Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/594

 

 

 

    2025           05             20                                           2025/ДШМ/594

 

Л.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

хохирогч Р.Т-,

шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Л.Л-т холбогдох эрүүгийн 2503000000094 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л-, 1

 

Шүүгдэгч Л.Л- нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул 2 худалдааны төвийн урд замд “Nissan Tino” загварын *** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Л.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Л.Л-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, , Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Л-ээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 13.200.000 төгрөг, эм тарианы зардал 208.170 төгрөгийг нийт 13.408.170 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Т- /РД: /-д олгож, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх ял оногдуулахдаа Л.Л-ийн болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн болохыг, хохирогчид хохирлын мөнгө өгсөн байгаа зэргийг харгалзан үзээгүй. Л.Л- нь одоо 77 настай, эхнэрийн хамт амьдардаг, /эхнэр нь өндөр настай, биеийн эрүүл мэндийн хувьд сайнгүй байдаг/. Л.Л-ийн хувьд эрүүл мэндийн хувьд зүрхний хэм алдагдах оноштой эрт илрүүлгээр зүрхний хэм алдагдалтай болох нь тогтоогдож зүрхний эмчийн хяналтад орох шаардлагатай гэж байсан боловч ахуй амьдралын улмаас эмчийн хяналтад орж чадалгүй өдий хүртэл явсан, эмчийн зөвлөснөөр агаар салхинд гарч байх шаардлагатай нөхцөл байдал, мөн түүний оршин суугаа хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 2 гудамж 6-12 тоот хаягт оршин суух хаягтай учраас төрийн үйлчилгээ авахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт очих зайлшгүй шаардлага гардаг, зүрхний хэм алдагдлын улмаас мэргэжлийн эмчийн хяналтад орох шаардлага гарсан, мөн гэнэт зүрхний дутагдалд орж, амь насанд аюултай байдал бий болох эрсдэл байгаа зэрэг нөхцөл байдал байгаа учраас анхан шатны шүүхээс Л.Л-т оноосон 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял нь хэрэгжих боломжгүй. Мөн тэрээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой гэх газарт оршин суудаг. Хэдийгээр Л.Л- нь Чингэлтэй дүүрэгт оршин суудаг боловч, 7 буудал орж хүнсээ цуглуулахад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих зайлшгүй шаардлага гардаг. Хэрвээ Л.Л-т оноосон зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх болбол Л.Л- нь нэг бол шүүхийн шийдвэрийг биелүүлсээр амь насаа алдах, нэг бол шүүхийн шийдвэрийг зөрчих асуудал гарч болзошгүй нөхцөл байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох...” гэж заасан ажиллагааг хийж шийдвэртээ тусгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т заасан “Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх”-ийг шүүхийн шийдвэрт тусгаагүй зэрэг анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох ажиллагаа хийгээгүй гэдэг нь Л.Л- нь хохирогчид 2.500.000 төгрөг бэлнээр буюу дансаар шилжүүлж өгсөн, мөн хохирогчид эм, эмнэлгийн болон даатгалын байгууллагаас гарсан зардлыг нөхөн төлсөн зэрэг үйлдэл байгааг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Анхан шатны шүүх Л.Л-ээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 13.200.000 төгрөг, эм тарианы зардал 208.170 төгрөг, нийт 13.408.170 төгрөг гаргуулан хохирогч Р.Т-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хохирогч Р.Т-д сэтгэцэд учирсан гэмт хорыг олгуулахаар шийдвэрлэхдээ “хохирогчид учирсан гэмтэл эдгээгүй, одоог хүртэл эмчилгээтэй, амьдралын хэвийн бус маягтай, сэтгэцийн хувьд хүнд байдалтай байгаагаа мэдүүлж байгаа зэргийг харгалзан ...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Хохирогчийн хувьд хэдийгээр эрүүл мэндээрээ хохирсон, амьдралын хэвийн хэв маяг нь алдагдсан хэдий ч шүүгдэгч Л.Л-ийн өндөр настай, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид тодорхой хэмжээний хохирол барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаагүйгээр үл барам “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын Гуравдугаар зүйлийн 3.2-т заасан “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу шинжилгээний байгууллага тогтооно гэх заалтыг мөрдөлгүй мөрдөгчийн бөглөсөн маягтыг үндэслэл болгон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс дээр дурдсан бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж, Л.Л-т оноосон зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн арга хэмжээгээр боломжит үнийн дүнгээр торгохоор шийдвэрлэж, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болох 13.200.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгон, Л.Л-ийн хохирогчид төлсөн 2.500.000 төгрөгийн бодит төлбөрийг хохирол нөхөн төлсөнд тооцож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Р.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...маш их гомдолтой байна. Би хөгшнөө асардаг байсан. Нөхөр маань 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг миний хувьд уучилсан. Би анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “хүнд ял өгөөд яахав” гэж хэлсэн. Хамгийн гол нь миний сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгөөч гэж би гуйсан. Гэтэл давж заалдах гомдолдоо сэтгэл санааны хохирлыг үгүйсгэж, 2.500.000 төгрөгөөр тогтоож өгөөч гэсэн байна. Би бас амьдралтай хүн шүү дээ. Би хүүхдээ хөтлөөд явж байсан. Хүүхдийг минь мөргөсөн бол яах бэ. Би явган хүний зам дээр явж байсан. Надад буруу байсан бол би ингэхгүй. Надтай яг адилхан настай хүн байна гэж бодсон. Би өнчин 3 хүүхэд хардаг. Эх нь нас барсан. Эцэг нь ганцаараа ажил хийдэг. Амьдрал хэцүү байна. Сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулж авна. Хэрэв миний буруу байсан бол шүүгдэгчийг хөгшин настай хүн байна гээд орхих байсан. Хүнд хүн чанар байх хэрэгтэй, гомдолтой байна. ...” гэв.

 

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн оршин суух хаягийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2 гудамж 6-12 тоот хаягт оршин суудаг гэх баримт хэрэгт авагдсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Л- Чингэлтэй дүүргийн Майхан толгойн задгайд буюу зуслангийн газар айлын байруудыг харж амьдардаг болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн. Шийтгэх тогтоолд хэдийгээр бичигдээгүй боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон хохирогчийн өгсөн мэдүүлэг, хохирлын баримт, шүүгдэгчийн насжилт, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч нь 77 настай, тэтгэвэрт байдаг, торгох ялыг биелүүлэх боломжгүй байсан. Тэтгэврийн бага хэмжээний мөнгө авдаг талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Энэ хэрэг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу хүний сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг хүснэгтийг мөрдөгч хохирогчид танилцуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Л-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Л- нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул 2 худалдааны төвийн урд замд “Nissan Tino” загварын *** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шагайн дотор хашлага ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Р.Т-гийн "...төв замаар урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашин гэнэт миний явж байсан явган хүний зам руу дараад хашлага давж, миний баруун тал руу мөргөсөн. Би унахдаа машины баруун хойд дугуйнд нь зүүн хөлөө дайруулаад машин зогссон. Хүүхэд маань миний зүүн талд явж байсан болохоор хүүхдийг бол машин мөргөөгүй. ...Жолооч ослын дараагаар надад 2.5 сая төгрөг өгье гээд байхаар нь би зөвшөөрөөд тэр мөнгийг нь авсан. ...” /хх 10/,

гэрч Ш.Э-ийн “...нөхөр өөрийнхөө эзэмшлийн “Nissan Tino” загварын *** УНО улсын дугаартай автомашиныг жолоодоод би урд нь зорчигчийн суудал дээр сууж явсан. Хажуу талаас нэг машин замын уулзвараар эргэх гээд ороод ирэхэд нөхөр явган хүний зам руу машинтайгаа давж гараад зогссон. Машинаас буухад машины баруун хойд хэсэгт настай эмэгтэй хүн уначихсан миний хөлийг дайрчихлаа гээд сууж байсан, ийм л зүйл болсон. ...” /хх 17/,

иргэний нэхэмжлэгч Д.ГанТ-гийн “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Р.Т- нь эрүүл мэндийн төвөөс 246.300 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан нь баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.Л-ээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 73/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Р.Т-гийн биед зүүн шагайн дотор хашлага ясны зөрөөгүй хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1098 дугаар дүгнэлт /хх 39-40/,

“...жолооч Л.Л- нь "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т тус тус заасныг зөрчсөн. ...” болохыг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дүгээр мөрдөгчийн магадлагаа /хх 57/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх 48-54/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Л- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Л.Л-ийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн үед явган хүний замаар явж байсан явган зорчигч Р.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн “...хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, ...зорчих эрхийг хязгаарлах ялыг хүрээг тэлэх, эсхүл торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

 

Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг шүүх хуралдааны үед Л.Л-ээс тодруулан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрхий бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд /6-8, 11-16, 21-32/ тодорхойлон зохицуулжээ.

 

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно.” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

 

Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан.

 

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.

Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1,5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана" гэж тус тус зааж тодорхойлсон.

 

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Р.Т-гийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Нөгөөтээгүүр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар нь 2.500.000 төгрөг өгсөн, авсан талаар мэдүүлж, хэн аль нь маргаагүй /хх 101-102/ байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад заасан сэтгэц учирсан гэм хорын хохирол болон эм, тарианы зардал гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, харин шийтгэх тогтоолын 8 дахь заалтад хохирогч Р.Т- нь сэтгэцийн хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нэмж оруулан шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож,

8 дахь заалтыг “...хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэж өөрчилж,  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН