Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01486

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ц нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ны өдрийн 181/ШШ2020/01138 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ц хариуцагч Ү ХХК , Ү ХХК -д холбогдуулан гаргасан 26 929 727 төгрөг гаргуулах тухай шаардлагатай, Ү ХХК -ийн 14 381 967 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Ү ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Цн, түүний өмгөөлөгч Ц.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: С.Цолмон нь Ү ХХК -тай 2017 оны 08 сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн арьс гоо заслын их эмчээр 2019 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Ажил олгогч Ү ХХК -тай хөдөлмөрийн гэрээний 1.4, 1.5-д үндсэн цалин 1 200 000 төгрөг байхаар, 1.5-д зааснаар эхний 3 сард цэвэр орлогын 15 хувь, 4 дэх сараас эхлэн цэвэр орлогын 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл цалин олгохоор тус тус тохиролцсон. 2017 оны 08 сараас 2018 оны 04 сарыг дуустал 8 сарын хугацаанд дээрх гэрээний дагуу цалин хөлс олгогдсон ба 2019 оны 05 сараас нэмэгдэл цалин дутуу олгож эхэлсэн. Иймд 2018 оны 05 сараас 2019 оны 06 сар хүртэлх хугацааны нэмэгдэл цалин нийт 26 929 727 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч компаниуд С.Ц цалингаас сар бүр ажлаас гарсны дараа буцаан олгоно гэх болзолтойгоор барьцаа хэмээн 20 000 төгрөг суутган нийт 500 000 төгрөг авсан боловч буцаан олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт зааснаар дээрх компаниудын суутган авсан цалин хөлсийг буцаан олгох хугацааг хожимдуулсан 6 сар буюу 180 хоног тутам ногдох алданги шаардаж байна. Иймд Ү ХХК -аас барьцаа гэж суутган авсан 420 000 төгрөг, алданги 226 800 төгрөг, нийт 646 800 төгрөгийг, Ү ХХК -аас барьцаа гэж суутган авсан 80 000 төгрөг, алданги 43 200 төгрөг, нийт 123 200 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү ХХК -ийн тал тайлбартаа: Ү ХХК -ийн захирлын 2017 оны 08 сарын 25-ны өдрийн тушаалаар С.Цолмон нь Грийс салонд арьс, гоо заслын их эмчээр ажиллах болж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар С.Цолмон нь Ү ХХК -д ажиллах болсон тул Ү ХХК -ийн захирлын 2017 оны 12 сарын 31-ний өдрийн 97/17 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосноор Ү ХХК болон С.Цолмон нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. С.Цолмон нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү ХХК -ийн тал тайлбартаа: С.Цолмонг хөдөлмөрийн зах зээлээс өндөр цалинжуулж, ажлын аятай тухтай нөхцөлөөр хангаж ирсэн. Түүнд 1 сард 2 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийн цалин хөлс урамшуулал олгож ирсэн. Гэтэл С.Цолмон нь байгууллага хамт олны уур амьсгал эвддэг зохимжгүй ааш авиртай, мөн манай компанид ажиллаж байхдаа үсчин н.Сэргэлэнгийн нүүр, хүзүүний арьсыг түлж их хэмжээний шарх сорвитой болгож хохироож байсан. Манай байгууллага С.Ц авах ёстой цалинг бүрэн бүтэн олгосон, харин ч бүр илүү олгож байсан байхад байгууллагын эсрэг байнга гомдол гаргаж, төвөгтэй нөхцөл байдал үүсгэж байна. Одоо түүнд нэмж өгөх цалин хөлс байхгүй. Мөн манай байгууллага С.Цолмонд нэмэгдэл цалин олгохоор албан ёсоор үүрэг хүлээж, гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсний талаар гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй, мөн цалин хөлстэй холбоотой шаардлага гаргах хугацаа дууссан байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч Ү ХХК -ийн тал сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Тус компанийн захирлын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 05/18 дугаар тушаалын дагуу С.Цолмон нь Ү ХХК -д арьс, гоо заслын их эмчээр ажилд орж, сарын үндсэн цалин 1 200 000 төгрөг байхаар тохиролцсон. С.Цолмонтой хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн боловч нэмэгдэл урамшууллын хувь хэмжээ дээр тохиролцоогүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Манай компанийн зүгээс С.Цолмонд 2019 оны 01 сараас 2019 оны 06 сар хүртэл хугацаанд 12 246 784 төгрөгийн урамшуулал олгосон байдаг. С.Цолмонг зах зээлээс өндөр цалингаар цалинжуулж, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангаж ажиллуулахын зэрэгцээ өндөр хэмжээний урамшууллыг олгож байсан ч гэсэн тэрээр компанийг хууль бус үйл ажиллагаа явуулсан мэтээр дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гомдол гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 28/0542 тоот актаар нийт 7 526 132 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс 3 783 066 төгрөгийн алданги, 250 000 төгрөгийн торгуулийг тус тус Ү ХХК -д ногдуулсан. Иргэний хуульд зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн бол бэлэглэлийг хүчингүй болгож, бэлгийг буцаан шаардахаар заажээ.

Иймд С.Цолмонд олгосон 12 246 784 төгрөгийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 281.1.1-д заасны дагуу хүчингүй болгож, 12 246 784 төгрөгийг Ү ХХК -д олгуулах шаардлагатай байна. Мөн С.Цолмон манай байгууллагад ажиллаж байхдаа өөрийн хариуцан ажиллаж байсан зарим үйлчлүүлэгчид үзүүлэх ёстой эмчилгээг дутуу гүйцэтгэсэн буюу үйлчилгээ үзүүлээгүй үлдсэн үйлчилгээний үлдэгдэл төлбөрт урьдчилж авсан хөлс болох 722 600 төгрөг, суутгагдаагүй ультра хошууны төлбөр 1 412 583 төгрөг, нийт 14 381 967 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг шаардлагад гаргасан тайлбартаа: Ү ХХК нь С.Цолмонд мөнгө бэлэглэж байгаагүй. Тус компанитай ямар нэгэн өглөг тооцоо байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргаж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК -аас 7 898 449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Цолмонд олгож, 19 031 278 төгрөгт холбогдох шаардлага, мөн барьцаа, алданги 646 800 төгрөгийг Ү ХХК -аас, 123 300 төгрөгийг Ү ХХК -аас тус тус гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар С.Цолмонгоос бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож 12 246 784 төгрөг, үйлчилгээний урьдчилж авсан хөлс 722 600 төгрөг, суутгагдаагүй ультра хошууны үнэ 1 412 583 төгрөг, нийт 14 381 967 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315 629 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 860 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд ногдох 141 325 төгрөгийг хариуцагч Ү ХХК -аас гаргуулан нэхэмжлэгч С.Цолмонд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ү ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн Ү ХХК -аас 7 898 449 төгрөг гаргуулж С.Цолмонд олгосон хэсгийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Хариуцагч Ү ХХК нь гоо сайхны салон бөгөөд 2013 онд үүсгэн байгуулагдсан. Харин Ү ХХК нь эмнэлэг бөгөөд 2017 оны 09 сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Эдгээр нь үйл ажиллагааны чиглэлээр салоны үйл ажиллагаа, эмнэлгийн үйлчилгээгээр дагнан тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгдсэн бие даасан хуулийн этгээдүүд юм. С.Цолмон нь анх 2017 оны 08 сарын 25-ны өдөр Ү ХХК -д ажилд томилогдсон байдаг. Улмаар Ү ХХК -д шилжин ажиллах болсон тул 2017 оны 12 сарын 31-ний өдрийн 97/17 тоот тушаалаар Ү ХХК -аас чөлөөлөгдсөн. С.Цолмон нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр Ү ХХК -аас чөлөөлөгдсөн өдрөөс хойш энэ компаниас цалин хөлс аваагүй. Улмаар С.Цолмон нь 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 05/18 тоот тушаалаар Ү ХХК -д ажилд томилогдсон. Дээрх Ү ХХК -аас 2017 оны 12 сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал, Ү ХХК -д 2018 оны 01 сарын 02-ны өдөр ажилд томилогдсон тушаал хүчин төгөлдөр байхад шүүх 2019 оны 03 сараас 2019 оны 06 сар хүртэлх хугацаанд олгогдоогүй нэмэгдэл хөлс гэх 7 898 449 төгрөгийг Ү ХХК -аас гаргуулсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, С.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С.Цолмон нь хариуцагч Ү ХХК -д холбогдуулан нэмэгдэл хөлс 26 929 727 төгрөг, барьцаа гэж суутган авсан 80 000 төгрөг, түүний алданги 43 200 төгрөг, нийт 27 052 927 төгрөгийг, мөн хариуцагч Ү ХХК -аас барьцаа гэж суутган авсан 420 000 төгрөг, түүний алданги 226 800 төгрөг, нийт 646 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /1хх 1-2, 52-53, 2хх 51/, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч Ү ХХК -ийн зүгээс нэхэмжлэгч С.Цолмонд холбогдуулан бэлэг гэж өгсөн 12 246 784 төгрөг, үйлчилгээний урьдчилж авсан хөлс 722 600 төгрөг, суутгагдаагүй ультра хошууны үнэ 1 412 583 төгрөг, нийт 14 381 967 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг /1хх 188-189/, нэхэмжлэгч эс зөвшөөрч, талууд харилцан маргажээ.

 

Хариуцагч Ү ХХК , нэхэмжлэгч С.Цолмон нарын хооронд 2017 оны 08 сарын 25-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ээр С.Цолмон нь арьс гоо заслын их эмчээр ажиллах, сарын үндсэн цалин 1 200 000 төгрөг, эхний 3 сар цэвэр орлогын 15 хувь, 4 дэх сараас эхлэн цэвэр орлогын 20 хувийн нэмэгдэл хөлс авах нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх 9-11/ Ү ХХК -тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөн өдөр Ү ХХК -ийн зүгээс С.Ц 1499849 тоот нийгмийн даатгалын дэвтэрт арьс гоо заслын их эмчээр томилов, 2017.08.25 гэсэн бичилтийг хийжээ. /1хх 57, 57-арын нүүр/

 

Дээр дурдсан үйл баримтыг Ү ХХК болон Ү ХХК нар нэг үүсгэн байгуулагч, нэг хувьцаа эзэмшигч, нэг захиралтай /1хх 31, 44, 82-83, 84-88/ байгаа нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч С.Цолмон нь Ү ХХК -тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу арьс гоо заслын их эмчээр ажиллаж, харилцан тохиролцсон үндсэн цалин, нэмэгдэл хөлсийг Ү ХХК -аас авч байсан болох нь тогтоогдож байна. Цалин хөлсийг Ү ХХК төлж байсан нь нэхэмжлэгч С.Цолмонтой Ү ХХК хөдөлмөрийн гэрээ байгуулсныг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээнд харшлахгүй бол үүргийг бусдаар гүйцэтгүүлж болно. Иймд цалин хөлс шилжүүлж байсан гэх үндэслэлээр Ү ХХК -ийг ажил олгогч дүгнэх гэж боломжгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргийг ажил олгогч хүлээдэг. Ү ХХК -аас цалин хөлс олгож байсан үйл баримт нь Ү ХХК -тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон харилцан тохиролцсон нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай С.Ц шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй талуудын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах 3 сарын хугацаа хамаарах талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Иймд 7 898 449 төгрөг гаргуулсан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Ү ХХК -ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, тооцооллын хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч С.Цолмон нь шүүхэд анх 2019 оны 06 сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул 2019 оны 04, 05, 06 сарын нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй буюу хариуцагч Ү ХХК -аас нийт 5 762 928 төгрөгийг /2 113 082 + 2 426 486 +1 223 360/ гаргуулан нэхэмжлэгч С.Цолмонд олгох үндэслэлтэй байна. Хариуцагч тал нэхэмжлэгч С.Ц гаргасан тооцоололтой маргаагүй, түүний тооцооллыг няцаасан тайлбар, баримт гаргаж өгөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Цалин хөлснөөс сар бүр барьцаа хэмээн суутгасан 500 000 төгрөг, түүнд хамаарах алданги 270 000 төгрөг гаргуулах С.Ц үндсэн шаардлага болон үйлчилгээний урьдчилж авсан хөлс 722 600 төгрөг, суутгагдаагүй ультра хошууны үнэ 1 412 583 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ зохигчид биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Ү ХХК болон С.Цолмон нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул бэлэг гэж өгсөн 12 246 784 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагч Ү ХХК -ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Дээрхээс гадна анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1138 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг /2хх 129/ даргалагч шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч тус шүүхийн тамга дарагдаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ. Учир нь, тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хуралдааны дараалал, явц, зохигчдын тайлбар, шүүхийн гаргасан шийдвэрийн агуулга болон уг шүүх хуралдааны тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд нийцсэн эсэх талаар талууд гомдол гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК -аас 5 762 928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Цолмонд олгож, үлдэх 21 289 999 төгрөгт холбогдох шаардлага болон Ү ХХК -аас 646 800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 141 325 гэснийг 107 157 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Ү ХХК -аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200511812269 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 326 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР