Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/22

 

Д.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:

   прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Д.Т-д холбогдох, 2535000000018 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, Бужир ургийн овогт Д-ын Т.

  1. Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд иргэн Г.Э-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

    3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолоор:

    - шүүгдэгч Б ургийн овогт Д-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

    - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

    - хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалахаар,

    - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ.

     4. Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

   Д.Т нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байна.

     Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахаар байхад анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөлд оруулан тооцоогүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 төрлийн ял оногдуулж болохоор хуульчилсан байх ба анхан шатны шүүх Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх болсон үндэслэлээ тайлбарлаагүй, бусад төрлийн ял оногдуулахгүй байх шалтгаан нөхцөлийг тодорхойлоогүй ба энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

     Миний үйлчлүүлэгчийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэрэг нөхцөл байдлууд нотлогдож тогтоогдсон байна.

     Мөн Б.Г-тэй 2022 оны 12 сарын 05-нд гэр бүл болж, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү, охин ихэр хүүхдийн хамтаар амьдардаг, өөрөө “Улаангомын дулааны 2 дугаар станц ТӨХК-д харуулаар ажилладаг талаарх баримтууд хэрэгт авагдсан байх ба бага насны 2 ихэр хүүхэдтэй, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэдэг хувийн байдалтай болох нь тогтоогдсон байна.

      Гэтэл энэхүү хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзээгүйд гомдолтой байна.

     Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиж байна.

    Анхан шатны шүүх нь эрүүгийн хариуцлагын аль зорилгод нийцүүлж ял шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

    Иймд хавтас хэрэгт авагдсан нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, Увс аймаг дахь анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Т-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

      5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдсан гомдлоо дэмжиж оролцож байна.

    Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан. Хэрэгт авагдсан баримтаар, хохирогч мэдүүлэгтээ: “би сорвины тосноос өөр эмчилгээ хийлгэхгүйгээр эдгэсэн” тухай ярьдаг. Хавтаст хэргийн 55-р талд хохирол болох 250,000 төгрөгийг төлсөн баримт байгаа. Тэгэхээр хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байхад анхан шатны шүүхээс эдгээрийг харж үзэхгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2 дугаар дулааны цахилгаан станцад харуулаар ажиллаж цалин хөлс авдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял эдлэх бүрэн боломжтой. Иймд хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

    6. Шүүгдэгч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

     7. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Д.Т болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс Д.Т-ын хувийн байдал, гэмт хэргээс учирсан хохирол хор уршиг төлөөгүй нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийн байдлыг харгалзаж түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Энэ шийтгэх тогтоол нь үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байгаа.

      Хавтаст хэрэгт авагдсан баримтаар, шүүгдэгч Д.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдал тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан. Шүүгдэгчийн зүгээс, давж заалдах гомдол гаргахдаа ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримтыг гаргаж өгсөн байх тул уг баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй байна,  шүүхийн хэлэлцүүлгээр уг баримт шинжлэн судлагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын  давж заалдсан гомдлыг үндэслэн Д.Т-д холбогдох, 2535000000018 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

    2. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

     3. Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд иргэн Г.Э-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

       - хохирогч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Тухайн өдөр Увс аймгийн үсчдийн шинэ жил болж бид Хийморь ресторанд хүлээн авалтад орчихоод шөнө 02 цагийн үед Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, Их наяд баар руу өөрийн хуурай дүү болох Д.Х-ын хамт ороход баар хаасан байсан. Ингээд буудал орох гэж байгаад зүс таних Д.Т-той таарч мэнд мэдчихээд буудал орохоо болиод өөрийн төрсөн дүү Г.М-г дуудаад уг баарнаас гарч ирээд гадна зогсож байтал Д.Т миний хойноос гарч ирээд шууд миний зүүн хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон бөгөөд тухайн үед би зуны гуталтай явж байсан тул халтирч унасан, түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна, ухаан ортол миний зүүн нүдний доод хэсэг язарсан нэлээн том шарх үүссэн байсан юм. Тэгээд би “цагдаа дууд” гэж хэлтэл Д.Т нь зугтаасан. Надтай хамт явж байсан Д.Х, дүү Г.М нар Д.Т-г олж ирсэн ба удалгүй цагдаа нар ирээд бид нарыг авч явсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 18, 20 дахь тал/,

      - гэрч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө гэртээ унтаж байтал миний төрсөн ах Г.Э над руу залгаад Их наяд дээр ирээд намайг авчих гэхээр нь би гэрээс гараад Их наяд гэх газарт очтол ах, өөрийн хуурай дүү болох Д.Х-ын хамт байсан. Би өөрийн машиныг Бэл булгийн зогсоол дээр тавих гээд Д.Х-ын хамт яваад эргээд иртэл Их наядын хашаан дотор ах Г.Э-г нэг хүн дээрээс нь дарчихсан цохиж байхаар нь би хөлөөрөө түлхэж унагаатал нөгөө хүн босоод зугтаж явсан. Тухайн үед Д.Х бид хоёр ах Г.Э-ийг цохиж байсан хүний хойноос хөөж барьж авсан ба цагдаад дуудлага өгсөн тул удалгүй цагдаа нар ирж авч явсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

      - насанд хүрээгүй гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний үүрээр 02 цагийн үед өөрийн танил нагац ах болох Г.Э-ийн хамт Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Их наяд нийтийн үйлчилгээний газар луу орсон юм. Тэгтэл тухайн баар нь хаасан байсан бөгөөд Г.Э ах бид хоёр буудалд хонох гээд өрөө асууж байтал Г.Э ах нэг хүнтэй буюу Д.Т гэх хүнтэй юм яриад мэнд мэдэлцээд зогсож байсан. Тэгээд бид хоёр буудалд хонохоо болиод Г.Э ах өөрийн төрсөн дүү Г.М-тай утсаар ярьж, ирээд авчих гэж хэлсэн. Улмаар Г.М ирчихлээ гэхээр нь бид хоёр баарнаас гараад би Г.М-ын машин руу явсан ба эргээд ирж байтал уг баарны үүдэн дээр Г.Э ахыг нэг хүн газарт унагаагаад цохиж байсан. Г.М бид хоёр гүйгээд очтол Г.Э ахыг цохиж байсан хүн босоод зугтсан юм. Тэгээд Г.М бид хоёр тухайн хүнийг барьж аваад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

       -Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаартай: “Үзүүлэгч Г.Э-ийн биед зүүн нүдний доод зовхины  гадна доод хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Зүүн нүдний доод зовхины гадна доод хэсэгт сорви гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

       - шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2024 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн найз нарын хамт Их өргөө цогцолборын зочид буудал орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тамхи татах гээд гартал нэг сургуульд сурч байсан дүү болох Г.Э-тэй таараад юм ярьж байсан ба тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна, ухаан ортол би Г.Э-ийн дээр нь гарчихсан гараараа цохиж байсан юм. Тэгтэл 2 залуу ирээд бид хоёрыг салгаад над руу дайрахаар нь би зугтаад явж байгаад буцаад Их наяд дээр иртэл цагдаа нар ирээд цагдаагийн газар луу авч явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

    4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Т-г хохирогч Г.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

     Шүүгдэгч нь хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

    5. Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан: “... Д.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

    5.1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

     5.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.  

     Шүүгдэгч Д.Т анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй болно.

       5.3. Шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

      Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, ялын хэмжээг гурван зуун цагаар тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэв.

          6. Шүүгдэгч Д.Т-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.           

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.МӨНХЖАРГАЛ    

                                                                   ШҮҮГЧ                            М.НЯМБАЯР   

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.АЛТАН