Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 976

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Ч.Г,

хохирогч Э.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Ч.Гд холбогдох эрүүгийн 1806 0367 50928 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч овогт Ч.Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамжинд хохирогч Э.Оргилыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр миний төрсөн өдөр болсон юм. Ажил дээр байж байгаад ажлаа тараад 12-оос 01 цагийн үед найз Мөнхбатын хамт Эрдэнэтолгойд очсон. Машиныхаа тэвшин дээр найзтайгаа нэг пиво хувааж уугаад байж байхад Ч.Г ирсэн. Бид хамт байж байгаад хашаанас гараад Эрдэнэтолгойн тэр хавьд гудамжинд байж байгаад нэмж ганц нэг пиво уугаад найзтайгаа жаахан шуугилдаад байж байхад Батхолбоо ах гарч ирээд маргаж байхад дүү нь гарч ирээд намайг цохисон. Миний 4 шүд хугарсан, эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Намайг өчигдөр ажилтай байхад 10 цагийн үед шүүх хуралтай гэж хэлсэн учир эмнэлгээс баримт авч амжсангүй. Би өөрөө “Бонго-3” машинтай байсан. Уг машинаа мөнгөөр нь эмплант шүд хийлгэсэн. Эмнэлэг нь баримт өгсөн боловч машин зарахдаа машинаасаа аваагүй явуулсан байсан, машин авсан хүнтэй холбоо барихад хөдөө явсан гэж хэлсэн. Би эмнэлгээс шүд хийлгэсэн тухай баримт дахин авч өгнө гэж бодсон боловч амжсангүй. Эмнэлэг нь 9 цагт онгойдог гэж хэлсэн” гэв.

Хохирогч Э.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17 цагийн үед гэрээс гарч хашаан дотор портер маркийн машины тэвшин дээр гарч юм яриад сууж байтал Ч.Г, Нямнаагийн хамт хашаанд орж ирээд төрсөн өдрийн мэнд хүргээд 2,5 литрийн том савтай пиво авч өгөөд тавуулаа ууж байтал дүү Ганпүрэв ирэхээр нь машинаа бариулаад хашаанаас гараад Ч.Ггийн 34-р гудамжинд очиж, тэнд пиво ууж байгаад согтож, ухаан санаа орж гараад байсан. Ч.Ггийн ах Батхолбоо гарч ирээд хутганы ишээр нуруу хэсэгт цохихоор нь яагаад байгаа юм бэ гэж хэлээд чанга дуугарсан чинь цаанаас дүү Ч.Г нь гарч ирээд нүүр рүү хэд цохиод боогоод унагасан. Манай найз Бүрэнбаяр салгаад намайг чирээд явж байтал Ч.Г хүрч ирээд дахин цохиж, шүд хуга цохисон. Ийм юм болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хуудас/,

Гэрч С.Энэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 22:10 цагт гэртээ харихаар найз Дөлгөөний хамт явж байтал нөхөр Дүүрэнбаяр утсаар яриад Оргилыг зодоод байна гэхээр нь Баянзүрх дүүргийн 17-р хороо, Эрдэнэтолгойн 34-р гудамжинд очсон чинь Оргил зодуулчихсан, хамаг хувцас нь шороо болчихсон. Нүүр ам нь цус болчихсон нилээн согтуу байхаар нь яасан юм бэ гэж асуухад Ч.Г зодсон гэж хэлсэн. Үүдэн 4 шүд хугарсан байдалтай байхаар нь 102-т дуудлага өгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст өргөдөл бичиж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мөнхболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эмжи гэдэг  банди 1 шил 0,5 литрийн архи авахаар нь тэрнээс уугаад юм ярьж байтал Мөнхбат, Пүүжээ хоёр маргалдаж зууралдаад хэрэлдсэн. Мөн Оргил тэр хоёртой маргаж, зууралдаад зодолдох гээд байсан. Ч.Ггийн ах Батхолбоо гарч ирээд энд юу болоод байгаа юм бэ, та нар явцгаа гэж хэлсэн чинь Оргил харанхуй байсан учир танихгүй чи хэн бэ гэж хэлээд портер машины тэвшнээс буугаад Батхолбоо руу дайрсан чинь Нямдаваа боль гээд голоор орж салгасан. Ч.Г ахындаа орсон ба гэрээс нь гарч ирээд Оргилыг боль гэж хэлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь Ч.Гг ах Батхолбоо нь салгаад гэр рүүгээ аваад орсон. Би Дүүрээтэй дэлгүүр рүү пиво авахаар явсан. Эргээд ирсэн чинь Оргил орилоод найз нар нь явуулахгүй хашаад зогссон байхаар нь чи зүгээр үү гэхэд миний шүд уначихлаа гэхээр нь яасан юм бэ гэхэд харанхуйд амаа ангайж харуулсан. Тэр үед шүд нь унасан эсэхийг харж чадаагүй өнгөрсөн. Би өөрөө нилээн согтсон байсан. Оргилын эхнэр нь ирээд найз Дүүрээтэй нь аваад явсан. Бид хэд үлдээд пиво уусан...гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Ч.Батхолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хашааны гадаа согтуу хүмүүс орилоод нохой хуцуулаад зодолдоод байх шиг болохоор нь үүдэнд байсан хүүхдийн тоглоомон хуванцар сэлмийг бариад гараад тэр хэд дээр очоод та нар шөнө, орой болсон байна, унтаж амармаар байна гэж хэлэхэд тэнд байсан залуус бүгд за ах аа, уучлаарай гэж хэлсэн чинь Оргил портер машиныхаа кузов дээр суучихаад согтуу хоёр найзынхаа нэгийг заамдаж аваад маргалдаад байхаар нь портер машины тэвш рүү нөгөө барьж байсан хуванцар хүүхдийн тоглоомон сэлмээрээ цохиод чи боль гэж хэлсэн чинь эргэж хараад шууд нүүр рүү нулимсан...Ч.Г нүүр рүү нь нэг удаа цохисон чинь орилоод машинаа үлдээгээд явахаар нь дүү Ч.Гг гэртээ авч ороод машинаа асаагаад гэрт нь хүргэж өгсөн. Би тэр Оргилд гар ч хүрээгүй. Зодож, цохисон зүйл байхгүй. Тэнд байсан найз нар нь хэлэх байх. Тэнд Дүүрэнбаяр, Пүүжээ нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Яллагдагчаар Ч.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэнд сууж байгаад буцаж гараад нөгөө хэдтэйгээ сууж байтал ах Батхолбоо ор наад архи, дарсаа болиоч гэж хэлэхээр нь гэрт орсон. Ах гэртээ орох үед нь би өөдөөс нь гарч ирсэн чинь Оргил цаанаас орилоод пизда, чи миний шүлсийг хаях, хаяхгүй заадаг юм уу, чиний газарт байгаа юм уу гээд агсраад байхаар нь Оргил дээр очоод чи яагаад байгаа юм бэ ууж, идсэн юмаа шингээгээч гэхэд танай ах, та хоёр надад заадаг болчихсон юм уу гээд өөдөөс нулимахаар нь нүүр рүү нэг удаа цохисон чинь найз Пүүжээ, Дүүрээ хоёр барихад над руу өшиглөөд дайраад байсан. Найз нар нь Оргилыг цааш аваад явсан. Би ах Батхолбоогоор машинаа бариулаад гэртээ харьж унтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹726 дүгнэлтэд “Э.Оргилын биед баруун дээд 1,2-р шүд, зүүн дээд 1,2-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо....хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 21 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хэргийн 20 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамжинд хохирогч Э.Оргилыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Гд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Ч.Гд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Г нь хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн болно.

Хохирогч Э.Оргил 7.200.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Я овогт Ч.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Гг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Хохирогч Э.Оргил нь шүд хийлгэсэн талаархи баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА