Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар   2025/ДШМ/34

 

 

 

 

2025            5                 08                                               2025/ДШМ/34    

 

О.Н холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уянга,

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/488 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Уянгийн бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлээр яллагдагч О.Н холбогдох эрүүгийн 2434000480513 дугаар хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, ......... оны 9 дүгээр сарын 26-ны өдөр .......... аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ..........аймгийн ............. сумын Мандал 1 дүгээр багийн Суваргын задгай гэх газарт оршин суух хаягтай, урьд нь

...................... шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ............... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ............ овгийн ................, регистрийн дугаар:..................

 

2.О.Н нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Суваргын задгайд оршин суух гэртээ байхдаа 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Чийн үснээс нь зулгаан чирч, хөлөн тус газарт хөлөөрөө дэвсэж, өшиглөж зодон түүний эрүүл мэндэд зүүн шагайн хавчаар ясны хугарал, зүүн шагайнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3.Төв аймгийн прокурорын газраас О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: “...Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07/59 дугаартай албан бичгээр насанд хүрээгүй гэрч Н.Т мэдүүлэг авах ажиллагаанд Э.Долгорыг томилжээ.

Уг мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа мөрдөгч нь Э.Долгорыг насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол үйлдээгүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Мөн хохирогч Б.Ч 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлэг авахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа гаргасан нь ойлгомжгүй.

...Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд насанд хүрээгүй хүүхэд Н.Т нь тухайн гэмт үйлдэл болох үед гэртээ байсан эсэх, хэрэв байсан бол тухайн өдөр ээж Б.Ч, аав О.Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх, хоорондоо маргалдан зодоон үүссэн эсэх талаар тодруулах, насанд хүрээгүй гэрч Н.Тхаана хэнийд хоносон болох,

Хохирогч Б.Ч 2023 оны 12 дугаар сарын 12-ны 23 цагийн үед гэж, яллагдагч О.Н нь сэжигтнээр 2023 оны 12 дугаар сарын 14-нд гэж зөрүүтэйгээр мэдүүлж байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа аль нь болох,

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Зоригоо гэх айл руу өвс ачих гэж явсан эсэх эхнэр Ээгий гэх эгч рүү 17 цаг өнгөрч байхад утсаар ярьсан эсэхийг тодруулах, цаг хугацааг тогтооход ач холбогдолтой.

Түүнчлэн хохирогч Б.Чийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч Н.Т мэдүүлэгт яллагдагч О.Н нь хохирогч Б.Чийн биед удаа дараа халдсан талаар мэдүүлсэн байх тул шалган шийдвэрлэх.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс "...1100046250000901 дугаартай гомдол, мэдээллийг хянаж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт шилжүүлсэн..." гэх талаарх баримт гаргаж өгсөн бөгөөд дээрх үйлдлийг нэгтгэн шалгах,

Эрүүгийн 2434000480513 дугаартай хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 467 тоот яллах дүгнэлт үлдсэний дараа яллагдагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатаас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “насанд хүрээгүй Н.Т гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзахдаа 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариу мэдэгдсэнийг анхаарах нь зүйтэй. 

Иймд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон овогт Отгонбаатарын Нармандахад холбогдох эрүүгийн 2434000480513 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, прокурорт очтол яллагдагч О.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2434000480513 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор Э.Уянга 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бичсэн 15 тоот эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцахад, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийн талаар хуульчилсан бөгөөд 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "...өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг,

Мөн хуулийн 2 дахь хэсэгт энэ зүйлийн 1.1-т заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй, бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд мөрдөгч, прокуророос өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчид хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай хуульчилсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина" гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй гэрчид хууль ёсны төлөөлөгч тогтоох тухай тогтоол үйлдээгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2.  О.Н нь .......... аймгийн ............ сумын Мандал 1 дүгээр баг .............. оршин суух гэртээ байхдаа 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Чийн үснээс нь зулгаан чирч, хөлөн тус газарт хөлөөрөө дэвсэж, хөлөөрөө өшиглөн зодож түүний эрүүл мэндэд зүүн шагайн хавчаар ясны хугарал, зүүн шагайнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн материалд цугларсан хохирогчийн эх сурвалжаа шууд заан мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байдаг.

Тухайн хэрэг учрал нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд тухайн үед хохирогч Б.Ч, яллагдагч О.Н нартай хамт байсан гэх насанд хүрээгүй хүүхэд Н.Т гэрчээр тогтоож мэдүүлэг авах нь хууль зүйн ач холбогдолгүй юм. Учир нь, Н.Т нь тухайн үед 8 настай байсан.

Түүнийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болсон үйл явдлыг бүрэн санаж байгаа, сэргээн дүрслэх чадвартай байгаа эсэхэд эргэлзээтэй юм. Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар "7-оос 14 хүртэлх насны этгээд эрх зүйн зарим чадамжтай байна" гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт "...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй..." гэж тус тус хуульчилсан байдаг.

3. Насанд хүрээгүй гэрч Н.Т2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ "...Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт байх өвөө Отгонбаатарын гэрт байсан учраас юу болсон талаар хараагүй, мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2023 оны  12 дугаар сарын 13-ны өдөр 08 цагийн үед гэртээ орох гээд хашааны гадаа дүү Н.Т таарахад аав ферм дотор нууцаар архи уучихсан орж ирээд аав, ээж хэрэлдээд аав ээжийг үсдэж чирээд зодсон гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү явж ороход ээж орон дээр уйлаад сууж байсан. Аав унтаж байсан. Ээжээс яагаад уйлаад байгаа юм бэ гэж асуухад аав чинь миний хөлөн дээр дэвсчихсэн юмаа гэж хэлсэн. Ээжийн зүүн хөл хавдаад томорчихсон байсан..." гэж мэдүүлжээ. Н.Тнь өвөө Отгонбаатарын гэрт хоносон талаараа мэдүүлсэн байх тул дахин мэдүүлэг авч хаана хоносон талаар тодруулах шаардлагагүй юм.

4.   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Чээс 4 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэгтээ 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн орой тухайн үйл баримт болсон талаар тогтвортой мэдүүлжээ. Мөн насанд хүрээгүй гэрч Н.Т ...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 08 цагийн үед гэртээ ороход Ээжээс яагаад уйлаад байгаа юм бэ гэж асуухад аав чинь миний хөлөн дээр дэвсчихсэн юмаа гэж хэлсэн... гэх мэдүүлгээр тухайн үйл баримт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон болох нь давхар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Зоригоо гэх айл руу өвс ачих гэж явсан эсэх, эхнэр Ээгий гэх эгч рүү 17 цаг өнгөрч байхад утсаар ярьсан эсэхийг тодруулах нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

5.   Б.Чийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг, болон насанд хүрээгүй гэрч Н.Т мэдүүлэгт яллагдагч О.Н нь хохирогч Б.Чийн биед удаа дараа халдсан талаар мэдүүлсэн байх тул шалган шийдвэрлэх,

Хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаар яллагдагч О.Н нь хохирогч Б.Ч удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь мэдүүлгүүдээр тогтоогддог. Хохирогч Б.Ч нь тухай бүрд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй талаар мэдүүлдэг. Мөн хэргийн материалд яллагдагч О.Нын зөрчилд холбогдож байсан талаар лавлагаа, ял шийтгэл эдэлж байсан талаарх лавлагаа мэдээллийг авч хавсаргасан болно.

6.   Яллагдагч О.Наас тус аймгийн цагдаагийн газарт "...О.Н нь 2023 он, 2024 оны цагаан сарын үед эхнэр Б.Чд зодуулсан гэх..." утга бүхий гомдол гаргасныг 243400176 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Яллагдагч О.Н холбогдох эрүүгийн 2434000480513 дугаартай хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Ч нь О.Ныг зодсон цохисон, харилцан зодолдсон гэх үйл баримт тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж хуульчилжээ.

О.Н холбогдох эрүүгийн 2434000480513 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд Б.Чд холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа 253400176 дугаартай хэргийг нэгтгэн шалгах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 488 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

6.Яллагдагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг хязгаарласан асуудал гаргасан. Насанд хүрээгүй гэрч Тэгшжаргалыг мөрдөн шалгах ажиллагааны явцад байцаасан. О.Н эхнэрийнхээ хөлийг өшиглөж, дэвсэж хугалсан гэх үйл явдал болох үед ганцхан Н.Т байсан. Б.Ч мөрдөн байцаалтын шатанд 4 удаа мэдүүлэг өгөхдөө манай бага хүү тухайн үед байсан гэсэн. Харин Тэгшжаргал мэдүүлэг өгөхдөө би өвөө Отгонжаргалын гэрт байсан тул юу болсныг хараагүй гэдэг. Иймд Н.Тыг гэрчээр асуух талаар хүсэлт өгөхөд жилийн дараа татгалзсан хариу өгсөн. Үүнээс гадна Ээгий гэж хүн рүү Б.Ч 17 цагт ярьсан эсэхийг бас шалгаж тогтоох нь  зүйтэй. Учир нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн болохыг тогтооход ач холбогдолтой. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Э.Уянгын бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянан үзлээ.

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоосноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгах үндэслэл болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2.Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, ......... аймгийн прокурорын газраас О.Ныг ........ аймгийн .......... сумын Мандал 1 дүгээр баг ............ оршин суух гэртээ байхдаа 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Чийн үснээс нь зулгаан чирч, хөлөн тус газарт хөлөөрөө дэвсэж, өшиглөж зодон түүний эрүүл мэндэд зүүн шагайн хавчаар ясны хугарал, зүүн шагайнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

3.Анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаас "...Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд насанд хүрээгүй хүүхэд Н.Т нь тухайн гэмт үйлдэл болох үед гэртээ байсан эсэх, хэрэв байсан бол тухайн өдөр ээж Б.Ч, аав О.Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх, хоорондоо маргалдан зодоон үүссэн эсэх талаар тодруулах..." гэсэн хэсгийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Өөрөөр хэлбэл, хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ....... аймгийн ........ сумын Мандал 1 дүгээр баг ............ гэртээ яллагдагч О.Н, хохирогч Б.Ч, тэдний насанд хүрээгүй хүү Н.Т нар хамт байсан талаар хохирогч Б.Ч “...тухайн үед манай гэрт нөхөр Нармандах, хүү Н.Т /8 настай/, охин Тэгшгэрэл /2 настай/ нар байсан,  өөр хүн байгаагүй...” гэх, насанд хүрээгүй гэрч Н.Т “...Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би өвөө Отгонбаатарын гэрт байсан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 08 цагийн үед гэртээ орох гээд хашааны гадаа дүү Н.Т таарсан...” гэх мэдүүлгүүд өгсөн байх ба мөн болж өнгөрсөн үйл баримтын талаар насанд хүрээгүй хүү Н.Т "...аав, ээж хэрэлдээд аав ээжийг үсдэж чирээд зодсон..." гэж ярьсан талаар гэрч Н.Тмэдүүлсэн байдаг.

 

Мөн хохирогч Б.Ч “...тэгэхэд аав, ээж хоёр миний хөлийг хараад мах тасарчихсан байна гээд тос түрхээд хүнсний скочоор ороож өгч байсан...” гэх, гэрч Ц.Сэржмядаг “...18-ны өглөө нөхөр О  хүү Н  руу яваад ...бэр Чимгээ ...шатнаас хөлөө гэмтээсэн гээд байж байна гэж ирсэн. ...оройхон хүү Нармандах гэрт ирээд Чимгээ хөл нь хавдаад байна гэхээр нь ногоон тос өгч явуулсан. ...хот орж эмнэлэг дээр хоол унд хүргэж өгөөд уулзахад бэр Чимгээ болгоомжгүйгээсээ болоод гэмтчихлээ гэсэн. ...нөхөр бид хоёр хүүгийнд яваад ороход бэр Чимгээ тэр үед танай хүү миний хөлийг зодож хугалсан гэсэн...” гэх мэдүүлэг өгсөн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа насанд хүрээгүй Н.Т, н.О  нараас гэрчийн мэдүүлэг авч хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй.

 

4. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хууль ёсны төлөөлөгч томилон мэдүүлэг авах субъектэд насанд хүрээгүй гэрч хамаарахгүй тул .... аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07/59 дугаартай албан бичгээр томилогдсон Э.Долгорыг байлцуулан насанд хүрээгүй гэрч Н.Т мэдүүлэг авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Мөн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Б.Чээс дахин мэдүүлэг авахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа гаргасан баримтад гарын үсэг зуруулсан үйл баримтыг залруулах боломжгүй тул шүүх дүгнэлт хийж үнэлэх эсэх замаар шийдвэрлэх боломжтой.

 

Үүнээс гадна насанд хүрээгүй гэрч Н.Т2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хаана, хэнийд хоносон талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлэг /хх-37-38/ хэрэгт авагдсан, яллагдагч О.Н нь хохирогч Б.Ч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хөлөө гэмтээсэн гэж мэдүүлж байгаа ч  үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч О.Н Зоригоо гэх айл руу өвс ачих гэж явсан эсэх, хохирогч Б.Ч Ээгий гэх эгч рүү 17 цаг өнгөрч байхад утсаар ярьсан эсэхийг тодруулах нь хэргийн үйл баримтад хэрхэн нөлөөлөх нь ойлгомжгүй, яллагдагч О.Н өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчлийн хэрэгт холбогдож байсан, шүүхээс ял шийтгүүлж байсныг лавлагаа мэдээллээр тогтоосон, Б.Ч нь О.Нын эрүүл мэндэд гэм хор учруулсан эсэх асуудлыг энэ хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэх хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тул прокурорын эсэргүүцлээс энэ хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй үзэв.

 

5. Иймээс давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжид заасан ажиллагаанаас гадна дээрх ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  яллагдагч О.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

6. Анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагчийн холбогдсон хэргийн талаар бичихдээ яллагдагч М.Мөнх-Эрдэнэ, О.Н гэж тус тус бичсэн байгааг анхааруулж тэмдэглэв. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/488 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Уянгын бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол О.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.МӨНХДАВАА

 

                            ШҮҮГЧИД                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                     З.ТҮВШИНТӨГС