Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/ма2018/02460

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Батнямын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/03294 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Батнямын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Оргилмаад холбогдох

 

3 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Намуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Б.Оргилмаад 4 000 000 төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргах байсан боловч 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүүгийн анхан шатны 4 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл, 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгүүлсний улмаас уг ялаа биечлэн эдлэж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан. Ял эдэлж байх хугацаандаа ангийн захиргаанд хэд хэдэн хүнээс мөнгө авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатайгаа илэрхийлэхэд ямар ч боломжгүй, чиний эрх хязгаарлагдмал гэсэн хариу өгч байсан тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл өгч чадаагүй. Гэвч суллагдсаны дараа хууль шүүх гэхгүйгээр мөнгөө авах гэж явсан боловч сайн дураараа мөнгө өгөх хүн олдоогүй. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан. Үүнээс хойш 3 жил гаруй хугацаанд хариуцагч Б.Оргилмаа нь зээлсэн нийт 4 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг сайн дураараа өгсөн. Иймд хариуцагч Б.Оргилмаагаас үлдэгдэл 2 000 000 төгрөг, хүү 120 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг, нийт 3 120 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Д.Батнямтай 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Уг гэрээ нь 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, үүргийн гүйцэтгэлийг 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Бичгээр 4 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч бодитоор 2 000 000 төгрөгийг л бэлнээр авсан байдаг. Үүнийг 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүүгийн хамт эцэслэн төлсөн тул хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үлдэгдэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн байдаг боловч бодитоор 2 000 000 төгрөг хүлээж авсанаа хариуцагч нь хариу тайлбар дээрээ ч хэлсэн байдаг. Яагаад ингэж гэрээ хийсэн бэ гэвэл н.Болорчулуун, н.Дарьсүрэн гэдэг хоёр хүн дундаас нь 2 000 000 төгрөгийг нь авсан юм шиг байдаг. Ямар ч байсан хариуцагч нь 2 000 000 төгрөг л авсан. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил тул 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батнямын гаргасан хариуцагч Б.Оргилмаад холбогдох 3 120 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 49 920 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Батнямд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнөх 6 сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний гэгдэх нөхцөл үүссэн тохиолдолд хугацааг түр зогссон гэж үзэн 6 сараар сунгаж болохоор зохицуулжээ. Хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн баримт авагдсан. Өөрөөр хэлбэл Д.Батням нь хорих ангиас өөртэйгээ холбоотой өргөдөл, гомдол гаргах эрхтэй ба шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхгүй байсан байна. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ. Хэрэгт прокурорын тогтоол авагдсан байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Батням нь хариуцагч Б.Оргилмаад холбогдуулан зээлийн төлбөрийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, хүү 120 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Талууд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулан, хариуцагч нь нэхэмжлэгчээс 4 000 000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 27ы өдөр хүртэл 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 15/

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Б.Оргилмаа нь зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн нь талаар хэн алин нь маргаагүй, харин хариуцагч дээрх гэрээний дагуу бодитоор 4 000 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхгүй гэж, нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт яллагдан, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсантай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч Б.Оргилмаа нь мөнгөн төлбөрийн үүргийг 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийж гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байдал болон хугацааг дахин шинээр тоолох журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймээс зээлийн гэрээний төлбөр төлсөн сүүлийн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцож нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1616 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор нотлогдож байгаа гэжээ. Уг прокурорын тогтоолоос үзвэл нэхэмжлэгч Д.Батнямаас Б.Болорчулуун, Б.Дархисүрэн нарт холбогдуулан гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгосон байх тул Б.Оргилмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэгт хамааруулан авч үзэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батням нь хорих ангид ял эдэлж байхдаа өөрт холбогдох асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/3907 дугаартай хариу албан бичгээр үгүйсгэгдэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/03294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Батнямаас төлсөн 64 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ЦОГТСАЙХАН