Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/23

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

   прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Э.Б-д холбогдох, 2435000000237 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Э-ийн Б.

1. Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 8 дугаар сарын эхээр Увс аймгийн х сумын х багийн нутаг, х гэх газраас иргэн Б.О-ын 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

      2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолоор:

      - шүүгдэгч Х ургийн овогт Э-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

     - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Б-с гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан уналга болох морины үнэд 1,000,000 төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс гаргуулж улсын төсөвт оруулж,

      - шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

     - шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

       - хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг DVD диск, 1 ширхэг flash диск зэргийг хэргийн хамт хадгалахаар тус тус шийдвэрлэжээ.

       3. Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Миний бие хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, тухайн цаг үед зорчих эрх хязгаарлах ял эдэлж байсан. Хязгаарлалтыг зөрчиж үзээгүй. Хэрэв зөрчсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж зөрчил гэж үздэг. Гэтэл би зөрчил гаргаж байгаагүй, хулгайн гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

       4. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 8 дугаар сарын эхээр Увс аймгийн х сумын х багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.О-ын 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан болох нь хэрэгт авагдсан, хохирогч Б.О, гэрч Б.С, гэрч Б.Х, гэрч Л.О, гэрч М.Б, гэрч Д.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шийтгэх тогтоол нь хууль ёсны буюу үндэслэл бүхий шаардлагад нийцсэн байна.

       Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “Э.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

    5. Шүүгдэгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өмнө нь зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, цахим гавтай байсан тул энэ гэмт хэргийг үйлдээгүй. Урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан муу нэртэй болохоор нь намайг хулгайлсан гэж гүтгэж, хийгээгүй хэргийн ялыг эдлүүлэх гэж байгаад нь үнэхээр их харамсаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Э.Б-д холбогдох, 2435000000237 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

     2. Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 8 дугаар сарын эхээр Увс аймгийн х сумын х багийн нутаг “х” гэх газраас хохирогч Б.О-ын өмчлөлийн 2 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

        - хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Би  өөрийн эзэмшлийн 30 гаруй адуутай. Манай адуу “х” гэх газарт байсныг би 2022 оны 7 дугаар сарын сүүлээр очиж харсан юм.

       2022 оны 8 дугаар сарын эхэн үед адуугаа харахаар “х” гэх газарт очиход манай адуу байгаагүй бөгөөд х сумын х багийн нутаг “х” гэх нэртэй газраас 6 тооны адуугаа олж авсан ба 2 тооны адуу байхгүй байсан. Манай дүү Б.Х бид хоёр хөдөөгөөр байж болох газруудаар хайсан боловч олоогүй юм. Мөн хөдөөний хүмүүст захиж сураг гаргах гэсэн боловч ямар нэгэн сураг гараагүй, хайгаад олоогүй юм.

       2023 оны намар Малчин сумын 4 дүгээр багийн Б.С гэх залуу надтай сумын төвд тааралдсан. Надад “Ж ах таны алга болдог 2 тооны адуу ямар адуу билээ” гэж асуугаад “би 2022 оны намар 8 дугаар сарын эхэн үед хөдөө адуу мал хараад буцаад явж байтал манай сумын 4 дүгээр багийн иргэн Э.Б-тай тааралдсан. Э.Б нь морьтой явж байсан бөгөөд 2 тооны адуу хөтлөөд явж байсан. Одоо бодоход тухайн 2 тооны адуу зүсээрээ, том, жижиг хэмжээгээрээ таны адуутай ижил байна” гэж хэлсэн юм. Би тухайн залууг нэг сумын иргэн гэдэг утгаараа танина” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

      - хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн “...Миний адууг Э.Б аваад явж байхад нь Б.С миний адуу гэдгийг таниад юун адуу вэ? гэхэд Э.Б “хүн амьтанд битгий хэлээрэй, миний адуу” гэж хэлчхээд явсны дараа намар нь надад таны адууг Э.Б авсан гэдгийг хэлсэн. Б.С нь хөдөөний малчин бөгөөд манай адуу тухайн айлын ойролцоо бэлчдэг учраас миний адууг тамгаар нь таньж мэддэг. Тийм учраас Б.С зүс, тамга, мөн насыг нь хүртэл хэлсэн тул Э.Б-д хэд хэдэн удаа хохирол төл гэсэн боловч “би аваагүй” гэж хэлээд одоог хүртэл төлөөгүй байгаа. Манай 30 гаруй тооны адуу сумын төвөөс 8-10 орчим километр зайтай зуссан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 7 дугаар сарын сүүлээр О, Т гэх газраар бэлчээрлэж байсан. Мөн тухайн газар нь сумын төвөөс 4-5 орчим километр зайтай газар учраас сүлжээтэй. Уг бэлчиж байсан газар болон Б.С-ын миний адуу тууж явсан гэх газар нь сумын төвтэй ойролцоо учраас байнга сүлжээ барьдаг. Уг газрууд нь Э.Б-ын гэрээс баруун хойд зүгт 20 орчим километр зайтай. Э.Б-ын гэрээс сумын төв хүртэл бүх газрууд сүлжээтэй. Учир нь сүлжээг З, М сумаас татдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

     - хохирогч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний адуу яг хэзээ алга болсон талаар сайн мэдэхгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр  харах үед байсан. 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр харах үед байхгүй байсан. Тухайн үед нийт 8 адуу байсан бөгөөд 2 адуу олдоогүй, 6 адууг баруун талаас олж аваад түүнээс хойш хайгаад сураг гараагүй. Б.С над руу залгаад “таны мал ямар насны ямар тамгатай мал вэ” гэж асуусан. Би өөрийн малын зүс, насыг хэлж өгөхөд “энэ нэг нөхөр авч явж байгаатай би таарсан юм, таны мал мөн юм шиг байна, та очиж уулз” гэж хэлсэн. Би Э.Б-тай уулзаад “чи тэр хоёр мал аваад явсан юм шиг байна, чамайг 2 мал аваад явж байхад таарсан хүн байгаа, би цагдаа шүүх гэж явахгүй, зүгээр тэр малыг авсан бол буцааж өг” гэж 2-3 удаа хэлсэн боловч би аваагүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,

       - гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:  “...Э.Б нь манай х сумын 4 дүгээр багийн иргэн бөгөөд бид хоёр найзууд юм. Би х сумын 4 дүгээр багт эхнэрийн хамт мал маллаж амьдардаг. Би 2022 намар 8 дугаар сарын эхэн үед байх /яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, 2 жилийн өмнө болсон үйл явдал болохоор/, хөдөө адуу мал хараад явж байтал х сумын 4 дүгээр багийн төвийн ойролцоо “З” гэх нэртэй газарт манай сумын иргэн Э.Б гэх залуутай тааралдсан юм. Тухайн үед би ганцаараа морьтой явж байсан. Э.Б гэгч нь бас морьтой явж байсан бөгөөд 2 адуу хөтлөөд х сум чиглэлд явж байсан юм. Э.Б бид хоёр тааралдаад хоорондоо мэнд ус болоод ганц хоёр үг солилцсон. Би Э.Б-с хаашаа явж байгаа талаар асуухад “энэ хооронд явж байна” гэж хэлсэн ба “намайг 2 тооны адуу хөтлөөд явж байна, энэ газарт тааралдсан гэж өөр хүмүүст битгий хэлээрэй хөгшөөн” гэж гуйгаад байсан. Би тухайн үед өөр юм бодоогүй бид хоёр салцгаасан юм. Тухайн 2 адуу хоёулаа буруу хаа хэсэгтээ босоо акт олом тамгатай, хоёулаа хүрэн өнгийн /зүсмийн/ адуу байсан. Нэг адуу нь дунд зэргийн биетэй, нэг нь нөгөө адуунаасаа арай жоохон том биетэй адуу байсан юм. Хэний адуу гэдгийг надад хэлээгүй бөгөөд Э.Б-ын хөтлөөд явж байсан 2 адуу нь манай сумын Б.О ахын 2 тооны адуу байсныг би таньсан юм. Би тухайн хүний 2 тооны адуу хулгайд алдсаныг  Б.О-с өөрөөс нь сонсож байсан. Миний 2 тооны адуу хулгайд алдсан тул сураг ажиг тавьж байгаарай гээд 2023 оны хавар ирж надад захиж, утасны дугаарыг нь өгч байсан. Ямар нэгэн зүйл гарвал надад хэлээрэй гэсэн. Би таны хулгайд алдсан 2 адууг иргэн Э.Б 2022 оны 8 дугаар сард хулгайлаад аваад явж байхтай таарсан талаар Б.О ах, Б.Х ах хоёрт хэлсэн юм. Э.Б-ын хулгайлаад явж байсан 2 тооны адуу нь Б.О ахын хулгайд алдсан 2 адуу мөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

       - гэрч Б.С-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын эхээр буюу 05-ны өдрөөс урагш таарсан. Гэхдээ яг сайн өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Э.Б нь өөрийн хоо зүсмийн нас гүйцсэн морь унаж явсан. Дахин 2024 оны 01 дүгээр сарын дундуур адуу мал авч явна гэж нэг таарсан ба дахиж уулзаагүй байж байгаад тухайн хэргийг сумын хэсгийн төлөөлөгч шалгаж байх үед буюу намайг мэдүүлэг өгсний дараа сумын төвд уулзаад “чи өргөдөл, мэдүүлгээ татчихаач, би хохирогчтой уулзаж хохирлыг нь төлнө” гэдэг зүйл хэлсэн. Би тийм зүйл байхгүй, үзсэн харсан зүйлээ үнэнээр нь хэлсэн гэхэд “чи ямар ч байсан намайг бодооч” гэж хэлчихээд яваад өгсөн. Тухайн үед бид хоёр уулан дунд таарсан бөгөөд уулархаг газар учраас өндөрлөг хэсгээр нь сүлжээ барьдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

      - гэрч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын эхээр айлууд намаржаа руу нүүж байх үед Э.Б надтай таарсан. Ц гэх газарт” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,

       - гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:  “...2023 оны намар байх /би тэгж санаад байна/ манай сумын 4 дүгээр багийн иргэн Б.С гэх залуу ах Б.О-тай уулзаад “танай адуу ямар зүсмийн, ямар тамгатай адуу вэ” гэж асуугаад “би 2022 оны 8 дугаар сарын эхэн үед хөдөө явж байгаад х сумын 4 дүгээр багийн иргэн Э.Б гэх залуутай тааралдсан” талаар ярьсан гэж би сонсож байсан. Тухайн үед Э.Б нь 2 тооны адуу хөтлөөд морьтой х сумын чиглэлд явж байсан гэсэн. Тухайн хөтлөөд явж байсан 2 тооны адуу нь хоёулаа хүрэн зүсмийн, баруун хааны хэсэгт акт олон тамгатай 2 адуу байсан ба таны 2 тооны адуу мөн байсан гэж Б.С нь ах Б.О бид хоёрт хэлсэн. Э.Б-ын хулгайлж авч явсан 2 тооны адуу манай ахын адуу мөн. Би 2021 оны жил эцсийн байдлаар нийт 40 тооны адуу тоолуулсан. Би тухайн жил өөрийн төрсөн ах Б.О-ын 30 тооны адууг өөрийн нэр дээр тоолуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 27 дугаар хуудас/,

      - гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.О нь “би хайж байсан 2 тооны адууны сургийг гаргасан. Тухайн адууг 4 дүгээр багийн иргэн Э.Б хөтлөөд явж байсныг нь Б.С харсан байна. Бүр 4 дүгээр багийн ойролцоо газарт тэр хоёр тааралдсан байна. Мөн Э.Б нь Б.С-с “чи бид хоёрыг тааралдсаныг, мөн намайг 2 тооны адуу хөтлөөд аваад явж байсан гэж бусад хүмүүст битгий хэл” гэж гуйсан юм байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

       - гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг 2 тооны адуу 2022 оны намрын цагаар алга болсон. Миний нөхөр 7 дугаар сарын сүүлээр хадлан өвсний ажилд явахаас өмнө адуугаа бүртгэж ирсэн. Бүртгэхэд бүрэн бүтэн байгаа талаар хэлж байсан. Хадлангийн ажлаас ирээд намар 8 дугаар сарын эхээр адуугаа харахаар яваад, “байсан газартаа байхгүй” гээд ирсэн. Миний нөхөр хадам дүүгийн хамт хайгаад арваад хоногийн дараа 6 тооны адуугаа олж авсан. Уг нь 8 тооны адуу байх ёстой, гэтэл 2 тооны адуугаа хулгайд алдсан. ...Жилийн дараа буюу 2023 оны намар нэг сураг гарлаа гээд байсан. Саяхан уг гаргасан сураг нь батлагдсан талаар ярьж байсан. 2022 оны 8 дугаар сарын эхэн үед Б.С гэх залуу манай 2 тооны адууг хулгайлаад хөтлөөд явж байсан хүнтэй тааралдсан, уулзсан талаар миний нөхөрт хэлсэн байсан. Уг 2 тооны адууг хулгайлж авсан хүн нь 4 дүгээр багийн иргэн Э.Б болохыг хэлсэн. ...Надад энэ бүхнийг миний нөхөр Б.О хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,  

       - гэрч Д.Э-ийн “...Манай хадам ах 2 тооны адуугаа 2022 оны 8 дугаар сарын эхэн үед хулгайд алдлаа гээд миний нөхөр Б.Х-ын хамт хайж байсан. Эхэндээ 8 тооны адуу байхгүй байна гээд ойролцоогоор 10-аад хоног хайгаад эцэст нь 6 тооны адууг хөдөөнөөс олж авсан юм. 2 тооны адуу байхгүй байна гээд нэг жил хайсан. 2023 оны намар байх миний нөхөр Б.Х нь “2022 онд хулгайд алдсан 2 тооны адууны хальт сураг гарч байна” гэж надад хэлж байсан. Тухайн 2 тооны адууг 4 дүгээр багийн Э.Б гэх хүн хулгайлаад авсан юм шиг байна гэхдээ тодорхой нотлох баримт байхгүй болчихоод байна гэсэн. Мөн энэ яриа энэ онд бас яригдаад манай сумын иргэн Б.С гэгч нь 2022 онд 8 дугаар сарын эхэн үед хөдөө явж байгаад 4 дүгээр багийн иргэн Э.Б гэгчтэй тааралдсан, мөн тухайн үед 2 тооны адуу хөтлөөд явж байсан. Уг хөтлөөд явж байсан 2 тооны адуу нь манай хадам ах Б.О-ын хулгайд алдсан 2 тооны адуу мөн талаар манай хадам ах болон миний нөхөрт хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

     - гэрч Б.С-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Б.С нь тухайн газрыг өөрөө зааж очиж, 2022 оны 8 дугаар сарын эхээр Э.Б нь баруун хойд зүгээс хоёр морь хөтлөөд ...орж ирж байхад би дээрээс орж ирсэн тул тэр толгой дээр надтай таарч Ж-н Х гэх хүний шүдлэн, даага хоёрыг хөтлөөд тэр амаар доош явсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 228-230 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

     Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэв.  

         3. Хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

     4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Э.Б-ыг 2022 оны 8 дугаар сарын эхээр Увс аймгийн х сумын х багийн нутаг “Т” гэх  газраас хохирогч Б.О-ын эзэмшлийн төөлтэй хүрэн зүсмийн 2 настай адуу, хүрэн зүсмийн 1 настай даага, нийт 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.        

    5. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-д ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэв.  

      6. Шүүхээс шүүгдэгч Э.Б-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн байна.

      7. Шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Э.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, тухайн цаг үед зорчих эрх хязгаарлах ял эдэлж байсан. Хязгаарлалтыг зөрчиж үзээгүй. Хэрэв зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж зөрчил үйлдсэн гэж үздэг. Би зорчих эрх хязгаарлах ял эдэлж байхдаа зөрчил гаргаж байгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

     7.1.  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж дүгнэв.

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.С нь “хохирогчийн 2 тооны адуу алдагдсан цаг хугацаанд уг адууг Э.Б хөтлөөд явж байх үед таарсан” талаар удаа дараа тодорхой, тогтвортой, агуулгын зөрүүгүй мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэгт тусгагдсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар давхар нотлогдсон байх тул түүний мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

    7.2. Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан нь тогтоогдож байх боловч түүнийг энэ гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

      Шүүгдэгч Э.Б-ын:  “2022 оны 01 дүгээр сараас хойш 2023 дугаар 12 дугаар сар хүртэл зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн тул бугуйн цагтай байсан. Уг хугацаанд  гэртээ буюу сүлжээтэй газар байдаг байсан учраас гэрээс гарч хөдөө гадаа явж хулгайн хэрэг үйлдсэн зүйл байхгүй.

      Би “З” гэх газарт очиж байгаагүй бөгөөд уг газраас 50 орчим километр зайд байдаг бөгөөд тухайн газар нь сүлжээгүй учраас би бугуйн цагтай тул очих боломжгүй. Би тухайн хэргийг үйлдээгүй” гэх тайлбар, мэдүүлэг нь

       гэрч П.Э-ийн “...Миний бие 2007 оноос Увс аймгийн х сумын газрын даамлаар ажиллаж байгаа. Тухайн Ц, У гэх газрууд бол х сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг бөгөөд уг нэршлийн хувьд тухайн газрын уул усны нэрээр ойр орчмын газруудыг нэрлэдэг. У гэж газрын нэрээр нь нэрлэсэн. Сумын төвөөс зүүн урд зүгт 30 орчим километр зайд Ц, У гэх газрууд зэргэлдээ байдаг уг газрыг талбайн хэмжээгээр тооцвол 30-40 га газрыг хамарсан уулархаг газрууд байдаг. Х сумын төв болон х сумын 3 дугаар багийн нутаг Х, х сумын 3 дугаар багийн нутаг Б газруудад сүлжээний антен байдаг, Тухайн Ц, У гэх газруудын өндөр газруудад сүлжээ ордог. Учир нь У гэх газраас 50 орчим километр зайд Х-ийн уулын орой дээр сүлжээний антен байдаг” гэх мэдүүлэг,

       - гэрч Б.З-ийн “...Миний бие Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оноос 2020 он хүртэл бичиг хэргээр ажиллаж байгаад 2020 оноос хойш техник хяналтын ажилтнаар ажиллаж байгаа.

       Би 2022 онд тасралтгүй ажилласан бөгөөд тухайн Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдэж, албан ёсоор манайд 2022 оны 01 дүгээр 11-ний өдрийн тогтоолоор бугуйн цагийг зүүлгэж тухайн өдрөөс хоногийг тоолж, албан ёсоор 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ял дуусгавар болсон тухай тогтоол гаргасан байсан. Тухайн хүн энэ хугацаанд ял эдэлсэн гэсэн үг юм. 2022 онд Э.Б-д хяналт тавихдаа зорчих эрх хязгаарлах ялын хяналтын системээр дамжуулан өдөр тутамд хяналт тавьдаг байсан. Тухайн үеийн бүсээс гарсан эсэх, цагаа унтраасан талаарх мэдээллийг одоо харах боломжгүй, учир нь уг систем шинэчлэл хийгдэж, одоо өөр систем ашиглаж байгаа тул нэвтэрч харах боломжгүй. Харин одоо хадгалагдаж байгаа зүйл гэвэл хувийн хэрэг нь байгаа бөгөөд тухайн хувийн хэрэгт бол шийтгэх тогтоол, хэрэг үүсгэх тогтоол, ялтны хувийн мэдээлэл, сар бүрийн хяналтын тэмдэглэл, шагналын хоног олгосон тушаал тодорхойлолт, бүс өөрчилсөн талаар албан бичиг, ял дуусгавар болгосон тогтоол зэрэг зүйлүүд хадгалагдсан. Хувийн хэрэгт бол өдөр тутмын хяналт болох цахим бугуйвчны цэнэг дуусах гэж байгаа, хязгаарласан бүсэд 50 метр ойртоход очдог мэдээллүүд авагддаггүй. Тухайн хувийн хэргээс үзэхэд, Э.Б нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн даргын тушаалаар шагналын хоног олгоогүй байна, учир нь 2022 оны 7 дугаар сард цахим бугуйвчаа 2-оос дээш удаа унтраах зөрчил гаргасан учраас олгоогүй. Гэхдээ яг хэдний өдрүүдэд унтраасныг нарийвчлан хэлэх боломжгүй. Ял эдлэх хугацаанд бугуйн цагаа унтраасан зөрчил гаргасан, өөр зөрчил гараагүй байна. Бугуйн цаг унтраасан тохиолдолд хамгийн сүүлд унтраасан цэг дээр заагаад дахин асаах хүртэлх цэгийг хадгалах боломжгүй” гэх мэдүүлгүүдээр болон хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

        8. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        9. Шүүгдэгч Э.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.     

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.     

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АЛТАН

                                                                        ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

                                                                        ШҮҮГЧ                                   Н.МӨНХЖАРГАЛ