| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2017/0950/З |
| Дугаар | 221/МА2018/0257 |
| Огноо | 2018-05-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2018/0257
| 2018 оны 5 сарын 01 өдөр | Дугаар 221/МА2018/0257 | Улаанбаатар хот |
Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0094 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Б-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0094 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 81.1, 81.2-т заасныг тус тус баримтлан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/355 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, цолыг сэргээлгэх”-ыг хүссэн шаардлага бүхий Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Цагдаагийн ерөнхий газраас тушаалыг гаргахдаа Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, Цагдаагийн албан хаагчийн сахилын дүрмийн 12.3, 13.7 заалтуудыг зөрчсөн гэж үзэж ажлаас халсан.
Миний хувьд 2004 оноос эхлэн Дотоодын цэрэгт харуулчнаар дэд ахлагч цолтой орж ажилласан бөгөөд халагдах хүртлээ Цагдаагийн ахлах дэслэгч цолтой ажилласан. Энэ өнгөрсөн 13 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаагүй болно.
Гэтэл Т.С зөвшөөрлийн бичгийг албаны шалгалт явагдахаас өмнө авчирч өгсөн. Энэ нь хэрэгт хавсаргаатай байгаа, мөн өдөр хууль эрх зүйн газрын ажилтан Н.Э боловсруулсан хайргыг авахдаа тухайн зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтнаас авсан байдаг. Хайрганы мөнгийг тушаасан тухай бичгийг мөн хэрэгт хавсаргасан байгаа.
Би Цагдаагийн байгууллагатай үр дүнгийн гэрээг байгуулахдаа “Эү” ХХК-д Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтэс ажиллуулах 2014 оны 8 дугаар сарын 01-нмй өдрийн 5/306-14 дугаартай гэрээний дагуу “Эү” ХХК-ийн дарь, тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх дэлбэрэх бодисын агуулах түүний харуул хамгаалалтыг зохион байгуулах, шалган нэвтрүүлэх ажлын байранд ажиллахаар хийсэн.
Миний ажлын байрнаас дарь болон тэсрэх дэлбэрэх бодис алдагдсан бол намайг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж болох юм. Гэтэл миний хувьд тухайн үед дарь, тэсрэх бодис бүхий объектын хамгаалалтад байгаагүй бөгөөд үйлдвэрийн эрх бүхий ажилтнууд зөвшөөрлөө авсан, мөн өдөр 1 тонн цемент гарсныг компьютерт бүртгэж аван зурагжуулан баримтжуулсан. Би дээрх хүмүүстэй үгсэн тохирч ямар нэгэн эд зүйл хулгайлан авч ашиглан шамшигдуулаагүй, энэ талаар ч амлаагүй.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болсонд тооцсон хуулийн 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах талаар хуульчилсан бөгөөд уг зүйл заалтын 25.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална.
25.1.1. Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн
25.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол халахаар заасан байна.
Би гэмт хэрэг үйлдээгүй. Зөрчлийн тухайд намайг халахдаа Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д зааснаар албан тушаалаа урвуулан буюу хэтрүүлэн ашиглаагүй. Цагдаагийн албан хаагчийн сахилын дүрмийн 12.3-т зааснаар надад ямар нэгэн дарамт шахалт, зохимжгүй нөлөөлөл үзүүлээгүй. 13.7-д зааснаар улсын онц чухал объектыг хамгаалах зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу хор уршиг учруулсан асуудал байхгүй. Хамгийн гол нь бу тухайн үед нэвтэрсэн бүх тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу шалгасан, энэ талаараа баримтжуулсан бөгөөд энэ үүргээ умартан хойш сууж ажил цалгардуулаагүй юм. Мөн ямар нэгэн байдлаар үйлдвэрт болон цагдаагийн байгууллагад хор уршиг учруулаагүй.
Шүүх хурлын ажиллагааны үед хариуцагчийн төлөөлөгч хэлэхдээ “ ... уг асуудлыг онцгой тохиолдол гэж авч үзээд шийтгэлийг ногдуулсан асуудал юм. Энэ нь нөгөө талаар бусад алба хаагчдад сургамж болох гэсэн нөлөөллийн ажиллагаа явагдаж байгаа юм. ... Муугаар жишээ авч үзэхэд тэсэрч дэлбэрэх бодис гаргаад цаашид алдагдсан бол нийгэмд учруулах хор аюул маш их юм.” Гэж хэлсэн бөгөөд би хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээж золионд гаргах ёсгүйн зэрэгцээ дээрх машинуудыг шалгасан гэдгээ хэлсэн. Би тээврийн хэрэгслийг шалгалгүйгээр гаргасан бол өнөөдөр цемент хайрганы талаар яриа гарахгүй билээ.
Монгол Улсын Дээд шүүхээс 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан 08 дугаартай тогтоол гаргасан бөгөөд мөнхүү хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “... хангалтгүй биелүүлсэн ...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.
Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “... албан үүргээ биелүүлээгүй ...” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ” гэж тайлбарласан байна.
Үүргээ зохих ёсоор гүйцэтгээд өнөөдөр ийм байдалд хүрэн 13 жилийн амьдралаараа хохирч байгаадаа маш их гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0094 дүгээр шийдвэрийг нарийн хянан үзэж, хүчингүй болгон миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар тушаалаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын “Эү” ХХК дахь гэрээт цагдаагийн хэлтэст ээлжийн жижүүрийн албан тушаалд “Эү” ХХК-ийн объект, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал дарь, тэсрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулахын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах, үйлвэрийн объектод хүн, тээврийн хэрэгсэл, бараа материал, эд хөрөнгийг шалган нэвтрүүлэх журмын дагуу шалган нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиг үүргийг хүлээн ажиллаж байсан байна.
Нэхэмжлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээгээр “Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, Улсын онц чухал объектын хамгаалалтын хэвийн үйл ажиллагааг хангах” үүрэг хүлээсэн байна. Харин “Дарь, тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын орчны судалгаа, газар орны үзлэгийг хийлгэж, түүнд үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэр гарган хамгаалалтын арга хэлбэрийг оновчтой байдлаар сонгон авч, найдвартай хамгаалалтай зохион байгуулах” нь үр дүнгийн гэрээнд нэхэмжлэгчийн гүйцэтгэх албан үүргүүдийн зөвхөн нэг хэсэг нь байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын “Би Цагдаагийн байгууллагатай үр дүнгийн гэрээг байгуулахдаа ... “Эү” ХХК-ийн дарь, тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх дэлбэрэх бодисын агуулах, түүний харуул хамгаалалтыг зохион байгуулах, шалган нэвтрүүлэх ажлын байранд ажиллахаар ирсэн ... тухайн үед дарь, тэсрэх бодис бүхий объектын хамгаалалтад байгаагүй ...” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/335 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.4, 81.4.5, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус үндэслэн цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-ыг цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хураажээ.
Нэхэмжлэгч хэдийгээр “зохих шалгалтыг хийж, зургийг авахуулж, бүртгэлд оруулсан, ... Т.С зөвшөөрлийн бичгийг албаны шалгалт явагдахаас өмнө авчирч өгсөн ... мөн өдөр хууль, эрх зүйн газрын ажилтан Н.Э боловсруулсан хайргыг авахдаа тухайн зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтнаас авсан байдаг” гэж маргах боловч “Эү” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.3-д “үйлдвэрийн эзэмшлийн авто машинаас бусад тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй үйлдвэрийн бүсэд нэвтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, мөн тушаалын 2 дугаар хавсралтын 1.3, 1.11-д заасныг зөрчиж, үйлдвэрийн бүсээс бараа, материал гаргахдаа зөвшөөрлийн бичгийг шалгаж, зөвшөөрлийн бичгийг хурааж авах үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2.3.1-д “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллаж байгаа алба хаагчид энэ талаар хууль ёсны шаардлага тавих” гэж заасанд нийцэхгүй байна.
Б.Б нь хууль сахиулах тусгай үүрэг бүхий цагдаагийн ажилтны хувьд цагдаагийн байгууллагын чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэхдээ тухайн үйл ажиллагаа нь хууль зүйн үр дагавар, нөлөөтэй байдлыг ухамсарлаж, хэн нэгний хэлсэн хүсэлтээр бус холбогдох хууль, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0094 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ