| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2105022932405 |
| Дугаар | 2025/ДШМ/596 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/596
2025 05 20 2025/ДШМ/596
Л.Р-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
яллагдагч Л.Р-гийн өмгөөлөгч Ж.Батхуяг,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ//2505 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг үндэслэн Л.Р-д холбогдох эрүүгийн 2105022932405 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Р-,
Л.Р- нь эгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод дурдсан “...өвчлөлийг бууруулах зорилгоор нийт хоригдогч нарыг 14 хоногт нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, шинээр оношлогдсон болон архаг өвчтэй хоригдогч нарыг тогтмол хяналтдаа авч, шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй хэвтүүлэн эмчлүүлэх болон бусад арга хэмжээг авах, батлагдсан хуваарийн дагуу жижүүр эмчийн үүргийг чанартай гүйцэтгэх”, өвчтөний биед бодит үзлэг дутуу хийсэн, биеийн байдлыг дутуу үнэлсэн, холбогдох шинжилгээ хийгээгүй, Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 180 тоот тушаалд заасан тусгай мэргэжлийн төрөлжсөн төвд, сэтгэцийн эмч мэргэжилтэнд хандаагүй, мэргэжил арга зүйн дэмжлэг аваагүй зэргээр эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн 20 дугаар хороо нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад ходоодны архаг шархлаат өвчний улмаас ходоодны шарх нь цоорч, хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүсгэн олон эрхтний дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Р-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг тодорхойлсноос гадна мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бух арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заасан.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаанд явцад хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 837 дугаар Баянгол дүүргийн Нэгдсэн Эмнэлэг болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч нар өвчтөний биеийн байдал хүнд, амь тэнссэн үед амь насны заалтаар хийгдэх мэс засал эмчилгээг оройтуулан эмнэлэг хооронд шилжүүлснээс хугацаа алдсан байна ” гэх дүгнэлт, шинжээч эмч Т.Бат-Эрдэнийн “...Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч хүлээн аваад гэмтлийн гаралтай эсэхийг тодруулахаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү явуулсан, ГССҮТ-ийн эмч үзээд гэмтлийн гаралтай биш байсан учир буцаагаад явуулж байгаа нь амь насны заалтаар хийгдэх мэс засал эмчилгээг оройтуулсан, эмнэлэг хооронд шилжүүлж хугацаа алдсан гэж үзэхгүй. Учир нь БГДНЭ-н эмч гэмтлийн гаралтай байхад мэс засал хийвэл буруутгана. Үүнтэй адил ГССҮТ-н эмч үзээд гэмтлийн гаралтай биш гэдгийг нь тогтоогоод буцаасан нь зөв. Гэмтлийн гаралтай биш байхад гэмтлийн эмч ходоодны шарханд мэс ажилбар хийж болохгүй. Гэтэл Шүүх эмнэлгийн 4 эмч дүгнэлт гаргахдаа огт буруу дүгнэлт гаргасан нь учир зүйгүй байна гэж үзэж байна ” гэх мэдүүлэг, шинжээч эмч С.Отгонгэрэлийн “...ГССҮТ болон БГДНЭ-ийн эмч нар буруутай гэж илтэд өөр дүгнэлт гаргасан нь буруу юм” гэх мэдүүлэг, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...талийгаач нь анх БГДНЭ-т хүргэгдэж очиход анх үзсэн эмч /яаралтай тусламжийн эмч Р.Энхтүвшин/ уг өвчтөний өвчнийг бүрэн оношлолгүйгээр ГССҮТ-рүү шилжүүлсэн. ГССҮТ-н хүлээн авч үзсэн эмч нь оношилгоог зөв хийсэн боловч буцаан БГДНЭ-рүү шилжүүлсэн байна. Ходоодны шарх, шархлааны цоорлын үед эрт оношилж эмчилгээг хийсэн тохиолдолд амь нас аврах боломжтой. Тэгэхээр БГДНЭ болон ГССҮТ-н эмч нар нь талийгаачийн биеийн байдал муу, амь тэнссэн үед нь яаралтай тусламж өгч мэс засал эмчилгээг хийлгүйгээр эмнэлгээс эмнэлэг рүү шилжүүлэх байдлаар хугацаа алдсанаас мэс засал эмчилгээг оройтуулснаас болж амь эрсэдсэн гэж үзсэн" гэх мэдүүлэг, Эрүүл мэндийн яамны дэргэдэх дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүнд өвчтөнд амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/293 тоот тушаал: Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх тухай журмын 5.5 дахь заалтыг баримтлаагүй” гэх шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан байна.
Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн эрүүл мэндийн байдал хүнд, амь тэнссэн нөхцөл байдалтайгаар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиход тус эмнэлгийн эмч нар амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг зохих хууль, журмын дагуу үзүүлсэн эсэхэд хоорондоо илт зөрүүтэй, эргэлзээ бүхий дүгнэлтүүд гаргасан байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан тодруулж хийгээгүй байгаа нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжгүй бөгөөд хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм. Ийнхүү хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөгч, прокурорын шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдаг бөгөөд тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй ба хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон ...” гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу дээр дурдсан нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохын тулд тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэрэгт нотлох баримтын хүрэлцэхүйц байх шаардлагыг хангуулах, хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтооход чухал ач холбогдолтой байх тул мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх арга хэмжээг авч дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Үүнд: 1. Амь хохирогч Д.Г-гийн ходоодны бүх хана цоорч, улмаар хэвлийн гялтангийн идээт үрэвслээр хүндэрч нас барсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд амь хохирогчийг нас барахаас ямар хугацааны өмнө дээрх үхэлд хүргэсэн хүндрэл болох ходоодны бүх хана цоорч хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүссэнийг тогтоох боломжтой эсэх,
2. Амь хохирогчийн биеийн байдал хүнд, амь тэнссэн нөхцөл байдалтайгаар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиход дээрх эмнэлгийн эмч нар амь хохирогчийн өвчний оношийг бүрэн зөв тогтоох боломжтой байсан эсэх, тухайлбал хэвлийн хөндийг эхогоор харахад амь хохирогчийн өвчний онош тодрох боломжтой байсан эсэх,
3. Амь тэнссэн үед амь насны заалтаар хийгдэх мэс засал эмчилгээг Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийх боломжтой байсан эсэх, хэрэв боломжтой байгаад яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь хохирогчийн амь нас аврагдах боломжтой байсан эсэх,
4. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төв хооронд амь хохирогчийг харилцан шилжүүлсэн нь үндэслэлтэй эсэх, холбогдох журам, зааврын дагуу шилжүүлсэн эсэх,
5. Дээрх эмнэлгийн эмч нар амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг зохих хууль, журмын дагуу үзүүлсэн эсэх, тэдгээрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулж хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Түүнчлэн хавтас хэрэгт *****даргын 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/564 дугаар “...Л.Р-д тус ангийн эмэгтэйчүүдийн их эмчийн албан үүргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс түр орлон гүйцэтгүүлсүгэй” гэх тушаал авагдсан байх ба амь хохирогчийг нас барсан цаг хугацаанд Л.Р-г ямар албан тушаалд томилон ажиллуулж байсан тухай баримт байхгүй, мөн тухайн цаг хугацаанд Л.Р- цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн ямар хэсгийг хариуцан ажиллаж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт улсын яллагчаас “хэргийг шүүхэд шилжүүлж, нэр бүхий шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж тодорхойгүй асуудлыг тодруулах боломжтой” гэж байгаа боловч шүүх хуралдаанд нэр бүхий шинжээч нар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн холбогдох эмч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн талаар үндэслэл бүхий тайлбар, мэдүүлгийг гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасны дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх хууль зүйн боломжгүй болох үр дагавар үүсэж болохыг дурдаж, яллагдагч Л.Р-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Р-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 837 дугаартай дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн гишүүн Б.Отгонгэрэл, Н.Бат-Эрдэнэ, Ц.Даваадорж нар гаргаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн боловч шинжээч эмч Б.Ариунзул, Ч.Эрдэмболор, С.Чулуунсүх, Б.Цолмон нар нь Эрүүл мэндийн яамны Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн гаргасан дүгнэлтийг хэлэлцээгүй, хуралдаагүй атлаа дүгнэлтийг гаргасан байдаг. Энэ нь Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөлийн гишүүн эмч Т.Бат- Эрдэнийн "... амь насны заалтаар хийгдэх мэс засал эмчилгээг оройтуулсан. Эмнэлэг хооронд шилжүүлж хугацаа алдсан гэж үзэхгүй. Учир нь Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч гэмтлийн гаралтай байхад мэс засал хийвэл буруудна. Үүнтэй адил Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч үзээд гэмтлийн гаралтай биш гэдгийг нь тогтоогоод буцаасан нь зөв. Гэмтлийн гаралтай биш байхад гэмтлийн эмч ходоодны шарханд мэс ажилбар хийж болохгүй. Гэтэл Шүүх эмнэлгийн 4 эмч дүгнэлт гаргахдаа огт буруу дүгнэлт гаргасан” гэсэн мэдүүлэг, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөлийн гишүүн эмч С.Отгонгэрэлийн "... Гэмтэл Согог Судлалын үндэсний төв болон Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар буруутай гэж илтэд өөр дүгнэлт гаргасан нь буруу” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдсон бөгөөд үүнийг эс зөвшөөрч Эрүүл мэндийн яамны мэргэгчийн салбар зөвлөлийн гишүүд болох Б.Отгонгэрэл, Н.Бат-Эрдэнэ, Ц.Даваадорж нар нь гарын үсэг зурахаас татгалзсан байдаг. Энэхүү шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан байж болзошгүй асуудлыг шалгуулахаар холбогдох баримтуудыг хуулбарлан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 230901036 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд энэ талаарх баримт 3 дугаар хавтас хэргийн 235, 236-239-р талд авагдсан байна. Гэтэл шүүх уг хүчингүй болсон дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан эмч Т.Бат- Эрдэнэ, С.Отгонгэрэл, Ч.Эрдэмболор нарын мэдүүлгийг үндэслэн дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2395 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ходоодыг нээхэд ... зах ирмэг нь жигд зузаан хэвлий хөндий рүү цоорсон шархтай, амь хохирогч Д.Г- нь ходоодны архаг шархлаат өвчтэй бөгөөд ходоодны шарх нь цоорч, хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүсгэн олон эрхтний дутагдалд орж нас баржээ...., 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амьд үлдэх боломжтой байсан...., амь хохирогч нь зовуурь хэлсэн тохиолдолд цагдан хорих ангийн эмч мэдэх боломжтой” гэх дүгнэлт, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаартай дүгнэлтээр талийгаач нь ходоод цоорч хэвлийн гялтангийн идээт үрэвслээр хүндэрч нас барсан..., ходоодны шархлааны цооролт, хэвлийн гялтангийн үрэвслийг эрт үед нь бодит үзлэг, ходоодыг дурандах, хэвлийн хэт авианы шинжилгээ хийж оношлон мэс засал эмчилгээг аль болох эрт үед нь хийсэн бол амь насыг аварч болно” гэсэн дүгнэлт, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 906 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр “..Ходоодны архаг шархлааг асуумж, бодит үзлэг, лаборатори ба дурангийн шинжилгээнд илрэх шинж тэмдгээр оношлох ба ходоодны цоорлыг хэвлийд хатгалтын шингэнг шинжлэх, мэс заслын аргаар хэвлийн хөндийд буй агууламж, эрхтний цооролтыг илрүүлснээр оношийг батална...., дүрс оношилгооны шинжилгээнд хэвлийд чөлөөт шингэн, хэвлий хий харагдах, ходоодны цоорол, орчны наалдац, дуранд ходоодны шарх харагдана ..., ходоодны ханын бүх давхарга цоорч, хэвлийн гялтангийн цочмог ялгадаст үрэвсэл үүссэн шархлаа өвчний хүндрэлийн үед намжилтын үе гэж байхгүй .., ходоодны шархлаа нь шархлааны эсрэг стандарт эмийн эмчилгээ хийлгээгүй хүндэрсэн тохиолдолд цоорох хүндрэл гардаг. Д.Г-гийн нас барсан шалтгаан нь ходоодны цоорол, хэвлийн гялтангийн цочмог ялгадаст үрэвсэл бөгөөд ходоодны архаг шархлаа өвчний хүндрэлийн улмаас ходоод цоорсон байх боломжтой байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан тул хэрэгт дахин шинжилгээ хийх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын бичгийн баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, хангалттай гэж үзэж байна.
Хэрэгт яллагдагч Л.Р-г ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, жижүүрийн эмчээр ажиллах тухай хуваарийг хавсаргасан бөгөөд Л.Р- нь *****С-1 хэсгийг хариуцаж байсан талаар тухайн үед ажиллаж байсан албан хаагчдаас авсан тайлбарыг хавсаргасан, албаны шалгалтын материал, мөн Цагдан хорих 461 дүгээр Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Батчулууны “..Г-д давхар хариуцсан эмч Р-д үзүүлээд асуудлаа шийдэж болно гэж хэлсэн..., эмчийн илтгэлийн дэвтэрт бичээд ерөнхий эмч Баянбаатарт танилцуулаад, С-1 давхрыг хариуцсан эмч Р-д хэлсэн.., Р- эмчид таны хариуцдаг С-1 давхрын хоригдогч Г- 2 удаа дуудсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Алтангэрэлийн “...С-1 жигүүрээс эмч дуудсан. Р- эмчтэй хамт явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дарханбатын "... би С-1 жигүүрийг хариуцдаг Р- эмчийг дуудаж уулзаад таны хариуцсан хэсэгт давтан дуудлага өгсөн Г- гэж хүн байна ..., асуудлаа тодруулаад хариу хэл гэж хэлээд гаргасан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Баянбаатарын “2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны хооронд хорих ангийн С-1 жигүүрийн хоригдогч нарт Р- хяналт тавьж ажилласан. Г- нас барсан цаг хугацааны хувьд С-1 жигүүрийн эмчээр Р- байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогддог тул ямар хэсгийг хариуцан ажиллаж байсан баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт гэж үзэхгүй байна. Яллагдагч Л.Р-д холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн явуулсан, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Л.Р-гийн өмгөөлөгч Ж.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокуророос хэргийн зүйлчлэл болон энэ хэрэгт хамааралтай хүмүүсийн талаар ойлгохгүй байгаа юм уу, эсхүл ойлгохыг хүсэхгүй байгаа юм уу. Сайн мэдэхгүй байна. Л.Р-г буруугүй гэж хэлээгүй. Хэрэг болсон процессыг хоёр хувааж үзмээр байна. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд энэ асуудал болсон. Цагдан хоригдоод 10-11 хоног болж байсан. Анх ямар эмч хүлээж аваад, яагаад тухайн өвчнийг нь оношилж тогтоогүй бэ, халдвар хамгааллын дэглэм тогтсон байхад яагаад олон өрөө дамжуулан явуулсан бэ, хоригдогч нарт зодуулсан шалтгаан нь юу бэ. Өдөр дуудлага өгдөггүй, дандаа шөнийн цагаар дуудлага өгдөг. Янз бүрийн эмч нар очиж өвчин намдаах эм өгдөг асуудал байгаа. Хайнга хандсан асуудал олон хүний хувьд яригдах ёстой. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт орой очсон байдаг. Гэтэл энэ хооронд яагаад энэ хүнд эмчилгээ оношилгоонд хамруулсангүй бэ. Энд хэн буруутай вэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудал ямар ч дүгнэлтээр тогтоогоогүй. 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр тогтоож чадаагүй. Үнэхээр тухайн хоёр эмнэлэг буруугүй бол өөр хэн буруутай гэх асуудал яригдана. 11 дүгээр сарын 04-ний өглөөний 4-5 цагийн хооронд хохирогч нас барсан. Энэ хооронд буруутай хүн байгаа эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Р-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч Л.Р-г *****харьяа *****нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тус цагдан хорих ангид цагдан хоригдож байсан Д.Г- нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ходоодны архаг шархлаат өвчний улмаас ходоодны шарх нь цоорч, хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүсгэн олон эрхтний дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Л.Р-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2395 дугаар “...амь хохирогч Д.Г- нь ходоодны архаг шархлаат өвчтэй бөгөөд ходоодны шарх нь цоорч хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүсгэн олон эрхтний дутагдалд орж нас барсан. ...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь үлдэх боломжтой. Амь хохирогч нь зовуурь хэлсэн тохиолдолд хорих ангийн эмч мэдэх боломжтой. …” /1хх 44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Ходоодны шархлааны цооролт, үрэвслийг эрт үед нь бодит үзлэг, ходоод дурандах хэвлийн хэт авианы шинжилгээ хийж оношлон мэс засал эмчилгээг аль болох эрт үед нь хийсэн бол амь насыг аварч болно. …” /2хх 201-202/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 837 дугаар 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар өвчтөний биеийн байдал хүнд, амь тэнссэн үед амь насны заалтаар хийгдэх мэс засал эмчилгээг оройтуулан эмнэлэг хооронд шилжүүлж хугацаа алдсан. …” /2хх 236-242/,
Эрүүл мэндийн яамны дэргэдэх дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч нарын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр “…Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/293 тоот тушаал Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх тухай, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 180 тоот тушаал Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай Эмчилгээ эрхэлсэн орлогч эмч удирдлагын хувьд удирдан зохион байгуулах, эмч мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах ажил үүргээ хангалттай биелүүлээгүй. Эмнэлгийн дарга өөрийн байгууллагын онцлогтой уялдуулан үр дүнтэй ажиллаагүй байна. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүнд өвчтөнд амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/293 тоот тушаал Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх тухай журмын 5.5 заалтыг баримтлаагүй байна. …” гэх тус тус дүгнэлтийг гаргажээ.
Гэтэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 906 дугаар 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр “…Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 2375 тоот дүгнэлтийн 4-р хариултын Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хэсэгт хамаарахгүй гэснээс бусад хариултууд үндэслэлтэй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 156 тоот дүгнэлтийн 1-р хариултаас бусад хариултууд үндэслэлтэй байна. Хавтас хэргийн 210502293 тоот материалд авагдсан цогцос шинжилгээний 2375 тоот дүгнэлт болон фото зураг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгээс үзэхэд талийгаачийн цогцост их тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун болон зүүн хавирганы булчин хоорондын цус хуралт, хүзүү, зүүн өвдөг, баруун тавхай, шилбэний зулгаралт гэмтлүүд учирсан нь Гэмтлийн зэрэг оох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болно. Ходоодны архаг шархлаа нь сэдрэлт, намжилтын үе ээлжлэн байдаг. Намжилтын шинж тэмдэггүй, зовуурь шаналгаагүй байж болно гэсэн нь үндэслэлтэй. ...Д.Г-гийн хариуцсан эмч Л.Р- нь ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан албан тушаалтны гүйцэтгэх чиг үүргээ болон ЭМС-н 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 702 тоот тушаал “Ходоод дээрх гэдэсний шархлаа өвчний оношилгоо эмчилгээний эмнэл зүйн зааврыг” барьж ажиллаагүй байна. *****нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Дарханбат нь ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан албан тушаалтны гүйцэтгэх чиг үүрэг болох Эмнэлгийн тусламж Үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөн, өвчтөнүүдийн эмчилгээ үйлчилгээнд дүгнэлт хийж, үр дүнг тооцон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган үүргээ хангалттай хийгээгүй байна. *****нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, эмнэлгийн дарга Ш.Баянбаатар нь ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан албан тушаалтны гүйцэтгэх чиг үүрэг болон эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчөөгүй байна. ...” гэх дүгнэлт гаргахдаа /3хх 72-89/ Эрүүл мэндийн яамны дэргэдэх дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч нарын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүнд өвчтөнд амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/293 тоот тушаал Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх тухай журмын 5.5 заалтыг баримтлаагүй байна. …” гэх дүгнэлтэд дурдсан асуудлын талаар огт тусгаагүй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ//2505 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Амарзаяагийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН