| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0445/э |
| Дугаар | 2018/ШЦТ/222 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.С-д холбогдох 1821003790241 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.С, Дорнод аймгийн Хэрлэн суманд ........... оны ....... сарын ......-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ................/, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ДБЭХС төрийн өмчид хувьцаат компанийн Дорнод салбарт ......................ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ...................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчим “Приус” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Хагархай толгой” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Тунгалагийн биед “...тархи доргилт, баруун шуу, баруун шилбэний цус хуралт” гэмтэл буюу хөнгөн гэмтэл учруулсан, мөн зорчигч Ц.Энхжаргалын биед “...гавал яс болон нүүрний ясны хэлбэр дүрс алдагдсан олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи гоожилт, дух зулайн хуйхны урагдал гэмтлүүдийн улмаас нас барсан” авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний тээврийн хэрэгслийн урд суудалд Ариунбат, ард талд талийгаач, Тунгалаг, Оюунбат нар сууж явсан...Цагаан-Овоо сумын нутагт явж байхад гэнэт тээврийн хэрэгслийн хүрд зүүн гар тал руугаа болоод шарваад тээврийн хэрэгсэл баруун зүг рүү онхолдсон. Тэгээд сандраад эргээд хартал талийгаач газар тонгойсон байхаар нь машинаас гарсан чинь хүмүүс хашгирхаар нь харахад талийгаачийн толгой бяцарсан байдалтай нас барсан байсан. Тэгээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Миний машины жолоочийн эсрэг талд урд дугуй гэнэт хагарснаас болж онхолдсон гэж бодож байна...” гэжээ. /хх 92-93/
Хохирогчийн төлөөлөгч Ж.Энхтайван мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 сарын 15-ны өдөр талийгаач надтай уулзсан. Баян-Уул сум руу бэр гуйх ажиллагаанд явах талаар хэлсэн бөгөөд 06 сарын 16-ны өглөө эрт явна гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 06 сарын 16-ны өдөр аймаг руу бэрээ аваад ирж байгаад машин нь унаад талийгаачийг нас барсан гэж хэлэхэд нь мэдсэн. Миний мэдэж байгаа зүйл энэ л байна...” гэжээ. /хх 24/
Иргэний нэхэмжлэгч Э.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хамаатнууд Дорнод аймгийн Баян-Уул сумаас бэр гуйхаар 2018 оны 06 сарын 16-ны өглөө 03 цагийн орчим ............ улсын дугаартай “Приус-10” маркийн тээврийн хэрэгсэлтэй манай нөхөр Оюунбат, талийгаач, бид гурав тээврийн хэрэгслийн ард суудалд сууж жолоочийн хажууд ах Ариунбат суугаад С гэх залуу жолоо барьж явсан...Бэр гуйх ажиллагааг 11 цагийн орчим дуусгаад бэрээ аваад аймгийн зүг гарсан...Цагаан-Овоо сумын нутагт явж байхад гэнэт машин дайвалзаад талийгаач бид хоёр хашгирсан бөгөөд машин гэнэт баруун тийш онхолдсон. Нэг мэдсэн гадаа гарсан байсан ба талийгаач миний өвөр дээр толгой нь бяцарсан байдалтай нас барсан байхаар нь эмнэлэг болон цагдаа дуудсан...” гэжээ. /хх 26-27/
Гэрч Э.Ариунбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Баян-Уул суманд 08 цагийн үед очоод бэр гуйх ажиллагааг 11 цагийн үед дуусгаад бэрээ аваад Хэрлэн сумын зүг гарсан. Эргээд гарахдаа би тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж манай эхнэр, дүү Тунгалаг, дүүгийн нөхөр Оюунбат нар тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр суугаад явцгаасан...Хөдлөөд аймгийн зүг явж байгаад Цагаан-Овоо сумын нутагт гэнэт машин дайвалзахаар нь жолоочид хандаж “юу болж байна аа жолооч оо” гэхэд, “харин” гэж нэг үг дуугараад гэнэт шарваад баруун тийш онхолдсон. Онхолдоод аймгийн төвд ирээд эмнэлэгт ухаан орсон...” гэжээ. /хх 30-31/
Гэрч О.Оюунбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Аймгийн төв рүү явж байгаад гэнэт машин дайвалзаад тээврийн хэрэгсэл эвгүй шарваад баруун гар тийш хөмөрч онхолдоод 4 дугуйн дээрээ боссон байсан бөгөөд намайг харахад талийгаач манай эхнэрийн өвөр дээр толгой нь доошоо харсан байдалтай байсан ба хүргэн ах сэргээд талийгаачийн толгойноос өргөсөн чинь толгой нь бяцарсан байдалтай нас барсан байхаар нь эмнэлэг, цагдаа дуудаад эмнэлэг ирээд эхнэр Тунгалаг болон хадам ах Ариунбат, жолооч С бид нарыг аваад явсан...” гэжээ. /хх 32-33/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 82 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач Ц.Энхжаргалын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал яс болон нүүрний ясны хэлбэр дүрс алдагдсан олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи гоожилт, дух зулайн хуйхны урагдал, дээд уруулын баруун дээд хэсэг, баруун чамархай, эрүүний язарсан шарх, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 5.Талийгаач нь гавал яс болон нүүрний ясны хэлбэр дүрс алдагдсан олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи гоожилт, дух зулайн хуйхны урагдал гэмтлүүдийн улмаас нас баржээ. 6.Талийгаач 4-р бүлгийн цустай байна. 7.Талийгаач нас барах үедээ согтолтгүй эрүүл байжээ” гэжээ. /хх 60-62/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 465 тоот дүгнэлтэд: “1.Э.Ариунбатын биед баруун бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 76/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 21-ний өдрийн 463 тоот дүгнэлтэд: “1.Э.Тунгалагийн биед тархи доргилт, баруун шуу, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 83/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 02 сарын 22-ны өдрийн 09 тоот дүгнэлтэд: “Хариулт-1. Жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн байна. Хариулт-2. Жолооч Д.С нь “Тоуота Prius-10” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тоормосны мөр илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна. Хариулт-3. ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад ЖЯ93071514 регистрийн дугаартай Д овогтой С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 1140546 тоот үнэмлэхтэй байна. Хариулт-4. “Тоуота Prius-10” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ” гэжээ. /хх 55/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ариунбат /хх 30-31/, О.Оюунбат /хх 32-33/, иргэний нэхэмжлэгч Э.Тунгалаг /хх 26-27/, хохирогч Ж.Энхтайван /хх 24/, шүүгдэгч Д.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, Зам тээврийн осол болсон газрын схем зураг /хх 11/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 13/, Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-19/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Тоуота Prius-10” маркийн ..............улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/, Яаралтай тусламжийн хуудас /хх 77-78, 84-85/, Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 20-22/, Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ /хх 74-75/, Шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх 99/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 100-101/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 98/, Шүүгдэгч Д.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 97/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчим “Тоуота Prius-10”” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Хагархай толгой” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөны дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Тунгалагийн эрүүл мэндэд “…тархи доргилт, баруун шуу, баруун шилбэний цус хуралт...” бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан, мөн зорчигч Ц.Энхжаргалын эрүүл мэндэд “...гавал яс болон нүүрний ясны хэлбэр дүрс алдагдсан олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, тархи гоожилт, дух зулайн хуйхны урагдал” бүхий хохирол /гэмтэл/ учирсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Болсон үйл баримтыг нүдээр үзсэн иргэний нэхэмжлэгч Э.Тунгалагийн “...Цагаан-Овоо сумын нутагт явж байхад гэнэт машин дайвалзаад талийгаач бид хоёр хашгирсан бөгөөд машин гэнэт баруун тийш онхолдсон. Нэг мэдсэн гадаа гарсан байсан ба талийгаач миний өвөр дээр толгой нь бяцарсан байдалтай нас барсан байхаар нь эмнэлэг болон цагдаа дуудсан...” /хх 26-27/ гэх,
Гэрч Э.Ариунбатын “...Би тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж манай эхнэр, дүү Тунгалаг, дүүгийн нөхөр Оюунбат нар тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр суугаад явцгаасан...Хөдлөөд аймгийн зүг явж байгаад Цагаан-Овоо сумын нутагт гэнэт машин дайвалзахаар нь жолоочид хандаж “юу болж байна аа жолооч оо” гэхэд, “харин” гэж нэг үг дуугараад гэнэт шарваад баруун тийш онхолдсон. Онхолдоод аймгийн төвд ирээд эмнэлэгт ухаан орсон...” /хх 30-31/ гэх,
Гэрч О.Оюунбатын “...Аймгийн төв рүү явж байгаад гэнэт машин дайвалзаад тээврийн хэрэгсэл эвгүй шарваад баруун гар тийш хөмөрч онхолдоод 4 дугуйн дээрээ боссон байсан бөгөөд намайг харахад талийгаач манай эхнэрийн өвөр дээр толгой нь доошоо харсан байдалтай байсан ба хүргэн ах сэргээд талийгаачийн толгойноос өргөсөн чинь толгой нь бяцарсан байдалтай нас барсан байхаар нь эмнэлэг, цагдаа дуудаад эмнэлэг ирээд эхнэр Тунгалаг болон хадам ах Ариунбат, жолооч С бид нарыг аваад явсан...” /хх 32-33/ гэх,
Хохирогчийн төлөөлөгч Ж.Энхтайваны “...2018 оны 06 сарын15-ны өдөр талийгаач надтай уулзсан бөгөөд Баян-Уул сум руу бэр гуйх ажиллагаанд явах талаар хэлсэн бөгөөд 06 сарын 16-ны өглөө эрт явна гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 06 сарын 16-ны өдөр аймаг руу бэрээ аваад ирж байгаад машин нь унаад талийгаачийг нас барсан гэж хэлэхэд нь мэдсэн. Миний мэдэж байгаа зүйл энэ л байна...” /хх 24/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 82 тоот /хх 60-62/, 125 тоот /69-71/, 465 тоот /хх 76/, 463 тоот /хх 83/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 09 тоот /хх 59-60/ дүгнэлтүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, Зам тээврийн осол болсон газрын схем зураг /хх 11/, Зам тээврийн осол дээр болсон тогтоосон акт /хх 13/, Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-19/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Toyota Prius-10” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/, Яаралтай тусламжийн хуудас /хх 77-78, 84-85/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.С-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн гэж үзэх үндэслэл байна. Тухайлбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн нь мөн дүрмийн 1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчихөд хүргэсэн нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон байна гэж үзлээ.
Энэ талаар дүгнэсэн техникийн шинжээчийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн амь хохирогч, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Энхжаргал амь хохирсон, иргэний нэхэмжлэгч Э.Тунгалагийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.С-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч хэн аль нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, 1140546 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлж, №01923727 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-г Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.С-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1821003790241 тоот хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, 521491 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, №01923723 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид өөрт нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2018 оны 08 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ