинь тэр машинаас гурав, дөрвөн эмэгтэй хүмүүс бууж ирээд машины хоёр хаалгыг онгойлгож орж ирээд намайг хэдэн талаас зодож эхэлсэн. Миний нүүрийг маажаад толгой руу цохиод байсан. Би арай гэж машинаас буугаад тэд нартай зодолдох гэсэн чинь дийлэхгүй миний үснээс зулгаагаад доош дараад гэдэс, бөөр, нуруу руу цохиод, өшиглөөд байсан. Нөхрийн хажууд хүртэл намайг зодоод байсан...
...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл алга байна. Нүүрэндээ их гүн шарх авсан. Сэтгэл санааны хувьд их муу байна, хоол ч хоолойгоор давахгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-10, 20 дугаар хуудас/,
Гэрч Х.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр над руу залгаад намайг хүмүүс цохиод байна гээд цаана нь хүмүүс шуугилдаад байсан. Тэгээд утас нь тасарсан. Тэгээд би гүйгээд лифтэнд суугаад буугаад очтол машин дотроо эхнэр сууж байсан. Тэгсэн над руу хүмүүс намайг цохиод гэж хэлээд сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуучихаад машинаасаа буусан чинь жолоочийн эсрэг талын хаалга онгойлгоод шар үстэй, шивээстэй хүүхэн манай эхнэр Цагаансанаагийн үснээс зулгаагаад нүүр ам руу нь цохиод байсан. Тэгсэн хажуу талаас нь саарал биеийн тамирын хувцастай хүүхэн толгой руу нь цохиод байсан. Тэгээд би машинаа тойрч очоод болиулах гэтэл бүгд дайраад гичий нохойгоор нь дуудаад байсан. Тэгээд би болиулах гэтэл машины хаалганы хоёр талаар тойроод машин руу орж Цагаансанааг цохиод байсан. Саарал хувцастай хүүхэн нь машин дотор эхнэрийг цохиж байгаад утсаа унагаачихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹5119 дүгнэлтэд “С.Цагаансанаагийн биед дух, баруун чамархайн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 31 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Т.Амартүвшингийн: “...Нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байсан. Өөрийнх нь гар хүрэх боломжтой боловч гүн зулгаралтыг өөрөө өөртөө учруулах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Хохирлын баримт /46-50, 62-63 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 43 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.С нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Скай таун” хотхоны гадна иргэн С.Цагаансанааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.С прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Г.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинэтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч С.Цагаансанаа нь хохиролд 1.132.790 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Сс 1.132.790 /нэг сая нэг зуун гучин хоёр мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Цагаансанаа /ОГ82080604/-д олгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Сурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА