Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 991

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч И.Т,

хохирогч Г.Отгонтөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн В овогт И.Т холбогдох эрүүгийн 1806 0089 50945 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, В овогт И.Т

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч И.Т нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчны 6-280 тоотод байрлах иргэн Г.Отгонтамирын байшингийн цонхоор нэвтрэн орж модны хөрөө, халбага, сэрээний ком зэрэг эд зүйлийг хулгайлж, 154.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сар өдрийг нь сайн санахгүй байна. Би найзындаа орох гээд явж байсан. Мөрдөн байцаагч намайг айлын цонх хагалж орсон гэж бичсэн байна. Би цонхыг хагалж ороогүй. Гэхдээ энэ айл руу орж халбага сэрээний ком авсан гэдгээ хүлээсэн. Тухайн үед энэ айлын цонх хагархай байсан. Хоёрдугаарт, эд хөрөнгийн үнэлгээ буруу тогтоогдсон байна гэж үзэж байна. Ямар ч хөрөө байсныг хараагүй байж, халбага сэрээний ком авсан баримт байхгүй хэрнээ, ямар ч баримтгүй хэрнээ шууд 150.000 төгрөг гэж тогтоосон байна. Цоо шинэ хөрөө 45.000 төгрөг, халбага сэрээний ком 15.000 төгрөг гэж байгаа. Тухайн үед би хохирогчтой байнга уулзаж байсан ба, хохирлыг чинь ойрын хугацаанд барагдуулна гэхэд хохирогч надад арай их хэмжээний мөнгө авах гээд байгаа юм шиг санагдсан тул мөрдөн байцаагчаар хохирлын үнэлгээ тогтоолгоё гэсэн. Хохирогч намайг хулгайн гэмт хэрэг дахиж үйлдээгүй байхад нэг бус удаа гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж, дарамталж, нэг биш удаа зодож байсан. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Отгонтөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өнгөрсөн жилийн наадмаас хойш энэ нөхөр 9 удаа хулгай хийсэн. Өнөөдөр 1 удаагийн үйлдэл мэт ярьж байна. Хайр найргүй хаалга, цонхыг хагалж ордог. Хамаг юм эвддэг. 3, 4 дэх удаагийн үйлдэл дээр тэр хавийн айлуудаас тодруулж, 5, 6 дахь удаагийн үйлдлээс энэ хүнийг би хайсан. Хүмүүст тэр бүр хэлээгүй. Гадуур байцаалт өгч явж байгаа хэрнээ дахиж хулгайлсаар байсан. Сүүлийн нэг сард энэ хүн байхгүй байсан ба манайд дахиж хулгай ороогүй. Хамгийн үнэтэй, шинэ цахилгаан багажнуудыг авдаг. Дандаа хайр найргүй ханддаг. Миний сууж байгаа байшин 3 давхар бөгөөд бүх багаж, халбага сэрээ зэргийг авдаг. 1 удаа ороход 7-8 эд зүйл авдаг. Энэ хүнд хэрэггүй ч надад хэрэгтэй эд зүйлийг аваад цааш нь дамжуулж зардаг. Төрсөн ах нь Баянзүрх дүүргийн цагдаагийн ахмад цолтой залуу байгаа. Одоо Налайх дүүрэгт очсон байгаа. Би 9 удаа хуралд оролцож, хэлсэн. Ах нь хэлдэг юм уу бүү мэд, Зөрчлийн хуулиар шийдүүлсэн, одоо зүгээр гэж хэлдэг. Манай том компанийн хашаанд 20 жил Цэцэгмаа гэх эмэгтэй амьдарч, манаач хийж байгаа. Цагдаа нар ч гайхдаг. Хохирол төлөгдөөгүй. 5-6 дахь удаагийн үйлдэл дээр нь би дуудаж хэлсэн. Надад 300.000 төгрөг өгнө гэсэн. Тэгж хэлээд дахиж уулзаагүй. Цагдаа нар хэрэг мөрдөхдөө 300.000 төгрөгөөс дотогшоо орсон тул Зөрчлийн хуулиар шийдүүлнэ гэдэг” гэв.

Хохирогч Г.Отгонтөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг гэж ирэхэд байшин маань зүгээр байсан. Тэгээд өнөөдөр буюу 2017оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг гэж ирэхэд байшингийн урд талын жижиг салхивч цонх хагархай байхаар нь би хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудсан юм. Учир нь одоогоос сарын өмнө манай байшинд маань урд талд амьдардаг И овогтой И.Т гэгч нь манай байшингаас гагнуурын аппарат хулгайлж аваад баригдсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Яллагдагч И.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19-р хороо, Тамирчны 6 дугаар гудамжинд байдаг Отгонтөмөр гэх хүний 2 давхар байшингийн урагш харсан зүүн урд талынх нь салхивчийг тоосгоор хагалж ороод 2 давхраас нь халбага, сэрээний ком, 1 давхрынх нь үүдний шалан дээр байсан цахилгаан гар хөрөө зэргийг хулгайлсан. Тус хулгайлсан цахилгаан гар хөрөөгөө “Цайз” зах дээр явуулын хүнд 70.000 төгрөгөөр зарсан. Халбага, сэрээний комоо согтуу явж байгаад автобусанд мартаад буучихсан...”

“...Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо ойрын хугацаанд барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 69 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16-21 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар хуудас/, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 47-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч И.Т нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчны 6-280 тоотод байрлах иргэн Г.Отгонтамирын байшингийн цонхоор нэвтрэн орж модны хөрөө, халбага, сэрээний ком зэрэг эд зүйлийг хулгайлж, 154.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч И.Тт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч И.Тт энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцож,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсохгүй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Отгонтөмөрийн 154.900 төгрөгийн хохирлыг шүүгдэгч И.Таас гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч И.Т нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. В овогт И.Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар И.Тыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Тт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Таас 154.900 /нэг зуун тавин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Отгонтөмөр /РД:ЧК62112974/-т олгосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Тын цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол И.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.МӨНХТУЯА