Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00160

 

“Итгэл бизнес ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2016/01137 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1982 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Итгэл бизнес ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 840 801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ундармаа, С.Алюшка, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Наранбат, Л.Нэргүй нар нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас үл хөдлөх хөрөнгө барьцаалан 8 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан юм. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг дахин 2017 оны 06 дугаар сарын 18 хүртэл сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээг удаа дараа зөрчиж, зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн үлдэгдэл төлбөр 5 762 986 төгрөг, 2016 оны 4, 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 6 840 801 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бид тус байгууллагаас 8 000 000 төгрөг авсан нь үнэн боловч зээлийн төлбөрт 7 000 000 гаруй төлбөр төлсөн гэж үзэж байгаа. Зөвхөн зээлийн хүү, алданги л хассан байна. Бид зээлээ төлж байсан баримтаа огт хадгалдаггүй байсан. Бидний тооцоогоор зээлийн үндсэн төлбөрөөс доод тал нь 50 хувь хасагдсан байх ёстой. Банк бус санхүүгийн байгууллагатай харилцан тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааг нь сунгасан. Энэ хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлаж байгаа нь үндэслэлгүй. Бид тохиролцсон хугацаагаараа зээлийг төлнө. Мөн зээлийн хэмжээнээс хамаарч хүү, алдангийн төлбөр бас буурсан байх ёстой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2016/01137 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Наранбат, Л.Нэргүй нараас 6 840 801 төгрөгийг гаргуулан “Итгэл бизнес ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 4 дүгээр гудамжны 26 тоот хаягт байрлах 67 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 500 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаж шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нараас 124 403 төгрөгийг гаргуулан “Итгэл бизнес ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1982 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2016/01137 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...6 840 801 төгрөг...” гэснийг “...4 991 821 төгрөг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...124 403 төгрөг...” гэснийг “...94 819 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Нэргүйгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 410 төгрөгийг буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01137 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...6 840 801 төгрөг...” гэснийг “...4 991 821...”, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...124 403 төгрөг...” гэснийг “...94 819 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манай байгууллага зээлдэгч Ц.Наранбат, Л.Нэргүй нараас нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг баримталж зээл, хүү төлсөн баримтыг үндэслэж тооцоолсон. Иймд хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нараас үндсэн зээлийн үлдэгдэл “...5 762 986 төгрөг...” 2016 оны 4, 5, 6, 7, 8 сарын нийт төлөөгүй хүү болох “..931 797 төгрөг...” 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү болох “...146 018 төгрөг...” нийт “...6 840 801 төгрөг...” нэхэмжилснийг “...4 991 821...” гэж өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа тул уг хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар шүүхийн алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Итгэл бизнес ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хариуцагч Ц.Наранбат, Л.Нэргүй нар нь зээлийн төлбөрийн хэмжээг их, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь 8 000 000 төгрөгийг сарын 3,5% хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр үүрэг хүлээж, зээлийн гэрээний үүрэгт хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцааны гэрээгээр барьцаалжээ \хх-ийн 4-8 дугаар тал\.

Гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дууссан боловч гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул зохигчид зээлийн гэрээний хугацааг сунгаж, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн дүн 5 762 986 төгрөг байсан ба гэрээний хугацааг 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгажээ. Зээлийн хүүгийн хэмжээ хэвээр үлдсэн байна \хх-ийн 10 дугаар тал\.

Нэхэмжлэгч зээлийн төлбөр гаргуулахаар 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн 6 840 801 төгрөгийн шаардлагад үндсэн зээлийн үлдэгдэл 5 762 986 төгрөг, 2016 оны 4-8 дугаар сарын хүү 1 133 501 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146 018 төгрөг оржээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан бол давж заалдах шатны шүүх төлбөрийн хэмжээг багасган, шийдвэрт өөрчлөлт оруулсанаас гадна нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоог талууд гэрээндээ “сарын 20%” гэж заасныг үндэслэлгүй гэж үзэж, энэ талаарх тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь алдаатай болжээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулжээ. Зохигчид гэрээндээ нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг “сарын 20%” гэж  ойлгомжгүй заасан боловч нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон байна.

Нөгөө талаар, гэрээний аль нэг нөхцлийн талаар талууд тохиролцохдоо нөхцлийг тодорхой бус тусгасан тохиолдол бүрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно. Гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2.-т заасан зарчмыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх зохигчдын нэмэлт гэрээний хугацааны хүүгийн тооцоог буруу хийжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн тооцоог үндэслэлтэй хийж чадаагүй гэж үзэхээр байх тул хэрэгт авагдсан баримтад үндэслэн зээлийн тооцоог өөрчлөн тодорхойлж, үндсэн зээлд 5 762 986 төгрөг, хүүд 2 218 749 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 443 749 төгрөг, нийт 8 425 484 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 2 078 370 төгрөгийг хасч 6 347 114 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1982 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2016/01137 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 840 801 төгрөг” гэснийг “6 347 114 төгрөг” гэж, 3 дахь заалтын “124 403 төгрөгийг гаргуулан” гэснийг “116 503 төгрөг гаргуулан” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 124 405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН