Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

     Улсын яллагч Б.Догмиддорж

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

    Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шившин овогт Э.С-д холбогдох эрүүгийн 1821000000242 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Э.С, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд ...... оны ......сарын .....-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ....../, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.

Шүүгдэгч Э.С нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Тээвэрчдийн 7-01 тоотод иргэн Дэлгэрцэцэгийн гэрт З.Ганболорын хөмсөгийг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би согтуу учраас яг юунаас болж хазсанаа санахгүй байна. Бид хоёрын хэрүүл маргаан маань хурцдаад Ганболор бид хоёр үсдэлцсэн, тэгээд л би шарандаа хазчихсан юм...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ. /хх 28/

Хохирогч З.Ганболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим...С гэх охин надад агсан тавиад байсан ба тэр охин нилээн их архи уусан байдалтай байсан...гэнэт миний толгойноос маань тэвэрч аваад миний зүүн нүдний маань зовхин дээрээс хазаад хоёр тийшээгээ сэгсчээд тавихгүй байсан. Тэр үед миний нүд болон С-н амнаас нь их цус гарсан...би нүдэндээ 20 оёдол тавиулсан...надад одоо С-с нэхэмжлэх хохирол байхгүй...хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэжээ. /хх 9-10/

Гэрч Д.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед С нилээн согтуу байсан ба эргэн тойрныхоо хүмүүс рүү үг хаяад байсан...С Ганболорыг хажуу талаас нь толгойг нь тэвэрч аваад зүүн нүдийг нь хазчихсан. ...Тухайн үед С “хамаг юм чамаас болсон, хохь чинь за” гэх мэтээр Ганболорын шарыг нь малтаж хэл амаар доромжилж байсан. Мөн С Ганболорыг гэрийн униар цохиж байсан...” гэжээ. /хх 14/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 518 тоот дүгнэлтэд: “1.З.Ганболорын биед зүүн нүдний дээд зовхи, духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.  2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 20/

Хэрэгт цугларсан нотлох баримтанд: Дээрх болон Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Байгалмаа /хх 13-14/, Д.Дэлгэрцэцэг, хохирогч З.Ганболор /хх 11-12/, шүүгдэгч Э.С /хх 17-18/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Яаралтай тусламжийн хуудас /хх 21/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 33-34/, Прокурорын ялын санал /хх 40/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 31-32/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Э.С нь согтуугаар 2018 оны 07 сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Тээвэрчдийн 7-01 тоотод иргэн Дэлгэрцэцэгийн гэрт З.Ганболорын хөмсөгийг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Гэмт хэргийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн хохирогч З.Ганболорын: “...2018 оны 07 сарын 01-ны өдөр 17 цагийн орчим...С гэх охин надад агсан тавиад байсан ба тэр охин нилээн их архи уусан байдалтай байсан...гэнэт миний толгойноос маань тэвэрч аваад миний зүүн нүдний зовхин дээрээс хазаад хоёр тийшээгээ сэгсчээд тавихгүй байсан. Тэр үед миний нүд болон С-н амнаас их цус гарсан...би нүдэндээ 20 оёдол тавиулсан...надад одоо С-с нэхэмжлэх хохирол байхгүй...хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэж өгнө үү...” /хх 9-10/ гэх,

Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Д.Байгалмаагийн “...Тухайн үед С, нилээн согтуу байсан ба эргэн тойрныхоо хүмүүс рүү үг хаяад байсан...С Ганболорыг хажуу талаас нь толгойг нь тэвэрч аваад зүүн нүдийг нь хазчихсан. ...Тухайн үед С “хамаг юм чамаас болсон, хохь чинь за” гэх мэтээр Ганболорын шарыг нь малтаж хэл амаар доромжилж байсан. Мөн С Ганболорыг гэрийн униар цохиж байсан...” /хх 14/ гэх,

Гэрч Д.Дэлгэрцэцэгийн “...Би С-с “чи яагаад хүний нүд хазаж байгаа юм” гэж асуухад, “найз нь мэдэхгүй байна” гэж хариулж байсан...” /хх 14/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Яаралтай тусламжийн хуудас /хх 21/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 33-34/, Прокурорын ялын санал /хх 40/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар  сарын 05-ны өдрийн 518 тоот дүгнэлт /хх 20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.С-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Э.С-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хохирогч З.Ганболорын эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний дээд зовхи, духанд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол нь түүний хөмсгийг хазсан шүүгдэгч Э.С-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Э.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн 1821000000242 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... овогт Э.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.С-д анхааруулсугай.

4. Эрүүгийн 1821000000242 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ