Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.С холбогдох эрүүгийн 1806 0543 51335 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , урьд ял шийтгэлгүй, А.С /РД/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 хэсгийн 81-2499 тоотод иргэн Т.Б маргалдан, улмаар түүний баруун ташаа хэсэгт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Хужирбуланд байдаг С ахын найз Энхбаатар ахын гэрт 17-18 цагийн үед ганцаараа орсон. Тэднийд Энхбаатар ах, түүний эхнэр Амгаа, С ах нар байсан. Бид нар 0.75 литрийн 1 шил архи уугаад дахиад 0.5 литрийн 1 шил архи авч уусан. Архи уугаад сууж байхад С ах эхнэрээ миний таньдаг Баттөр гэдэг ахтай хардаж яриад байхаар нь би “та битгий тэгж хардаж бай, найз нөхөдтэйгээ хардах юм” гэсэн чинь С ах уурлаад ...С ах босоод монгол эсгий гэрийн баруун урд руу явсанаа над руу ирэхээр нь би эргээд харсан чинь С ах миний баруун бөөрөн тус газар нэг удаа юмаар хатгасан ба цус гарч байсан. Би цусаа харчихаад С ах руу хартал С ах гартаа цэнхэр хуванцар иштэй том хайч барьчихсан зогсож байсан. Би С ахаас 200.000 төгрөг нэхэмжилж байна, надад 38.400 төгрөгийн 3 ширхэг баримт байгаа, тосон түрхлэг, эм авсан, такси барьж эмнэлэг явсан баримтууд байхгүй. С ах надад эм аваарай гэж 50.000 төгрөг өгсөн, өгсөн мөнгийг нь хасаж тооцож 150.000 төгрөг нэхэмжилж байна, баримт байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-11 дүгээр хуудас/,

Батлан хамгаалах Эмгэг судлалын 2018 оны 06 дугаар сарын 19ий өдрийн шинжээчийн ¹297 дүгнэлтэд “Т.Б баруун ташаа орчмын зөөлөн эдэд хатгагдсан шарх, няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тооцох тогтоол /хэргийн 4-5 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 19 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 хэсгийн 81-2499 тоотод иргэн Т.Б маргалдан, улмаар түүний баруун ташаа хэсэгт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.С прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч А.С эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Т.Б нь хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.