Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 96

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Н.Тд холбогдох эрүүгийн 1804000100101 дугаартай хэргийг Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Одгэрэл

 Улсын яллагч                                                 Б.Б

 Шүүгдэгч                                                   Н.Т нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...аймгийн ... .. төрсөн, .. настай, .., бага ..., мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .. аймгийн ... .. дугаар баг, Э гэх газар оршин суух хаягтай боловч ..., ..дугаар гудамжны .. тоот хашаанд түр оршин суух хаягтай, урьд ... шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 201 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, ... хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Б  овгийн Н ийн Т /..../.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

              Н.Т нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ........... хашаанд оршин суух иргэн Н.Д гийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар гэрийн гадна Д.О ын зулай, зүүн гарын бугалган тус газарт сүхээр тус бүр нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

           Шүүхээс Н.Тд холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Хохирогч Д.О ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн үед үсээ засуулах гэж явж байгаад Багануур дүүргийн 4 дүгээр хорооны халуун усны газарт Ттэй тааралдсан. Тухайн үед бид хоёр хоёулаа архи уучихсан халамцуу байсан. Ингээд Т дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн архи аваад бид хоёр Багануур дүүргийн .......... тоот хашаанд амьдардаг Д гийнд очсон. Биднийг очиход Д  ах согтуу унтаж байсан ба зүс таних О........ гэдэг залуу байсан. Тэгээд бид нар архиа хувааж уусан. Би Д гийн гэрээс гарах гэтэл Т агсараад надтай зодолдоно гээд байсан. Би түүнийг орхиод Д гийн гэрийн хаалгаар гараад явтал миний толгой руу нэг юмаар хүчтэй цохиод авсан, би эргээд хартал Т жижиг төмөр сүх барьчихсан зогсож байсан. Тэгээд би Ттэй барьцалдаж аваад бид хоёр газарт унасан. Т намайг дахиж сүхээр цохих гээд байхаар нь би түүнийг орхиод босоход Т миний зүүн гарын бугалга хэсэгт сүхээр цохисон. Би Д гийнхээс гарч зугтаагаад гэртээ харьсан. Тэгээд манай эгч түргэн тусламж дуудсан, би эмнэлэг дээр очиж толгойдоо оёдол тавиулсан. Мөн зүүн гараа гэмтсэн байсныг мэдсэн. Миний хувьд Ттэй эвлэрсэн ба түүнээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй....  ” гэсэн мэдүүлэг /хх-14-15 дугаар хуудас/,

              Гэрч Н.Д гийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой О , Т хоёр 1 шил архи барьчихсан манай гэрт орж ирсэн. Нэг мэдэхэд О , Т нар манай гэрийн орон дээр ноцолдоод байсан. Би тэр үед маш их согтсон байсан болохоор тэр хоёрыг тоглож байна гэж ойлгосон. Манай нүүрс хагалдаг жижиг төмөр сүх энэ оны 3 дугаар сараас хойш алга болчихоод байгаа, бариул хэсэгтэйгээ нийлээд 40 см орчим урттай, их иртэй сүх байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

              Гэрч Д.Ш......ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 31-ний оройн 22 цагийн үед манай дүү О  нилээн согтолттой, толгойн зулай хэсэгтээ хагараад цус гарчихсан орж ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад Т гэдэг хүн намайг зодсон гэж хэлсэн.... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23  дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр О тай тааралдсан. Ингээд О  халуун усны газрын үсчин орж үсээ засуулчихаад надаас 1000 төгрөг аваад дэлгүүр орж 1 шил архи авсан. Тэгээд бид хоёр Д  ахынд очсон. Биднийг очиход Д  ахынд түүний хүүхэд болон О.... нар байсан. Бид нар архиа хувааж уусан ба би нилээн согтсон, нэг мэдэхэд О тай муудалцаж байсан. Яг ямар шалтгаанаас муудалцсанаа санахгүй байна. Ямартай ч О  намайг загнаад гэрээс гарсан, би араас нь гарч байхдаа амбаарын үүдэнд нүүрсэн дээр байсан жижиг сүхийг аваад О ын толгой руу 1 удаа цохисон. О  эргэж хараад надтай ноцолдсон. Тэгээд ноцолдож байгаад салах үед би гартаа барьсан сүхээр О ын гар руу 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Шинжээч эмчийн “…Д.О ын биед зулай болон зүүн гарын бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар санрниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25/

           Хэргийн газрийн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-13 дугаар хуудас/

Н.Тгийн ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудсаар ”… Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 201 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн...” байна /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 53-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Н.Т  2017 оны 12 дугаар сарын 31-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух иргэн Н.Д гийн гэрт О тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, түүнийг гэрээс гархад араас нь гарч сүхээр цохин зүүн гарын бугалганы гадна доод талд 3х0.5 см шарх, зулайн зүүн дээд хэсэгт 4х0.3 см шарх бүхий гэмтэл учруулсан болохыг нотолж байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт 

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.  

 

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Н.Т нь хохирогчийг сүхээр санаатай цохисон болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, сүхийг гэрийн үүднээс авч үйлдэлдээ бэлтгэсэн зэргээр нь тогтоогдсон. Хүний биеийг гэмтээж чадах ир үзүүртэй зэвсэг хэрэглэсэн нь хохирогчийн биед гэмтэл учруулахыг хүсэж үйлдсэнийг нотолж байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…О ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/211 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Тгийн үйлдэл нь иргэн О ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Н.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.   Хохирогч гомдол саналгүй, хохирол хор уршигийн талаар баримтаар нэхэмжлээгүй болохыг тэмдэглэе. 

Шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Тг прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б  овгийн Н ийн Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овгийн Н ийн Тг дөрвөн зуун тавин /450/ нэгтжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Н.Тд мэдэгдсүгэй.
  4. Хохирогч Д.О  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Н.Тд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ