Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 97

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У-т холбогдох эрүүгийн 1804001200103 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл

 Улсын яллагч                                              Ж.Б

 Шүүгдэгч                                                Э.У- нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хот, .. дүүрэгт төрсөн, эрэгтэй, .. настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., эхнэр .., .. хүүхдийн хамт Багануур дүүргийн ... дугаар хороо, .. дүгээр байрны ... тоотод оршин суух Ж- овгийн Э-ын У- /.../

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Э.У- нь 2018 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 01 цагийн үед ... дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “..” архи ууж улмаар уг бааранд үйлчлүүлж байсан Б.Т-, Б.Б- нартай тамхинаас болж маргалдаж, араас нь хөөж очин 16 дугаар байрны 6 дугаар орцонд Б.Т-ын толгойн тус газар нь цементэн блокны хэлтэрхийгээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.У-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 6 дугаар сарын 05-ны орой найз Т-тай нэг шил 0.75 граммын архи хувааж уугаад дараа нь “...”  орж дахин нэг шил 0.75 граммын архи авч уусан. Бааранд сууж байхад эсрэг талын ширээнд сууж байсан хоёр ахтай танилцах гээд ширээнд нь очтол танилцахгүй явлаа гээд байсан. Мөн тамхи гуйхад өгөхгүй, яв гээд байхаар нь баарны гадаа муудалцаж барьцалдсан. Бааранд буцаад ортол хамт явж байсан найз байгаагүй, түүнийг хайж яваад нөгөө хоёр ахтай дахин “...”-ын тэнд таарч зодолдсон. Тэгээд нөгөө хоёр ах 16 дугаар байр луу явахаар нь араас нь дагасан. Орцноос гарч ирэхэд нь дахин тэр хоёр ахтай таарч зодолдсоноо санаж байна. Блокыг хаанаас авсанаа санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ын мэдүүлсэн: “...Би өчигдөр орой 23 цагийн үед найз Б-ийн хамт гэрээсээ гараад “..” бааранд орж Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво хүн тус бүрийн 3 шилийг захиалж ууцгаасан. Пивио ууж байхад хажуу талын ширээнд сууж байсан саарал бэлтгэлийн хувцастай залуу манай ширээн дээр шилтэй архиа бариад хүрч ирээд суухаар нь ахын дүү өөрийнхөө ширээнд суу гэж хэлэхэд янз бүрийн юм ярьж согтуурхаад ах тамхи байна уу ганц тамхилчихъя гээд цаашаа суухгүй байхаар нь Б- бид хоёр баарнаас гарах гэж босоод бармен дээр тооцоо хийх үед нөгөө залуу араас босч ирээд Б-тай барилцаад авсан. Би Б-ийг тэр залуугаас салгаад барментэй гялс тооцоогоо хийчихээд баарнаас гарахад нөгөө залуу араас гарч ирээд дахиад Б-тай барилцаад авсан. Би дахиад нөгөө залууг Б-аас салгаж аваад согтуу хүнтэй юу ярих билээ хоёулаа гялс явъя гээд явах гэтэл араас ална аа та хоёр наанаа хүлээж бай гэж орилж хашгираад чулуу шидээд байсан. Б- бид хоёр тэр залуугаас зугатаагаад 16 дугаар байрны 6 дугаар орцны 2 давхар луу ороод хэсэг чимээ чагнахад чимээгүй байхаар нь найзыгаа дөхүүлж өгөх гээд доошоо уруудаад бууж байтал нөгөө залуу хоёр гартаа хатсан цементний хэлтэрхий барьчихсан өөдөөс гарч ирээд юу хийхийн завдалгүй толгой руу далайгаад цохьчихсон. Би доошоо тонгойгоод тэр залууг бүсэлхийгээр нь тэвэрч аваад шат руу доошоо унасан. Тэгээд тэр залуугийн гараас чулууг салгах гээд Б- бид хоёр ноцолдох үед цагдаа нар ирсэн. Би тэр залуутай ямар нэг хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Миний толгойны орой хэсэгт чулуугаар цохиулснаас болоод хагарч язран эмнэлгээр 6 оёдол тавиулсан.Би У-аас эмчилгээ шинжилгээний төлбөрт 288.500 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн мэдүүлсэн: “...Өчигдөр орой найз Т-тай уулзаж ойр зуурын юм ярингаа “Доун” бааранд пиво захиалж ууж сууцгаасан. Бид хоёрыг бааранд байж байхад хажуу ширээнд 2 залуу ирж суусан ба тэр хоёрын нэг нь удалгүй ширээгээ дэрлээд унтаад өгсөн. Т- бид хоёр баарнаас тамхи татах гээд гарахад хажуу ширээнд сууж байсан саарал өнгийн бэлтгэлийн цамцтай залуу араас гарч ирээд бид хоёртой хамт тамхилсан. Т- бид хоёр буцаад бааранд ороод ширээндээ суухад нөгөө саарал цамцтай залуу өөрийнхөө ширээн дээрээс архиа аваад манай ширээн дээр ирж суугаад архинаас аягалж надад өгсөн. Би тэр архинаас нь уучихаад хэсэг байхад нөгөө залуу янз бүрийн юм яриад байхаар нь гаръя гэж хэлээд гарах гэж байхад нөгөө залуу янз бүрийн юм яриад байхаар нь Т- наад залуутай чинь яриа нийлэхгүй юм байна хоёулаа тооцоогоо хийгээд гаръя гэж хэлээд гарах гэж байхад нөгөө залуу надаас зуураад чи байж бай, намайг таних уу, та хоёр намайг хэн болохыг мэдэхгүй байна гээд байсан. Т- баарны хүнтэй тооцоогоо хийгээд намайг нөгөө залуугаас салгаад бид хоёр “Доун” баарны урд талын байрны дундуур гараад явсан. Тэгээд нөгөө залуу араас хүрч ирээд дахиад надтай зууралдсан ба Т- бид хоёр тэр залуугаас салах гэж нэлээд зууралдсан. Тэгээд арай гэж салаад 16 дугаар байрны 6 дугаар орцонд байх Т-ын гэр лүү явцгаасан. Тэгээд хоёр давхарт гараад хэсэг байхад араас ирж байгаа чимээ сонсогдоогүй байхаар нь би харъя гэж хэлэхэд Т- би чамайг орцноос гаргаж өгье дөө гээд хамт доошоо буусан. Т- надаас түрүүлээд шатаар буугаад 1 давхарт очиход нөгөө залуу өөдөөс нь гарч ирээд Т-ын толгой руу цементний хагархайгаар цохиод цус гаргачихсан. Т- нөгөө залуутай барилцаж аваад доошоо сууж байсан. Би тэр хоёрыг салгаад Т-ыг дээш нь гэр лүү нь оруулаад цусыг нь тогтоох гэж байхад цагдаа нар хүрч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/

Мөрдөн байцаалтад гэрч Э.-ын мэдүүлсэн: “...Өглөө нь над руу залгаад эрүүлжүүлэх байранд хоносон байна ирээд ав гэж хэлсэн. У-аас юу болсон тухайг нь асуухад найзтайгаа архи уугаад явж байгаад хоёр хүнтэй муудалцсан нэгнийх нь толгойг хагалчихсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/

Мөрдөн байцаалтад гэрч Б.А мэдүүлсэн: “...Би 2018 оны 6 сарын 5-ны орой Доун бааранд барменаар ажилласан. Хамгийн сүүлд хоёр дугаар ширээнд дөрвөн хүн үлдсэн. Тэдгээр хүмүүс нь тус тусдаа хоёр хоёроороо сууж байсан бөгөөд нэгдүгээр ширээнд сууж байсан 30 орчим насны хоёр залуугийн нэг нь жаахан байж байгаад ширээгээ дэрлээд унтаад өгсөн. Харин дөрөвдүгээр ширээнд сууж байсан хоёр ах орж ирээд 12 шил пиво захиалж уусан. Нэгдүгээр ширээнд сууж байсан саарал өнгийн бэлтгэлийн хувцастай улаан өнгийн саравчтай малгайтай залуу нь тэр хоёр ахын араас гараад тамхи татсан бололтой орж ирэхдээ хоорондоо маргалдаад ороод ирсэн. Саарал бэлтгэлийн хувцастай залуу 4 дүгээр ширээ рүү өөрийнхөө ууж байсан архийг барьж очоод хундаглаж өгсөн ба шар царайтай ах архийг нь авсан ба харин бор царайтай ах нь уухгүй чи өөрөө уу гээд дургүйцээд байсан. Тэгтэл нөгөө залуу баахан амьдарлын тухай ярьж байснаа та хоёрт би байхад хангалттай энэ тэр гэж хэлэхэд нөгөө бор царайтай ах нь дургүйцсэн байдалтай тэр залууг хараад суугаад байсан. Гэнэт бор царайтай ах нөгөө бэлтгэлийн цамцтай залуутай барилцаж авахаар нь би тэр хоёрыг салгаад та нар энд зодолдохгүй шүү гэж хэлээд босоод гарах хаалганы хажууд очоод бор царайтай ах нөгөө бэлтгэлийн цамцтай залуутай дахин барилцаж авсан ба шар царайтай ах салгах гээд дундуур нь ороод байсан. Бэлтгэлийн саарал цамцтай залуу тэр хоёр ахыг зүгээр байлгахгүй үг хэлээр өдөөд байсан ба тэр хоёр ахын бор царайтай нь түүнтэй зууралдаад байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №09шэ/245 дугаартай дүгнэлтэд: “Б.Т-ын биед зулайн зүүн дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 34/,

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “саарал өнгийн 6 талт өнцөгтэй явган хүний замын зориулалттай цементээр хийсэн 23х7х9 хэмжээтэй, тал бүр нь 5.1 см, 8.5х4 см  хэмжээтэй цус мэт улаан өнгөөр бохирлогдсон блок 1 ширхэгийг хураан авав” гэсэн тогтоол, Прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19, 55/

Хохирогч Б.Т-ын биед үүссэн шарх, гэмтлийг гэрэл зургаар бэхжүүлж хэрэгт хавсаргасан баримт /хх-ийн 9/

Согтуурлын зэргийг багажаар шалгахад шүүгдэгч Э.У- 0.132 хувь,  хохирогч Б.Т- 0.71 хувь гарсан гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14/

Шүүгдэгч Э.У-ын гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож, арга хэмжээ авагдаж байсан талаарх мэдээллүүд /хх-н 37-39/,

Шүүгдэгч Э.У- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх ял шалгах хуудас  /хх-н 42-43/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 41/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлж, Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Шүүгдэгч Э.У- нь 2018 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Доун” бааранд архи уусан ба уг бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Т-, Б.Б- нарын ширээнд очиж, тамхи нэхэж “намайг таних уу? намайг хэн гэдгийг мэдэх үү? та хоёрт би байхад хангалттай” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэжээ. Улмаар шүүгдэгч Э.У- нь Т-, Б- нарыг зугтахад араас нь хөөж, ална гэж орилж, чулуу шидсэн ба Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 6 дугаар орцны 1 давхар луу шатаар бууж ирэхэд нь хүлээж байгаад Б.Т-ын толгойн тус газар нь цементэн блокоор цохиж зулайн зүүн дээд хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “бааранд тэр хоёр ахаас тамхи нэхэж хэрүүл маргаан үүссэн. Би тэр хоёр ахыг дагаад 16 дугаар байр луу орсон. Орцонд зодолдсоноо санаж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ын “Б- бид хоёр тэр залуугаас зугатаагаад 16 дугаар байрны 6 дугаар орцны 2 давхар луу ороод хэсэг чимээ чагнахад чимээгүй байхаар нь найзыгаа дөхүүлж өгөх гээд доошоо уруудаад бууж байтал нөгөө залуу хоёр гартаа хатсан цементний хэлтэрхий барьчихсан өөдөөс гарч ирээд юу хийхийн завдалгүй толгой руу далайгаад цохьчихсон” талаарх мэдүүлэг /хх-н 20-21/, гэрч Б.Б-ийн “тэгээд арай гэж салаад 16 дугаар байрны 6 дугаар орцонд байх Т-ын гэр лүү явцгаасан. Тэгээд хоёр давхарт гараад хэсэг байхад араас ирж байгаа чимээ сонсогдоогүй байхаар нь би харъя гэж хэлэхэд Т- би чамайг орцноос гаргаж өгье дөө гээд хамт доошоо буусан. Т- надаас түрүүлээд шатаар буугаад 1 давхарт очиход нөгөө залуу өөдөөс нь гарч ирээд Т-ын толгой руу цементний хагархайгаар цохиод цус гаргачихсан” гэх мэдүүлэг /хх-н 25-26/, гэрч Б.А-г мэдүүлсэн “нөгөө залуу тэр хоёр ахад хандаж “та хоёрт би байхад л хангалттай” гэж хэлээд байсан, нөгөө хоёр ахыг зүгээр байлгахгүй, үг хэлээр өдөөд байсан” гэх мэдүүлэг /хх-н 32/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №09шэ/245 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, эд мөрийн баримт, согтуурал шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Э.У- нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Б.Т-, гэрч Б.Б-, Б.Алтансарнай нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.У- нь олон нийтийн газар буюу бааранд хохирогчийн ширээнд зөвшөөрөлгүй сууж, тамхи нэхэн үг хэлээр өдөөн хоргоож, гудамжинд орилж хашгирч, улмаар хохирогчийн араас дагаж, орцонд хүлээн зогсож байгаад цементэн блокоор түүний толгойг цохиж гэмтэл учруулсныг, үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хэрүүл маргааныг өөрөө эхлүүлсэн байна.

Иймд Э.У-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Э.У- нь хохирогчийн эмчилгээний зардал болох 286.000 төгрөгийг 2018 оны 6 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах баталгаа гаргаж, энэ талаар шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байна. /хх-н 57/ Иймд шүүгдэгчээс 286.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. 

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах нь зүйтэй ба эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Учир нь шүүгдэгч Э.У- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба уг гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй ба хуульд зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Э.У-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлсийг үндэслэн уг ялыг 2018 оны 10 сарын 1-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг  тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  1 ширхэг цементэн блокыг устгах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж- овгийн Э-ын У-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж- овгийн Э-ын У-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.У-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 6 талт өнцөгтэй, явган хүний цементээр хийсэн 23х7х9 см хэмжээтэй тал бүр нь 5.1 см, 8.5х4 см хэмжээтэй цус мэт улаан өнгөөр бохирлогдсон 1 ширхэг блокыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.У-аас гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардал болох 286.000 /хоёр зуун наян зургаан мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Т-т олгосугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Э.У-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА