Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/22

 

 

 2025           5 сарын  06                                                2025/ДШМ/22                                   

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

      Прокурор У.Гантуяа,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн,

      Шүүгдэгч Д.Б ,

      Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан   

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолтой Д.Б-д холбогдох эрүүгийн 2426004040021 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдлыг үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.Б

Д.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ... улсын дугаартай .. маркын тээврийн хэрэгсэл жолоодон Өвөрхангай аймгийн .... сумын 5 дугаар багт зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 жил 5 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Э  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Ч.Б  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээж байгаа болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Б  эс зөвшөөрч байгаа үндсэн шалтгаан нь анхан шатны шүүх шүүгдэгч миний хувийн байдлыг харгалзаж үзэж зорчих эрхийг хязгаарлахаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулсангүй гэсэн гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Б  нь хувийн байдлын хувьд 87 настай, ганц бие, ганцаараа амьдардаг. Нас өндөр болсон учир эрүүл мэнд нь муудсан, Хархорин суманд амьдардаг боловч байнга Улаанбаатар хот явж эмчилгээнд ордог учир зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхэд хүнд байгаа болно.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2025ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Б гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдалтай тохироогүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулах ёстой. Шүүгдэгч Д.Б  нь 88 нас 22 хоногтой хүн. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь энэ хүний хувийн байдалд тохироогүй. Шүүгдэгч Д.Б  нь өндөр настай, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байхад заавал биеэр эдлүүлэх ял оногдуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг иргэний зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөргүй хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалт байхад биеэр эдлүүлэх ял оногдуулж байгаа нь түүний хувийн байдалтай тохироогүй. Гэмт хэрэг гарах нөхцөл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Төв замыг хөндлөн гарсан, тэнд тэмдэглэгээ тавиагүй учраас осол гарсан. Шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй юм гэхэд торгох ял оногдуулах боломжтой байсан. Шүүгдэгч Д.Б нь насаараа хөдөлмөрлөсөн учраас тодорхой хэмжээний тэтгэвэртэй, лам хүн байгаа. Хэрвээ танд торгуулийн ял оногдуулбал тусална гэсэн шавь нар нь ч байгаа. Шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө гэхэд ял завшууллаа гэсэн ямар нэгэн дүгнэлт байхгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сая 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 90 нас хүрч байгаа хүн юм. Би осолд ороод толгойн зураг авахуулж үзүүлсэн. Намайг тархины мэс засалд орох шаардлагатай гэсэн. Би одоо эм ууж, бариа хийлгээд л явж байна. Мөн миний нүдний хараа муу, хоёуланд нь болор суулгуулсан. Миний холын хараа их муу, 2 цаг тутам нүдний дусаагуур тусаагаад л явж байна. Миний нүдний болорыг цайж байна гэсэн. Миний эрүүл мэндийн хувьд ийм л байна. Би гэртээ ганцаараа байдаг. Иймд намайг биеэр эдлэх ялаас чөлөөлж өгнө үү, би болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч миний төрсөн охин байгаа юм. Одоо түүний биеийн байдал эрүүл болсон. Миний хүүхэд надад гомдол саналгүй гэж бодож байна. Ийм байхад яагаад надад 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял өгч байгааг ойлгохгүй байна. Зорчих эрх хязгаарлах ял нь Хархорин сумаас хаашаа ч гарах эрхгүй юм билээ. Би Улаанбаатар хот орж үзүүлж харуулмаар байна. Би 14 хоноод л явж эмнэлэгт үзүүлэх ёстой. Надад оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял хүнддэж байна гэв.

 

Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б д 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч Д.Б  нь Улаанбаатар хотод байнга эмчилгээнд хамрагдах шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь би “Эрдэнэ зуу” хийдэд суудаг, ганцаараа амьдардаг гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ би банканд 7,000,000 төгрөгийн зээлтэй, сард 650,000 төгрөгийн тэтгэвэртэй, тэтгэврээрээ амьдардаг гэсэн. Машины хохиролд 3,600,000 төгрөгийн хохирол гарсан. Өндөр торгуулийн ял оногдуулбал төлж чадахгүй, хөдөлмөрийн чадваргүй гэж хэлдэг. Мөн улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн шүүх хуралдаанд торгуулийн ялыг төлөх боломжгүй гэсэн байр суурь харааны бэрхшээлтэй, ганцаараа амьдардаг, “Эрдэнэ зуу” хийдэд суудаг, тэтгэврээрээ амьдардаг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Б д хорих ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, харин зорчих эрх хязгаарлах ял оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж санал гаргасан. Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын дагуу шийдвэр гаргасан.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ... шүүгдэгч Д.Б  нь хувийн байдлын хувьд 87-н настай, Хархорин суманд ганцаараа амьдардаг, эрүүл мэндийн улмаас Улаанбаатар хот руу эмчилгээнд байнга явдаг учир зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхэд хүнд байгаа учир  Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-д заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирч буйг тухайн хэргийн нөхцөл байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зорчих эрхийг хязгаарлах ял яагаад оногдуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгасан байх хуульд заасан шаардлагыг хангаагүй.

Мөн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноос зөрүүтэй буюу удирдлага болгосон хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийг уншиж сонсгосон боловч бичгээр гаргасан шийтгэх тогтоолд энэ заалтыг тусгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгийг 38.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар гэж буруу уншиж сонсгосон,

шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хэн хяналт тавих талаар шийдвэрлээгүй буюу шийтгэх тогтоол ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй,

хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй нотлох баримт буюу шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгасан баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгч Д.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системийн лавлагаагаар тогтоогдож байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хавтаст хэргийн 159-160 дугаар хуудсанд авагдсан яллагдагчийн шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоох тухай захирамжид улсын яллагч У.Гантуяа, хохирогч Б.Э , шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулахаар тогтоосон боловч хэргийн оролцогч болох иргэний нэхэмжлэгч Ч.Б ыг оролцуулахаар тогтоогоогүй нь түүнд хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөн улсын яллагчаас зорчих эрх хязгаарлах ял яагаад оногдуулах талаар нэмэлт тайлбар хэлсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй /хавтаст хэргийн 177 дугаар хуудас/,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг  тайлбарлахаар хуульчилсан. Гэтэл шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээг шүүгчийн туслах хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу,

хавтаст хэргийн 159-160 дугаар хуудсанд авагдсан яллагдагчийн шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоох тухай захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагч, шүүгдэгч гэж хоёр өөр бичсэн,

шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга шүүх хуралдаанд оролцогчийн ирцийг бүрэн танилцуулаагүй /хавтаст хэргийн 170/,

 иргэний нэхэмжлэгч Ч.Б , хохирогч Б.Э  нарт шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулаагүй,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно. Мөн хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтас хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр тус тус тусгасан ба хариу тайлбар гаргах хугацаа өнгөрөөгүй байхад оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгааг дурдах нь зүйтэй.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Д.Б д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ЦЭРЭНПҮРЭВ

 

                                       ШҮҮГЧИД                          Н.ЭНХМАА

 

                                                                                  Л.НЯМДОРЖ