| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2309003490456 |
| Дугаар | 2025/ДШМ/563 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 18.18.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/563
2025 05 13 2025/ДШМ/563
А.С-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Чимэдцэеэ,
яллагдагч А.С-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Ургаа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/1626 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг үндэслэн А.С-ад холбогдох эрүүгийн 2309003490456 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С-,
А.С- нь Хан-Уул дүүргийн тоот дахь “*****” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалыг хашиж байхдаа олж авсан, виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй мэдээлэл буюу 7.6 тэрбум төгрөгийн токен анхдагч зах зээлд борлуулагдсан болон үүнтэй холбоотой үүссэн мэдээллийг ашиглаж, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд 554 удаагийн гүйлгээгээр виртуал хөрөнгийн арилжаанд токен авах болон зарах байдлаар оролцож 318 удаагийн гүйлгээгээр 204.452.919 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот дансаар дамжуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг заасан.
Яллагдагч А.С-ад холбогдох хэргийн 11 дүгээр хавтаст “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд "... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.20 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч түүний үйлдэл уг зүйл, заалт нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс өмнөх цаг хугацаанд хамааралтай байна. ...Мөн О.А- нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нийт 3 удаа буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 559,110.80 ширхэг койныг 24,846.88 төгрөгөөр, 516,889.70 ширхэг койныг 24,846.89 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3,494,060.00 ширхэг койныг 50,000 төгрөгөөр тус тус худалдан авах арилжааг хийсэн нь дотоод мэдээллээ ашиглан буцаан зарах байдлаар өөрт эдийн засгийн хувьд ашигтай байдлыг бий болгосон гэж үзэхээргүй байна. Түүнчлэн О.А-ын Койн хаб бирж дээрх хэтэвчний үлдэгдэл нь яллагдагчаар татагдах үед 6,612,172,035.6000 **** койн байгаагаас дүгнэхэд түүнийг ****ХХК- ийн хувьцаа эзэмшигчийн хувиар олж авсан нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу бирж дээрх койны бодит хэмжээг мэдэж байгаа мэдээллээ ашиглан өөрт ашигтай байдлыг бий болгохоор арилжаанд оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.” гэж,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.20 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч түүний үйлдэл уг зүйл, заалт нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс өмнөх цаг хугацаанд хамааралтай байна. ...Мөн Б.Н- нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 1 удаа буюу 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2,627,419.60 ширхэг **** койныг 90,867.10 төгрөгөөр худалдан авах арилжааг хийсэн ба үүнийг дотоод мэдээллээ ашиглан буцаан зарах байдлаар өөрт эдийн засгийн хувьд ашигтай байдлыг бий болгосон гэж үзэхээргүй байна. Түүнчлэн Б.Н-гийн Койн хаб бирж дээрх хэтэвч үлдэгдэл нь яллагдагчаар татагдах үед 6,299,182,988.5000 **** койн бактаагзэс дүгнэхэд түүнийг ****ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар олж авсан нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу бирж дээрх койны бодит хэмжээний мэдээллээ ашиглан өөрт ашигтай байдлыг бий болгохоор арилжаанд оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв." гэж тус тус хууль зүйн дүгнэлт хийж Б.Н-, О.А- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид “виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон бол” гэж заасан бөгөөд О.А-, Б.Н- нар нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш О.А- нь нийт 3 удаа буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 559,110.80 ширхэг койныг 24,846.88 төгрөгөөр, 516,889.70 ширхэг койныг 24,846.89 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3,494,060.00 ширхэг койныг 50,000 төгрөгөөр, Б.Н- нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2,627,419.60 ширхэг **** койныг 90,867.10 төгрөгөөр тус тус худалдан авах арилжааг хийсэн байхад О.А-, Б.Н- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Мөн “Их наяд аудит” Нягтлан бодох бүртгэлийн хяналтын хараат бус итгэмжлэгдсэн хөндлөнгийн байгууллагын шинжээчийн дүгнэлтийн 4.6-д,
“****ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Б.Батжин, Б.Н-, А.С-, О.А- нар дээрх “КОЙН ХАБ ХХК”-аас олсон нийт 369 удаагийн гүйлгээгээр 1,270,207,719.00 төгрөгийн орлогыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны харилцах дансыг тулган шалгахад дараах дансуудаар хүлээн авсан байна. Үүнд: Б.Батжингийн Хаан банкны төгрөгийн 5212030154 тоот дансаар 47 удаагийн гүйлгээгээр 1,028,610,000.00 төгрөг, Б.Н-гийн Хаан банкны төгрөгийн 5130035857 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 34,323,300.0 төгрөг, А.С-ын Хаан банкны төгрөгийн ***** тоот дансаар 318 удаагийн гүйлгээгээр 204,452,919.00 төгрөг, О.А-ын Голомт банкны төгрөгийн 5705004996 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 2,821,500.0 төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Нэгтгэлийг хүснэгт 6, дэлгэрэнгүйг Хавсралт 6-аар харуулсан...” гэсэн бөгөөд хавсралтад О.А-, Б.Н- нарын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гүйлгээ байхгүй байх ба аудитын дүгнэлт бүрэн гүйцэд хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Мөн прокурорын “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолуудын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжгүй байна” гэх дүгнэлт нь учир дутагдалтай байна. “White рарег” нь тухайн виртуал хөрөнгийн ирээдүйн эзэмшигчдэд бүтээгдэхүүний онцлог, зорилго, эрсдэлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор гаргасан танилцуулга бичиг ба тухайн виртуал хөрөнгө гаргагчийн танилцуулга, зорилго, алсын хараа, бүтээгдэхүүний танилцуулга, бүтээгдэхүүний онцлог, давуу тал, хуваарилалт, зарцуулалтын төлөвлөгөө, технологийн танилцуулга, эзэмшигчдэд бий болох боломж, үр өгөөж, эрсдэлийн талаарх мэдээлэл, шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл зэрэг байх шаардлагатай. 1 дүгээр хавтас хэргийн 111-117 дугаар хуудаст Эльф койны танилцуулга буюу White рарег-ийн 01, 106, 107, 108 дугаар хуудаст үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл авагдсан байх бөгөөд бүрэн гүйцэт авагдаагүй байна.
Мөн гэрч Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн референт М.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд: “Виртуал хөрөнгийн “Токеномикс" гэдэг нь шинээр гаргах виртуал хөрөнгийн захиран зарцуулах задаргааг хэлж байгаа бөгөөд энэ нь виртуал хөрөнгийн цуулгын салшгүй нэг хэсэг юм. Виртуал хөрөнгийн танилцуулга буюу White рарег гэдэг нь виртуал хөрөнгийг гаргаж байгаа компанийн танилцуулга, туршлага, тэдний шинээр гаргаж байгаа виртуал хөрөнгийн тоо, хэмжээ, зарцуулалт, үнэлгээ, ирээдүйд хийгдэх ажил, татан төвлөрүүлснийг цаашид юунд захиран зарцуулах зэрэг талаар танилцуулж байгаа төслийн танилцуулгын цогц материал гэж үзэж болно. Виртуал хөрөнгийн танилцуулга болон танилцуулга дотор байх “Токеномикс" буюу виртуал хөрөнгийн зарцуулалтын задаргааг үндэслэн хөрөнгө оруулагч нар тухайн бизнесийн үйл ажиллагаа ирээдүйд тэлэх, тухайн виртуал хөрөнгө нь ирээдүйд өснө гэх итгэлээр хөрөнгө оруулалтыг хийдэг. Виртуал хөрөнгийн танилцуулга буюу white рарег нь уламжлалт санхүүгийн системээс ... компанийн анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаатай төстэй. Компанийн IРО анхдагч арилжаа дээр хөрөнгө оруулагч нар тэдний гаргасан “Проспектус” буюу Үнэт цаасны танилцуулгыг судалж хөрөнгө оруулдаг бол виртуал хөрөнгийн анхдагч арилжаа дээр хөрөнгө оруулагч нарын гаргасан white рарег буюу виртуал хөрөнгийн танилцуулгыг судалж хөрөнгө оруулдаг бөгөөд нь энэ хамгийн чухал баримт бичгүүдийн нэг юм. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Үйл ажиллагааны журмын 5.4-д зааснаар виртуал хөрөнгийн анхдагч зах зээлийн арилжаатай холбоотой зохицуулалтыг зааж өгсөн байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 175 дугаар тогтоолоор баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Үйл ажиллагааны журмын 2.4, 2.5-д наар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19, 18.20-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, хянах зорилгоор арилжааг тогтмол хянаж, дотоод хяналт шалгалт явуулах эрхтэй бөгөөд хэрэв дотоод хяналт шалгалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19, 18.20-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд нотлох баримтын хамтаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт мэдээллийг хүргүүлж, Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүрэгтэй байгаа. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хүрээнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар сэжигтэй гүйлгээг эрх бүхий хуулийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Виртуал хөрөнгийн танилцуулга Whiteрарег-т “Дурдагдсан төслүүд хэрэгжих 100% баталгаа байхгүй” гэж хуульд заасан зохицуулалт байхгүй гэхдээ виртуал хөрөнгийн анхдагч зах зээлээр хөрөнгө татан төвлөрүүлээд, татан төвлөрүүлсэн хөрөнгөө гаргасан танилцуулга Whiteрарег-ийн дагуу зарцуулах гэж байгаад “Хөрөнгө оруулалт хийх төсөл эсхүл салбар” өөрчлөгдсөн тохиолдолд түүнийгээ нийтэд ил тод мэдээллэх шаардлагатай. Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Үйл ажиллагааны журмын 6.2.2-д заасны дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа хийсэн виртуал хөрөнгийн танилцуулга Whiteрарег-ийн дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгөө зарцуулж байгаа эсэх, төсөл өөрчлөгдсөн эсэх, төслийн дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх дээр хяналт тавьж, мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр нийтэд мэдээллэх үүрэгтэй байгаа. Виртуал хөрөнгийн танилцуулга Whiteрарег-т “Whiteрарег-т дурдагдсан мэдээллийг аливаа хэлбэрээр компани, токений арилжаанд оролцох зөвлөмж гэж үзэхгүй” гэж оруулж болно. Угаасаа зар сурталчилгааны тухай хуулийн хүрээнд ийм мэдээллийг оруулж болохгүй. Гэхдээ виртуал хөрөнгийн танилцуулга нь тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, өмнө нь хийгдсэн ажлууд, мөн ирээдүйд хийх төсөл, төлөвлөгөөг хөрөнгө оруулагч нарт танилцуулж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад мэдээллээр хангах зорилготой бэлтгэгдсэн материал учир танилцуулгад заагдсаны дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгөө зарцуулах, виртуал хөрөнгөө хуваарилах шаардлагатай эс бол нийтэд өөрчлөгдсөн мэдээллийг ил тод мэдээллэх хэрэгтэй. Хэрэв мэдээллээгүй бол хөрөнгө оруулагч нараа залилан мэхэлсэн үйлдэл байх боломжтой гэж харж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар нь өөрсөд дээр хоёрдогч зах зээлийн арилжаа хийсэн виртуал хөрөнгө гаргасан компаниудын анхдагч зах зээлийн арилжаагаар олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө виртуал хөрөнгийн танилцуулгад заасны дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавих үүрэгтэй бөгөөд хэрэв танилцуулгад заасны дагуу зарцуулаагүй бол холбогдох хуулийн байгууллагад нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзээд мэдээллийг нь шилжүүлнэ. Анхдагч зах зээлийн арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн буруу зарцуулалтаас хохирох хохирогч нар нь ирээдүйд гарч ирэх боломжтой, учир нь хуулийн байгууллагаас шалгах ажиллагаа явуулахад виртуал хөрөнгийн үнэ, ханш өсөж эсхүл буурч болзошгүй. Мөн виртуал хөрөнгийн танилцуулгад нь итгээд анх хөрөнгө оруулсан иргэд ч хохирч бас болно. Харин виртуал хөрөнгийн танилцуулгад заасны дагуу виртуал хөрөнгөө хуваарилаагүй, эрх бүхий этгээдүүд нь өөрсдөдөө их хэмжээний виртуал хөрөнгө хуваарилаад түүнийгээ хоёрдогч зах зээлийн арилжаагаар зарж ашиг олох нь ёстой нэг “Rug bull” “Хивс- Татах” гэх шууд орчуулагчтай гэдэг шиг юм болно байх. “Rug bull” гэдэг нь хивсэн дээр зогсож байгаа хүний хивсийг татаж газарт унагаах гэсэн хэлц үг бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож байгаа энгийн оролцогч нар дунд өөрсдийн гаргасан койноосоо их хэмжээгээр зах зээлд нийлүүлэн виртуал хөрөнгийн ханшийг унагааж энгийн арилжаанд оролцогч нарын зогсож байгаад хивсийг татан, ар дагзаар нь шавж унагаахтай адил юм. Энэ асуудалд хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцсон энгийн оролцогч нар болон одоог хүртэл тухайн виртуал хөрөнгийг эзэмшиж байгаа иргэд хохирсон гэж үзэх боломжтой...” гэж мэдүүлсэн байна.
Мөн “Их наяд аудит” дүгнэлтийн 4.4-т зааснаар төвлөрүүлсэн орлогоос зээлийн буцаан төлөлт, бонд худалдан авалт, зээл гэх мэт зүйлүүдэд зарцуулсан гэдэг.
Дээрхээс үзэхэд “********” ХХК-ийн анхдагч зах зээлд борлуулсан **** койноос олсон орлого болох 7.6 тэрбум төгрөгийг зарцуулалтыг **** койны whiteрарег-т заагдсан дагуу зарцуулагдсан эсэхийг шалгаж холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй гэх үндэслэлээр А.С-ад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор С.Чимэдцэеэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх өмнө нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан. Прокурор мөн эсэргүүцэл бичиж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн, прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан. Тойргийн шүүх болсноос хойш хэргийг дахин хүлээн авч, шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Шүүгч тухайн үед 2 гол асуудлыг тавьж байсан. Эхнийх нь О.А-, Б.Н- нарт холбогдох хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон бэ, тэдгээрийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байхгүй юу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж байгаа тохиолдолд О.А-, Б.Н- нар нь нэг нь нэг удаа, нөгөө нь 2-3 удаа арилжаанд оролцсон байна. Гэтэл үйлдлийг яагаад хэрэгсэхгүй болгосон бэ гэсэн. Энэ талаар улсын яллагчийн зүгээс зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд хууль зүйн дүгнэлтийг дэлгэрэнгүй бичсэн гэж үзэж байгаа. Энэ талаар урьдчилсан хэлэлцүүлэгт тодорхой тайлбар, санал дүгнэлтийг хэлсэн. Тухайн хэргийг энэ удаа буцаахдаа О.А-, Б.Н- нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг захирамждаа дурдсан учраас энэ талаар дэлгэрэнгүй хэлэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайн үндэслэлийг дараах байдлаар эсэргүүцэж байна.
Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэг эдийн засгийн гэмт хэргүүдийг хуульчилсан, энэ бүлэгт шунахайн сэдэлтэй ямар нэг байдлаар ашиг олох зорилготой гэмт хэргүүд багтдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг 18 дугаар бүлэгт харьяалуулсан тус зүйлд уг гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, ашиг олсон зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19, 18.20 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж байгаа гол сэдэл зорилго нь өөртөө ямар нэгэн байдлаар эдийн засгийн хувьд давуу байдал, үр ашгийг бий болгох зорилготой үйлдэл байх ёстой. Гэтэл хэрэгсэхгүй болгосон О.А-, Б.Н-, Б.С-о нар нь зөвхөн худалдан авах, нэг нь 100,000 төгрөгөөр, нэг удаа койн худалдаж авсан. Нөгөө нь 90,000-100,000 төгрөгөөр худалдаж авсан. Өөрөөр хэлбэл буцаагаад худалдах байдлаар арилжаанд оролцоогүй. Арилжаа гэдэг нь худалдаад, худалдаж авна. Гэтэл эдгээр хүмүүс худалдаж авсан. О.А-, Б.Н-, н.С-о нарыг яллагдагчаар татсан хэвээр шүүхэд шилжүүлсэн тохиолдолд хүний эрхийн том зөрчил болох байсан. Шүүгчийн захирамжийн бичиглэлийн хэлбэр 2-3 нүүр 1 гэрчийн мэдүүлэг байдаг. Би бүтцийн хувьд ярихгүй. Агуулгынх нь хувьд өөрийн эсэргүүцэж байгаа үндэслэлүүдийг хэлье. “Их Наяд Аудит” нягтлан бодох бүртгэлийн хяналтын хараат бус итгэмжлэгдсэн хөндлөнгийн байгууллагын шинжээчийн дүгнэлтийн хавсралтад О.А-, Б.Н- нарын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гүйлгээ байхгүй байх ба аудитын дүгнэлт бүрэн гүйцэт хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна гэсэн. Ийм баримт байхгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19, 18.20 дугаар зүйлд заасан тухайн гэмт хэргүүд Төрийн мэдээлэлд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэвлэгдээд, 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Үүнээс хойших үйлдлүүдийг гэмт хэрэг гэж үзэх боломжтой. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр болоход хэрэгт яллагдагчаар татагдсан О.А-, Б.Н-, н.С-о нар нь арилжаа хийхээ зогсоосон. Ганцхан Б.Батжин, А.С- нар хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш идэвхтэй худалдах, худалдан авах арилжаанд оролцож, өөрсдийн арилжааны банкны дансаараа мөнгө гаргаж авсан байдаг. “Их наяд аудит”-ын шинжээчийн дүгнэлтэд О.А-, Б.Н-, Б.С-о нарын дансанд үзлэг хийхэд гүйлгээ байхгүй байна гэдэг нь үндэслэлтэй. Учир нь хууль хүчин төгөлдөр болсноос хойш эдгээр хүмүүс өөрсдийн дансаараа, койн хэтэвчнээсээ мөнгө гаргаж аваагүй.
Гэрч М.Батмөнхийн мэдүүлэг шүүгчийн захирамж дээр 2-3 хуудас үргэлжилдэг. Үүнийг дурдаад байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзээд байгаа юм. Прокурорын Эрүүгийн хуулийн 17.3 болон 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэсэн. Яагаад үндэслэлгүй гэж үзсэн талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй. Хамгийн сүүлд нэгтгэн, дүгнэх гэж оролдсон байсан. Энэ нь өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах гэсэн. Тухайн гэмт хэрэг нь ямар ч тохиолдолд залилах гэмт хэргийн шинжийг агуулахгүй. Учир нь залилах гэмт хэргийн хувьд аливаа хүний хөрөнгийг буцаан төлөхгүй байх, хариу төлбөргүйгээр авах, тодорхой хугацааны дараа буцаан төлөх, өгөх зэрэг байдлаар амлалт өгөөд шилжүүлж авах байдлаар илэрдэг. Гэтэл койн гаргаад зараад байгаа, жишээлбэл би 5,000,000 төгрөгөөр койн авахаар мөнгөө шилжүүлсэн, би юу ч аваагүй хүн биш. 5,000,000 төгрөгтөө ногдох хэмжээний токен авсан. Хоёр дахь зах зээл нээгдэхэд би арилжаанд оролцсон. Зарим хүмүүс маш их ашиг олсон, зарим хүмүүс ямар ч ашиг олоогүй, алдсан. Энэ тохиолдолд хэнийг залилсан гэх вэ, би 5,000,000 төгрөгтөө ногдох хэмжээний зүйлийг авсан. Үүнийг шүүх яаж залилах гэмт хэргийн шинжтэй гэж хараад байгааг ойлгохгүй байна.
Дараагийн үндэслэл нь Вайят пэйпр /White рарег/ хэрэгт аваагүй байна гэсэн. Вайят пэйпр /White рарег/-ийг хэрэгт авах нь ямар ач холбогдолтой гэж шүүх үзээд байна вэ гэхээр Вайят пэйпр /White рарег/-д заасан, амласан үйл ажиллагааг хийсэн эсэхийг нь тогтоох шаардлагатай байна. Энэ нь өөрөө өөр гэмт хэргийн шинжийг агуулж болзошгүй гэсэн. Вайят пэйпр /White рарег/-т мөрдөгчөөс үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. Залилах гэмт хэрэг байсан тохиолдолд Вайят пэйпр /White рарег/-ийг хэрэгт авах нь ач холбогдолтой. Би 5,000,000 төгрөгийн токен авахаар мөнгөө шилжүүллээ магадгүй миний мөнгийг өгөөгүй эсвэл “...бидэнд хөрөнгө орууллаа, энэ хөрөнгө нь ирээдүйд үнэ цэнтэй болно. Учир нь Вайят пэйпр /White рарег/ заагдсан манай сургууль таван жилийн дараа ийм болно...” гэх амлалтыг өгөх явдал. Үүнд ийм зүйл байхгүй. Түүнчлэн өөр нэг тохиолдолд Вайят пэйпр /White рарег/ ач холбогдолтой байх байсан. Зах зээл буюу бирж дээрх койны үнэ цэн нь зөвхөн Вайят пэйпр /White рарег/-т дурдагдсан ажлаас хамаарна. Гэтэл өнөөдөр тийм биш гэдгийг яллагдагч өөрөө ч мэдэж байгаа. Хэчнээн Вайят пэйпр /White рарег/-т заагдсан үйл ажиллагаа маш сайн явагдсан ч биткойны үнэ дэлхийн зах зээл дээр унахад ямар ч сайн байсан бүх койн дагаад унадаг. Иймд ганцхан Вайят пэйпр /White рарег/-т заагдсан үйл ажиллагаа нь тухайн койны үнэ цэнийг барих ганц хөдөлгүүр гэж бид харж болохгүй. Вайят пэйпр /White рарег/-ийг шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаан дээр гаргаад өгөх боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19, 18.20 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шийдвэрлэхэд Вайят пэйпр /White рарег/ дээрх “**** эдүкэйшн” ХХК-ийн ийм, ийм үйл ажиллагааг явуулна гэж амлаад байгаа зүйл нь төдийлөн ач холбогдолгүй гэж харж байгаа. Иймд шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч А.С-ын өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс Б.Н-, О.А-, Б.С-о гэх гурван яллагдагчийн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг арилжаанд оролцсон бол объектив талын шинж хангагдана. Арилжаа хийсэн л бол гэмт хэрэг үйлдэгдээд дууссан. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол шаардахгүй. Үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон гурван яллагдагч оролцоогүй биш, оролцсон байдаг. Прокурор гэмт хэргийн объектив талын шинжийг өөрийн дураар тайлбарлаад байна. Бид хуульчид, эрүүгийн хуулийг нэг мөр хэрэглэх ёстой. Гүйлгээнд оролцсон л бол гэмт хэрэг. Гэтэл тухайн гурван хүнийг ялгаад хэрэгсэхгүй болгосон нь буруу. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв. Хэрэгт Вайят пэйпр /White рарег/ койны танилцуулгыг бүрэн авч хийгээгүй байна. Үзлэг дутуу байна. Вайят пэйпр /White рарег/ үзлэг дутуу байхаас гадна бүрэн хэмжээгээрээ хэрэгт хавсрагдаагүй байна гэдэг нь миний харж байгаа өнцөгөөр анхан шатны шүүх өөрийнхөө эргэлзээг тайлах гээд байгаа байх. Вайят пэйпр /White рарег/-г бүтнээр нь авахуулаад үзмээр байгаа юм. Захирамжид дурдаад буй залилах гэмт хэрэг үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үү гэх эргэлзээг тайлах гээд байгаа юм. Шүүх мөрдөн шалгах эрхтэй байгууллага биш. Дараагийн захирамжид дурдагдаж байгаа асуудал нь хэрэв Вайят пэйпр /White рарег/-г бүрэн эрхээрээ авагдчихвал залилах гэмт хэрэг мөн эсэх дараагийн асуудлаа шийднэ. Хэрэв койн гаргагчид Вайят пэйпр /White рарег/-т бичсэнээсээ өөр байдлаар мөнгийг зарцуулсан тохиолдолд залилах гэмт хэрэг байх магадлалтай гэж үзээд байгаа юм. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй. ...” гэв.
Яллагдагч А.С-ын өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд шүүгчийн захирамжийн зарим хэсгийг нь зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хаалттай мэдээлэл гэдгийг юу гэж ойлгох талаар бид өмнө нь дэлгэрэнгүй ярьсан. Хаалттай гэж зарласан мэдээллийн дараа худалдан авалт хийж байгаа, хоёр дахь зах зээлээс өөрсдөө авчихсан зүйлээ буцааж авч буй үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байна гэх шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Харин өмгөөлөгчийн зүгээс залилах гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Иймд О.А-, Б.Н- нарыг яллагдагчаар татсаныг хэвээр үлдээж, захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч А.С- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.С-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос А.С-ыг “*****” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалыг хашиж байхдаа олж авсан, виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй мэдээлэл буюу 7.6 тэрбум төгрөгийн токен анхдагч зах зээлд борлуулагдсан болон үүнтэй холбоотой үүссэн мэдээллийг ашиглаж, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд 554 удаагийн гүйлгээгээр виртуал хөрөнгийн арилжаанд токен авах болон зарах байдлаар оролцож 318 удаагийн гүйлгээгээр 204.452.919 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар дамжуулан авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад; “Coin hub” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “*****” ХХК-с ЕLFС койны IСО буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон харилцагчдын жагсаалтыг ирүүлж улмаар холбогдох ЕLFС койныг 2021 оны 12 сарын 20-ний өдөр “Койн хаб” бирж дэх хэтэвчинд тодорхой хугацааны түгжээтэй болон түгжээгүй байдлаар байршуулсан. ЕLFС койны танилцуулгын токеномиксд “ТЕАМ” буюу үүсгэн байгуулагчдад нийт 3 тэрбум ЕLFС койныг 3 жилийн түгжээтэйгээр хадгалахаар тусгасан боловч “*****” ХХК-иас ирүүлсэн жагсаалтын дагуу удирдлагын багийн нийт 5 гишүүн тус бүрийн хэтэвчинд 6.6 тэрбум ЕLFС койн буюу нийт 33 тэрбум ЕLFС койн олгосон нь токеномиксд заасан хуваарилалтад нийцээгүй болно. Түүнчлэн “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батжин нь өөрт хуваарилагдсан 6.6 тэрбум ЕLFС койноос 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд нийт 1/1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ЕLFС койныг зарж 1 тэрбум төгрөгтэй тэнцэх орлого олсон байна. Эдгээр үйлдэл нь “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-ын 2.4 дүгээр заалтын дагуу ЕLFС койны гүйлгээнд хийсэн хяналт, шалгалт, дүн шинжилгээний хүрээнд Эрүүгийн хуулийн 18.19, 18.20 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэх мэдээллээр /1хх 11/ 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “*****” ХХК-ийн удирдлагууд нь өөрсдийн гаргасан ELFC нэртэй виртуал хөрөнгийн танилцуулгад заагдсанаас илүү хэмжээтэй ELFC койныг өөрсдийн “Koйн хаб” ХХК-ийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр эзэмшдэг хувийн дансандаа хүлээн авч, илүү хэмжээгээр хүлээн авсан тус бүрийн 6,666,666,667 виртуал хөрөнгөөс хоёрдогч зах зээлийн арилжаанд худалдан борлуулж 1,207,925,835.58 төгрөгийн ашиг олж, анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон нийт 4707 иргэнийг хууран мэхэлж, гэмт хэргийн журмаар олсон орлогын эх үүсвэрийг хувирган өөрчилж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдол /мэдээлэл/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /1хх 1-2/
Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын 14, 15, 16 дугаар тогтоолоор “...Б.С-о, Б.Н-, О.А- нар нь “...анхдагч арилжаанаас 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн атлаа “41 гаруй тэрбум төгрөг ..цугларсан..” гэх агуулгатай мэдэгдлийг ЕLFC нэртэй фейсбүүк пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд өгч, хуурсан, энэхүү дотоод мэдээллээ ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон нөхцөл байдал тогтоогдов. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.20 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч энэ үйлдэл нь уг зүйл, заалт хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс өмнөх цаг хугацаанд хамааралтай байна. ...”,
“...О.А-ын хувьд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нийт 3 удаа, Б.Н-гийн хувьд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 1 удаа койн худалдан авах арилжааг хийсэн нь дотоод мэдээллээ ашиглан буцаан зарах байдлаар өөрт эдийн засгийн хувьд ашигтай байдлыг бий болгосон гэж үзэхээргүй байна. Түүнчлэн О.А-ын Койн хаб бирж дээрх хэтэвчний үлдэгдэл нь яллагдагчаар татагдах үед 6,612,172,035.6000 **** койн, Б.Н-гийн Койн хаб бирж дээрх хэтэвчний үлдэгдэл нь яллагдагчаар татагдах үед 6,299,182,988.5000 **** койн байгаагаас дүгнэхэд тэдгээрийг “*****” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар олж авсан нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу бирж дээрх койны бодит хэмжээний мэдээллээ ашиглан өөрт ашигтай байдлыг бий болгохоор арилжаанд оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Б.С-о, Б.Н-, О.А- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна /11хх 175-183/
Үүнээс гадна Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар А.С-ад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн магадлалын заалтыг биелүүлээгүй байна.
Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн А.С-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч А.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/1626 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч А.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН