Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/00622

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/00622

 

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00117 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-т холбогдох

Г.Д-, Ч.Б- нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2644 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг Г.Д- нь насны доройтлоос үүдэн орчин тойрондоо болж байгаа үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө муу, сэтгэл санаа тогтворгүйтдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Нина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав Г.Д- нь 1930 онд төрсөн, одоо 88 настай бөгөөд хүү Д.Батбаяр миний асрамжинд амьдардаг. Түүний нэр дээр манай гэр бүлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 2-77а тоот хаягт байрлах, 000494590 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18656308131232 дугаартай 680 м.кв талбайтай газар эзэмших эрх бүртгэлтэй байдаг. Энэ газрыг эзэмших болсон шалтгаан нь аав Г.Д-, ээж Т.Нина бид гурав ярилцаад ирээдүйд гэр бүлийнхээ хэрэгцээнд амины орон сууц барих, аж ахуй хамтран эрхлэх зорилгоор хамт очиж үзсэн, тухайн үед аав завтай байсан болохоороо газрыг хөөцөлдөхөөр болсон. Аав маань арьсны хавдартай, үүнээс болж сэтгэл санаа нь их тогтворгүй болдог ба 2017 оны хавар аавын хууч хөдөлж, эмчилгээнд мөнгө шаардлагатай болж байсан. Нэг өдөр аавын халааснаас газрын үнэд 6.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн баримт гарч ирсэн. Энэ талаар асуухад ямар нэгэн тайлбар хэлээгүй. Тухайн үед түүнд уг баримтаас өөр баримт бичиг байгаагүй. Би уг мөнгө шилжүүлсэн баримтыг аваад Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж асуухад 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ч.Б- гэж хүнтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болохыг олж мэдсэн. Аав маань өвчиндөө шаналж бухимдахдаа гэр бүлийн гишүүдийн хамт эзэмшин ашиглаж байсан газраа 6.000.000 төгрөгөөр үнэлж Ч.Б-т зарсан, ингэхдээ Ч.Б-ийн зөвлөсний дагуу эхлээд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаад дараа нь газрын үнэ 6.000.000 төгрөгийг хүлээн авсан баримт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэгэнт мөнгөөр илэрхийлж болох, үнэлж болох тохиолдолд энэ нь хөрөнгөд хамаарах боломжтой бөгөөд энэ тохиолдолд түүнийг захиран зарцуулахдаа адил эрхтэй гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан тохиролцох ёстой байсан гэдгээ ойлгож байгаа бөгөөд ингэхдээ хашаагаа үнэлээгүй, хашаатай газраа эзэмшихэд зориулж авсан вагончикийг хэрхэх асуудлыг шийдвэрлээгүй байна. Ч.Б- нь 6.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Ч.Дашдондогийн Төрийн банкны 102200013221 тоот дансанд шилжүүлсэн байсан бөгөөд уг мөнгөө одоо ч тухайн дансандаа байгаа. Гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшиж ашиглаж байсан газрыг бидэнтэй тохиролцолгүйгээр дур мэдэн бусдад зарсан нь гэр бүлийн гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөний зэрэгцээ хэлцлийн зүйлийг агуулгыг тодорхойлоход ач холбогдол бүхий хашаа, вагончик гэх хөрөнгүүдийн талаар болон хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн байх тул Ч.Дашдондогийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ч.Б-тэй байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх 2644 тоот гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлд 6.000.000 төгрөг хүлээн авсан 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2791 тоо хэлцлийг тус тус Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Б- нь Г.Д- гуайг Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дэнж 2-77а тоот хашааг зарах гэж байгааг сонсоод утсаар холбогдон асуутал зарна гэж хэлсэн. Г.Д- гуай өөрөө ирж бидэнтэй уулзсан, нүд муудаад хагалгаанд ороход 6.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж байсан. Ингээд хашааг тухайн үеийн ханш 6.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд очиж эрх шилжүүлэн авах тухай материалаа хууль ёсны дагуу бүрдүүлэн өгч түүний Төрийн банкны 10220001322 тоот дансанд газрын үнэ 6.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Г.Д- гуайтай хэд хэдэн удаа уулзахад ухаан санаа нь хэвийн бус санагдаж байгаагүй, харин ч эрүүл саруул өөрийгөө мэдэх чадвартай хүн шиг байсан. Тэрээр тухайн үедээ болж буй үйл явдлын талаар, өөрийн өнгөрсөн амьдрал, хүүхдүүдийнхээ талаар ярьж байхдаа маш эмх цэгцтэй, зөв сайхан ярьж байсан. Тухайн үед хүүхдүүдтэй чинь уулзая, та дур мэдэн энэ газраа зарж болох юм уу гэж асуухад энэ миний өөрийн газар, манай хүүхдүүдэд ямар ч хамаа байхгүй гэж байсан. Энэхүү газарт хамтран эзэмшигч байгаагүй зөвхөн Г.Д- гуайн нэр дээр түүний эзэмшилд байсан болно. Хашаанд байгаа вагончик бидэнд хэрэггүй, яах бэ гэхэд дахиад нэг хашаа авах гэж байгаа, тийшээгээ та нараар зөөлгөнө гэж хэлсэн. Үүнийг нь зөвшөөрч байгаа. Ч.Б- өөрийн зардлаар зөөвөрлөж өгнө. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Нина шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Нина миний бие нөхөр Г.Д-той 1965 онд гэр бүл болсон ба хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань насанд хүрсэн. Нөхөр Г.Д- 88 настай, хүү Д.Батбаярын асрамжинд амьдардаг бөгөөд өндөр насны доройтолд орсон, хувирамтгай зантай, сүүлийн үед зожигдуу амьдрал эрхэмлэх болсон. Түүний нэр дээр манай гэр бүлийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 2-77а тоот хаягт байрлах, 000494590 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18656308131232 дугаартай, 680 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар бүртгэлтэй байдаг. Газар эзэмших эрхийн бичиг баримт гарсны дараа би хүүтэйгээ хамтран 4.000.000 төгрөгийн зардал гарган хашаа барьж 2.000.000 төгрөгөөр вагончик худалдан авч байрлуулан дулааны улиралд энэ хашаандаа байнга амьдарч байсан. Энэ хугацаанд газартай холбоотой бүхий л зардлыг би хариуцан гаргаж байсан. Гэтэл нөхөр Г.Д- нь надтай болон хүү Д.Батбаяртайгаа харилцан ярилцаж тохиролцолгүйгээр тухайн газрыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ч.Б- гэж хүнд 6.000.000 төгрөгөөр зарсан байсан. Нөхөр Г.Д-ийн энэхүү үйлдэл нь гэр бүлийн гишүүн эхнэр Т.Нина болон хүү Д.Батбаярын газар хамтран эзэмших эрхийг зөрчөөд байна. Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөр Г.Д-ийн нэр дээр байгаа ч энэхүү газрыг анхнаасаа бид хүүгийн хамт эзэмшиж ашиглахаар тохиролцсон байсан учир ямар ч тохиолдолд газрыг захиран зарцуулах тохиолдолд биднийг оролцуулах, бидний саналыг сонсох, хамтран шийдвэр гаргах ёстой байсан болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Б-т холбогдох Г.Д-, Ч.Б- нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан 2644 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дэнж 2 дугаар гудамж, 77а тоотод байршилтай, нэгж талбарын 18656308138225 дугаартай, газар эзэмших эрхийн 000737827 дугаар бүхий гэрчилгээтэй газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч Ч.Б-т даалгасан тус шүүхийн шүүгчийн 201оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20872 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Аав маань гэр бүлийн гишүүдийн хамт хамтран эзэмшиж байсан газраа 6.000.000 төгрөгөөр үнэлж Ч.Б-т зарсан, ингэхдээ Ч.Б-ийн зөвлөсний дагуу эхлээд "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" байгуулаад, дараа нь энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.000.000 төгрөгийг хүлээн авсан байдаг. Бидний хувьд энэхүү "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг" хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 83.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Эзэмшил газраа худалдахдаа хашаагаа хэрхэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдсан. Иймд Ч.Б-т газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Батбаяр нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан Г.Д-, Ч.Б- нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2644 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан ба нэхэмжлэгч Д.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...аавын халааснаас газрын үнэд 6.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн баримт гарч ирсэн. ...Ч.Б- гэж хүнтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болохыг олж мэдсэн... газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа гэр бүлийн бусад гишүүдтэйгээ харилцан тохиролцох ёстой байсан... гэж тайлбарласнаас үзэхэд дээрх хэлцлийн улмаас өөрийнх нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэсэн үндэслэлээр өөрөө нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

 

Мөн Г.Д- нь өөрийн хүү Д.Батбаярт түүний нэрийн өмнөөс хариуцагч Ч.Б-т холбогдох хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байна. /хх-ийн 4/

 

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь Г.Д-, Д.Батбаяр нар байхад шүүх зөвхөн Д.Батбаярын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн нь буруу болсон байхаас гадна шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2018/05203 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэх болон иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжуудад нэхэмжлэгч Д.Батбаярын гэснийг нэхэмжлэгч Г.Д-ийн болгож өөрчлөлт оруулсан нь буруу болсон ба шүүх нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэж, нэхэмжлэгч Д.Батбаярын нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан алдаа гаргажээ.

 

Түүнчлэн, гуравдагч этгээд Т.Нина нь бие даасан шаардлага гаргасан байхад шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар түүний шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, ...шаардлага нь тодорхой бус... гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болжээ. /хх-ийн 123-126/

 

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ