| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2406000003522 |
| Дугаар | 2025/ДШМ/565 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/565
2025 05 13 2025/ДШМ/565
Б.Ш-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
хохирогч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхболд,
шүүгдэгч Б.Ш-ийн өмгөөлөгч А.Цогтбаяр,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/502 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ш-т холбогдох эрүүгийн 2406000003522 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш-,
Шүүгдэгч Б.Ш- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн *** тоотод хохирогч Д.Г-тай үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч Ш-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч Д.Г- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний гэмтлийн зэргийг буруу тогтоосон. Б.Ш- нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр намайг зодсоны улмаас миний баруун гарын ядам хурууны шөрмөс тасарч, хагалгаанд орсон байхад шинжээч тогтоогоогүй. Миний бие энэ үйлдлийн улмаас болж эрүүл мэндээрээ хохирохоос гадна сэтгэл санааны хувьд маш их хохирол амссан. Гэтэл сэтгэл санааны хохирлыг тогтоож шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. ...” гэв.
Хохирогч Д.Г-ын өмгөөлөгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эхний удаа язралд оёдол тавьж, мэс засал хийгдсэн. 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 100 айлын Гэмтэл согог судлалын эмнэлэгт дахин хагалгаанд орсон. Дахин хагалгаанд ороход шөрмөс тасарсан байсан. /10 сард орсон хагалгаагаар мэдэгдээгүй/ Улмаар 12 сард шөрмөс залгах хагалгаанд орсон. Эмнэлгээс гарах үеийн дүгнэлтэд “..2024 оны 10 сард бусдад зодуулж гэмтсэн гэх тухайн үедээ Гэмтэл согог судлалын эмнэлэгт ирж анхны тусламжийг авсан. Сүүлийн нэг сар орчмоос баруун сарвууны дөрөвдүгээр хуруу бүтэн тэнийхгүй байгаа гэх, баруун сарвууны дөрөвдүгээр хурууны тэнийлгэгч шөрмөсний ужиг гэмтэл гэх оноштойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбарт хэвтэн эмчлүүлэн, дөрөвдүгээр хурууны тэнийлгэгч шөрмөсийг залгаж, сэргээх хоёрдугаар үеийн урагдлыг сэргээн ган шөрмөсөөр бэхлэн мэс заслыг хийв гэсэн байгаа. Би давж заалдах шатнаас хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд зулгаралт гэмтэл гэж дурдсанаас шөрмөс тасарсан талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дахин шинжээч томилуулан, гэмтлийн зэргийг дахин тогтоолгох шаардлагатай.
Хохирол болон эмчилгээний зардлыг нэхэмжлэхэд шөрмөс тасарсан гэмтлийг дурдаж, дүгнээгүй учраас иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино…” гэж заасан. Хэргийг бүрэн илрүүлэх, тухайн гэмтлийг нь бүрэн тогтоох, хохирогчийн хууль ёсны эрх ашиг, зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөл байдал үүснэ. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилуулах, шөрмөс тасарсан асуудлыг шинжээчийн дүгнэлтэд нэмэлтээр оруулж ирснээр гэмтлийн зэргийг тогтоох боломжтой. Хохирогчийн хувьд төмрөөр зуух хийдэг ажилтай. Одоогийн байдлаар гар нь тэнийхгүй, нугалрахгүй нөхцөл байдалтай байна. Шинжээчийн дүгнэлтэд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэж дурдсан боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоогоогүй. Шөрмөс тасарсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгож байж цаашид гарах цалин хөлстэй холбоотой асуудлыг нэхэмжлэнэ. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ш-ийн өмгөөлөгч А.Цогтбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Ш-ийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцдог. Хохирогчид учирсан эмчилгээний зардал болон бусад зардлыг нэгтгээд 1.047.300 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө төлсөн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгч хохирогчоос хохирлоос өөр, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байна уу гэхэд “байхгүй” гэсэн. Хавтас хэргийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү. Гомдолд дурдагдсан 2 асуудлыг шүүхийн шийтгэх тогтоолын тав дахь хэсэгт иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Шүүгдэгчийн хувьд хохирлыг төлөхөө илэрхийлж, анхан шатны шүүх хуралдаанд оролцож байсан. Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд хавтас хэрэгт байхгүй дүгнэлтийг ярьж байна. 12 сард хагалгаанд орсон талаар ярьсан. Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 02 сард болоход хохирогч Д.Г- өөрөө оролцсон. Хэрэгт хавсаргаагүй баримтыг үнэлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. ...” гэв.
Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...баруун гарын хурууны шөрмөс тасарсан асуудлыг шүүх шинжилгээгээр тогтоогоогүй, сэтгэл санааны хохирлыг шүүх шийдээгүй гэх хоёр агуулгатай гомдлыг гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлын тухайд хохирогчид эрүү ясны хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэдэг байдлаар гэмтлийн зэргийг тогтоосон. Улмаар хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хурууны мэс засал хийлгэсэн гэх асуудал анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдааны үеэр хохирогчоос гэмтлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эмнэлгийн байгууллагад хандсан баримт байгаа эсэхийг тодруулахад “...гаргаж өгөх баримтгүй...” гэсэн. Иймд дээрх гэмтлийг шүүгдэгч учруулсан гэх нөхцөл байдал харагддаггүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “..зулгаралт гэмтлүүд..” гэж тусгагдсан. Энэ нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Шүүх хурууны мэс заслын ажилбар хийсэн хохирлыг нэхэмжлэх асуудлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлэн, шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул үүнийг нэхэмжлэх боломжтой. Түүнчлэн сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Ш-ийг хохирогчийн нүүр хэсэгт цохиж, эрүү ясны хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, баруун 3, 4 дүгээр хуруу, шуу, сарвуу, алганд шарх, зүүн сарвуу, шуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянавал зохих дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар Б.Ш-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Г-тай маргалдан улмаар нүүр хэсэгт цохих зэргээр эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлсон бол анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ш-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа хохирогч Д.Г-ын нүүр хэсэгт цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх дүгнэлтийг хийжээ.
Гэтэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13293 дугаар дүгнэлтийн үзлэг хэсэгт “...Баруун 3 дугаар хурууны уг хэсэгт 1 см, 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр хэсэгт 1.5 см, мэс заслын оёдолтой шархтай. Шууны доод дотор хэсэгт 2х0.2 см, сарвууны ар талд 1х0.1 см, 0.8х0.1 см, алганы хэсэгт 2х0.2 см өнгөц зүсэгдсэн шархнуудтай...” гэсэн, дүгнэлт хэсэгт “...баруун 3, 4 дүгээр хуруу, шуу, сарвуу, алганд шарх, зүүн сарвуу, шуу...зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...” гэж /хх 23-24/ зөрүүтэй байдлаар дүгнэсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар үйлдлийн улмаас дээрх гэмтлүүд учирсан талаар дүгнэлт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед баруун 3 дугаар хурууны уг хэсэгт 1 см, 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр хэсэгт 1.5 см, мэс заслын оёдолтой шархтай. Шууны доод дотор хэсэгт 2х0.2 см, сарвууны ар талд 1х0.1 см, 0.8х0.1 см, алганы хэсэгт 2х0.2 см өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хэрхэн үүссэн эсэх нь эргэлзээтэй, энэ гэмтлийн талаар шалгах ажиллагаа хийгдээгүй байна.
Яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Д.Г-ын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/502 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН