| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2427002010005 |
| Дугаар | 2025/ДШМ/24 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/24
2025 оны 5 сарын 07 2025/ДШМ/24
Ц.Ж, И.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Пүрэвдорж /цахимаар/
Хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ
Хохирогч Н.А
Хохирогч С.О
Шүүгдэгч Ц.Ж ын өмгөөлөгч Ц.Хонгорзул /цахимаар/
Шүүгдэгч И.Г /цахимаар/
Шүүгдэгч Ц.Ж /цахимаар/
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гомдлоор Ц.Ж , И.Г нарт холбогдох эрүүгийн 2427002010005 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ц.Ж
Монгол Улсын иргэн, И.Г
Ц.Ж , И.Г нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Өвөрхангай аймгийн Б сумын ... дугаар баг, ... тоотод С.О , Н.А нарын биед халдан зодож, хохирогч С.О ын биед баруун гайморовын хөндийн урд, арын хананы зөрүүгүй, зүүн гайморовын хөндийн урд болон арын хананд зөрүүтэй хугарал, баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, хоёр нүдний дээд, доод зовхи бүсэлхий нураанд цус хуралт, дух, хоёр ташаанд зулгаралт, баруун хацар, эрүү, зүүн сарвуу, зүүн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,
Хохирогч Н.А ийн биед зүүн 11, 12 дугаар хавирга, бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, баруун шуу, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, дух, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Ц.Ж , И.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ж , И.Г нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ж ыг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаар, шүүгдэгч И.Г ийг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаар тус тус шийтгэн, шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж , И.Г нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэн, шүүгдэгч Ц.Ж-ыг 01 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг, шүүгдэгч И.Г-ийг 01 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож, шүүгдэгч нарт оногдуулсан 01 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Ц.Ж , И.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 -д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ж , И.Г нараас хохиролд нийт 1,622,302 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Ж аас 811,151 төгрөгийг гаргуулж хохирогч С.О , Н.А нарт, шүүгдэгч И.Г-ээс 811,151 төгрөгийг гаргуулж хохирогч С.О , Н.А нарт тус тус олгохоор, хохирогч Н.А , С.О нар нь сэтгэл санааны хохирол болон энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ж, И.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ж, И.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Эрүүгийн 2427002010005 дугаартай хэрэгт хохирогч Н.А , С.О нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Ж , И.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Хохирол, төлбөрийн тухайд: Хохирогч С.О , Н.А нар нь сэтгэцэд учирсан хор уршгаа мөнгөн хэлбэрээр гаргуулж авна гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд анхан шатны шүүхээс хохирогч нарыг сэтгэл санааны хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ ...” нотлон тогтоох талаар хуульчилсан. Хохирогч нарын хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр сэтгэцэд учирсан хор уршгаа мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтээ илэрхийлж байхад анхан шатны шүүх хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн хэр хэмжээг тогтоох зорилгоор шинжээч томилохгүйгээр Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нь хязгаарласан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Түүнчлэн хохирогч нарын хувьд хохирол хор уршгаа бодитой тогтоолгож, энэ шийтгэх тогтоолоор нэг мөр шийдвэрлүүлсэн нь хохирогч нарын цаг хугацаа, эдийн хувьд хохиролгүй, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой.
Эрүүгийн хариуцлагын талаар: Анхан шатны шүүх шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой оногдуулж чадаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хувьд гомдол мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагааны шат, анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа сайн дураараа бүрэн хүлээн зөвшөөрөхгүй 2 удаа алгадсан гэдгээс бусад байдлаар цохиж, зодсон гэж мэдүүлдэггүй ...энэ байдлаас дүгнэвэл шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрөөгүй гэж харахаар байна. Үүнээс гадна хохирогч нарт өнөөдрийг хүртэл хугацаанд хохирол төлбөр төлөөгүй, төлөхөө бодитой илэрхийлсэн зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж уучлалт гуйгаагүй зэрэг нөхцөл байдлуудаас харж болно. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч болон шүүгдэгч нар нь гэмт хэрэг гарахаас өмнө нэгнийгээ мэддэг байсан бөгөөд хохирогч Н.А ийг хөлийн үе солиулж хиймэл хөлтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй, насны хувьд 65 настай буюу ахмад хүн гэдгийг мэдсээр байж, мөн хохирогч нарыг бүлэглэн биед нь олон тооны шарх сорви үүсгэн, гараараа болон хатуу гутлаар цохиж харгис хэрцгийгээр тохуурхан доромжилж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч нарын хувьд өөрийн сум орон нутагтаа байнгын ажиллаж амьдардаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагын зорилго нь дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх, цээрлэл хүлээлгэх байдаг. Оршин суугаа газраасаа явдаггүй, байнгын сумандаа ажиллаж амьдардаг хүмүүсийг тухайн бүсээр нь зорчих эрхийг нь хязгаарлаж байгаа боловч энэ нь эрүүгийн хариуцлагын цээрлэл хүлээлгэх зорилгод нийцэхгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.Ж ын өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эрүүгийн 2427002010005 тоот хэргийн шүүгдэгч Ц.Ж ын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хохирогч Н.А , С.О нарын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.А , С.О нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцлаа. Гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулах шаардлагагүй...” гэсэн хүсэлт гаргасан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн өмнө хэргийг материалтай танилцсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй мөн анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд “...хохирогч Н.А сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, хохирогч С.О сэтгэл санааны хохиролд 25,000,000 төгрөг нэхэмжилнэ..” гэсэн боловч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргаагүй.
Шүүхээс хохирогч Н.А , С.О нарын сэтгэл санааны хохирол болон энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байхгүй болно. Анхан шатны шүүхээс хохирогч нарын баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь бодит учирсан хохирол мөн байсан.
Эрүүгийн хариуцлагын талаар: Хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарыг гэм буруугаа сайн дураараа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй гэх бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөх гэх ойлголт Эрүүгийн хуульд байхгүй. Шүүгдэгч Ц.Ж-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны эхнээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе хүртэл гэм буруугаа хүлээж, хохирогч нараас уучлал гуйсан бөгөөд хохирол төлбөр төлөх талаар ярихад хохирогч нар өөрсдийн арилжааны банкинд эзэмшдэг дансаа өгдөггүй хүндрэл үүсгэдэг. Анхан шатны шүүхээс ял, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг аль аль нь тогтоогдоогүй болохыг тодорхойлсон.
Гэтэл хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна гэжээ. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ж нь хохирогч нарыг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, өөрийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг илэрхий мэдэж ухамсарлаж байсан талаарх баримт хэрэгт байхгүй бөгөөд хохирогч Н.А болон С.О нар нь хөгжлийн бэрхшээлтэй болон биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой хүмүүс биш юм.
Иймд хохирогч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/ЗЗ дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч нар хохирол төлбөр, сэтгэцэд учирсан хохирлын мөнгийг бүрэн авъя гэдгээ илэрхийлж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч нарт учирсан хохирлыг бодитой тогтоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан хохирогч нарын хор уршгийг нэхэмжлэх эрхийг зөрчиж иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээж байгаа нь хохирогчийн эрхийг хязгаарласан. Хохирогч нарын хохирлыг төлүүлж, сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд ач холбогдолтой. Хохирогч нар нь хөдөө орон нутагт амьдардаг болохоор дахин иргэний хэргийн шүүхэд хандаад явахад цаг хугацаа, орон зайны хувьд хүндрэлтэй асуудал үүснэ. Анхан шатны шүүхийн хохирогч нарын хохирол төлбөрийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж тогтоох нь зүйтэй. Уг асуудлыг шийдвэрлэхгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хуульд заасан нөхцөл байдлыг хангахгүй байна. Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргахгүй гэсэн боловч шүүгдэгч нар нь хоёрхон удаа л алгадсан гэж мэдүүлдэг өгдөг. Хэрвээ хоёр удаа алгадсан бол шинжээч дүгнэлтээр хүндэвтэр хохирол учрах байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Шүүгдэгч нарыг гэм буруугаа бүрэн ухамсарлаж ойлгоогүй гэж үзэж байгаа. Шүүгдэгч нар нь миний үйлчлүүлэгч нараас өнөөдрийг хүртэл уучлалт гуйхгүй, уулзахгүй байгаа. Шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамссан болон уучлалт гуйсан, эм тариатай холбоотой мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Харин иргэний нэхэмжлэгч буюу Эрүүл мэндийн газарт учирсан хохирлыг төлсөн байсан. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагч анхан шатны шүүх хуралдаан дээр хорих ялын саналыг гаргасан.
Улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ялын санал гаргасан гэж дүгнэж байгаа. Анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг нь тухайн хүмүүсийн амьдарч байгаа бүс нутгаар нь тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч нарт бие махбод, сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж онц харгис хэрцгий аргаар тохуурхан доромжилж уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэргийн 9-оос 17 дугаар хуудсанд авагдсан С.О ын мэдүүлгээс тодорхой харагддаг. Хохирогч С.О ын мэдүүлэгт хоёрхон шалтгаанаас болж бид хоёрыг зодсон гэдэг. Гэр орноо яагаад цэвэрлэдэггүй юм, бид нарыг хууль бусаар мод бэлтгэсэн гэдгийг байгаль хамгаалагчид хэлсэн гэсэн хоёр үндэслэлээр нөхрийг маань цохиж унагаагаад 30-аас 40-н удаа өшиглөсөн. Шүүгдэгч нар нь доог тохуу хийж доромжилж өндөр настай хүнийг үхлээ шүү дээ гэхэд болиод Н.А ийн нүүр лүү нь ээлжлээд гурав дөрвөн удаа цохисон сүүлдээ би хэдэн ч удаа цохисныг мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч Н.А ийн мэдүүлэгт бид хоёрыг хууль бусаар мод бэлтгэснийг хэллээ гээд намайг нүүрэн тус газар луу цохиод, нуруу бүсэлхий хөл гээд маш олон газар луу цохиод байсан. Би үнэхээр мэдэхгүй маш олон удаа цохисон, тоог нь хэлж мэдэхгүй байна Ц.Ж , И.Г нар нь эрэгтэй хүний нүүр, бие рүү нь цохиод байсан гэдгийг гэрч н.Ц мэдүүлсэн. Хөндлөнгийн хүн ч гэсэн зодоод байна үнэхээр болохгүй байна гэдгийг хэлсэн. Мөн гэрч н.Г нь С.О ын баруун шанаа хэсэгт хатуу хавдар ихтэй амны хөндийд үзлэг хийх боломжгүй ангайхгүй юм ярих боломжгүй байсан гэж дүгнэсэн. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдэхдээ онц харгис хэрцгий аргаар хоёр хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн нь тогтоогдсон. Шүүгдэгч нарын яриад байгаа шиг ганц хоёр удаагийн үйлдлээр учруулсан гэмтэл биш юм. Шинжээчийн дүгнэлтээр ч гэсэн маш олон тооны гэмтэл гарсан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хохирогч нарын хохирол төлбөр, сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй нь хохирогч нарын эрхийг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогч С.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ж , И.Г нар шууд л зодоод эхэлсэн. Би гэрт зодуулж, гадаа зодуулаад 20-оос 30-н удаа дэвсэлж байсныг мэдэж байна. Тэгээд сүүлдээ ухаан балартаж ингээд л үхдэг юм байхдаа гэж бодсон. Би аргаа ядахдаа куртикээ тайлж мултлан хашаанаас нь зугтаагаад гарсан. Тухайн үед юу өвдөөд байгааг мэдэхгүй байсан. Цагдаа нар коридорт таарчхаад арай дэндүүлчихсэн байна, ямар аймаар юм бэ гээд эмнэлэг рүү дагуулаад явсан. Тэр үед 10 сар болж байсан болохоор хүйтэн байсан. Би хоёр давхар ноосон цамцтай байсан дотуур футболк, лэвчик бүгд цус болсон байсан. Одоогоор хоёр хурууны үе нь гараад ирсэн хэвээрээ байгаа. Тэр үед хавдартай байсан болохоор үнэндээ яаж ч чадаагүй эдгээсэн. Хоёр сар хамар амнаас цус гардаг байсан. Цайгаа аяганаасаа ууж чадахгүй жижиг халбагаар амаа жоохон ангайлгаж нэг талаараа шингэн зутан бантан иддэг байсан. Шүүгдэгч нар нь алах санаатай л ингэж хэрцгийгээр зодсон гэж боддог. Ийм хэрцгий балмад этгээдүүд нэг өдөр ирээд гүйцээгээд алчихна гэж бодож 2, 3 сар сүхээ хүртэл орон доогуураа хийж нууж шөнө унтаж чаддаггүй байнгын хаалга үүднийхээ түгжээг шалгаад л нойр хүрэхгүй, тархи толгой өвдөж янгинаад байнгын өвчин намдаах эм ууж байна.
Бид хуулийн мэдлэг байхгүй хүмүүс. Би тэтгэвэртээ ороогүй. Анхан шатны шүүх хурал дээр сэтгэл санааны хохирол авах талаар хэлж байсан. Мөрдөн байцаагч Жамбалсүрэн гэдэг хүн бид хоёрыг хуурч сэтгэл санааны хохиролгүй гомдолгүй гэж бичүүлсэн. Би гомдолтой байна гэхэд та хоёр шүүх хуралдаан дээр наадхаа хэлээрэй гэсэн. Цагдаа намайг хамгаална гэдэг үг худлаа юм билээ. Бидэнд мөнгө төгрөг ч байхгүй нүүр амны хагалгаанд орох мөнгө нь ч байхгүй. Би цээжний зураг толгойны зураг авхуулахад нэг нь 60,000 төгрөг байдаг юм билээ. Манай өвгөн ганцаараа тэтгэвэр авдаг, тэтгэврийн зээлтэй, эм тариа өвчин намдаах эм аваад л таардаг. Би хөлийн шагайныхаа болон гарын хурууныхаа зургийг ч авхуулж чадаагүй. Манай сумын эмч үзчихээд шагайны чинь гурван ясны нэг нь ороогүй борлочихсон байна гэсэн. Хамгийн гол нь хамар битүүрч шөнө амьсгалж чадахгүй байгаа. Анхан шатны шүүх бид хоёрыг эзгүйгээр хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн гэсэн. Энэ хүмүүс хүн нүдэж алах шахчихаад ял авах эрхтэй хүмүүс гэж бодож байна. Үүнийг шүүх тогтоох байх. Бидний сэтгэл санааны хохирлыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогч Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар шууд л нүдэж, зодож эхэлсэн. Би нүдүүлээд хоёр гурав цохиулаад ухаан орж гараад юу болсныг сайн санахгүй сонин болсон. Би тэр хашаанаас яаж явснаа ч мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд л хашааны тэнд хөдөлж чадахгүй байж байсан. Үнэндээ хэрцгий муухай зодсон. Би ч гэсэн үр хүүхэдтэй л хүн. Хүнийг тэгж зодно гэдэг арай л дэндүү байсан. Бүгд л адилхан залуу явсан. Хүн зодчихоод инээгээд сууж байх юм. Биднийг тохуурхсан маягтай доромжлоод байгаа. Нэг нутагт байгаа хүмүүс байж та яаж байна гэж ганц удаа ч гэсэн асуухгүй тийм муухай сэтгэлтэй хүмүүс байгаа. Тийм учраас би маш их гомдолтой байна. Зодуулснаасаа хойш би нойргүй шөнө унтаж чадахгүй болсон. Бид хаашаа хандахаа мэдэхгүй байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Г, Ц.Ж нарт холбогдох хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад улсын яллагч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгч хорих ял оногдуулах санал гаргаж байсан. Хохирогч С.О , Н.А нар нь сэтгэл санааны хохирлын зэргийг тогтоолгохгүй гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг талаараа бичиж өгсөн. Энэ хүмүүс хохирогчоор тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх, үүрэгтэйгээ танилцсан. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг тайлбарлаж өгсөн. Хохирогч нар өмгөөлөгч авахгүй, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэдгийг үндэслэж анхан шатны шүүх шийтгэх тогтоолоо гаргасан. Шүүгдэгч И.Г, Ц.Ж нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй. Эсвэл эрүүгийн хариуцлагад өөрчлөлт оруулах эрх байгаа. Мөн хохирогч нарын зүгээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол үндэслэлтэй.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Ж-ын өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэрэг хөндөгдөж эрүүл мэнд тодорхой хугацаанд сарниулж байгаа. Гэхдээ хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан.
Мөн шинжээчийн дүгнэлтэд хохирогч нарын өмгөөлөгчийн хэлж байгаа шиг онц харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн зүйл байхгүй. Хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлын асуудал яригдаж байгаа. Хохирогч нарт эрх үүрэг тайлбарлаж өгсөн. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч нар өмгөөлөгч авахгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгож шинжээч томилуулах талаар яриагүй. Зөвхөн мөнгө л авмаар байна гэсэн. Хохирол бодитой байх ёстой. Гэтэл хохирогч нар нь эмнэлэгт үзүүлсэн 7,000,000 төгрөг, өөр эмнэлэг 10,000,000 төгрөгөөр эмчилнэ гэсэн асуудал ярьдаг. Эмнэлгийн чинь баримт байна уу гэхэд байдаггүй. Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд сэтгэл санаанд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоолгохгүй, сэтгэл санаанд учирсан гэм хорыг нэхэмжлэхгүй гэсэн. Гэтэл одоо Ж мөрдөгч бид нарыг хуурч бичүүлсэн гээд байгаа. Хохирогч нар нь бид энэ бичгийг бичээгүй, хууль бусаар хийсэн гэдэг талаар урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт өгөөгүй, шинжээч томилуулж сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулах талаар мөн хүсэлт өгөөгүй.
Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй учраас хавтас хэрэгт авагдсан хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохироогүй гэж ярьж байна. Хохирогч нар нь хөгжлийн бэрхшээлтэй байсан гэдгээ нотолсон зүйл хавтаст хэрэгт байхгүй. Мөн биеийн ерөнхий өвчлөл сул талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Тийм учраас хавтаст хэрэгт байхгүй зүйлээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дордуулсан гомдол бичиж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нарын өмгөөлөгчтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч И.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нарын өмгөөлөгчтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч нарын өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнээс ... Хохирогч нар нь анхан шатны шүүх хуралдаан дээр сэтгэцэд учирсан хор уршгаа мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтээ илэрхийлж байхад анхан шатны шүүх хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн хэр хэмжээг тогтоох зорилгоор шинжээч томилохгүйгээр Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нь хязгаарласан. Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой оногдуулж чадаагүй. Шүүгдэгч нар нь 2 удаа алгадсан гэдгээс бусад байдлаар цохиж, зодсон талаараа мэдүүлдэггүй нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй. Хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн бодитой зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж уучлалт гуйгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирч буйг тухайн хэргийн нөхцөл байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хохирогч Н.А , С.О нар нь мөрдөн шалгах ажиллагаа явцад сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн хүсэлт бичиж өгсөн байгаа боловч учир холбогдлыг ойлгоогүй талаараа тайлбарласан, анхан шатны шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хохирол гаргуулахыг хүссэн. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэсэн учраас сэтгэл санаанд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан эрхийг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож, нотолсон байхыг шаарддаг. Энэ нь шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээг тогтооход ач холбогдолтой байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөгдсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж ял шийтгэл оногдуулах үүрэгтэй бөгөөд энэ талаар гаргасан хохирогч нарын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Г, Ц.Ж нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч И.Г, Ц.Ж нар энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ