Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 971

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Б холбогдох эрүүгийн 2017 2501 2155 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 2107 тоотод байрлах нийтийн байрны гадна иргэн Б.Санж-Очсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тараад гэртээ оройны 8 цаг өнгөрөөж ирсэн. Ойр зуурын юм хийж байгаад орой 11 цаг өнгөрөөд амрах гэж орондоо ороод хэвтэж байсан. Манай үүдийг 2-3 удаа хүчтэй цохисон. Өмнө нь ч мөн адил хүчтэй хаалга балбаж гэрийн урдуур явахдаа хүчтэй дэвсэлж, чамайг өнөө шөнө сайхан амрахыг үзнэ ээ гэж хэлдэг байсан. Тухайн үед Санжааг гэж боддоггүй байсан. Би тухайн үед маш хурдан босоод харахад Санжаа цаашаа хараад явж байхаар нь би “нааш ир” гэж дуудсан. Санжаа жаахан халамцуу байсан ба над руу “яасан ах” гэж хүрч ирээд “гараад уулзъя” гэсэн. Нийтийн байр хашааны хаалгаар гардаг. Санжаа хашааны хаалгаар гараад над руу “ах аа үзэх үү, яах уу” гэж хэлэхэд нь би “чи зүгээр бай, ахдаа гай болно, чи согтуу байна, ах нь өглөө ажилтай орж унтлаа” гээд орох гэхэд араас миний баруун мөрнөөс татсан. Тухайн үедээ намайг цохих гэж байна гэж бодсон учир сандарсандаа зүүн гараараа нэг удаа цохисон. Санжаа доош суухаар нь би “яасан миний дүү зүгээр үү?” гэхэд “зүгээрээ ах, та орж амар” гэж хэлээд би гэр рүүгээ орж амарсан. Маргааш өглөө нь Санжаа нэг найзтайгаа манайд орж ирсэн. Би “шүд чинь зүгээр үү” гэхэд жаахан цус гараад байна гэж хэлээд надад 2 пиво аваад өгөөч” гэж хэлэхэд нь авч өгөөд, гурвуулаа жаахан юм ярьж сууж байгаад салсан. Хэд хоногийн дараа эхнэр нь өргөдөл өгсөн байсан. Эмчилгээний зардал гэж мөнгө асуухад нь цалин буухад өгнө гэж 07 дугаар сарын 14-ний өдөр баяр дууссаны дараа байцаагчтай уулзаж хохирол барагдуулсан. Бид нарын дунд өмнө нь өс хонзон, хэрэлдэж байсан зүйл байгаагүй. Хэн хэнийхээрээ орж гараад Төрөө ах аа, хоол ундны зүйл байна уу гэхэд нь өгөөд аль болох сэтгэлээрээ байдаг байсан. Тухайн өдөр санамсаргүй зүйл болсон. Санаатай гэмтээгээд зодчихно гэсэн бодол байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Санж-Очсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд гэртээ ирээд хажуу өрөөний Д.Б ахын гэрт орсон чинь ганцаараа пиво уусан байсан. Тэгээд би пиво авч хамт ууж байгаад гэртээ орсон. Тухайн үед гадаа харанхуй байсан ба коридор гэрэлгүй харанхуй байсан. Тэгээд би коридороор дрожоо чирээд явж байхдаа Д.Бийн гэрийн хаалгыг хүчтэй шүргэчихсэн. Тэгсэн чинь гэрийн эзэн Д.Б нь гарч ирээд чи хаалга үүд нүдээд хашгираад байгаа юм уу, гараад ир гэж надтай хамт хашааны хаалгаар гараад шууд миний эрүү рүү гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Тэгээд Д.Б ах гэр рүүгээ яваад орчихсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹7659 дүгнэлтэд “Б.Санж-Очсүрэнгийн биед эрүүний ясны баруун булан хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Бнь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 2107 тоотод байрлах нийтийн байрны гадна иргэн Б.Санж-Очсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Д.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэвч дээрхи хуулийн зүйл хэсэгт 450 нэгжээс 5400 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Д.Баттөрд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Санж-Очсүрэн нь хохиролд 500.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт Д.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Д.Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Бнь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА