Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 741

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: М*******гийн С*******ын нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, Хууль зүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад даалгах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн хошууч А.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Миний бие 2003 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа эргүүл хамгаалтын газарт эргүүлийн цагдаагаар ажилд орсноос хойш тасралтгүй 13 жил ажиллаж байна.

Цагдаагийн албан тушаалтан тушаал гүйцэтгэдэг хүн учир энэ оны 05 дугаар сарын 10-ны үед Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга дэд хурандаа н.Б******* гэдэг дарга чи дээрээс ирсэн тушаалыг биелүүлж насны хязгаар хүрсэн тул өргөдлөө бичиж өг гэж удаа дараа шаардаж, тушаадаг байсан тул аргагүй эрхэнд өргөдлөө бичиж өгсөн бөгөөд энэ нь миний хүсэл зоригийн илэрхийлэл биш даргын тушаалыг арга буюу дагасан зүйл байлаа.

Нэгэнт миний санаа зоригийн илэрхийлэл биш байсан тул тухайн үед нь өргөдлөө бичиж өгөөд л тушаалын хүний зовлон гэдэг энэ юм байна даа гээд харамсаад л гарч билээ. Б******* даргад өргөдлөө бичиж өгөхдөө би цалингийн зээлтэй цаашид ажиллах чадвартай гэж боддог гэхэд тэр ямар хамаатай юм. Өргөдлөө өгөөд гар гэхээр нь тэгээд л гарсан. Гэтэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн ахлах дэслэгч Оюунцэцэг утсаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал чинь гарсан шүү гэж мэдэгдсэн. Би хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлээд л утсаа тасалсан.

Энэ өдрөөс хойш наадам, A*******-ийн дээд хэмжээний уулзалт, Цагдаагийн байгууллагын ой гэх мэтээр цагдаагийн байгууллагын дарга удирдлагуудтай уулзах боломж олдохгүй байсан учир арга буюу дээд шатны байгууллага болох Хууль зүйн сайдад хандаж өргөдөл гаргасныг хүлээн авч Хууль зүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаартай тушаал гарган намайг нэг жилийн хугацаагаар сунган ажиллуулахаар шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн яамны бодлого зохицуулалтын газрын дарга Б гэдэг хүн “7 сарын 21–ний өдөр сайдын тушаал гараад Цагдаагийн ерөнхий газарт хүргэгдсэн байгаа боловсон хүчнийхээ хэлтсийн дарга Ба*******тэй уулз” гэсний дагуу уулзахаар очиход 7 сарын 26-ны өдөр 26/3850 дугаартай албан бичгээр ажилд авах боломжгүй талаар хариу өгсөн юм.

Иймд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаартай тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад даалгах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Улаанбаатар хотын Цагдаагийн газар М.С*******ыг 3 сар эмнэлэгт хэвтсэний дараагаас энэ хүнийг тэтгэвэрт гаргая гэдэг асуудлыг хэлэлцэж байсан. Ажлын газрын удаа дараагийн шахалтын улмаас энэ хүн аргагүй эрхэнд өргөдлөө өгсөн байдаг. Ингээд ажлаас чөлөөлөгдсөн даруйдаа Цагдаагийн байгууллагын дээд шатны байгууллагад хандахад хүлээж авах боломжгүй гэсэн. Дараагийн дээд шатны байгууллага буюу Хууль зүйн сайдад хүсэлт гаргасан байдаг. Хууль зүйн сайд бүрэн эрхийнхээ дагуу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу ажиллах хугацааг нь 1 жилээр сунгаж шийдвэрлэсэн. М.С******* гэдэг хүн өнөөдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байсан ч энэ хүнд ажиллах нас байна, хоёрдугаарт энэ хүний эх нь хорт хавдартай ийм нөхцөл байдлыг нь байгууллага нь мэддэг, мөн цалингийн зээлтэй гэдгийг мэдэж байгаа хэрнээ золигт гаргасан байдаг. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/575 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хуульд нийцээгүй,  учир нь хэн гаргасан нь тодорхойгүй, гарын үсэггүй тушаал ба энэ тушаалаа үндэслээд ажлаас чөлөөлсөн баримт бичиг байдаг. 

М.С******* нь 12 сарын хугацаанд 11.001.393 төгрөгний цалин авсан, 21.1 хоногийн цалин 443.244 төгрөгийг ажилгүй байсан 57 хоногоор тооцож 2.464.908 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв. 

 

Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэлд: “Нэхэмжлэгч М*******гийн С*******ын Улаанбаатар хотын Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжплэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “ахлагчийн албыг 45 нас хүртэл хааж болно” гээд, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно." гэж тус тус заасан.

Хууль зүйн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасан.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан.

М.С******* нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргад хандаж цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах хүсэлттэй байгаа талаар бичгээр илэрхийлсэн байна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/575 дугаар тушаалаар цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул М.С*******ын өөрийн гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгохоор ажлаас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 18 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу М.С******* нь тус газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн мэргэжилтнээс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тойрох хуудсаа авч, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, бусад холбогдох материалаа бүрдүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газарт 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж хүсэж өргөдөл гаргасан байдаг.

Гэтэл Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалаар Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн телекамерын цагдаа М.С*******ыг цэргийн жинхэнэ алба хаах хугацааг нэг жилээр сунган ажиллуулах тушаал гаргасан байна.

Хууль зүйн сайдын 2016 оны А/248 дугаар тушаал нь иргэн М.С*******тай цагдаагийн байгууллага харилцах эрх зүйн харилцаа дуусгавар болсон хойно гарсан. Мөн М.С******* нь цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнд буюу ахлагчийн албыг хашиж байсан бөгөөд Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 буюу офицерийн албанд хамаарах заалтыг баримтлан тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хуулийн 13.2-т “Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно." гэж заасан. Хууль зүйн сайдын тушаал энэ хуулийг үндэслэж гаргасан бол энэ хүнийг мэргэшсэн, дадлага сайтай эсэхийг асуух шаардлагатай байсан. Гэтэл энэ хүн 2015 онд дутагдалтай ажилласнаар цалингаа 10-20%-иар 5 удаа тушаалаар хасуулж байсан. 2015 оны жилийн эцсээр үр дүнгийн гэрээгээ энэ хүн 55%-иар хангалтгүй үнэлэгдсэн.

2015 оны 11 сард ээж нь М.С*******т тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргасан.  М.С*******ын ээж болох М*******гийн гаргасан өргөдөлд 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн хурандаа Б.Батбаатар танаа иргэн М*******гийн С******* Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2003 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. М******* би бүдүүн гэдэсний хорт хавдар тусаж хүндээр өвдсөн. 2013 онд хавдраа авахуулсан боловч байнгын хяналтад байдаг. Одоо өвчин сэдэрч байнгын асаргаа шаардлагатай байна. М******* би одоо 68 настай Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86 дугаар гудамж 813 тоотод хаягт өөрийн хүү М.С*******ын хамт хоёулаа амьдардаг. Намайг харж хандах хүнгүй хамаатан садан байхгүй. Би хүнд өвчтэй өндөр настай учраас эмнэлэгт үзүүлэх байнгын асран хамгаалагчтай байх шаардлагатай байдаг. Учир нь би нүдний хараа муу, сонсгол муу тул ганцаараа явах хүндрэлтэй байна. Үүнээс гадна би бүдүүн гэдэсний хорт хавдартай учраас байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Үүнээс гадна миний хүү М.С******* нь нойр булчирхайн хүнд өвчтэй тул байнгын тусгай хоол шаардагддаг болсон. Ингээд хүнд өвчтэй миний хүү болон, миний байдлыг харгалзан үзэж хувь тэнцүүлэн тэтгэвэрт гаргаж өгнө үү? гэсэн өргөдлийг гаргаж байсан. Энэ хүний тэтгэвэрт гарах хүсэлт нь хүчээр шахаанд орсон биш удаа дараагийн өөрсдийнх зүгээс гаргасан хүсэлтүүд байдаг. Хуучин Чингэлтэй дүүргийн тасгийн даргаар ажиллаж байсан н.Га******* гэдэг хүнээр дамжуулан надтай ээж нь ирж уулзахад нь би тэтгэврийнх нь хугацааг хойшлуулж өгье гээд бүтэн жил хойшлуулсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах дээд насны хязгаарт үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагч төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй гаргаагүй, захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болох” гээд заасан байгаа. Хэрвээ энэ хүн хүсэлтээрээ чөлөөлөгдөөгүй байсан ч насны дээд хязгаарт хүрсэн бол захиргааны санаачлагаар тэтгэвэрт гаргах эрх зүйн үндэслэл байсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар М.С*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гэрч С.Б******* мэдүүлэгтээ: “Бид босоо удирдлагатай байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц сургалт хэлтсийн Цагдаагийн хурандаа Б.Ба******* даргаас 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2б/2348 тоотоор Улаанбаатар хотын Цагдаагийн газрын туслах комиссар Б*******т Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Цэргийн жинхэнэ албан хаагчаар ажиллах хугацааг сунгах тухай А/117 дугаар тушаалын танай газрын албан хаагчид холбогдох хэсэг мөн Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан цэргийн албан хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн, цаашид ажиллуулах хугацаа сунгагдаагүй албан хаагчдийн нэрсийг хавсралтаар хүргүүлж, тэтгэвэр тогтоож тэтгэмж олгох асуудлыг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасан. 

Энэ дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8а2/1933 тоотоор харьяа хэлтэс тасгуудад Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Цэргийн жинхэнэ албан хаагчаар ажиллах хугацааг сунгах тухай А/117 дугаар тушаалын танай газрын албан хаагчид холбогдох хэсэг мөн Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан цэргийн албан хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн, цаашид ажиллуулах хугацаа сунгагдаагүй албан хаагчдийн нэрсийг хавсралтаар хүргүүлж, жагсаалтад нэр дурьдагдсан алба хаагчдад шийдвэрийг танилцуулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох, хүндэтгэл үзүүлэх” журам /код-933/-ын 933.4, 933.6-д заасны дагуу тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгох асуудлыг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлүүлэхээр материалыг 2016 оны 6 дугаар сард багтаан ирүүлэхийг даалгасан. 

Уг тоотын хавсралтад тус дүүргийн 3 алба хаагч хамаарсан. Түүний нэг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн телекамерийн цагдаа ахлах ахлагч М.С*******. Энэ талаар Цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүний өмнө 3 албан хаагчид мэдэгдэж, М.С******* нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гараар цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох өргөдлөө бичиж өгсөн. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж, мөн өдрийн 8п-2/2367 тоотоор Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөцийн тасагт материалыг хүргүүлсэн. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын Зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн б/575 тушаалаар цэргийн байнгын тэтгэвэр тогтоож, албанаас чөлөөлсөн. Миний зүгээс өргөдлөө бичих талаар дарамталж, шахаж шаардсан зүйл байхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08 өдрийн б/575 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль (1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/99, А/79 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Байгууллагын даргын тушаал гаргах” /код-136/-ын 136.4.2, 136.5.2“б”, “Албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох, хүндэтгэл үзүүлэх” /код-933/-ын 933.3.1“а”-д заасныг тус тус үндэслэл болгон Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн телекамерын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М*******гийн С*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгож, цагдаагийн ахлах ахлагч цолыг хадгалуулахаар шийдвэрлэсэн байна. 

  Нэхэмжлэгч энэ тушаалыг үндэслэлгүй хэмээн маргаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, Хууль зүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 21 өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад даалгах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүх дараах байдлаар үнэлээд хууль тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө”, 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтооосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй”, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль(1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн /цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоосон/ 13.1.2-т “ахлагчийн албыг 45 нас хүртэл хааж болно”, 13.2-т “цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жилээр сунгаж болно”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т “цэргийн алба хаах нас хэтэрч албанаас чөлөөлөгдсөн бол цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй” гэж тус тус зохицуулсан байна. 

Нэхэмжлэгч М.С******* нь 1970 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль(1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.1.2- заасан ахлагчийн алба хаах насны дээд хязгаарт буюу 45 нас хүрчээ. 

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль(1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/117 дугаар тушаалаар цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгасан, тэрээр хүсэлт гаргаагүй тул энэ тушаалаар М.С*******ын цэргийн жинхэнэ алба хаах хугацаа сунгагдаагүй байна.  

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2б/2348 тоотоор Улаанбаатар хотын Цагдаагийн газарт Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/117 дугаар тушаалаар цэргийн жинхэнэ албан хаагчаар ажиллах хугацаа сунгагдсан албан хаагчдын болон Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан цэргийн албан хаах насны дээд хязгаарт хүрсэн, цаашид ажиллуулах хугацаа сунгагдаагүй албан хаагчдын нэрсийг хавсралтаар хүргүүлж, тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгох асуудлыг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасан байна. 

Уг шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8а2/1933 тоотоор харьяа хэлтэс, тасгуудад Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/117 дугаар тушаалаар цэргийн жинхэнэ албан хаагчаар ажиллах хугацаа сунгагдсан албан хаагчдын болон Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, цаашид ажиллуулах хугацаа сунгагдаагүй албан хаагчдын нэрсийг хавсралтаар хүргүүлж, жагсаалтад нэр дурьдагдсан алба хаагчдад шийдвэрийг танилцуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох, хүндэтгэл үзүүлэх” журам /код-933/-ын 933.4, 933.6-д заасны дагуу тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгох асуудлыг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлүүлэхээр материалыг 2016 оны 6 дугаар сард багтаан ирүүлэхийг даалгасан байна. Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, цаашид ажиллуулах хугацаа сунгагдаагүй алба хаагчдын нэрсийн жагсаалтын 44-т Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн телекамерийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.С******* багтжээ. 

М.С******* нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох өргөдлөө бичгээр гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр  хэлтсийн даргын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж, мөн өдрийн 8п-2/2367 тоотоор Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүний нөөцийн тасагт материалыг хүргүүлж, улмаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн б/575 тушаалаар түүнийг цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлж, 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

М.С******* нь цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох өргөдлөө 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гараар бичиж гаргасан, Цагдаагийн ерөнхий газрын төв архиваас өөрийн ажилласан байдлын лавлагааг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газарт 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж хүсэж өргөдөл гаргасан зэргээс болон гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэлдээ дурдсанчлан түүнийг албадсан, дарамт учруулсан гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөхөөсөө өмнө Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль (1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар цэргийн алба хаах хугацааг сунгуулах хүсэлт гаргах эрхийг нь хязгаарлаагүй байна. Түүнчлэн өмнө нь цэргийн алба хаах хугацааг сунгуулах асуудлаар удаа дараа Цагдаагийн хэлтсийн даргад өргөдөл гарган шийдвэрлүүлж байсан нь талуудын тайлбараас тогтоогдож байна.  

Хэрэгт авагдсан маргаан бүхий акт болох Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн Б/575 дугаар тушаал нь нотлох баримтын шаардлага хангасан хуулбар хувь бөгөөд үүнийг батлан гаргасан субьект нь тодорхойгүй гэж үзэхгүй. 

Иймд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, цэргийн байнгын тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгох эрх үүссэн, цэргийн алба хаах хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасны дагуу Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль (1992 оны), Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байх тул Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн б/575 тушаал хууль зүйн үндэслэлтэй, илт хууль бус гэж үзэхээргүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

М.С******* нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль(1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар цэргийн алба хаах хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргаж шийдвэрлүүлсэн атлаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн б/575 тушаалаар цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлсний дараа Хууль зүйн сайдад цэргийн алба хаах хугацааг сунгуулах хүсэлт гаргасныг зөвтгөхгүй, ийнхүү албанаас чөлөөлөгдсөний дараа буюу М.С*******ын цэргийн алба хашихтай холбоотой хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараа Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалаар цэргийн жинхэнэ алба хаах хугацааг нэг жилээр сунгаж шийдвэрлэсэн нь эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй болжээ. 

Түүнчлэн цагдаагийн ахлах ахлагч цолтой ажиллаж байсан М.С*******ын цэргийн алба хаах хугацааг сунгасан Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалд  Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль(1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3 буюу офицерын албыг хаах насны дээд хязгаарыг тогтоосон заалтыг баримталсан нь, мөн цэргийн дадлага сайтай эсэхийг тогтоогоогүй атлаа мөн зүйлийн 13.2-т заасныг баримтлан цэргийн алба хаах хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй  байх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болсон хууль зүйн үндэслэлгүй тушаалыг биелүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль (1992 оны)-ийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтуудыг баримтлан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан М*******гийн С*******ын “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/575 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/248 дугаар тушаалыг биелүүлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад даалгах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА