Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/564

 

   

 

 

 

   2025            05             13                                       2025/ДШМ/564          

 

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ариунзул,

хохирогч Д.Дгийн өмгөөлөгч Б.Бадамжаргал,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/2308 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ариунзулын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.Г-т холбогдох эрүүгийн 2505000000028 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-,

 

Г.Г- нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн **** нутаг дэвсгэрт байрлах **** тоотод хамтран амьдрагч Д.Дгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу толгойн тус газарт нь хоёр удаа мөргөх, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъект хуулийг чанд мөрдөх учиртай. Прокурор Г.Ариунзулын үйлдсэн №45 дугаартай яллах дүгнэлтэд хохирогчийн мэдүүлэг /хх 7-9/, гэрч М.Х /хх 19-20/, Ц.Х нарын мэдүүлэг /хх 22-23/, шинжээчийн дүгнэлт зэргийг яллах талын нотлох баримтаар тусгажээ. Гэвч яллах дүгнэлтэд нотлох баримтаар тусгагдсан хохирогчийн мэдүүлэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж авсан мэдүүлэг байна. Мөн гэрч нараас эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлд заасан “гэрчээс Зөрчлийн хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөх эрхтэй.” гэсэн хоёр заалтыг танилцуулж мэдүүлэг авсан байх ба эдгээр оролцогчид танилцуулсан эрх, үүрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүрэг байна. Прокуророос яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ., 4 дэх хэсэгт мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ., 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.гэж тус тус хуульчилсан. Мөн хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрх, үүргийг, 9.6 дугаар зүйлд гэрчийн эрх үүргийг тухайлан заасан байна. Гэтэл зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанаас холбогдогчийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр шилжүүлснийг прокурор хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг гэрч нарт танилцуулж мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй, дээрх хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг явуулаагүй атлаа зөрчлийн хэргийн материалыг яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар тусгаж хуулийг ноцтой зөрчжээ.

Мөн хэргийн 34 дүгээр талд Д.Дг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах ажиллагаа явуулахад хохирогч нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөөгүй, хэсгийн байцаагчид өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэсэн /хх 37-39/-р дуусгасан нь хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох ажиллагаа явуулаагүй гэж үзнэ. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д хохирогч эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх эрхтэй боловч нөгөө талаар 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй субъект бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгахад түүнээс өгсөн мэдүүлэг чухал ач холбогдолтой буюу бусад эх сурвалжтай тохирч байгаа эсэхийг шалгах, үнэлэх зэргээр нотлон тогтоох ажиллагаа явагддаг бөгөөд энэ хэрэгт хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг өгөөгүй буюу мэдүүлэг гаргаагүй нь тус хэргийг нотлох тогтоох ажиллагааг бүрэн явуулсан гэж үзэхээргүй байна. Нөгөө талаар хохирогчийн зөрчил шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулсан нотлох баримтад тооцогдохгүй тул прокурорын яллах дүгнэлтэд зөрчлийн ажиллагаанд хохирогчийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тусгасан нь хуулийн зөрчил юм. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан тул прокурорын яллах дүгнэлт дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн бөгөөд хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ гэж заасан хуулийн заалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно гэж заасан нь эрүүгийн хэргээс бусад маргаанд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтыг нотлох баримтаар тооцох зохицуулалт болохыг тэмдэглэв.

 Прокурор яллах дүгнэлтдээ Г-ыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шүүхэд эрүүгийн ***** дугаартай хэргийг ирүүлсэн байна. Гэтэл хэрэгт Д Г-/РД:******/ гэсэн хүний иргэний үнэмлэхийн, гэрлэсний бүртгэлгүй, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанууд хэргийн 56-59 дэх талд авагдсан бөгөөд энэхүү материал нь Г- нь ямар учиртай хүн болох, хэрэгт ямар хамааралтай этгээд болох эсэх нь ойлгомжгүй байдлыг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэргийг хэн үйлдсэн”-г нотлон тогтоох талаар хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэх субъект нь Г- эсхүл Г-ын аль нь болохыг эргэлзээгүй нотлон тогтоох хуульд заасан ажиллагааг явуулбал зохино гэх үндэслэлээр Г.Г-т холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ариунзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтас хэргийн 7-9 дүгээр хуудсанд хохирогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж хэргийн үйл баримтын талаарх дэлгэрэнгүй мэдүүлэг авсан байна. Мөн хэргийн 37-39 дүгээр хуудсанд хохирогчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дэх хэсэгт зааснаар хохирогчоор тогтоож, мөн хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийг танилцуулж, хохирогчоор мэдүүлэг авахад хохирогч "... хэсгийн байцаагчид өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно.” гэж заасан. Хууль тогтоогчоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно гэж хуульчилсан байхад хохирогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж авсан мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангахгүй, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчоор тогтоож, мөн хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийг танилцуулж, хохирогчоор мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, түүнээс гадна шүүгчийн зөрчил гэж үзсэн энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд хамаарахгүй байна.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг эрүүгийн хэргээс бусад маргааныг шийдвэрлэхэд дээрх заалтыг баримтална гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хэрэг болон зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан бүхий л хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно гэсэн ойлголт юм.

Эрүүгийн 2505000000028 дугаартай хэрэгт Ганхуягийн Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болох эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Г- үйлдсэн болох нь  хангалттай нотлогдон тогтоогдсон, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт үнэн зөв бичигдсэн.

Д.Г- гэх хүний иргэний баримт бичиг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ганхуягийн Г-ыг эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд хэрэгт авагдсан баримт бөгөөд тухайн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж, хэргийг прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "...гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээнэ" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч Д.Дгийн өмгөөлөгч Б.Бадамжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. …” гэж заасан. Гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмнө өгсөн мэдүүлэгт нэмж хэлэх зүйлгүй гэдэг нь 2 өөр ялгаатай ойлголт. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгч прокуророос яагаад мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй талаар асуухад “мэдүүлэг өгөөгүй, өгөхгүй гэдэг” өгүүлбэрийг хэлсэн. Энэ нь мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа ойлголт биш. “Нэмж хэлэх зүйлгүй” гэсэн. Энэ тохиолдолд мөрдөгч мэдүүлгийг шинээр авах ажиллагаа хийх ёстой байсан. Уг ажиллагааг хийгээгүй байж, шууд зөрчлийн хэргийн материалыг мэдүүлэг өгсөнд тооцож татаж авч байгаа нь “хэргийн үйл баримтыг сэргээсэн нөхцөл байдал гэж үзэхгүй” гэж дүгнэсэн анхан шатын шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хавтас хэргийн 55 дугаар талд Мягмарын Өлзийбаярын эд хөрөнгийн талаар авсан 01 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дүгээр мөрдөгчийн тогтоол авагдсан. Энэ хүн ямар учиртай хүн болох нь тодорхойгүй. Уг хэрэгт хэд, хэдэн ямар ажиллагааны журмаар авсан нь тодорхойгүй баримтууд авагдсан. Миний дээр дурдсан М.Ө гэх хүн, Г- гэх хүн байгаа. Прокуророос үүнийг эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд авагдсан баримт гэж тайлбарладаг. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад олсон, эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд бий болсон баримт гэдэг нь тодорхойгүй. ... Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор хүсэлт гаргасан. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад; 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Д.Д Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарт “хүн зодоод байна” гэх гомдол, мэдээллийг өгсөн /хх 2/-өөр  Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Сувд-Эрдэнэ Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэн /хх 1/, Д.Д-оос хохирогчоор /хх 7-9/, Г.Г-аас холбогдогчоор /хх 13-15/, М.Х, Ц.Х нараас гэрчээр /хх 19-20, 22-23/ тус тус мэдүүлэг авчээ.

 

Уг ажиллагааны хүрээнд эрх бүхий албан тушаалтан Д.Дг бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэхийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх тухай санал гаргаж /хх 11/ прокурорын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 274 дүгээр зөвшөөрлөөр /хх 12/ шинжилгээ хийлгэхэд “…Д.Дгийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, хоёр шилбэнд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан. …” болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 728 дугаар дүгнэлтээр тогтоожээ. /хх 28-29/

 

Эрх бүхий албан тушаалтан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 32/-ийг Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан /хх 43-46/ Д.Дг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахад тэрээр “...би хэсгийн байцаагчид өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ...” гэжээ. /хх 33-38/

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Г.Г-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож” болохоор заажээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/2308 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН