Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 1834 0035 91407 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Б.Н /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Манзушир Тур амралтын газар хохирогч Ц.Т зодож биед нь “баруун хөх, баруун бугалганд цус хуралт, зүүн чихний сувгийн гадна, баруун хацар, баруун бугалганд зулгаралт” гэмтэл, хутгаар зүүн цээжин тус газар нь хатгаж “Зүүн цээжний хажуу хэсэгт шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н манай эхнэрийг гичий минь гээд байхаар нь Н ыг очоод нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Н  өөдөөс босож ирээд бид хоёр хоорондоо цохилцсон бид хоёрыг салгахад Н  манай гэрээс авч очсон шар эрээн өнгийн бариултай, 20 орчим см урттай хутга барьчихсан зогсож байгаад гараад явсан. Би баруун талын орон дээр сууж байсан чинь цээжний доод хэсгээс цус гараад байхаар нь харсан чинь ангайгаад зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-13 дугаар хуудас/,

Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ц.Т өөрийн найз болох Н тай гэр дотор байхдаа муудалцаад байсан. Яг юунаас болж муудалцсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэр хоёр муудалцаж байгаад гэрээс хоёулаа гараад явсан ба гадаа гараад хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэгээд Пүрэвжав гарч тэр хоёрыг салгаад оруулж ирсэн. Ц.Т баруун талын орон дээр сууж байгаад ёо намайг Н  хутгалчихсан байна гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Т.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нармандах гэнэт Н  руу хундагтай архиа шидсэн чинь Н  яадаг муу гичий вэ гэж хэлсэн чинь Ц.Т босож ирээд нэг үг хэлээд толгойн тус газар нь цохиход Н ын нүдний шил нь газар ойчсон. Тэр хоёр барилцаж аваад зүүн талын орон дээр барилцаж авахаар нь очиж салгаад Н ын эхнэр Сийлэгмааг гадаа суулгачихаад эргээд орж ирэхэд Ц.Т чи намайг зүсчихлээ гээд Н тай хэрэлдээд сууж байсан. Түвшинжаргалын зүүн талын хавирга хавьцаа нь нэг см хиртэй газар зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 29ий өдрийн шинжээчийн ¹307 дүгнэлтэд “Ц.Т биед цээжний зүүн хажуу хэсэгт шарх, баруун хөх, баруун бугалганд цус хуралт, дух, зүүн чихний сувгийн гадна, баруун хацар, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 25-26 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Манзушир Тур амралтын газар хохирогч Ц.Т зодож биед нь “баруун хөх, баруун бугалганд цус хуралт, зүүн чихний сувгийн гадна, баруун хацар, баруун бугалганд зулгаралт” гэмтэл, хутгаар зүүн цээжин тус газар нь хатгаж “Зүүн цээжний хажуу хэсэгт шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Н т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Н т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ц.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.