| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2434000770361 |
| Дугаар | 2025/ДШМ/35 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/35
2025 5 08 2025/ДШМ/35
Б.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уянга
Яллагдагчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/489 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Уянгын бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.У-д холбогдох эрүүгийн 2434000770361 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл-6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Н овогт Б У,
2. Яллагдагч Б.У нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Тогосын хоолой” гэх газарт 100 дахь километрийн шонгийн ойролцоо асфальтан зам дээр “Toyota Prius-20” маркийн “52-73” УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт орхин явж, замыг нэн даруй чөлөөлөөгүйн улмаас “Toyota Prius-30” маркийн “89-33 УЕМ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож яваад замын зорчих хэсэгт зогсож байсан уг тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Г.О, Э.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн Прокурорын газраас Б.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: “...Яллагдагч Б.У-д холбогдох эрүүгийн 2434000770361 дугаартай хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дүгээр хуудсанд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №24/80 дугаартай “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн дүгнэлт авагдсан боловч уг “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ болон шинжээч Т.Түвшинбаатар нь шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй,
-Toyota Prius-XW30 маркийн 89-33 УЕМ улсын дугаартай автомашины жолооч Б.Наранмандах нь эсрэг урсгалаас хурц гэрэлтэй тээврийн хэрэгслийг зөрж өнгөрсний дараа урд нь зогсож байсан тээврийн хэрэгсэл тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авах боломжтой эсэх,
-мөн урд явсан том оврын машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эгнээндээ орох үед саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авах боломжтой эсэх,
- Toyota Prius-XW20 маркийн 52-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн аваарын гэрэл асаалттай байсан эсэх, зам дээр машины хаалга, гуперны тал, крилло зэргийг овоолж тавьсан байсан эсэх, хэргийн газарт очиход үзэгдэх орчин, харагдах байдал ямар байсан талаар ачилтын машины жолоочоос гэрчийн мэдүүлэг авах, яллагдагч Б.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн эсэх,
-Toyota Prius-30 маркийн 89-33 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Наранмандах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөн эсэх, мөн тээврийн хэрэгслийг хурдыг тогтоох боломжтой эсэхийг шалган шийдвэрлэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах,
-мөн 2024 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн, 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилох тогтоолыг тус тус хэргийн оролцогчид танилцуулаагүй нь, “Toyota prius-20” маркийн “52-73 УБҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулахдаа шинжээч томилсон тогтоол үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх үед оролцох оролцогчийн эрхийг хязгаарласан,
-Хөрөнгө Эстимэйт үнэлгээ ХХКомпани болон Б.Бат-Энх, Б.Батбаяр, Б.Батзаяа нар нь шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлүүдээр яллагдагч Н овогт Б У-д холбогдох эрүүгийн 2434000770361 хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
5. Прокурор Э.Уянга 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бичсэн 14 тоот эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.У-д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хэргийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 489 дугаартай шүүгчийн захирамжаар Toyota Prius-30 маркийн 89-33 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөн эсэх, мөн тээврийн хэрэгслийг хурдыг тогтоох боломжтой эсэхийг шалган шийдвэрлэж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах гэжээ.
Хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаар, яллагдагч Б.У нь 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 08 цагийн үед Багануур дүүргээс Улаанбаатар хот чиглэлд Toyota Prius-20 маркийн 52-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргасны улмаас замын зорчих хэсэгт Toyota Prius-20 маркийн 52-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг орхин явж замын зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Б.У нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өглөөний 08 цагийн орчимд зам тээврийн осол гаргаж замын зорчих хэсэгт Toyota Prius-20 маркийн 52-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг орхин явж үлдээсэн бөгөөд тухайн өдрийн орой 18 цагийн орчим хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээс чөлөөлөх арга хэмжээг аваагүй нөхцөл байдал тогтоогддог.
Улмаар өөрийн зорчих хэсгээр зорчин явж байсан Toyota Prius-30 маркийн 89-33 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын зорчих хэсэгт зогсож байсан Toyota Prius-20 маркийн 52-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байна. Хэргийн материалд цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, зам тээрийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг зэргээр Б.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь заалт буюу... хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна..." гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдсон.
2. 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн, 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилох тогтоолыг тус тус хэргийн оролцогчид танилцуулаагүй нь "Toyota prius-20 маркийн "52-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулахдаа шинжээч томилсон тогтоол үйлдээгүй нь Эрүүгийн хэрэr хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх үед оролцох оролцогчийн эрхийг хязгаарласан гэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3-т “эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно" гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан Д.Пүрэв-Очир нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд үнэлгээ шинжилгээний байгууллагад эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг гаргасан байна. Дээрх ажиллагаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй юм. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас хөрөнгийн үнэлгээний "Хас үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 525 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгө эстимэйт үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16964 дугаартай дүгнэлтэд ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т "прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно" гэж хуульчилсны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй юм. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 489 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Яллагдагч Б.У-ын өмгөөлөгч И.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Б.У-ын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Шүүгч захирамжид дурдсан ажиллагаанууд хийгдэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрх ашгийг зөрчсөн, хязгаарласан гэдэг. Гэрчүүдийн мэдүүлгээр хурд хэтрүүлж явсан гэдэг нь тогтоогдож байна гэдэг боловч нарийвчлан тогтоосон зүйл байхгүй. Мөн “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Хүндэвтэр гэмтсэн хохирогч Б.Н нь яллах дүгнэлт дээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж орж ирсэн. Гэтэл хохирогч Б.Н сэтгэцэд учирсан хохирол болон бусад хохирлыг гаргуулна, гомдолтой гэдэг. Үүнийг тодруулах шаардлагатай бөгөөд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Б.У-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан.
Дээрх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан буюу яллагдагч Б.У-ын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад яллагдагч Б.У нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Тогосын хоолой” гэх газарт 100 дахь километрийн шонгийн ойролцоо асфальтан зам дээр “Toyota Prius-20” маркийн “52-73” УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт орхин явж, замыг нэн даруй чөлөөлөөгүйн улмаас “Toyota Prius-30” маркийн “89-33 УЕМ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож яваад замын зорчих хэсэгт зогсож байсан уг тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Г.О, Э.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон үйл баримт тусгагдсан.
1.1.Мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох үүрэгтэй.
1.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед 89-33 УЕМ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Н болон 52-73 УБЗ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.У нарыг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол үйлдсэн /1-р хх-ийн 187/ байх бөгөөд уг тогтоолоор “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнг болон шинжээч Т.Түвшинбаатарыг томилоогүй байхад дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “ Шүүх шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байна. Шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
1.3. Түүнчлэн хэрэгт холбогдсон этгээдийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан эсэх, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтооход хэрэгт нотолбол зохих асуудлын нэг болох шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй гаргуулах шаардлагатай бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна” гэсэн зарчмыг эрх зүйн удирдлага болгох ёстой.
1-р хх-ийн 188-190 дугаар хуудсанд авагдсан Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Т.Түвшинбаатарын гаргасан дүгнэлт нь хэргийн болсон байдал, шинжээчээс асуусан асуулт, хариулт гэсэн хэсгээс бүрдсэн байх ба тэрээр дүгнэлтийг гаргахдаа зам тээврийн осолд холбогдсон этгээдийн ямар үйлдэл, эс үйлдэхүй Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, эсхүл зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болсон талаар дүгнэлт хийгээгүй, үндэслэлээ тодорхойлоогүй, дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох шинжилгээний үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтийг хавсаргаагүй байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-т “шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл”, 18.3-т “шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба түүнийг хоёр хувь үйлдэн дүгнэлтийг хувь тус бүрд хавсаргана” гэж заасантай нийцээгүй, ийнхүү хуульд заасан журмыг зөрчиж гаргасан дүгнэлтийг бүрэн бус хийгдсэн гэж үзнэ.
1.4.Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд шинжилгээ хийх эрх бүхий этгээдийг тодорхойлон заасан ба шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэгийн хүн, мэргэжлийн байгууллага хамаарахаар заасан байхад “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэн болон шинжээч Т.Түвшинбаатар нь зам тээврийн ослын талаар шинжилгээ хийх, “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргах эрх авсан эсэх нь тодорхойгүй,
мөн “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 52-73 УБҮ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг гаргасан байх бөгөөд мөрдөгч тухайн үнэлгээг гаргасан этгээдийг шинжээчээр томилсон эсэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.У болон Б.Н нар нь Замын хөдөлгөөний холбогдох заалт зөрчсөн эсэх бүхий л асуудлын талаар дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэв.
Шинжээч нар нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг баримтлах, дүгнэлтийнхээ үндэслэлийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байгааг анхаарах нь зүйтэй.
2. Харин анхан шатны шүүх “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт заасан “...ачилтын машины жолоочоос “Тоёотой приус 30 маркийн 52-73 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн аваарын гэрэл асаалттай байсан эсэх, хэргийн газарт очиход үзэгдэх орчин, харагдах байдал ямар байсан талаар” тодруулан, гэрчийн мэдүүлэг авах, ...иргэний нэхэмжлэгч Э.Э, Г.О, гэрч А.Үүрцайх, гэрч Б.Н нарын мэдүүлэг зөрүүтэй...” зэрэг нь зайлшгүй шалган тогтоох ажиллагаа биш, мөн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг Б.Наранмандах, Э.Э нарт танилцуулсан /1-р хх-ийн 44, 58/ нь хэрэгт авагдсан байгааг дурдав.
3. Яллагдагч Б.У-д холбогдох хэрэгт дээр дурдсан үндэслэлээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Уянгын бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/489 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Уянгын бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
А.ЦЭРЭНХАНД