Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 98

 

....- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ....- дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-ад холбогдох эрүүгийн 1804000920091 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Одгэрэл 

 Улсын яллагч                                              Б.Б

 Хохирогч                                                 Ц.Ө-

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Ц-

 Шүүгдэгч                                                 Д.Э- нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, ам бүл .. хамран амьдрагч хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, урьд 1984 онд Эрүүгийн хуулийн 169 б-д зааснаар 5 жилийн хорих ял, 1989 онд Эрүүгийн хуулийн 234.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан, 1991 онд Эрүүгийн хуулийн 234.2, 90.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б- овгийн Д-ийн Э- /...... /.

       

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

Д.Э- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ....- дүүргийн ... дугаар хороо, “.......-”-д орших .......-” шатахуун түгээх станцын дэргэдэх шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй “Яньгаг” маркийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-ийн “А”-д заасан “Замын хөдөлгөөний тухай Олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.7-ийн “А”-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үед тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зорчигч Ц.Ө-ийн эрүүл мэндэд зүүн гарын шууны ясны зөрүүтэй хугарал бүхий хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

          Шүүхээс Д.Э-ад холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

Шүүгдэгч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед хамтран амьдрагч Ө- рүү утсаар яриад өнөөдөр ямар өдөр байна вэ, хурга ишгээ имнэх хэрэгтэй байна би чамайг очоод авъя гэж хэлээд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон ....- дүүргийн 3 дугаар хороо, .......-д байх Ө-ийн гэрт очсон. Тэгээд тэндээс хөдлөөд “Нарны зам” дэлгүүрийн хажууд байдаг “Сод-Монгол” шатахуун түгээх станцын дэргэдэх чулуу хайргатай замд мотоциклийн хойд дугуй 2 тал руугаа шарваад зүүн гар тал руугаа онхолдож унасан.  Тэгээд ухаан алдсан байх ямартай ч сэргээд босож иртэл Ө- байхгүй, миний хажууд бага насны 3-4 хүүхэд зогсож байсан. Тэнд байсан нэг хүүхэд миний мотоциклийг босгож өгсөн мөн миний зүүн гарнаас маш их цус гарч байсан. Би ....- зоог гэх нэртэй газрын дэлгүүр рүү орж 0.33 литрийн архи аваад ганцаараа уусан. Тэгээд .......-д байх Г-ийнд орж болсон явдлын талаар хэлж, Ө- рүү утсаар ярихад Ө-ийн охин Н-  утсыг нь аваад ээжийн гар хугарсан байна, та ээжийг орхиод явсан байна гэж хэлсэн. Намайг Г-ийн гэрт байхад цагдаа нар ирж саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, шүүх хуралдааны тэмдэглэл /

           Хохирогч Ц.Ө-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Э- өөрийн мотоциклийг жолоодон хөдөөнөөс халамцуу ирээд намайг хөдөө гэр рүүгээ явъя гээд байсан, би түүнд “чи согтуу байна” маргааш явъя гэж хэлэхэд одоо хамт явъя гээд уурлаад байсан. Тэгээд түүний унаж ирсэн хар өнгийн мотоциклийн ард суугаад хөдөө гэр рүүгээ явахаар хөдөлсөн, бид” ...” шатахуун түгээх станцын урд талын шороон замаар явж байгаад онхолдсон. Тэр үед намайг танихгүй 2 хүүхэд түшиж босгоод гэрт хүргэж өгсөн. Би харих замдаа охин Н- руу залгаж ээжийнх нь гар хугарчихлаа гэж хэлсэн.  Э- онхолдсон газраа хэвтээд үлдсэн. Миний хувьд эмнэлэгт хэвтэж гараа эмчлүүлсэн. Э-аас нэхэмжлэх зүйл байхгүй, мөн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байхад 16 цаг 30 минутын үед манай ээж Ө- өөрийнхөө 89919776 дугаарын утсаар “ээж нь хөлгүй болчихлоо” гэж ярихаар нь хаана юу болсон талаар асуухад гэрийнхээ урд байна гээд өөр тодорхой зүйл яриагүй. Тэгээд нөхрийн хамт ээжийн гэр рүү очиход хашааныхаа гадаа 2 хүүхэдтэй сууж байсан, ээжийг сугадаад машинд суулгахад гар өвдөөд байна гэж зовиурлаж байсан. Дүүргийн эрүүл мэндийн төв рүү явах замдаа ээжээс юу болсон талаар асуухад “Э- мотоцикль уначихсан согтуу ирээд ишиг хурганд тэмдэг хийнэ гээд намайг хөдөө гэр рүүгээ авч явна гэсэн. Тэгэхээр нь явахгүй гэхэд Э- уурлаад хашаан дотор уяатай байсан нохой зодоод байсан. Тэгээд Э-тай хамт хөдөө явахаар шийдээд мотоциклийнх нь ард сууж яваад онхолдсон. Үүнээс болоод миний гар хугарчихлаа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2018 оны 04 сарын 27-ны өдрийн №09шэ/190 дугаартай дүгнэлтэд: “…Ш.Ө-ийн биед зүүн гарын шуу ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 31/,

Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 316 дугаартай: “…Яньгаг маркийн мотоциклийн жолооч Д.Э- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2. Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А/Замын хөдөлгөөний тухай Олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А/Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Зорчигч Ц.Ө- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39/

Хэргийн газрын үзлэгийн “.......- дүүргийн 3 дугаар хороо, .......- хэсэгт байрлах .......-” шатахуун түгээх станцаас ертөнцийн зүгээр баруун урд талд 110 метр зайд шороон зам байх ба уг зам нь 6.40 метрийн өргөнтэй, сул шороон гадаргуутай зам байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 4/

Согтуурал шалгасан тухай “…Д.Э-ын согтуурлын зэргийг шалгахад 0,159% …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “…Д.Э- нь 205607 дугаарын “В” ангилалын  үнэмлэхэй, “А” ангилалын үнэмлэхгүй…” /хх-ийн 11/, Тээврийн хэрэгслийн лавлагаа, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-16/

Д.Э-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах: ”..1984 онд Эрүүгийн хуулийн 169б-д зааснаар 5 жилийн хорих ял, 1989 онд Эрүүгийн хуулийн 234.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан, 1991 онд Эрүүгийн хуулийн 234.2, 90.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан...” гэсэн хуудас /хх-ийн 57/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 55/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна. Ослын шалтгааны талаарх дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий, шаардлагатай мэдлэгийг хангалттай хэмжээнд эзэмшсэн шинжээчид гаргасан ба дүгнэлт нь мөрдөн байцаагчийн тавьсан асуулт тус бүрт хариулсан, хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд тулгуурласан бөгөөд дүгнэлт үндэслэлтэй болох нь ослын газарт хийсэн автын мэргэжилтний тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бусад баримтуудаар нотлогджээ.

Хохирогчийн биед учирсан гэмтлийн талаархи шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч маргаагүй болно. Шүүгдэгч нь яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр давхар батлагдлаа. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Д.Э- 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ....- дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах .......-” шатахуун түгээх станцын урд талын шороон зам дээр мотоцикль жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй “Яньгаг” маркийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-ийн “А”-д заасан “Замын хөдөлгөөний тухай Олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.7-ийн “А”-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үед тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зорчигч Ц.Ө-ийн эрүүл мэндэд зүүн гарын шууны ясны зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “…Сод-Монгол” шатахуун түгээх станцын дэргэдэх шороон замаар явж байгаад чулуу нь хайргатай замд мотоциклийн хойд дугуй 2 тал руугаа шарваад зүүн гар тал руугаа онхолдож унасан…” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Ө-ийн “....би түүнд “чи согтуу байна” маргааш явъя гэж хэлэхэд одоо хамт явъя гээд уурлаад байсан, бид ”Сод Монгол” шатахуун түгээх станцын урд талын шороон замаар явж байгаад онхолдсон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн №09шэ/190  тоот дүгнэлт /хх-н 31/, Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын шинжээчийн 316 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/,  Д.Э-ын мотоцикль жолоодох эрхийн “А” үнэмлэхгүй болохыг тогтоосон Цагдаагийн ерөнхий жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 11/, Согтуурал шалгасан тухай “…Д.Э-ын согтуурлын зэргийг шалгахад 0,159% …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

      Зам тээврийн осол гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан гэмт хэрэг дээд тал нь 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарагдаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ц.Ө- нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Д.Э-ыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Д.Э-ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, болгоомжгүй гэмт хэрэг, хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасанаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэхээр байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оноох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

Шүүгдэгчийн 205607 дугаартай жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гүйцэтгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн Д-ийн Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар Б- овгийн Д-ийн Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнүүдийг тус тус авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Э-ад мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Э-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
  5. Хохирогч Ц.Ө- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Д.Э-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ